Saturday, September 1, 2018

Чонон халдлагад хонин хандлагаар бүү ханд

Чонон халдлагад хонин хандлагаар бүү ханд

Эрдэм номын байгууллага их сургуулиудыг намчирхал, довны үзлээр ингэсээр байгаад дампууруулж, доройтуулж авсан даа, хөөрхий. Дүнд 3 сая хүнтэй улсад 97 их сургууль муу сурлагтанг урилгаар уралдаж элсүүлж уралцаж ажилгүйчүүд бэлтгэж, миний улс, бидний улс монголыг минь доройтуулж доромжилж байна даа.

Хамгийн гол нь МАНАН-ийн энэ даварсан байдалд МАНАН буруутай юм. Тэднээс илүүтэйгээр үнэндээ манайхан өөрсдөө их буруутай юм. Чонон халдлагад хонин хандлагаар хандаж ирсэн нь буруу юм.

МАНАН-аас нэг намчинг их сургуулийн захирлаар үүрэг гүйцэтгэгч нэртэйгээр томилогдож ирэхээр нь багш нар цэнхэр хадаг барьж уралдан, уралцан сөгдөж угтдаг болсон юм. Профессор багш нарын энэ эрдмийн төлөө биш ходооныхоо төлөөх энэ сөгдөлт нь профессорыг өөрийг нь муухай харагдуулж их үнэгүйдүүлэв.

Их сурахын амь болсон профессор багш ингэж үнэ цэнэ алдахад их сургуулиуд, хөөрхий, онц дүнтэй олон дипломтой ажилгүйчүүд бэлтгэдэг дэмий олиггүй олон үйлдвэр болж үлдэв. Хамгийн хортой нь ядуурлыг тэд бууруулах бус харин ядуурлыг тэд үйлдвэрлэдэг болов.Энэ бол их буруу юм. Ийм сургууль их сурах газар биш. Их сургууль ийм байх ёсгүй юм.

Их сургуульд шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологийн төлөөх танин мэдэхүйн шударга өрсөлдөө л байх ёстой. Илүүрхэж байгаа нь удирдана. Ийм учраас их сурах газрыг их сургууль гэдэг юм. Их сургуулийг их сурсан нь удирддаг юм. Түүнээс биш их намчирхсан нь биш. За!
28 жилийн их сургуулийн энэ дампуурлын хар мананг анх удаа харин АУШҮИС л сөрөв, сөхөв. Энэ түүх мөн.

Бусад будилж доройтсон, сөгдөн бөхөж буй их сургуулиуд нэртэй ажилгүйчүүд бэлтгэдэг үйлдвэрүүд нь энэ АШУҮС шиг бай л даа. Мананг сөр л дөө. Цэнхэр хадаг барин уралдан уралцан сөгдөх бус харин бүр их сөх л дөө.

Чонон халдлагад хонин хандлагаар биш анчны ухаанаар ханд л даа.

Ц.Лувсандорж
2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

No comments:

Post a Comment