Monday, September 17, 2018

БАГШИЙН ТЭМЦЭЛ МОНГОЛД ЯАГААД ДАНДАА Л БҮТЭЛГҮЙТДЭГ ВЭ? ЯАЖ БҮТЭЛТЭЙ БОЛГОХ ВЭ?

БАГШИЙН ТЭМЦЭЛ МОНГОЛД ЯАГААД ДАНДАА Л БҮТЭЛГҮЙТДЭГ ВЭ?
ЯАЖ БҮТЭЛТЭЙ БОЛГОХ ВЭ?
“Багшийг ард болгоно” гэж ёролсон юм шиг “ард болгон ардчилна, арчина” гэсэн шиг авирласан өнөөх манарсан 28 жилд манай улсад багш л их ядуурав. Тэд тун ядрав. Тэд өнөөдрийн монгол  хүний дундаж цалингаас  хоёроос бүр илүү бага цалин авч байна. Энэ цагийн тэд  1990 оноос өмнөх үеийнхээсээ 10 дахин бага цалин авч тэднээс лав л 10 дахин ядуурсан байна. 10 дахин ард болсон байна, тэд.  Тэдний 90 гаруй хувь нь байрны зээл, хоолны зээл, хувцасны зээл гэх мэтээр элдэвлэсэн дотоод, гадаадын банкны монголоос мөнгө хүүлэх хорон бодлогын золиос өр-өтөнд идүүлэн баглуулж багтрах шахам явж байна. Одоогийн 10 багшийн 9 нь эмэгтэй, тэднийх нь 50 орчим хувь өрх толгойлсон ганц бие байх.  Тэдний 90 орчим хувь халуун усгүй, зориулалтын ариун цэврийн өрөөгүй оромж, гэр хороололд амь зууж байна. Өнөө цагт монгол багш нар өрнөөсөө салж өөдлөх гэж Солонгост харлаж хар борыг хийж шал арчин, жорлон угааж, сонгино арилган уйлагнаж, туулай мэт дүрвэж явна.  Ажиллаж байгаа багш ингэж ядуурч үлбэгэрлэн үлгэрлэхэд бүүр дорд, дорой нь хүртэл багш болохоор урилгаар улсын болон хувийн 50 орчим их дээд сургуульд бүүр тарвалзан элсэж сурч суух. Хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч багш хэмээх нартад нандин энэ мэргэжил энэ л улсад ингэж дордын дурладаг, ядуугийн хийдэг, доройгийн доргидог ажил мэргэжил болж хувирав. Багш ингэж ардчилсан монголд ард, дорой, дорд болов. 
Ус хамарт нь хүрэхэд нохой усч болдог. Багш нар 28 жилийн харлаган, бас сайн бодвол харлаган  биш бүүр хорон бодлогын золиос болж манан дунд манарч ард ядуу болж ард хоцорсон олон жилийн энэ манараагаас бичээчийн үсэргэсэн сэхээрлийн оч,  ухаарлын ачаар сая нэг сэрэв. Манарч, унтаж, мангартаж, халтартаж явснаа сая нэг барив. Ардчилал оролцоо, оролцоогоор л оролцож байж боломжийг бодит болгож болохыг сая нэг сэхээрэв.  Тэмцэж үзэв. Гэвч багшийн тэмцэл бүхэн дандаа л бүтэлгүйтэв. Яагаад?
Яах юу байхав дээ. Эх шалтгаан нь их илэрхий. Намчирхал, талцал,  ҮЭ-ийн үргүйдэл.
Намчирхал. Эрдмийн их үйлдвэр болох их сургуулиас эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөл хүртэл; их хурал, төрийн ордноос эгэл нэг малчин айл хүртэл энэ намчирхал л энэ улсад сайрхаж байна, тарвалзаж байна. Манан дунд цэцэглэсэн намчирхалын энэ сайрхал, тарвалзаан багшийг ч, сургуулийн захирлыг тойрсонгүй харин  дайрсан юм. МАН ялбал захирал манжидаг. АН дийлбэл захирал анжидаг. Манчин захиралтай сургуулийн багш номжих биш харин манжина. Бас анчин захирлынх харин анжина. Манантай манай улсад сургуулийн багш, захирал ингэж л мананжисан байдаг, номжих биш намчирхсан байдаг юм. Энэ намчирхал мөн их хортой доо. Энэ намчирхал багш нар “ядуурлаас салья, багш мэргэжлээ шавраас татаж гаргая, боловсролоо өөд татья, улсаа хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжилд хөтөлье” гэж уриалж язгуур эрх ашгаа хамгаалан нэгдэж тэмцэх тэмцлийг хүртэл намчирхаж, бас намчирхал болгож  мохоож, хорлож байдаг юм.
МАН төр барьж, МАН-ынх нь боловсролын сайд байвал МАН-ын угшилтай захирал, ийм захирлын долдой багш нар “амьдрал мөн их сайхан байна аа” гээд л донгодож эхэлнэ. Тэгээд тэд нэгдэж багшийн тэмцэлдээ оролцдоггүй, нэгсэж түүнийг дэмждэггүй юм. Үүний нэгэн жишээ нь саяхны МҮЭ-ээр зохион байгуулсан гэх багш нарын ажил хаялт юм.  “Бүх сургууль ажил хаялтад орчихвий дээ. Тэгвэл салбараа удирдаж чадаагүй  байна гээд л хайртай ажлаасаа халагдана” гэж дотроо их эмээж явсан сайд тэр ажил хаялтад 80 сургууль бүрээс зөвхөн 1 нь л хамрагдаж байгааг мэдээд “зөвхөн 12 сургууль л ажил хаяж байна аа” гээд доторх баясал, тайвширлаа нууж чадалгүй инээн ярьж байх нь энүүхэнд (Салбарын сайдад  уг нь бол 12 бүү хэл  1 нэгж ч ажил хаяж байвал муу зүйл, муу мэдээ юм).  Ажил хаялт гэсэн жүжиглэчилсэн энэ тоглолт 2 долоо хоног үргэлжилсэн дүр эсгэхэд түүнд ойролцоогоор 8 сургууль, цэцэрлэг бүрийн зөвхөн 1 л хамрагдах төдий болж хамралтын хувь мэдрэгдэхүйцээр өсөхгүй байх. Энэ угтаа бас л намчирхал юм.  Энэ цаагуураа юу хэлж байна гээч!.  Бүүр энгийнчилэн хэлбэл, “Найман сургуулийн багшийн, магадгүй,  нэгийнх  нь л цалингаа нэмүүлэх хүсэлтэй байдаг юм байна” гэсэн дүр зураглалыг нийгэмд зурж өгч байгаа юм. Гэвч, үнэндээ, энэ өгүүллэгийн оршилд дурьдсан ядуурал, доройтлын хар сүүдэр, хүйтэн шүүдэр бүх багшийг л нөмөрсөн байгаа ш дээ.   АН төр барьж байхад хэрэв энэ мэтээр багш нар ажил хаяж тэмцвэл багш, захирлын авирын энэ зураглал мөн чанарын хувьд огт өөрчлөгдөхгүй, харин, яахав, тооны зөрүү л гарах биз. Боловсролын салбарын намчирхал ингэж л энэ улсад багшийн ядуурал, багшийн доройтол, багш ард болохын эх шалтгаан болж байдаг юм.
Талцал: Сургуулийн захирлын намчирхсан томилгоогоор нэг сургуулийн багш нарын дунд намын талцал бий болсон байх. Багшийн энэ талцал эрдэм, номынх  бүр биш шүү. Одоогийн сургууль, багш нарын дунд судалж буй асуудал, чиглэлээрээ талцан хуваагдаж семинар, сургалт хийдэг зүйл огт үгүй болсон.  Харин тэд намын талцал дунд л байдаг юм. МАН-ын захирлын талын хүн, АН-ын захирлын хүн гэсэн талцал бий. Нэгтгэж хэлбэл, тэдний бүүр их тал нь нөгөө манарсан мананынх л байх. Яахав, 1990 оны өмнөх бодлогоор шилмэл нь байж шилдэг оюутан болж явснаар  мэргэжлээ сайн эзэмшин, түүнд дурласныхаа ачаараа багшаараа байж, сайн явж чадсан, мөн “эрэгтэй сайн багшид төрөөс 5000 доллар өгч, эргээд ерөөсөө багшилж болохгүй шүү” гэж амлалтыг нь хатуу авч, тэднийг сургуулиас зайлуулж байсан хорон бодлогод ч өртөөгүй үлдсэн, болохгүйд захирлынхаа урдаас харж байгаад “ган” гэж чанга дуугарч чаддаг “нүдний гэм” гэмээр  багш нар сургууль бүрт ганц нэг бий бий. Тэд даанч ихэнхдээ тэнэг сүрэг байсан ч хамаагүй, олонхиороо шийдвэр гаргадаг ардчилсан нийгэмд ад үзэгдэж явдаг юм, хөөрхий.  Монгол хүний дундаж цалингийн хагасаас их багаар ажлаа үнэлүүлж, амьдралаа дордуулж яваа намаар талцсан, намчирхсан захиралд долдойсон өнөөгийн ядуу, ард багш нар “Багшийн цалин нэмүүлье” гэсэн хөдөлгөөн тэмцэлдээ “цахимаар оролцоно, дэмжинэ” гэж чангаар хийрхдэг атлаа талбайд ирж бодит хувь нэмрээ оруулдаггүй юм. Нүүрээ нээж үгээ хэлдэггүй юм, тэнд.  Талцал ингэж багшийн доройтол, ядуурал, багш ард болохын эх шалтгаан болдог юм, энэ улсад.
ҮЭ-ийн үргүйдэл:  Үйлдвэрчний эвлэл гэдэг энэ иргэншлийн үйлдвэрлэл хөгжиж, Форд мэт үйлдвэрийн эзэд ашгийн төлөө ажилчдын хөдөлмөрийг мөлжиж тэднийг ядуурал, ядралын туйлд хүргэж байсан тэртээд хамаарах гурав, дөрвөн зуун жилийн үүх түүхтэй юм, уг нь.  Гэтэл үйлдвэрлэл гээд байх юмгүй байсан энэ улсад үйлдвэрчний эвлэл үүсэх үргүйг мэдсэн тэр цагийнхан, нэг намынхан үүсэх үргүй түүний үрийг хүчээр бий болгов. Энэ нь түүнийг намыг магтан дуулах намын баруун гар болгох явдал байв.  Үргүй ч үүслийн ийм түүхтэй  нөгөө муу ҮЭ хөдөлмөрийн хүнийг жинхэнэ мөлждөг хөрөнгөний нийгэмд шилжихэд үргүйдлээ жинхэнэ үртэй болгон өөрчилж чадаагүй юм.  Ийм учраас сурсан зан, дадсан авираараа тэр ялсан намын л баруун гар болж элдэвлэв. Нөгөө муу ҮЭ ингэж үргүйдэж, элдэвлэж, хөрөнгөж байж зуурт ҮЭ-хөдөлгөөний мөн чанар, зүг чиг хандлага  бөмбөрцөгт их өөр болж өөрчлөгдөв. Үйлдвэр, уурхайн ажилчдаас илүүтэйгээр багш л  хөрөнгийн гэх ардчилсан нийгэмд илүү ад үзэгдэж, ард болчих гээд байдгийг тэд олж харжээ. Олон улсад ийм учраас багшийнх гэх ҮЭ олон янзаар олноор үүсэв. Багш мэргэжлийн онцлогийг бусад мэргэжлээс ялган түүнийг нийгмийн дунд, төвд байлгах эдийн засгийн хөшүүргийг олж бүтээж бас тэд чадав. Ийм хөдөлгөөний дүнд багшийн цалингийн доод хэмжээ хөгжсөн гэх, ардчилсан гэх улсад бол 3500 доллартай дүйцэх болов. Үүнээс багаар багшийн ажлыг үнэлэх нь  хөгжилгүй, ардчилалгүй, арчаагүй хэрэг гэсэн утга бий болов.  Учир нь ийм улс нийгэмд сайн багшийн ажлынх нь шижир сувд болсон мэдлэг, чадвар, технологи үнэ цэнэтэй болж чадаагүй байдаг учир тэнд бүдүүн тойм сэтгэлгээ, хар ухаан,  ажлын үүргийн  феодлын, боолын шинжтэй харьцаа байдаг болохоор тэр л дээ.
Үүсэх үргүй нь үргэлжлэх үргүй болж хувирсан тээр ҮЭ-ийн үйлсийн нь өнөөх 28 жилийн нэг үргүйдэл яах аргагүй багшийн ядуурал, багшийн ядрал, багш ард болсон явдал юм.  ҮЭ-ийн үргүйдэл үргэлжилсээр сургууль бүрийн ҮЭ-г бас үргүй болгож хувиргав. Багшийн цалингаа нэмүүлэх шаардлагад нэгдэн тэмцье гэхэд үнэн ҮЭ-тэй сургууль тун ховор байх юм. Дүр эсгэсэн байдалтай байх ганц нэг ҮЭ нь намчирхал, талцал, довны үзлээр захирлын карманд л орсон байх. Ард болсон багш нар ҮЭ нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгөөс салгах түүхэн, хуулин ганц хэрэгсэл гэдгээ ухааран сэхээрэх ч  үгүй хөлсүүлж явах.  Үүнийг өөрчлөх гээд багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн тэмцлээр Монголын багшийн ҮЭ-ийн холбоо (МБҮЭХ)-г үнэн үрээр нь байгуулаад өгөхөд түүнд холбоолон эрх ашгаа хамгаалахын төлөө байгаа  нь ч бас алга алга. Бас МБҮЭХ-г нөгөө муу ҮЭ-ийнхээ дүр зургаар биш харин үнэн ҮЭ-ийн зарчмаар удирдаад хөтлөөд, багшийн бүлийн нүүр царай болж явж чадагчийг энэ цагийн ард багш сүргээс тэр бүр олдоход бас нэн амаргүй. Урд нь гараад багшийн өнгө төрх болоод явж чадах нь  даанч цөөн. Мөн ч хомс. Харин намд талтай, намчирхалд дуртай,  ходоодон сэтгэлгээтэй, довны үзэлтэй, том эрх ашгийг жижиг хардаг том гэх дүртэй жижгүүд  л их таарах юм. Багшийн төлөө гэхээсээ намын төлөө гэх нь их элбэг байх. МБҮЭ гэсэн бренд нэр ашиглан цахим бүлэгт багш нар цуглуулан АН-ын асан сайдыг  магтан дуулах нь  тэдний хээв хэвийн  энүүхэнд хийдэг үйл болж байхад МАН-ынхыг мөн л энэ нэрийг ашиглан нөгөө намынхантай нийлж “огцруулна”  гэж 5 өдөр яамны үүдэнд дээр орилоон зохион байгуулагч тэдний дунд бас байх нь хээв хэвийн юм. Багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж ажил хаян талбай дээр үүнийхээ төлөө эсэргүүцлийн суулт хийж байхад багш нарынхаа тэр  үйлийг “би зохион байгуулаагүй учраас дэмжихгүй”  гэж байгаа мэт авирлан үл тоож, багшийн ҮЭ гэдгээ тас мартчихсан юм шиг энэ тэмцэлд нэмэр бүү хэл нэрмээс болсон тайлбар, хэвлэлийн бага хурал хийж хийрхэн, талцуулан манарч явах  үйлтэн тэдний дунд бас байна аа, байна.  Одоо сүүлдээ, АН, МАН шиг багш нарыг боловсролын ҮЭ, багшийн ҮЭ, довны  ахад үйлчлэх  ҮЭ гэж бас талцуулж багшийн тэмцэлд нэмэр бүү хэл нэрмээс болж мэдэхээр болох нь ээ, янз нь, эд нар. Тэдний тар нь нэг үйл, нэг үг, ганц харцаар л нийтэд ингэж тун амархан танигдаж, тайлагдан хялбар уншигддаг юм. Багш сүргийн чанар ингэтлээ их муудсан байна.  ҮЭ-ийн үргүйдэл ингэж манай улсад багш ард болох, багш ядуурах, багш ядрахын эх нэгэн шалтгаан болдог юм.
Багшийг ядуурлаас гаргах, багшийг ядралаас салгах, багшийг ард хоцорсон ард биш харин нийгмийн урд байх сэхээтэн, соён гэгээрүүлэгч байлгахын эх үндэс нь цалин, хөлсний хэмжээ юм.  Багш цалингийнхаа хэмжээгээрээ ч, ажил үүргийн үнэ цэнээрээ ч нийгмийн дундаж давхарга, дунд ангийн дунд, төвд байх нь уул нийгэм хүний хөгжил, мэдлэг, чадвар, технологид түшиглэсэн зөв, төв замаар замнаж  буйн бодит мэдрэмжүүр, шалгуур  мөн.  Ийм учраас бид багшийг ард үлдээж ард болгож үл болох юм. Ийм учраас энэ улс багшийг ядуурлаас салгах ёстой юм. Ийм учраас энэ нийгэм багшийг ядралаас гаргаж эмчлэх ёстой юм.
Ийм учраас багш сургууль, захирал, төр, улс төрийн намууд багшийн бүл, боловсролын салбарыг намчирхал, талцалаас хол байлгаж тэднийг гагцхүү мэргэжлийн л байлгах ёстой юм.
Сургууль бүхэнд ҮЭ нь харин  багшийг хөдөлмөрийн мөлжлөгөөс салгах, багшийн эрх ашгийг хамгаалах, өмгөөлөхийг нэгдмэл, нэг зорилгоо болгож;   нэг нь ялсан намын, нөгөө нь ялагдсан намын гар хөл, хүүхэлдэй болж ирсэн уламжлалт үргүйдэл, мунхаглалаас чиг хол байж зүгээ олж өнгө төрхөө тодорхойлж;  хялбар олз хайж яваа түр оргоногчдоос түүнийг мөн хамгаалж;  олон багшийн төлөө сайн үйлс хийхийг амьдралынхаа нэгэн утга учир болгосон сайн багш удирдагч, өнгөлөгчөө өөрөө өөрөөрөө төрүүлэн байж хөгжих ёстой юм. Тэд нэгжээс эхлэн боловсролынх юм уу, багшийнх юм уу аль нэг үнэн ҮЭ–тэй үндэсний түвшинд холбоолж, татвараа төлж, түүний хэрээрээ тэдний хөлсийг нь гартал, тарыг нь таньтал шахах ёстой юм. 
 Ингэж чадваас багшийн тэмцэл яагаад ч дахин бүтэлгүйтэхгүй. Харин дандаа л бүтэлтэй болно. Ингэж чадваас манай улс хүний чадварт түшиглэсэн мэдлэг, чадвар, технологид суурилсан хөгжлийн зөв, төв замд орох нь эргэлзээгүй юм. Үүний тулд багшийн хийгээд нийгмийн хөгжил, дэвшлийн чөтгөр нь болсон намчирхал, талцал, ҮЭ-ийн үргүйдэл энэ чөдрийг бултлах хэрэгтэй. Үүнийг хийхэд  доороосоо, дээрээсээ гэж товчоологдох хоёр л арга зам зарчмын хувьд одоо байна.
“Доороосоо” гэдгийн язгуур утга учир нь багш бүр нэгжээсээ өндийж, багшийн ажлынхаа үнэлэмжийг үнэн бодитой болгохын төлөө нэгж бүр дээр намчирхал, талцлаас ангид байж ҮЭ-ээ үнэн байгуулж, үйл хэргээ үнэнчээр өнгөлөх үнэн удирдагч, багшийн нүүр царай өнгө төрх болж тэднийг хөтлөх, хөдөлгөх (харисматик-charismatic) төрмөл шинж, увьдас бүхий багш манлайлагчийг төрүүлэхэд оршиж байна. Сүрэг хүртэл тэргүүнд нь байж сүр сүлд нь болж явдаг тэргүүнтэй байдаг. Гурван түмэн багшийн бүлд ч ийм багш тэргүүн хэрэгтэй.Учир нь тэргүүнгүй сүрэг хөшөж зогсчихоод хөдөлж өгдөггүй юм.
“Дээрээсээ” гэдгийн утга учир нь монгол түмний үнэт өмч болох төрийн эрхийг барих, бодлогын шийдвэр гаргах их хурал, засгийн газарт зөв, төв багш хүнийг хүргэх, суулгах замаар  багшийг ядуурлаас гаргах, багшийг ядралаас салгах, багш ард болгох үзэгдлийг зогсоох, багшийн ажлын үнэлэмжийг бодитой болгох, багшийн цалинг наандаж монголын дундаж цалингийн хэмжээнд хүргэх, цаанадаж, дэлхийн нийтийн жишиг 3500 долларт хүргэх шийдвэрийг гуйж биш харин гуядаж гаргах, улмаар улсаа хүний чадварт суурилсан зөв, төв хөгжлийн замд хүргэх; мөн багш багшийн ажлаасаа заавал гарч, больж байж л их хурлын гишүүнд дэвшихээр болгосон “багш их хуралд сууж болохгүй” гэхийг дам дэмжсэн хуулин гуулин заалтыг багш бид өөрчилж, сайн багш зөвхөн сонгуулийн үеэр ажлаасаа түр чөлөө авч их хурлын хийгээд сонгуульт бусад албан тушаалд өрсөлдөж болдог байхаар шийдвэрлэж өгөхөд орших юм. Ийм байх нь манарсан нийгмийн бус харин мандсан улсын жишиг байдаг. Ийм жишгийг манай  багш нар их хуралд багшийн төлөөлөл, багшийн бүлэгтэй болж байж л дээрээс нь нэн амархан шийдэх юм.
Дээрээсээ ч, доороосоо ч ингэж цэгцэрч байж багшийн зардаг ганц бүтээгдэхүүн, үйлчилгээ болох нэг цагийн хөдөлмөрийн хөлс бодитой цэнэтэй, зохистой үнэтэй болно. Тэр цагт багш мэргэжил нийгмийн хөдөлмөрийн хуваарьт эзлэх ёстой дунд, төв, зөв байрандаа ирнэ. Тэгэхэд нийгэм зөв,төв, алтан болно. Мэдлэг, чадвар, технологи цэнэтэй болно. Багш  дурын нэгний биш харин дор хаяж дундажийнх, цаашилбал, шилдэгийнх нь дурладаг, сонирхдог мэргэжил болсон байх юм.
Өнөөгийн сургууль өнгөө их алджээ. Тэнд намчирхал, талцал тун их байна. Тэнд манан нэн өтгөн суусан байна. Тэнд дурын нэгэн хээв нэг  багш болоод зогсож байна. Тэнд багшийн өнгө төрх болж өөрөөсөө хэтдэн өрөөлийг сайн, сайхан, төв, зөвд манлайлан хөтлөх увьдастай багш манлайлагч бүүр их дутаж байна.  Тэнд эв нэгдлээр хүчилж, язгуур эрх ашгаа бодит оролцоогоор үнэн бодитой хамгаалах хамтын хүч, оролцооны эрч, үнэн үйлдвэрчний эвлэл үгүйрч байна. Үргүйдэж байна. Энэ бүхний хорон уршиг болж тэнд, энд багш нарын үнэн мөнийн төлөөх тэмцэл бүхэн бүтэлгүйтэж байна. 
 
Бүтэлгүйтэхээс ангид байя гэвэл намчирхал, талцлаас хол бай, багш нар аа! Бүтэлгүйтлээс салья гэвэл  ҮЭ-г үнэн үртэй үнэн байгуулж үйлсийг нь өнгөлж явах багш манлайлагчтай болцгоо, багш нараа!

Ингэж чадвал багшийн тэмцэл бүхэн бүтэлгүйтлийн гашуун түүх биш харин бүтээснийг гэрчлэх амжилтын тэмцэл байх болно.

Ц. Лувсандорж, доктор, профессор 
Багшийн цалин нэмүүлэх түр хороог санаачлагч, гишүүн
Багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнийг санаачлагч
“Багш багшдаа тусалья” Монголын багш нарын Нэгдэл ТББ-ыг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга
 Монголын багш нарын Үйлдвэрчний Эвлэлийг санаачлагч, үүсгэн байгуулагч
“Багш багшдаа тусалья”  сонинг санаачлагч, үүсгэн байгуулагч
2018 оны 9 дүгээр сарын 17-ны  өдөр





 

No comments:

Post a Comment