Thursday, October 5, 2017

Монголын Багш нарын Анхдугаар Онц Их Хурлын Үндсэн Илтгэл



Монголын Багш нарын Анхдугаар Онц Их Хурлын Үндсэн Илтгэл 

Илтгэгч: Ц.Лувсандорж, Багшийн цалин нэмүүлэх түр хороны гишүүн
Энэ онц их хурлын үндсэн илтгэлийн хүрээнд багшийн цалин нэмүүлэх шаардлагын ул үндэс, учир шалтгаан, ач тус, үр дагаврыг тоймлон гаргахын оролдов.

Цэцэрлэг, сургуулийн 35 мянган багшийн төлөөлөл болсон багш, Та бүхнийг энэ индрээс харахад онцгой сайхан байна. Онцгой нэгэн гайхам мэдрэмж надад төрж байна.
Монголын багш нар өөрсдийнхөө асуудлыг өрөөлөөр бус харин өөрсдөө хэлэлцэж, шийдвэрлэх анхны онц их хуралдаа ирцтэй, эрчтэй, хүчтэй, нэгсэлтэй, нэгдэлтэй,  хурдтай, зоригтой, золбоотой хүрэлцэн ирж чадлаа.
Энэ бол монголын багш нар нартад ганцхан нандин мэргэжлээ нандин чигээр нь байлгах чин хүсэл, язгуур эрх ашгийнхаа дор өөрсдөө өөрөөрөө аяараа өндийж, өөрсдөө аяараа цул, бүхэл болж нэгдэж чадсны бодит нэгэн баталгаа мөн. Энэ бол Монголын багш нарын түүхэнд шинээр нэмж тэмдэглэх шинэ үзэгдэл мөн. Түүхэн эгшин мөн. Түүхийн шинэ хуудас мөн.  Ийм эгшний гэрч болж,  багшийн бүлийн цул нэгдлийн бүхэлжсэн хэсэг болж,  он цагийн түүхээ бичилцэж, ачааны хүндийг үүрч яваа багш Та бүхнээрээ бид их бахархаж байна. Та бүхэндээ бид чинхүү баярлаж байна.  Багш Та бүхний; Багш Бид бүхний  нартад ганцхан нандин мэргэжлээ нандин чигээр нь байлгахын төлөөх энэхүү хамтын хөдөлгөөн, гэгээн үйлсээр  Монголын хойч үе бахархах болно. Бахдах болно. 
Одоогоос  нэг сар гаруйхны өмнө нэгэн багш  хоёрхон үгтэй нэгэн пост бичжээ. Тэр пост хэдхэн мөчийн дотор хэдэн зуун лайк, хэдэн мянган дэмжсэн коммент авч чадаж. Энэ постын утгаар хаягласан “Багш багшдаа тусалъя” цахим бүлэгт долоохон хоногийн дотор 10 мянган гаруй багш,  сарын дотор 50 мянган гаруй багш холбоолон нэгдсэн  байна. Өнөө цагийн багшийг ийнхүү нэгтгэж чаддаг, тэднийг соронзон мэт тийнхүү татаж чаддаг тэр хоёр үг нь их энгийн; ийм нэгэн холбоо үг юм. “Цалингаа нэмүүлье”.
Багшийн цалинг нэмүүлэх нь бидний язгуур нэгэн эрх ашиг юм. Энэ бидний зорилго мөн. Энэ бидний  тэмцэл, бидний нэгсэл, бидний нэгдлийн язгуур утга учир юм.  Багшийн цалинг нэмүүлэх нь багш нарын онц энэ хурлын үндсэн асуудал,  үндсэн илтгэлийн гол сэдэв, үндсэн агуулга  мөн.
Цалингаа нэмүүлье.  Энэ утгын дор; ийм шаардлагын дор багш нар сайн дураараа эвлэлдэн нэгдэж  бүхэл, цул, нэг болж тэмцэж байна аа. Багш нар цалингаа нэмүүлэх энэхүү язгуур эрх ашгийнхаа төлөө 50 гаруй хоногийн турш жагсах, ажил хаях зэрэг тэмцлийн боломжит бүхий л хэлбэрээр өөрсдийгөө хохирогч болгож,  өөртөө  их эрсдэл хийж, багшийн зориг гарган тэмцэж ирлээ.  Яагаад?
Энэ улсад багш ядуурч ажиллаад байна. Ажиллаж ядуураад байна. Багшийн цалин хэт бага байна. Багшийн цалин хоёр зуу  хүрэхгүй доллар байна. Багшийн цалин намрын 5-6 хэнз хурган төлөгний цэнэд хүрэхгүй байна. Багшийн цалин халтуур хийж байгаа жолоочийн нэг сарын орлогоос хэт бага байна. Багш ядуурсан байна. Багш ядарсан байна. Багш ийнхүү ядуурч ажиллаж, ажиллаж ядуурч байна. Үүнийг нотлох бодит жишээ тоомгүй олон. Болсон явдал тоогүй олон. Тэр олноос үлгэр болгон нэгийг нь энд сонсгохыг хүсэж байна. Монгол түмэнд хүргэхийг зорьж байна.
1990 оноос өмнөх үеийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн шинэ багшийн сарын цалин 650 төгрөг байлаа. Тэр цагт  угтаа хаврын хурга болох намрын хэнз төлөг 10 төгрөг, талх 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй байв. Тэгэхээр  тэр цагт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн шинэ багшийн нэг сарын цалин  65 төлгийн үнэтэй жишихүйц ханштай байжээ. Цалинг хониор өгдөг байсан гэвэл тэр үед шинэ багшийг сард 65 тоо толгой бүхий хонин сүргээр,  нэг өдөрт 2-3 хониор цалинжуулдаг байж ээ.  Хонь хониороо л байдаг. Энэ бол малчны эдийн засаг,  үнэн эдийн засаг юм.  Тийм төлгийн зах зээлийн үнэ, ханш одоо наян мянгаас зуун (80-100) мянган төгрөг байгааг бодож үзбэл одоогийн багш  таван сая хоёр зуун мянгаас зургаан сая таван зуун мянган (5.2-6.5 сая) төгрөгийн цалин авч байхаар байна. Гэтэл тэд, одоо, харин, угтаа, хаврын хурга болох намрын таваас зургаахан ( 5-6-хан)  хэнз төлөгний цэнэ бүхий цалин  авч байна. Малчны ухаан-үнэн эдийн засгаар шинжвэл багш өнгөрсөн 27 жилд 8-10 дахин бодитой ядуурсан байна. Багш өнөө 27 жилд 8-10 дахин бодитой ядарсан байна. Багш ядуурахад нийгэм, эцэстээ, их ядардаг тул нийгэм мөн л  8-10 дахин бодитой дордсон байгаа даа; Нийгэм мөн л 8-10 дахин бодитой доройтсон байгаа даа.
Багшийг ядууруулах харалган бодлогоос болж багш нар ахуй амьдрал, амжиргаагаа хэвийн залгуулахын тулд байрны зээл, сургалтын төлбөрийн зээл, цалингийн зээл гэх зэрэг элдэв нэртэй, хачин хачиртай зээлийн өрөнд өдрөөс өдөрт, цагаас цагт улам л унаж, уяагдаж, живж байгаа нь өнөөгийн багшийн бодит байдал, бодит дүр зураг юм. Зээлгүй багш одоо бараг алга. Өрний гинжинд өртөөгүй, уяагдаагүй багш одоо бараг алга. Мөнгөний худалдан авах чадварын тэр уналтад дээр зээлийн өр, түүний хүүг  нэмж тооцвол багш нар бодитойгоор лав л 15-20 дахин ядуурсан байна.Тэд 15-20 дахин ядарсан байна.  Багш ядуурахад нийгэм, эцэстээ, их ядардаг тул нийгэм мөн л  15-20 дахин бодитой дордсон байгаа даа. Тэр мөн 15-20 дахин бодитой доройтсон байгаа даа. 
Багш ядуурах аюултай. Багш ядрах бүр  ч аюултай .

Багш мэргэжил бүрийн эх
Багш мэргэжил бүрээс их
Багш
, иймд, эх мэргэжил
Багш
, иймд, их мэргэжил

Эх мэргэжлийг үл тоосон улс
Эрдэм ухаан, ажил мэргэжил үгүй
Их мэргэжлийг багад үзсэн нийгэм
Эрүүл дэвшил, саруул хөгжил үгүй


Үе үеийн эрх баригчид эх мэргэжил болох багшийг үл тоож, их мэргэжил болох багшийг багад тооцож явснаар нийгмийн тархи болсон боловсролын тогтолцоог туйлын ихээр хуурмагжуулсан; туйлын ихээр доройтуулсан; туйлын ихээр улс төржүүлсэн; туйлын ихээр намжуулсан юм. Дүнд нь бүх хичээлээрээ улсаараа муу сурч байна. Дүн хуурмаг байна. Дүгнэлт худал байна. Эцэстээ, бид бүгдээрээ нийлээд улсаа хуурч байна. Монголоо хуурч байна.

Энэ бүхний дүнд онц дүнтэй, олон дипломтой залуухан хөгшид олширч байна. Залуу ажилгүйчүүд ихсэж байна.

Энэ бүхний дүнд энэ улсад мунхаглал, тэнэглэл, дэмийрэл, хийрхэл, сүрчигнэл газар авч байна. Хоосон тархи, сүржин төрх, хөөрсөн зүрх элбэгжиж байна. Мунхаг нь цэцэн болж байна. Баар  олширч байна.  Номын сан эзгүүрч байна. Монгол Улс хүний оюуны чадамжид түшиглэсэн нийгмийн зөв, төв хөгжлөөс улам бүр, өдөр бүр холдож байна. Долдойн сүрэг олширч байна. Баар  олширч байна.  Номын сан эзгүүрч байна.

Ийм муу, тийм муухай бүхэн эцэстээ боловсролын зүрх нь болсон багшийг нэн ядууруулсан, тэднийг тун ядраасан харлаган, хорон, холоос  хаялгатай бусармаг бодлогоос улбаатай юм.

Багш ядуурахад нийгэм, эцэстээ, их ядардаг. Багш ядрахад нийгэм, эцэстээ, их ядуурдаг. Багш ядуурч ядрахад ийм л аюултай. Үүнээс илүү аюул гэж нийгэмд угтаа үгүй.


Ийм учраас дайн дажинтай улс хүртэл багшаа ядууруулдаггүй. Багшаа ядраадагггүй. Багшаа дорд үздэггүй.


Эх мэргэжлийг багш гэж таньсан засаг
Цэцэн шийдэл, цэвэр үйлсээр л бялхадаг.
Их мэргэжлийг багш гэж үзсэн
нийгэм
Гэгээн ирээдүйн саруул эзнээр л дүүрдэг.

Ийм учраас  багшийн цалинг нэмэх нь нийгэмд тун хэрэгтэй. Ийм учраас багшийн цалинг нэмэх нь улсад бүр ч хэрэгтэй. Ийм учраас багшийн цалинг нэмэх нь Монголд минь үнэн хэрэгтэй. Учир нь, багш  бол мэргэжил бүрийн эх юм. Учир нь багш бол мэргэжил бүрээс их юм.

Багшийн цалинг нэмэгдүүлэх, багшийн цалинг ойрын үед нэг сая зургаан мянган (1,6 сая) төгрөгт хүргэж нэмүүлэх нь, ийм л учраас, бидний  тулгамдсан нэгэн асуудал болж байгаа юм. Энэ асуудал нь  багшаа гэсэн; нийгмээ гэсэн; Монголоо гэсэн хүн бүрийн  өмнө дэвшигдсэн гарч буй тулгамдсан асуудал бас мөн.
Багшийн цалинг нэмэгдүүлэх энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх зорилгодоо хүрэхийн тулд багш нар бид сайн дураар эвлэлдэн нэг, цул, бүхэл болж нэгдэн багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөнийг өрнүүлж, бүхлийн зарчмыг тэмцлийн зарчим болгон барьж үйл ажиллагаагаа эрчтэй, хүчтэй, хурдтайгаар явуулж ирлээ. Энэ хөдөлгөөн, тэмцлийн язгуур мөн  чанар нь, эцэстээ, боловсролын зүрх  болсон багшийг ядруулаас салгах, нийгмийн тархи болсон боловсролын салбарыг доройтлоос гаргах, багш мэргэжлээ аврах, Монголоо хүн тулгуурт зөв, төв хөгжлийн зам хөтлөхөд оршиж байна.  Үүнд багш бидний энэ хөдөлгөөн, тэмцлийн  үнэн үнэ цэнэ, язгуур утга учир оршино. 
“Багшийн үндсэн цалинг эхний ээлжинд нэн даруй нэг сая, зургаан зуун мянган (1,6 саяд) төгрөгт хүргэж нэмэгдүүлэх нь багшийг ядуурлаас гаргах, боловсролыг доройтлоос салгах, боловсролын чанарыг сайжруулах, Монголоо хүний чадварт суурилсан зөв,төв хөгжилд хөтлөх язгуур эх үндэс мөн” гэж бид үзэж байна.  Үүндээ бид бат итгэлтэй байна. Ийм ч учраас үүнийгээ  бид нэгэн зүйл шаардлага болгон  Засгийн газарт удаа дараа хүргүүлж байна.
“Багш бидний тавьж буй энэ шаардлагыг хүлээн авч, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 35 мянган багшийн цалинг одоогийн төсөвт онцын хүндрэлгүйгээр нэг сая, зургаан зуун мянган (1,6 сая) төгрөгт хүргэж нэмэх бүрэн боломж бий” гэж бид үзэж  байна.
Багшийн цалинг нэг сая, зургаан зуун мянган төгрөгт хүргэж нэмэхэд эх үүсвэр дутаагүй. Харин эрүүл сэтгэлгээ дутаж байна.
 Багшийн цалинг нэг сая, зургаан зуун мянган (1,6 сая) төгрөгт хүргэж нэмэх арга нь нэн энгийн, зам нь тун хялбар юм.Тэрхүү энгийн арга ухаанаас жишээ болгон заримыг дор дурдая. Үүнд:
-          Төсвийн байгууллага, төрийн албаны данхар бүтцийг дан болгож цэгцлэе. Ингэснээрээ  35 мянган багшийн цалинг эхний ээлжинд нэг сая, зургаан зуун мянган (1,6 сая)  төгрөгт хүргэж нэмэх  нилээдгүй эх үүсвэрийг олж болно.
-          Төрийн албаны давхар, чамин дээлийг тайлж дан, давуу дээлтэй болгоё. Төрийн албаны өөрөөсөө хэтэрсэн, өрөөлөөс ичдэггүй утгагүй тансаглал, цэнэгүй  чамирхалыг зогсооё. Төрийн албаны үр ашиггүй үрлэгэн ийм зардлыг ингэж танаснаар багшийн цалинг нэмэгдүүлэх багагүй эх үүсвэрийг бий болгож болно.
-          Төсвийн байгууллага, төрийн албаны үндсэн ажлыг үнэн өртөгжүүлье. Энэ аргачлалаар багшийн цалин өөрөө өөрөөрөө нэг сая, зургаан зуун мянган (1,6 сая)  төгрөгт аяараа хүрчих юм.
-          Төрийн алба, төсвийн байгууллагад шигдсэн туслах ажилтныг цөөлье. 20 хүнээр үндсэн ажил хийлгэхийн тул 80 туслах ажилтантай байдаг мунхаг жишиг  манай төрд бий. Энэ нь мунхаг тул жам ёсны бус юм. Энэ нь мангар тул үр ашиггүй, үр дүнгүй, чанаргүй юм. Харин энэ төрийн албыг намын алба, төрлийн алба болгосон буруу үйлийн бараан үр юм.
 80  хүнээр үндсэн ажил хийлгэхийн тулд 20 хүрэхгүй туслах ажилтантай байх цэцэн жишиг хувийн компанид бий. Мунхаг жишгийг цэглэж цэцэн ухаан, үнийн аргачлалаар төрийн болон төсвийн байгууллагын үйл ажиллагааг өртөгжүүж дахин бүтэцлэе, цэмцгэр болгоё.  Ингэхэд багшийн цалин нэмэх  нилээд эх үүсвэр аяараа гаргаад бас ирнэ.
-          Үр ашиггүй үрлэн төслүүдийг түр хойшлуулья.  Өдөрт ганц удаа ганц мотоцикл явдаг үгүй нь их тодорхойгүй сумдыг засмал замаар холбох нь үр ашиггүй, үр дүнгүй үрэлгэн үйл юм. Энэ мэт  үр ашиггүй үрлэн төслүүдийг түр зогсоовол багшийн цалинг нэмэх бас нэгэн эх үүсвэр бий болно. 
-    Бүр болохгүй бол “Багшийн цалин” засгийн газрын бондыг гаргая. Ингэснээр багшийн цалин нэмэх эх үүсвэрийг элбэгхээн бүрдүүлж болно.

-          Багшийн цалингийн шатлал, түвшинг төрийн нийт алба хаагчдынхаас салгаж, багш мэргэжлийн тэргүүлэх, эх, их онцлогийг тооцож цалингийн шатлалыг шинээр бий болгоё.  Ингэхэд багшийн үндсэн цалин өөрөө өөрөөрөө нэмэгдэнэ.
Эрүүлээр сэтгэж саруулаар харвал боломжгүй зүйл гэж  үгүй.  Багшийн үндсэн цалингийн доод хэмжээг ойрын үед үе шаттайгаар нэг сая, зургаан зуун мянган (1,6 сая)  төгрөгт хүргэж нэмэх нь боломжгүй зүйл огт биш юм. Эрүүл сэтгэлгээ, эрүүл аргачлал,  малчны ухаан- үнэн эдийн засгийн эрүүл ухаанаар харвал багшийн цалинг нэг сая, зургаан зуун мянган (1,6 сая)  төгрөгт хүргэж нэмэх эх үүсвэр их тодорхой байна, их элбэг байна. Их байна. Ер нь өөрт нь байна.  
Багшийн цалинг нэг сая, зургаан зуун мянган (1,6 сая)  төгрөгт  ойрын үед хүргэх, багшийн цалинг дэлхийн нийт жишиг 3500 долларт алс хэтэд  хүргэх язгуур эрх ашгийнхаа төлөө багш Бид хамтдаа. Багш бид нэг.Багш бид цул. Багш бид бүхэл.
Цалинг нэмүүлэх язгуур эрх ашгийнхаа дор Багш бид нэгдэлтэй. Багш бид нэгсэлтэй. Багш бид хурдтай. Багш бид эрчтэй. Багш бид хүчтэй. Багш бид хамтдаа. 
Багш  үйлчлэгч биш, харин тэргүүлэх салбарын тэргүүн алба хаагч мөн.
Пагши гэсэн араб үгнээс гаралтай багш гэдэг үг нь Фин хэлнээ “Хүний амьдралыг замыг гэрэлтүүлэгч” гэсэн утгатай юм. Уугуул мэт болтлоо монголжсон суугуул энэ үг манай ахуй соёлд энэ л эрхэм утгаар бас хэрэглэдэг. Багш гэдэг  үг, хөг, үйл  харанхуй, бурангуй бус, харин, гэрэл гэгээтэй л их холбогдоно, гэгээн үйлстэй их хэлхэлдэнэ. Багш бол нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлоороо нийгмийн хөдөлмөрийн хуваарьт жин дарж, үнэд орж  оршдог мэргэжил мөн.  Багш, тэгэхээр, яаж үзсэн ч үйлчлэгч биш юм. Тэр угтаа одоогийн багш шиг түмэн эзний нэг зарц биш. Тэр уг нь боловсролын салбарын бүхий л албан тушаалтан, алба хаагчаас дорд лав л биш. Тэр угтаа боловсролын салбарын бүхий л албан бичиг,тушаал, шийдвэр бүрийг хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч, хийгч, тээгч нь болж явдаг боол, боловсролын салбарын “илжиг” биш. Тэр, харин, нийгмийн хөдөлмөрийн хуваарьт дээгүүр жагсаж, жин дардаг, үнэд ордог тэргүүлэх мэргэжлийн эзэн, тэргүүлэх салбарын үндсэн ажилтан юм.  Ийм учраас багш хаант улс, шашинт улс, дарангуйлагч дэглэмтэй улс, нийгэмд бол улс төрийн ажилтан  болдог нь түгээмэл. Багшийн ажил бол захиргааны ажил биш, харин нарийн ур чадварыг  шаарддаг нарийн мэргэжлийн ажил юм. Ийм ч учраас,  багш төрийн албаны хуулийн утгаар төрийн жинхэнэ албан хаагч бас биш юм. Тэгэхээр багш хэн бэ?
Багшийн цалин нэмэгдүүлэх, багш мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх язгуур эрх ашгийнхаа төлөө эвлэлдэн нэгдэж хөдөлсөн, тэмцсэн тэмцлийн завгүй өдрүүдэд барьсан мэдрэмж, шийдлийн гарц хайсан эрэлт, эргэцүүллийн дүнд багш бид “Манай орны ахуй, соёлын утгаар, багш үйлчлэгч яагаад ч биш. Багш улс төрийн ажилтан бас биш. Багш төрийн жинхэнэ албан хаагч ч бас биш. Багш, харин, манай улсын тэргүүлэх салбарын тэргүүн ажилтан, нарийн мэргэжлийн үндсэн албан хаагч мөн” гэсэн дүгнэлтэд хүрсэн. 
Багш мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өргөх нь өнөөгийн багш бидний өмнө тулгарч буй тулгамдсан бас нэг асуудал мөн.  “Багш үйлчлэгч биш. Багш улс төрийн ажилтан биш. Багш төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны алба хаагч ч биш. Багш, харин, улсын тэргүүлэх салбарын тэргүүн ажилтан, боловсролын салбарын мэргэжлийн үндсэн албан хаагч мөн” гэж үзэх нь багшийг ядуурлаас гаргах, багш мэргэжлийн үнэлэмжийг үнэн нэмэгдүүлэх, үнэ цэнийг нь бодитой өргөх, улмаар боловсролыг доройтлоос салгах, боловсролын чанарыг сайжруулах, Монголоо хүний чадварт суурилсан зөв,төв хөгжилд хөтлөх бас нэгэн эх үндэс мөн” гэж бид үзэж байна. Багшийн талаарх энэ үзэл санаа,  үндэслэл, томьёоллын утга санааг бид нэгэн зүйл зүйл шаардлага болгон Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд бас удаж байна.
Багшийн цалинг нэмүүлэх энэхүү хөдөлгөөн, тэмцлийн хүрээнд бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Монголын Улсын Засгийн газар,  яамд, хэвлэл мэдээллийн хэрэгслэл, төрийн бус байгууллага, МҮЭ зэрэг нийгмийн олон талын олон байгууллагатай харьцаж байхдаа тэдний авираас, тэрний үйлдлээс багштай холбоотой  хачин содон, сонин хачин зүйл олныг  олж харлаа, олж мэдлээ. Ийнхүү олж харсан, олж үзсэн тэр хачин содон, сонин хачин зүйлийн заримыг энд асуулт хэлбэрээр тавьж асуудал болгон дэвшүүлж байна.
-Их хурал яагаад багш байдаггүй юм бэ? 
-Их хуралд яагаад багшийн язгуур эрх ашгийг хамгаалах, өмгөөлөх эрх ашгийн бүлэг байдаггүй юм бэ?  Байгуулагддаггүй юм бэ?
 -Их хурлын гишүүдийн хэн ч яагаад багш нарын “хийсэн ажилдаа таарсан хөлс, цалин авах” шударга ёсны шаардлага, тэмцлийг анхаарч үздэггүй, сонирхож хардаггүй, тоож үздэггүй юм бэ?
-Засгийн газрын бүрэлдэхүүнд яагаад багш хүн байж болдоггүй юм бэ?
-Боловсролын сайдад яагаад туршлагатай багш томилогдож болдоггүй юм бэ?
-Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад яагаад багш ажилладаггүй юм бэ? Яамны газар, хэлтсийн дарга хийгээд сайдын зөвлөгч яагаад туршлагатай багш хүн байж болдоггүй юм бэ?
-Багш хүн багшийн мэргэжлийн ажлаасаа яагаад заавал гарч байж  л их хуралд нэр дэвших ёстой юм бэ?
-Багш хүн багшийн ажлаа хийж байгаад яагаад их хуралд дэвшиж болдоггүй юм бэ?
-Багш нарт яагаад өөрсдийнх нь эрх ашгийг нь дам биш харин шууд хамгаалах үйлдвэрчний эвлэл байдаггүй юм бэ?  Ийм үйлдвэрчний эвлэлээ багш нар өөрсдөө яагаад байгуулж болдоггүй юм бэ?
-Багш нар яагаад ярьж чадахгүй болтлоо ярьж, зогсож чадахгүй болтлоо зогсох хүртлээ зүтгэж байж тэтгэвэрт гаргах ёстой юм бэ? Тэр яагаад мэргэжлийнхээ онцлог, хүнд нөхцлөө тооцуулж тэтгэврийн насаа оновчтой тогтоолоход оролцож  болдоггүй юм бэ?
-Багшийн тэтгэвэр гарах нас эмэгтэйн хувьд 50, эрэгтэйн хувьд 55 байвал илүү зохимжтой гэж багш нар ярьж суудаг. Үүнийг бид яагаад хууль болгон батлуулж  болдоггүй юм бэ? Чаддаггүй юм бэ?
-Багш нарыг даргалдаггүй, багшийг захирдаггүй албан хаагч боловсролын тогтолцоонд төдийгүй манай нийгэмд бараг алга. Тэр түмэн эзний ганц зарц болж байна. Нартад ганцхан нандин энэ мэргэжлийн тээгч багш яахаараа түмэн эзний ганц зарц болсон байдаг юм бэ?  Багш нарийн мэргэжлийн ажил бус уу?  
-Багш нар яагаад багшаар мэргэшсэн атлаа багш мэргэжилгүй дарга, албан тушаалтнаар байнга шалгуулж, зэмлүүлж, зөвлүүлж, уралдуулж, дүгнүүлж байдаг юм бэ? Багш чинь хэн бүрийн зөвлөөд, дүгнээд байж болдог тийм бүдүүн тойм ажил биш, харин, нарийн мэргэжил биш үү?
-Багш нар яагаад ажилласаар ядуурах, ядуурч ажиллах ёстой юм бэ? Багш нар яагаад цалингаараа чанартай амьдрах боломжгүй байгаа юм бэ? Багш яагаад цалингаараа байртай болж болдоггүй юм бэ?
-Багш яахаараа банкны зээлийн өрөнд хүлээстэй, уяатай байдаг юм бэ? Нандин нарийн мэргэжлийг тээгч багш яагаад өргүй, зээлгүйгээр амжиргаагаа залгуулж, ажлаа хийж болдоггүй юм бэ?
-Багш нар яагаад улсын гурван талт хэлэлцээр гэгчийн дүнд байнга ядуурч, хохирч үлдэж байх ёстой юм бэ?
-Багш нар яагаад мэргэжлийн  сургуулийг нь төгсөж, мэргэжлийн дипломыг нь авчихаад мэргэжлийн бус байгууллагаас авдаг “багшлах эрхийн шалгалтыг заавал өгч  зардал хийгээд мөнгө, цаг хугацаагаар хохирч байх ёстой юм бэ?
-Багш нар яагаад боловсролын зүрх болсон багш мэргэжлийг нийгмийн бусад бүлгийн доог, тохуу болгож буйг зөвшөөрч суух ёстой юм бэ?
-Эрх ашгийнхаа төлөө эвлэлдэн нэгдэж өөрөөрөө өндийсөн багш нарын энэ өндийлт, тэмцэл, хөдөлгөөний  бодит байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслэл яагаад үнэн бодитойгоор дэлхийд бүү хэл, дэргэдэх монгол хүндээ мэдээлдэггүй юм бэ?
 “Багш нар яагаад  ... ” гэж энэ мэт асуултыг  цааш нь ингэж үргэлжлүүлбэл цаг ч хүрэхгүй, цаас ч хүрэхгүй тийм л олон юм. Ийм олон асуудал багш бидний өмнө тулгарч байна аа. Ийм олон асуудлын торонд өнөөгийн багш ажиллаж ядуурч, ядуурч ажиллаж байна аа.     
“Багш л бол болохгүй” гэсэн энэ бүх хориг, энэ саад, тэр бүх зохицуулалтын цаана сэхээтний бүлийн цөм, ажилчин ангийн гол хэсэг болсон багш нарыг  ядууруулах, ядраах, багшийн мэргэжлийн үнэлэмжийг шавартай хутгаж, муухай харагдуулах гэсэн холоос илгээгдсэн хорон бодлого,  алсаас шидэгдсэн хорон чулуу байгаа юм биш биз ээ. Ийм нэгэн эргэлзээ, багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн, тэмцлийн өрнөл дүнд төрсний энд бас нуухгүйгээр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
Багш бол нийгмийн дундаж давхаргын үндсэн төлөөлөл юм. Багшийн цалин тэгэхээр нийгмийн цалин хөлсний тогтолцоо, янз бүрийн ажил мэргэжлийн   цалингийн жишиг нэгж,  үндсэн жишиг хэмжүүр болох талтай байдаг. Энэ утгаараа, багшийн цалингийн хэмжээ  тухайн нийгмийн амьдралын чанарын тоон нэгэн хэмжээс, тоон нэгэн мэдрэмжүүр болж чадна. Багш ядуурсан улсад ядуурал их байгаа даа, тэгэхээр. Энэ утгаараа, багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн тэмцэл язгуур мөн чанараараа, нийгмээрээ ядуурах үзэгдлийн эсрэг тэмцэл,  ядуурлын эсрэг тэмцэл юм.
Багш ингэтлээ асуудалжисан байхад; багш ингэтлээ ядуурсан байхад нийгмийн хөдөлмөрийн хуваарьт ажил үүрэг нь түүнээс доогуур цэнэглэгдэх ажил, үүргийг  гүйцэтгэгч, ажилчид, иргэд, нийгмийн бусад бүлүүд багш биднээс  илүү ихээр ядуурч байж мэдэх юм.  Тэдэнд багш нарын  “Хийсэн ажилдаа таарсан хөлс, цалин  авахыг шаардаж буй  энэ тэмцэл хөдөлгөөн шударга   санагдана даа. Тэдэнд ийм шударга шаардлагыг биелүүлэхийг хүчилсэн багшийн хөдөлгөөн тэмцэл  зүй ёсны үйл болно доо. Цалингаа нэмүүлэх зүй ёсны шударга шаардлагыг тавьж тэмцсэн багш нарын энэ  хөдөлгөөн, тэмцэлд   шударга ёсыг хүсэгч хүн бүрийг татах увдис,  эх үндэс, учир шалтгаан,   үр дагавар байгаа л юм даа.  Багш нарын цалингаа нэмүүлэхийг шаардсан энэхүү хөдөлгөөн, тэмцлээс  ядуурлын эсрэг, шударга ёсыг шаардах бүх нийтийн тэмцэл, хөдөлгөөний оч үсэрчих учир шалтгааны үндэс, үр байгаа л юм даа. Энэ нь  багш нарын цалин нэмүүлэх тэмцэл хөдөлгөөний  тасралтгүй өрнөлөөс нийгэмд бий болж болзошгүй нэгэн сөрөг үр дагавар байж болохыг энд бид бас онцлон тэмдэглэж байна.
Эрх баригчид, иймд, цалингаа нэмүүлэх багшийн шаардлагыг үл тоож, үл тоомсорлож үл болно. “Боломжгүй” гэж багш бидэнд бүү хэл. 40 мянган багшийн нэгдэл, язгуур эрх ашгийг хүндэтгэж нэг үз. Багш бидний шаардлагыг бүү сөр. Боломжийг, харин, олж хар. Хөнжлийн хэрээр бүү сэтгэ. Хөнжлөө, харин, тэлж сэтгэ. Боловсрол нийгмийн тархи, багш боловсролын зүрх гэдгийг ухаарч нэг эргэцүүл. Багш ядуурахад нийгэм эцэстээ их ядардагийг эргэцүүлж сана. Энэ бүхний эцэст багшийн төлөө “За” гэж хэл. Энэ  бүхний дүнд  боловсрол төлөө “За” гэж гүйлд.
Багш бидэнд багшийн төлөө “За” гэдэг шинжлэх ухаанч засаг л хэрэгтэй.  Багш бидэнд багшийн төлөө “За” гэдэг ажил хэрэгч сайд л хэрэгтэй. Боловсролын салбарын үндсэн ажилтан 35 мянган багшийнхаа шаардлагыг үл тоосон; 10 мянган багшийн оролцсон жагсаалын үнэ цэнэ утга учрыг үл ухаарсан авиртай; “жагссан, жагсаагүй адил” гэсэн хээв нэгэн үгтэй сайд, харин, багш бидэнд, одоо, хэрэггүй.
 “Багшийн цалинг  нэг сая зургаан зуун мянган (1,6 сая) төгрөгт ойрын үед хүргэх, багшийн цалинг дэлхийн нийт жишиг 3500 долларт алс хэтэд  хүргэх язгуур эрх ашгийнхаа төлөө ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 35 мянган багш бид хамтдаа. Бид энэ зорилгоосоо ухрахгүй. Бид энэ зорилгоосоо шантрахгүй. Бид энэ зорилгоосоо урвахгүй.
Бид нэгдэлтэй. Бид нэгсэлтэй. Бид хурдтай. Бид эрчтэй. Бид хүчтэй. Бидний хүч нэгдэлдээ. Бид эрч нэгсэлтэй. Бидний хурд цахимдаа. Бид хамтдаа.

МҮЭ –ийн соёлын төв ордон
2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр



No comments:

Post a Comment