Friday, October 27, 2017

Багш нар бид уяатай халтар биш

Багш нар бид уяатай халтар биш

Багшийн цалин нэмүүлэх зорилгын дор нэгдэж цул болсон дөрвөн түмэн багшийнхаа дөрвөн сарын турш хийсэн тэмцлийн утга учрыг ухаарч үл чадах тэр этгээд ардчилсан нийгэмд сайд байж үл болно.
Ардчилал гэдэг "олны хүч" гэсэн үг шүү дээ. Дөрвөн түмэн багш бол олон хүн мөн. Тэр хүч мөн. Энэ хүчийг үл тоодог хүнд "ардчилал үнэ цэнэ болсон" гэдэгт багш бид нар лав л итгэхгүй байна.
Тийм учраас сангийн сайдыг томилох тэр шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дөрвөн түмэн багш тун их баяртай хүлээн авч байгаа.
Багш нарын цалин нэмүүлэх түр хороо "багшийн үндсэн цалин нэмүүлэх тэмцлийг 192 мянган хүнд 300 мянга төгрөгийг бэлэн байдлаар авилга шиг хэлбэртэй өгч буй үйлдэл, шийдлээрээ тэр багш нарын тэмцлийг дорд үзэж доромжилж байна" гэж үзэн ийм сайдын тэр сэнтийд суусан ийм хүнийг тэр албанаас нэн даруй огцруулахын төлөө багш нарынхаа тэмцлээ улам идэвхижүүлнэ.
Багш нар бол том хаус манаж, гинжиндээ гиншин, эздээсээ холоос хоол хаяж өгөхийг хүлээж байдаг уяатай Халтар биш.... Бид цаашид ийм тэнэглэлүүдийг эсрэг нийгмээ эрүүл болохын төлөө улам идэвхитэй тэмцэх болно.
Дөрвөн түмэн багш дөрвөн түмэн уяатай Халтар биш ээ.
Дөрвөн түмэн багш олон хүн мөн. Олны хүчийг цахим хурдаар, наран өнгөөр, нэг эрчмээр энэ нийгэмд, эрх баригчдад улам ихээр мэдрүүлэх болно.
Монголын багш нар Уяатай Халтар биш ээ. Өнөөгийн цагийн монгол багш бид, харин, багш мэргэжлийг тээгчийг олигархийн савраас гаргах, зээлийн гинжний хүлээснээс салгах , хийсэн хөдөлмөр, хөлсөндөө таарсан шударга цалин, хөлс авдаг монголоо хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжилд хүргэгч соён гэгээрүүлэгчид байлгахын төлөөх энэ цагийн тэмцэгч байх болно.
Багш нар бид уяатай Халтар биш ээ. Харин гэрэлт ирээдүйг багшаар дамжуулж Монголд авчрах их үйлсийн төлөө энэ цагийн тэмцэгч байх болно.

Ц.Лувсандорж

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр
Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн

No comments:

Post a Comment