"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар хэвлэгдэж олны хүртээл болсон.
Монгол зон олны шагнуулах дон, шунал, хүсэл дээр төрийн алба ч сайн тоглож байна. Ард иргэдээ адил тэгш үзэж, үилчилнэ, тэгш байдлыг хангана (equity; equality) гэсэн ардчиллын үнэт зүйл ч бүр утгаа алдаад, энд удаж байна. Дуулах урлагт суралцаж яваа 2 хүүхдийн нэгийнх нь стилийг өндөр үнэлээд, нөгөөгийнх нь мэргэжил, стилийг үл тоогоод л. Нэг жижигчинг нөгөөгөөс нь илүү үзээд л. Нэг нийтлэлчийг бусдаас нь илүү өргөөд л. Нэг багшийг нөгөөгөөс нь; нэг эмчийг бусдаас нь онцгойлоод л. Нэг хүүхдийг нөгөөгөөс нь шилдэг болгоод л, нэг аавыг бусдаас нь онцгойлж үзээд л, хамгийн хошин нь, нэг ээжийг нөгөө ээжээс хүртэл илүү үзэж, одон медаль олгоод л, түүнийгээ бүр хуульчиллаад л. Энэ бүхний эцэст, монгол эхчүүд одонтой, одонгүйгээр ялгарч, гадуурхагдаад л. Үлдсэн хэсэг нь шагналттай, шагналгүйгээр тэрсэлдээд л. Энэ бүх шагнах, шагнуулах дон, шунал, мунхаглалын дүнд энэ улс шилдэгийн шилдэг иргэдтэй гэх шагналын шаг улс болох нээ. Энэ юу болж байна аа, ардчилсан монголд.
“Иргэдээ ялгаварлан гадуурхахгүй байх, тэдэнд адил тэгш байдлаар хандах, төрийн үйлчилгээг нийтийн албаар дамжуулан адил тэгш хүргэх” явдал нь ардчилсан засаглалын суурь зарчим, бас ардчиллын үнэт зүйл юм. Ийм ч учраас нөгөө л бидний дуурайх гэж оролдоод байгаа ардчилсан гэх улсын төрийн алба, үйлчилгээнд “төрийн шагнал, одон тэмдгээр иргэд, татвар төлөгчийг шагнах, бүр тэднийг шагналд донтуулах” гэсэн ойлголт огт байхгүй. Нэгэн болсон явдлыг дор сийрүүлье.
Гадаадын нэгэн зөвлөхийн хамт ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтэнд оролцож, багш нартаа уулзав. Уулзалтын дараа нөгөө нөхөр маань “Энэ сургуульд цэрэг, дайнд оролцож явсан ийм олон хүмүүс яагаад ажилладаг юм бэ” гэж надаас асууж билээ. Би “Энэ чинь сургууль шүү дээ. Яагаад цэрэг дайн тухай яриад явчихав аа” гэхэд, тэрээр “Энгэртээ одон,медаль гялалзуулсан хүмүүс олон харагдлаа” гэв. Нөгөө л дуурайх гэж ядаж буй гадаад улсуудад зөвхөн дайнд оролцож, зохих амин гавьяа байгуулсан цэрэгт л медаль, шагнал өгдөг учраас тэр зөвлөх маань ингэж андуурсан хэрэг л дээ. Ардчиллын зарчим, үнэ цэнэ чинхүү утгаараа нийгмийнх нь үнэт зүйл болсон улсад төрийн албан хаагч “томорч” хэн нэгнийг нь хэт өргөж, нөгөөг нь хэт доошлуулах, цаашилбал, төрийн нэрээр хэн нэгнийг шагнах гэвэл ардчиллын үнэт зүйлээс урвасан гээд л түүнээс нийтийн албаа буцаан аваад, хариуд нь хатуухан шийтгэл оноох нь энүүхэнд аж. Иймд төр засаг маань ардчиллын энэ мэт үнэт зүйлийг чинхүү утгаараа нь хурданхан мэдэрч, хүндэтгэж ажиллаж гэмээнэ монгол зон олны дунд газар авч буй “шагнуулах” гэсэн муухай дон хурдан илаарших буй зээ.
Төрийн бус, олон нийтийн байгууллагууд ч монгол зон олны шагнуулах дон дээр тоглох тоглолтонд төрөөс тийм ч хол хоцорсонгүй. “Саран”, “ Алтан” “Мөнгөн”, за тэгээд юу ч гэдэг юм хамаагүй элдэв ээжүүдийг тодруулаад л. Оны шилдэгийн шилдэг ээж, аав, ах, эгч, оюутан, сурагч, хүүхэд шалгаруулж онцлоод л. Ийм шалгаруулалтыг үзэж байгаа шагнуулж амжаагүй ээж, аав, ах, эгч, дүү нар нь ингэж шилдэгээр шалгарч, шагнуулах юмсан гээд л гэртээ үглэн суух нь хэвийн үзэгдэл болж, энэ улсад. Саяхан надад нэг этгээд “Танай аавд зориулж суварга босгохоор шийдвэрлэсэн. Та 3 сая төгрөг манай хийдийн дансанд шилжүүлээч гэж байна лаа. Тэр арван хэдэн жилийн өмнө талийгаач болсон аавд маань яасан их санаа зовов доо. Мөн нэгэн танилд маань "Хүүхдийг чинь дүүргийн математикийн олимпиадын аварга болгоно, шагналын мөнгийг нь гаргана биз ээ" гэжээ. Бас нэг андад маань "Танай эхнэрийг бизнес эрхлэгч шилдэг эмэгтэйгээр шалгаруулах гэсэн юм, шагналын мөнгийг нь гаргачихна биз дээ" гэсэн гэдэг. Ажил хэрэгч танил руу маань нэгэн төрийн бус байгууллагаас утасдаад “400 мянган төгрөг төлчих, манлай эмэгтэй болгоод өгье” гэжээ. Тэгээд бүр дахин дахин утсаад салахгүй байсан гээч. За энэ мэт шагнуулах, шагнах донтой холбоотой явдлыг дурдвал дуусашгүй. Эдүгээ цагийн монгол зон олны шагналын дон, шунал, хүсэл тэмүүлэл нь заримд маань амархан мөнгө хийж орлого олох нэгэн арга зам болж байх шиг. Уг нь төрийн бус, олон нийтийн байгууллага бүхэн төрийн хүрч амжаагүй тэр хэсэгт хүрч, зон олонд дэм тус болох, тэдний сайн сайхны төлөө ашгийн бус зорилгоор ажиллана гэж амалсан, тэр хэрээрээ татвараас чөлөөгдөж хөнгөлт эдэлдэг шүү дээ. Монгол зон олны шагналд донтсон энэ муухай байдлыг засахын оронд, харин түүнийг ашиглан бизнес хийх нь сайн үйлс л лав биш юм шүү, төрийн бус, олон нийтийн байгууллагын андууд минь.
“Хүүгээ дахиад шагнана” гэсэн томчуудын энэ үг хүүхэд байхад надад сайхан бус, харин, үнэндээ, муухай санагддаг байв. Шагнуулах донгүй байсан учраас л тэр. Шагналын донгүй нүдээр шинжихэд “Чамайг дахиад л шагнана” шүү гэсэн шиг шил шилээ дагасан одоогийн олон олон энэ шагналууд нэг л муухай. Ийм шагналыг авахын төлөө монгол зон олон маань улайран улайран донтох нь бүр ч муухай. Зон олны шагнуулах гэсэн энэ муухай донг төр нь ардчиллын үнэт зүйлсээ мартан мартан дэвэргэсээр л; төрийн бус нь мэдэн будилан буруугаар ашигласаар л явбал энэ улс нэгэн цагт зөвхөн шилдэгийн шилдэг иргэдтэй гэх шагналын шаг улс болчихсон байх вий, хөөрхий.
http://undesniibolovsrol.blogspot.com/2011/12/blog-post_2930.html
Ц.Лувсандорж
No comments:
Post a Comment