Thursday, August 25, 2011

МАНАН ДУНД ДЭЛБЭЭСЭН ЦЭЦЭГ

                            "Үндэсний шуудан" сонингийн 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дугаар, "Өнөөдөр" сонингийн 2011 оны 9 дүгээр сарын 12-ны дугаарт хэвлэж олны хүртээл болгосон нийтлэлээ Уншигч Танд толиулж байна.
              

Сургууль нийгмийн тархи нь бол боловсрол, харин, түүний оюун нь юм. Иймд сургууль, боловсрол хүний тархи лугаа нэгэн адил байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх жамтай ажээ. Нийгэмд шинэ шаардлага, хувь хүний амьдралд шинэ хэрэгцээ, сонирхолыг буй болгосон “ардчилсан” гэсэн тодотголтой хувьсгалт өөрчлөлтийн үзэл санаа, үндсэн зарчмын дагуу боловсрол, сургуулийг шинэчлэн өөрчлөх томоохон зорилт энэ талбарт ажиллагсдын өмнө тавигдаж, өнгөрсөн жилүүдэд эрчимжин хэрэгжиж ирлээ.
Өнгөрсөн он жилүүдэд хэрэгжиж ирсэн сургууль, боловсролын шинэчлэлийн мөн чанар нь хэт төлөвлөрлийг сааруулж, олон талт оролцоо, хяналтыг сайжруулах, боловсролын үйлчилгээг хүртэх боломжийг хүүхэд бүрд адил, тэгш олгох, сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг хүндэтгэсэн хүмүүнлэг, нөхөрсөг харилцааг буй болгох, сургууль, боловсролын байгууллагын бие даасан байдлыг хангаж, түүнийг эдийн засгийн аргаар удирдах боломж нөхцлийг сайжруулах, багш, судлаачийн академик эрх чөлөө, бие даасан байдлыг ханган хүндэтгэх, боловсролын үйлчилгээний чанарын өсөлтийн тасралтгүй байдлыг хангах, сургуулийн бүтцийг дэлхийн нийтийн жишигт ойртуулахад оршиж байв. Энэхүү шинэчлэлийг хийсэн өнгөрсөн он жилүүдэд бидэнд олсон ололт цөөнгүй, бас алдсан алдаа багагүй. Олсон ололт маань бидний сэхээрэл, оюунлаг байдал, бүтээлч чадвар, хүнлэг сэтгэл, их зүтгэлийн үр, хамтач хөдөлмөрийн эерэг үр дүн бол алдсан алдаа маань, харин, судалгааг үл тоох нийгмийн хандлага,  судлаачийг үл хүндэтгэх нийгмийн араншин, увайгүй сэтгэл, залхуурах, бэлэнчлэх, хялбарчлах, хуулбарлах сэтгэлгээ болон аминч үзэл, бас, судалгааны үндэслэл муутай бодлого, шийдвэр, түүний бэлтгэлгүй, бүтэлгүй хэрэгжилт, мөн боловсон хүчний мэргэшсэн, мэргэжсэн байдлыг бус, харин тухайн бүлгийн ашиг, сонирхолд хэт хөтлөгдсөн оноогүй, бас зохиогүй томилгооны олиггүй үр дагавраас улбаатай.
Мэргэшил, мэргэжлийн хүчинд бус, харин, удирдлагын оноогүйн хамт зохиогүй томилгооны дүнд боловсролын салбар багагүй алдаж эндсэн өнгөрсөн жилүүдэд хүнээ чадваржуулж, улс, үндэстнээ хөгжүүлэх гэсэн бүтээн байгуулалт, бүтээлч санаачлага, бүтээлч үйлс, шилдэг, шинэ санааны ихэнхи нь мунхаглалын мананд төөрч бүдрэн, улмаар хумийн тоос мэт замхран үгүй болсон байхад, МОНГЕНИ л харин бадамлянха цэцэг адил хувь тавиланг туулж, хүмүн төрөлхтний эдүгээ цагийн соёл иргэншилд монгол сургуулийн дүр төрхийг илтгэн харуулсан монгол брэнд болтлоо цэцэглэн дэвжсээр буй нь гайхалтай, бас бахархахууштай. 
 “МОНГЕНИ”-ны энэхүү гайхам агаад бахархахууштай амжилтын үндэс нь ид шидийн хүчинд бус, харин эгэл монгол хүмүний шинжлэх ухаанч, холч сэтгэлгээнд; мөн түүний эх орон, улс үндэстнээ гэсэн гал халуун сэтгэл, бас мятаршгүй зүтгэлд; хамгаас чухал нь, мунхаглалын манан, авилгалын давалгаа дор харийн брэнд, харийн технологи ашиглан эх нутаг, элгэн түмнээсээ мөнгө хүүлэх бус, харин монгол ахуй, монгол соёл, монгол уламжлал, монгол ардын сургах ухааныг нэвт шингээсэн сургалтын ташуу хэмийн арга, сургалтын шинэ хэлбэр, үндэсний шинэ технологийг бүтээж, тэдгээрийг оновчтой хэрэглэсэнд оршмой.
 “Шаварт үндэслэж, усанд  ургаж тэмцэн, тэмцэж ургасаар нуурын мандалд хүрч гэрэл үзэн, баясан дэлбээлдэг” бадамлянхуа цэцэг лугаа адил хөгжин дэвжсээр байгаа “МОНГЕНИ”-ны амжилтын замналын амин сүнсийг түмэн олноо дэлгэн толиулахын учир болвоос, нэг талаас, эх нутаг, элгэн түмний залгамж холбоо, хойч үе болох монгол хүүхдийн төлөө сэтгэл, зүтгэл гаргаж, бэрхшээлийн өмнө шантаршгүй ажиллаж ирсэн жирийн нэгэн монгол хүний эрхэм ухаан, энгүй туршлага, их үйлсийг “монгол муухай, монгол хүн муу” мэт харагдаж буй энэ цаг дор сайны жишээ болгон харуулах, нөгөө талаас, монгол сургуулийн монгол менежментийн давуу тал, холч харааг танилцуулахад оршвой.
“МОНГЕНИ”-судлаачийн бүтээл, оюуны өмч
Өмч гэдэг олон янз. Анхнаас л нүдэнд харагдаж, гарт баригдавч, элэгдэж, дуусдаг хувь тавилантай материаллаг өмч гэж байхад эхлээд оюунд бууж, дараа нь оюуны бүтээл-төсөл болж, эцэст нь сүндэрлэн харагдаж, ундран баяждаг оюуны өмч гэж бас байна. Мунхаглалд манарсан өнгөрсөн он жилүүдэд энэ улсад материаллаг өмч илүү тахигдаж, харин оюуны хөдөлмөрийн үр-оюуны өмч үл тоогдож, үнэгүйдэв. Үүнийг тодруулахын тулд хоёр өөр улсад нэг сэдвийн дор өрнөсөн хоёр янзын ярилцлагыг доор товчлон сийрүүлье.
Австрали улсын ерөнхий сайдаар олон жил ажилласан нэгэн хүн хэвлэлийн бага хурлын нээлтэнд дээр “Амьдрал амаргүй, Тийм биш гэж үү” (Life is not easy, Isn’t it so?) хэмээн хэлээд “Энэ үг өнөөдрөөс эхлэн миний оюуны өмч болсныг Та бүхэн гэрчилж байна” хэмээн хошигносон байдаг. Энд эрхэм ерөнхий сайд асан “Хүний оюунаас гарсан үг, өгүүлбэр бүхэн оюуны бүтээл, оюуны өмч” болохыг хошигносон хэлбэрээр онцлон тэмдэглэжээ.
Хэдэн жилийн өмнө монгол залуус Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хятад зоогийн газрын хаалгыг сүхдэж танхайрсан нэгэн тусгүй хэрэг гарч байсны уншигч авхай Та магад санаж байгаа буй заа. Тэр үед Монгол Улсын Их Хурлын нэгэн гишүүн, сайд “Энэ ноцтой хэрэг. Учир нь, энэ үйлдэл хүний хувийн өмчид халдаж байна. Хувийн өмч Үндсэн Хуулиар хамгаалагдсан” гээд л их л сүржигнэж байж билээ. Энд их хурлын гишүүн маань тус зоогийн газрын оюуны өмчийн тухай онцгойлон ер дурдсангүй тул тэрээр магад материаллаг өмч, тодруулбал, хаалга, ширээний талаар л санаагаа  илүү ихээр зовоож байж мэдэх юм.
Өгөөгүйг авах нь хулгайчийн зан, хөлс дуслуулахгүйгээр орлого олж, хөрөнгө босгож, өмчтэй болох нь авилгалчийн араншин юм. Хулгай ч зан, авилгалч араншинг зайлуулахын үндсийн үндэс нь болох “ариун цагаан хөдөлмөр”-шударга хөдөлмөр, тэр тусмаа, оюуны хөдөлмөр, оюуны өмч гэж байдаггүй юм шиг л, байлаа ч үнэгүй юм шиг болгосон мунхаглалд манарсан өнгөрсөн он жилүүдэд МОНГЕНИ, харин,  судлаач хүн өмчтэй, оюуны өмч хүчтэйн нэгэн баталгаа, нотолгоо болж сүндэрлэв.
Нүдэнд харсныг оюунд хардаг бус, харин оюунд харсныг нүдэнд хардаг гэдэг. Судлаач хүн аливаа шинэ зүйлийг оюундаа анхлан буулгахад мунхаглалын бус, харин ном, эрдмийн талбарт их хөлс урсгаж, их зүтгэл, мятаршгүй сэтгэл гаргадаг жамтай. “МОНГЕНИ” бол Нүрзэдийн Лхагваа  хэмээх энэ эгэл-эрхэм монгол судлаачийн тийм их сэтгэлийн үр, тийм их зүтгэлийн дүн, олон жилийн оюуны тийм ажлынх нь шим, сувд нь юм. “МОНГЕНИ”-ны өнөөгийн дүр төрх, ирээдүйн дүр зураг нь эхлээд судлаачийн оюунд бууж, дараа нь төсөл-цаас болж, эцэст нь түмэнд харагдахуйц, бас заримд шүүмжлэгдэхүйц, хамгийн хошин нь, мунхагт атаархахуйц бүтээн байгуулалт болжээ. Өмчийг дээдийн дээдээр дээдэлж, түүнд дурлаж буй энэ цагийн өнгөөр хэлбэл, МОНГЕНИ бол монгол судлаачийн оюуны бүтээл, оюуны өмч нь юм. Энэ өмч түүний өмч болохыг ч албан ёсоор баталгаажуулж мөн өгчээ. Иймд энэ эгэл эрхэм Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдах “МОНГЕНИ” гэсэн элэгдэж дуусдаг бус, харин, ундран баяждаг оюуны өмч-хүчтэй өмчтэй ажээ.
Эрхэм судлаачийн оюуны бүтээл, оюуны өмч нь болох МОНГЕНИ бусдаас ялгаран оршихуйн шинжлэх ухааны үндэс, арга билгийн хүч нь нэг талаас, судлах агуулгыг онож сонгох ташуу хэмийн шинэ арга, технологи, нөгөө талаас, хүүхэд бүрийн баруун болон зүүн тархины хөгжлийг зэрэг, жигд хангахад чиглэсэн сургалтын шинэ хэлбэр, шинэ технологид оршдог.
“МОНГЕНИ”-ны шинэ технологи, шинэлэг итгэл үнэмшил
Суралцагчдад юуг, яаж сургах вэ гэдэг сургах зүйн үндсэн асуудал юм. Хөлөг бүр адилгүйн нэгэн адил хүүхэд бүр адилгүй тул “бөөн хүн” - хэмээх нэг бүлэгт яг таарч нийцсэн судлах агуулга, сургах арга гэж байж болохгүйн нэгэнт илт. “Анги” хүн эсвэл “Бүлэг” хүн гэж байхгүй тул анги танхим болон хуйрангийн зохион байгуулалтай сургалт бол үнэндээ, бодит хувь хүнд зориулагдаагүй байдаг. Энэ нь, уг чанараараа, боловсролын салбарын нэгэн худал, хуурмаг бөгөөд өдий хүртэл үнэн мэт амь бөхтэй оршсоор байгаа түүний бодит нэгэн “гажиг” билээ. Энэхүү гажгийг арилгахын үндсийн үндэс нь “хүүхэд бүр ялгаатай, бас төрмөл авьяастай” гэдгийг хүндэтгэн үзэж, хичээл, сургалтын технологи, багш, суралцагчийн харилцааг өөрчлөх явдал юм. Ийм өөрчлөлтийг өдий хүртэл хийхгүй, хуйрангийн аргаар сургалтаа явуулсаар, чанарыг сайжруулах тухай лоозогнон ярьсаар, харийн технологи, харийн брэнд нэрэнд шүтэн биширсээр, түүнийг өнгөлөн хуулсаар мунхаглан л суух энэ цаг зуур МОНГЕНИ, харин,  монгол ахуй, монгол соёлоос ургасан агуулга сонгох “ташуу хэм”-ийн арга, технологи, хүүхэд бүрийг зэрэг, жигд хөгжүүлэх сургалтын шинэ хэлбэр, шинэ технологийг бүтээж, гайхам амжилт олсон байх юм.
Судлах агуулгыг сонгох сургалтын ташуу хэмийн шинэ технологи, аргачлалын мөн чанарыг “Хүүхдийн танин мэдэхүйн чадавхи тэлэхийн хэрээр судлах агуулгыг хэмжээг төрмөл авьяасынх чиглэлийн дагуу, босоо биш, харин, ташуу хэмээр гүнзгийрүүлнэ” гэсэн нэгэн зарчмаар, маш энгийнчлэн, тайлбарлаж болно. “Хүүхэд бүр ялгаатай төдийгүй энэ хорвоод “хоолоо олж идэх” өөрийн онцгой авьяастай төрдөг. Хүүхдийн энэхүү төрмөл, онцгой авьяасыг аль болох эртнээс шинжин таньж, авьяасынх нь чиглэлийн дагуу ташуу хэмт агуулгыг судлуулах замаар хүүхэд бүрийг амьдралд сайн бэлтгэж, зөв иргэн болгож болно. Иймд МОНГЕНИ “Өнөөдрийн хүүхэд бүр ирээдүйн суут ухаантан” гэдэгт итгэдэг. 
Хүүхэд бүрийг зэрэг, жигд хөгжүүлэх сургалтын шинэ хэлбэр зэрэгцүүлсэн сургалтын технологийн мөн чанар нь хүүхэд бүрийн ялгаатай байдлыг харгалзан хүндэтгэж, түүний төрмөл авьяасыг эртнээс таньж, онож чиглүүлэх, улмаар авьяасын чиглэлийн дагуу ташуу хэмт агуулгаар төрөлжсөн болон зэрэгцсэн сургалтыг зохион байгуулах замаар хүүхдийн баруун болон зүүн тархины хөгжлийг зэрэг, жигд хангахад оршдог. Хүүхэд бүрийг зэрэг, жигд хөгжүүлэх зэрэгцсэн, төрөлжсөн сургалтанд гурван настай балчраас эхлэн гучин настан хүртэл хамрагдаж болох тул МОНГЕНИ ийм сургалтыг зохион байгуулах монгени цэцэрлэг, монгени бага, дунд, ахлах сургууль, монгени мэргэжлийн сургууль, монгени их сургуультай байх юм. МОНГЕНИ их сургуульд 3 настай балчир элсэж, МОНГЕНИ цэцэрлэгт авьяасаа таньж амжаагүй яваа 30 настан сурч ч болох юм. Иймд МОНГЕНИ “Хүн хэзээ ч суралцаж болно, гагцхүү, харин, авьяасаа л эрт таних хэрэгтэй” гэдэгт итгэдэг. 
МОНГЕНИ үнэлгээ, Нөхдийн үнэлэмж
Шинжлэх ухаанч шинэ зарчимд тулгуурласан шинэлэг итгэл, үнэмшлээр МОНГЕНИ 20 жилийн турш ажиллаж олон мянган хүүхдийн авьяасыг эртнээс оношлон таньж, түүнд ташуу хэмт агуулгыг зэрэгцсэн, төрөлжсөн сургалтаар өгөх замаар сурагч бүрийг “ирээдүйн ажил, мэргэжил нь түүнд зовлон бус, харин  баяр цэнгэл нь байх” замд хөтөлсөн гавьяатай. МОНГЕНИ-ийн энэхүү гавьяа, амжилтыг өнөөгийн боловсролын байгууллагын үнэлгээний түгээмэл нэгэн шалгуур болсон “уралдаанд тэмцээнд түрүүлсэн мядальт хүүхдийн тоо”, аль эсвэл, “төрийн одонт болон элдэв шагналтан багшийн тоо”-зэрэг үзүүлэлтээр хэмжин үзэж болох хэдий  ч энэ нь түүний амжилтын уг чанарыг бүрэн илэрхийлж үл чадна. Учир нь, МОНГЕНИ өөрийнхөө ажлын чанарыг сурагчийнхаа зөвхөн энэ цагийн амжилтаар бус, харин  төгсөгчийнхээ бодит ажил, амьдралын чанар чансаагаар шинжин үнэлдэг.  
Эрдэм ном гэдэг дуусдаг бус, харин ундардаг баялаг юм. Энэ л жишгээр МОНГЕНИ боловсролын гүн ухаанд нэмэрлэсэн шинэлэг итгэл үнэмшил, боловсрол судлалын ухаан, сургах зүйд оруулсан сургалтын шинэ тенхологийг бүтээлчээр хэрэглэх явцад хуримтлуулсан өөрийн туршлага, ололт, амжилтыг дотоод, гадаадын мэргэжил нэгт нөхөдтэйгээ харамгүй хуваалцаж иржээ. Өнгөрсөн 20 жилд нийслэлийн төдийгүй ихэнх аймаг, сумдын багш нарын төлөөлөл МОНГЕНИ-д зочилж түүний туршлагатай танилцав. Мөн боловсрол, удирдлагын чиглэлээр суралцаж буй гадаад, дотоодын олон арван магистрант, докторантууд МОНГЕНИ-ийг ихэд сонирхон судалжээ. Цаашилбал, гадаад улсын их, дээд сургууль, судалгааны байгууллага, тухайлбал, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага, Японы Улсын Төвийн их сургууль, Азийн их сургууль, Ханбатын их сургууль, Солонгос улсын ерөнхий боловсролын хэд хэдэн ахлах сургууль МОНГЕНИ-ны шинжлэх ухаанч чанар, шинэ технологи, шинэлэг итгэл үнэмшлийг шинжлэн судалж, хамтран ажиллаж байна. Энэ бүхэн нь МОНГЕНИ гадаад, дотоодын мэргэжил нэгт нөхдөдөө багагүй танигдаж, бас тоогдож, магадгүй, өндөр үнэлэгдэж буй нэгэн баримт болгох буй зээ. Мэргэжлийн хүнд, нийгэм дэхь ашиг сонирхлын ямар нэг бүлгүүдийн бус, харин, гагцхүү,  мэргэжил нэг нөхдийн үнэлгээ (peer assessment) л  хамгийн үнэн, бас хамгийн нандинд нь байдаг. МОНГЕНИ-д ийм нандин, эрхэм үнэлэмж бий.
Нүрзэдийн Лхагваа судлаачийн их сэтгэлийн үр, их зүтгэлийн дүн, олон жилийн оюуны их ажлынх нь шим, сувд нь болсон МОНГЕНИ агуулга сонгох сургалтын ташуу хэмийн арга, сургалтын шинэ хэлбэрүүд, сургалтын шинэ технологиороо; бас  “Өнөөдрийн хүүхэд бүр ирээдүйн суут ухаантан”, “Хүн хэзээ ч суралцаж болно, гагцхүү, харин, авьяасаа л эрт таних хэрэгтэй” гэдэг гүн ухаанаараа; Өөрийнхөө ажлын чанарыг сурагчийнхаа зөвхөн энэ цагийн амжилтаар бус, харин  төгсөгчийнхээ бодит ажил, амьдралын чанар чансаагаар шинжин үнэлдэгээрээ; хамгийн гол нь, мэргэжил нэг нөхдийн эрхэм, нандин үнэлэмжийн хүндэт эзэн болсноороо; мөн мунхаглалын манан дундуур бадамлянхуа цэцэг лугаа адил шантаршгүй хувь хувиланг туулж, хөгжиж, дэвжиж чадснаараа бусдаасаа “дэлбээсэн цэцэг” мэт тодоос тод ялгаран харагдана. Ийнхүү МОНГЕНИ монгол сургуулийн өнгө төрх-үндэсний брэнд болж оршсоор, дэвжсээр.                                
 Хөх-Булаг Овогт Цогдовын Лувсандорж
 Туслах овогт Цэдэн-ишийн Мөнхжаргал
Эх хэл, Их соёл,Үндэсний боловсрол” хөдөлгөөн  Утас:95675629