Бодсноос илүү зүтгэлтэй, санаснаас их сэтгэлтэй сайд бололтой
БСШУС-ын шинээр томилогдсон сайд маань харин ч бидний бодсноос их эерэг хандлагатай, бас бидний санаснаас илүү зүтгэлтэй нь түүний ярианы өнгө, биеийн хэл, үйлдсэн үйлээс ажиглагдлаа. Дөрвөн түмэн багшийн төлөөллийг хүлээн авч уулзсан нь бас нэгэн зөв соёл мөн.
Уулзалтад бидний хэвлэлээр 2017 онд эхний ээлжинд 50 хувиар нэмэхийг зөвшөөрсөн санал, өгсөн буултын сэжмийг ухаарч бас түүнийг өлгөн авч Засгийн газрын түвшинд бидэнд мэдээлэх хэмжээнд их зүйлийг санаачлан хийснийг багш бид өндөр үнэлж байна.
Тэр түмэн багшийн жагсаалыг "жагссан, жагсаагүй ялгаагүй" гэж хээв нэг ярьж хээв суудаг хэнэггүй сайд биш бололтой. Тэр, харин, "2017 онд үндсэн цалинг 30 хувиар нэмнэ, үлдсэн 20 хувийг үндсэн цалин бус хэлбэрээр нэмэх " талаарх саналыг хариуцлагатай хэлж чадах хүртлээ сэтгэл шингээж зүтгэл гарсан улс төрийн боловсролтой, ажил хэрэгч менежер бололтой юм.
"Онц хурлын тогтоолыг дарга нартай тоож, тогтоож олж унших зөвлөгөөг өгөхийг түүнээс бид бас хүслээ. Учир нь тэр тогтоолын 13 зүйл нь дөрвөн түмэн багштай эвлэрэн хамтрахын ч хэл, бас үл эвлэрэхийн ч илэрхийлэл юм. Бид тэр 13 зүйлийн зөвхөн нэг болох цалинг энэ удаа ярьж байгаа юм. Цаашид үе шаттай утга агуулгатайгаар асуудлыг тавьж шийдвэрүүлж байх юм.
Бид язгуур эрх ашгийнхаа төлөө монгол нутаг даяар эвт шаазгай лугаа шаагилдаж эхэлсэн. Шаагилдаж байна. Цаашид шаагилдана.
Шинэ сайд маань бидний бодсноос илүү зүтгэлтэй, санаснаас илүү сэтгэлтэй бололтой юм. Гэвч замын уртад хөлгийн чандас танигддаг гэдэг. Учир нь бидний хүсэл их том, туулах зам их урт юм.
Онц хурлын тогтоолын үзэл санааг дэмжсэн бүхэнтэй багш бид их эвлэрнэ. Эсрэгтэй нь харин бид үл эвлэрнэ.
Эвлэрсэн бүхнээ дөрвөн түмэн багш дэмжинэ, хайрлана, гамнана.
Үл эвлэрсэн бүхэнтэй дөрвөн түмэн багш зөрчилдөнө, тэрсэлдэнэ. Учир нь бид нэг, цул, бүхэл. Бүхлийн зарчим бидний тэмцлийн зарчим юм. Ийм ч учраас бид хүчтэй, хурдтай, эрчтэй байдаг.
Ц.Лувсандорж
2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
No comments:
Post a Comment