Monday, October 30, 2017

Багш бидэнд МҮЭ биш МБҮЭ хэрэгтэй

Багш бидэнд МҮЭ биш МБҮЭ хэрэгтэй

Багш нарт 3 талт гэдэг хөөсөн, хиймэл, ерөнхий гэрээ, хэлэлцээр биш харин Засгийн газартай хийх 2 талт бодит, тусгай, амьд, ашигтай гэрээ, хэлэлцээр хэрэгтэй.

Гурван талт хэлэлцээр гэгчээр өнгөрсөн 27 жилд багш нарыг тэмцэхээс өөр гарцгүй болтол нь ядраасан, ядууруулсан байгаа юм. 3 талт хэлэлцээр, гэрээ тань багш нарын нөхөр нь биш харин дайсан нь болчихоод байгааг та хэд маань мэдэж, мэдэрч л байгаа байх даа. Тэгэхээр багш нар Засагтай 2 талт гэрээ л байгуулж байвал зохино. Тэдэнд гурван талт гэрээ гэгч огт хамаагүй юм.

Ер нь бид МҮЭ гэдэг хэт ерөнхий малгай, чөдөр болсон хоцрогдсон ийм байгууллагаас хаа хаана салах хэрэгтэй.

Багш нар гэхэд л Монголын багшийн нарын ҮЭ (МБҮЭ)-ийг байгуулж, асуудлаа үнэн ярьдаг, шийддэг болох хэрэгтэй. Энэ нь хамаагүй дээр, амьд юм. Ашигтай юм.

Эсрэг тохиолдолд бид тамын тогооны үлгэрээс хэзээ ч салахгүй. Хэзээ ч өндийхгүй. Тэд мөн энэ тэнэглэлээс хэзээ ч бас өөрсдөө гарахгүй юм, харахгүй юм.

Бид бас ҮЭ-ийн хуулийг эрс өөрчлөх ёстой. Түүний төлөө бас л тэмцэх хэрэгтэй болж байна. Энэ хууль тань монгол хүний төлөө ч биш, монголын хөгжлийн төлөө ч биш, харин тэр бүхний бодит чөдөр, тушаа болчихоод байна ш дээ.

Гурван талт хэлэлцээр гэгчээр багш нарын тэмцлийг зогсоож чадахгүй. Учир нь багш нарт тэр гурван талт гэгч тань огт хамаагүй юм.

Бид бүгдээрээ нийлээд ер нь улсаа хуураад байна. Одоо үүнийгээ больж бүгдээрээ нийлж Монголоо аварья, мандуулъя.

Монголын багш нар гэхэд л МҮЭ бус харин Монголын Багш нарын ҮЭ л байгуулж багшдаа ч, нийгэмдээ ч, монголдоо ч хувь нэмэр оруулья. Бүтэлгүй бүхэнд богинохон хугацаанд цэг тавья.

Эвдэрсэн элсэн цаг шиг болчихсон энэ нийгмээ эрүүлжүүлж, лонхон хэлбэртэй, алтан хэмнэлтэй аятай, хөгтэй нийгэм болоход МБҮЭ-ээрээ манлайлъя.


Ц.Лувсандорж
2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

No comments:

Post a Comment