Хоёр хүчийг нэгсгэх ховор боломж, торгон эгшин
Засагт эрх мэдлийн хүч байна.
Үүнийг тэд мэддэг.
Багшид эв нэгслийн хүч бий
Түүнийг бид мэдэрдэг
Энэ хоёр хүчийг нэгсгэж зөв ашигла.
Эвийн нэгссэн хүчийг эрх мэдлийнхээр дэмжиж ажиллаж чадвал Бид хамтдаа
Багшийн цалин нэмүүлэхийн төлөө,
Багш мэргэжлийн үнэ цэнийг өргөхийн төлөө,
Боловсролыг доройтлоос аврахын төлөө
Эвдэрсэн элсэн цаг шиг бүтэцтэй нийгмээ эрүүлжүүлж лонхон хэлбэртэй алтан хэмнэлт болгохын төлөө
Монголоо хүний чадвар тулгуурт зөв, төв хөгжлийн замд оруулж, жам ёсоор хөгжүүлэхийн төлөө их үйлсийг бүтээж чадна.
Энэ хоёр хүчийг харин нэгсгэн ашиглаж үл чадвал; багшийн цул, нэг, бүхэл нэгдэл, нэгслийг үл тоовол; Монголын багш нарын онц хурлын тогтоолыг үл хүндэтгэвэл дөрвөн түмэн багш язгуур эрх ашгийн төлөө 80 өдрийг турш хийсэн тэмцлээ 8 сар, 8 жилийн турш ч улам эрчимжүүлж үргэлжүүлнэ. Хугацаагүй ажил хаялтад хийхэд "асаалттай танк" шиг бэлэн байгаа дөрвөн түмэн "танк"-ийг хөдөлгөх чиглэлийг өгнө. Бидний хүч нэгдэлдээ, нэгсэлдээ, цахимдаа. Үүнийг бид мэдэрсэн, энэ бас тэдэнд мэдрэгдсэн.
Тэгэхээр боловсролын зүрх болсон багш, нийгмийн тархи болсон боловсрол, дэлхийд ганцхан эх орон монголоо гоёхын төлөө хэлэлцээрийн талууд эвийн хүчийг эрх мэдлийн хүчээр тэтгэн их үйлсийг бүтээж болох энэ торгон эгшинг мэдэр, эрхэмлэ. Энэ эгшинг түүхэнд хараар биш харин цагаанаар бичих түүхэн эгшин болго. Хамтдаа монголоо гоё.
Багшид эв нэгслийн хүч бий.
Үүнийг тэд мэдэрдэг.
Засагт эрх мэдлийн хүч байна.
Түүнийг бид мэддэг.
Ц.Лувсандорж
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
No comments:
Post a Comment