Нимгэн сайдтай нилээн зузаан үл эвлэрнэ
Нэгэн эмэгтэйг боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спортын сайдаар томилох их хурлын долдой асуулттай пялдага хариулттай хэлэлцүүлгийг харав.
Үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах, асуудал хэлэлцэх, цагаа мэдрэх зэрэг оюуны үйлийг олигтой ялгадаггүй гишүүн гэгчид тэнд олон байдгийг олж мэдээд тун их гуниглав. Хөөрхий Монгол минь...Сэхээтэнгүй их хурал минь.
Бас тэр сайдад нэр дэвшигч гэгч нь үг, үйлээрээ багш бидэнд бүрэн уншигдав. "...анхаарна, судалж үзнэ, ... эрдэмтэн судлаачдыг сонсоно" гэх зэрэг жижүүрийн хэдхэн үгээр бөөрөнхий бүдүүн ярихаас нь бид ихийг олж уншив. Тэр энэ салбарт ямар нимгэнийг амархан олж мэдэв. Тэр 35 мянган багш язгуур эрх ашгийнхаа төлөө 2 сар хагасын турш бүх хэлбэрээр тэмцсэн тэмцлийн утга учрыг яасан нимгэн, яасан цэнэгүй болгон барьж байна аа...
Багшийн үндсэн цалинг нэмэхгүй гэв үү... Тэр мэдэх үү?
Багш нарыг дарлаж, багш нар дарлуулж ханаагүй юу, одоо?
Багшийн цалин нэмүүлэхийн төлөөх багш нарын хөдөлгөөн, тэмцлийн утга учир нь зөвхөн өнөө цагийн багш нарыг ядуурлаас салгах төдийхөн зүйл биш юм. Энэ бол Монголд багш мэргэжил цаашид байх эсэх, Монголд дундаж давхарга байх эсэх, эцэстээ Монголд ядуурлыг хязгаарлаж чадах эсэх, манай улс хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн зөв замд орж чадах эсэхийг шийдвэрлэх тэмцэл юм.
Багшийн үндсэн цалинг бид онц их хурлаараа 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 1,6 сая гэж тогтсон. Энэ бол тогтоол юм. Багш бүр дагана. Үүний эсрэг бүхэнтэй багш нар бид үл эвлэрнэ.
Үүнийг үл зөвшөөрөх, үүнийг үл ухаарах нимгэн сайдтай бид нилээн зузаан үл эвлэрнэ.
Огцрохыг шаардана. Бид нүүдлийн шувуу шиг цэнгээд буцдаг томилогдсон сайд гэгчээр амьдралын талбар боловсролын салбараа тоглуулж одоо ханалаа. Цаашид энэ цэнгээнт тоглолтыг үүгээр жишээлэн зогсоох болно.
Ингэж байж бид багш мэргэжлээ олигархийн савраас салгана.
Ингэж байж бид амьдралын талбар боловсролын салбараа дампуурлаас гаргана.
Ингэж байж бид монголоо хүний хөгжилд тулгуурласан зөв хөгжилд хөтөлнө....
Ийм учраас бид үндсэн цалинг нэмүүлэхгүй гэдэг нимгэн сайдтай нилээн зузаан үл эвлэрнэ.
Ц.Лувсандорж
2017 оны 10 дугаар 19 ны өдөр
No comments:
Post a Comment