Wednesday, October 25, 2017

Өгсөн мөнгийг авчихаад үндсэн тэмцлээ эрчимжүүлнэ

Өгсөн мөнгийг авчихаад үндсэн тэмцлээ эрчимжүүлнэ

300 мянган төгрөгийг нэг удаа төрийн бүх албан хаагчдад тараана гэдэг нь эдийн засгийн ухаанаар харвал маш муухай тэнэглэл юм.  Энэ тэнэглэл гэдгийг эрүүл нь бүү хэл эргүү нь хүртэл сайн мэднэ. Энэ тэнэглэл гэдгийг саруул нь бүү хэл  дүүнгэ нь хүртэл уг нь их гадарлана.

Нийгмийн  ухаанаар харвал энэ нь,  харин, доромжлол юм.

Цалингаа нэмүүлэх эрх ашгийнхаа төлөө нэгдэж 3 сарын турш тэмцлийн бүх хэлбэрээр тэмцсэн дөрвөн түмэн багшийн тэмцлийн өнцгөөр шинжвэл эрх баригчдын энэ үйлдэл, шийдэл нь том тохуурхал, хэт доромжлол юм.  Энэ тохуурхал, доромжлол нь гинжиндээ гинжиж байгаа уяатай халтартаа холоос хоол шидэж  өгч буйтай утга нэг лугаа юм.

Ямар том хуас манаж, гинжиндээ гинжиж байгаа уяатай Халтартаа хоол хаяж өгч байгаа биш дээ.

Багш нарыг бага доромжлол, тэдний бүү дорд үз.

Багш нарыг уяатай халтар шиг дорд үздэг үзэл, бодлоо МАН-АН одоо зогсоо.

Багш нар одоо нэгдсэн, өөрчлөгдсөн...Бас хүчтэй, эрчтэй, хурдтай.

Багш нар маань хүн бүрт өгч буйг  нь авчихаад, харин, үндсэн цалингаа нэмүүлэх үндсэн тэмцлээ улам эрчимжүүл.  Багш бидний талхины үнэ болох үндсэн цалин 1,6 сая төгрөг. Энэ бол бүх багш нар онц их хурлаасаа шийдэж тогтсон үнэ.  Үүнийг нэг сайд бүү хэл нийт түмэн ч үгүйсгэж үл чадна. Бид үндсэн цалингаа нэмүүлэх төлөө л тэмцэж байна. Ийм зорилгын дор нэгдсэн багш бидэнд нэг удаагийн 300 мянган төгрөг бүү хэл, нэг удаагийн 3 тэмбум ч хэрэггүй юм. Учир нь, энэ нь бидний тэмцлийн зорилго биш.  Бидний тэмцлийн зорилго нь үндсэн цалингаа 1,6 сая болох юм.

Тэмцсэн, тэмцээгүй хоёрт ялгаатай байх ёстой.

Ийм учраас өгснийг авчихаад, харин үндсэн цалингаа нэмүүлэх үндсэн тэмцлээ улам л идэвхижүүл.

Их хурлын гишүүддээ дөрвөн түмэн захидлаа бич, "76 гишүүн 76 сургууль" уулзалтаа хий. Наран өнгөн бүчээ ч хаа сайгүй болгож намируул.

Багшийн цалин нэмүүлэх тэмцэл нь эцэстээ элсэн цаг шиг эвгүйрсэн бүтэц бүхий нийгмээ эрүүлжүүлж лонхон  хэлбэр  бүхий анги давхаргатай эрүүл нийгмийг цогцоолохын төлөө, ядуурлын эсрэг, тэнэглэлийн эсрэг нийтийн тэмцэл болж хувирч байх шиг байна.

Ц.Лувсандорж

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

No comments:

Post a Comment