"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн дугаарт хэвлэгдэж олны хүртээл болсон.
Өнөөгийн бага сургуульд хоол, цайг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлээд өгчих бүү хэл, хүүхэд аятайхан бие засчих нэг жорлон ч үгүй, бас гараа сайн угаачих нэг тосгуур, саван ч байхгүй байна. Гар зөв угаах тосгуургүй, аятай бие засах жорлонгүй бага сургуульд үдийн цайг хүүхэд анги танхимд, тодруулан хэлбэл, хичээл явуулдаг ширээн дээрээ идэж, ууна. Хичээл дуусны дараа хоолоо ч иддэг, хичээлээ ч хийдэг тэрхүү ширээн дээр суудаг сандлыг нь заваарсан шалтай өдөржин үрэлцсэн түүний хэсэг-хөлөөр нь гаргаад тавьчихна. Маргааш нь баас, шээстэй холилдсон тэрхүү ширээн дээрээ хүүхэд хичээл хийж, хоолоо идэж, цайгаа уугаад л. Ийм л замаар бага насны хүүхэд үдийн цайгаа бохиртойгоо хольж хутгаж байна даа. Энэ нь эргээд тэднийг насан туршид нь зовоох шар өвчин тусах бодит нэгэн нөхцөл болчихоод байгаа юм.
Үдийн цайнд өгч буй “хоолонцор” хүүхдийн ам рүү ортлоо хичээн янзын бохир гар, заваан сав дамждаг гээч. “Үдийн цай”-д өгөх зүйлийг сургуульд нийлүүлэх компаний ажилчид “Барс” ч юм уу, аль эсвэл “Наран туул” ч юм уу нэг бөөний захаас хямд үнээр бөөндөнө. Дараа нь тэд үдийн цайнд өгөх материалыг олон арван бохир гар, заваан сав дамжуулсаар л сургуульд авчирна. Үдийн хоол гэх тэр зүйл маань сургуулиас мөн л олон арван бохир гар, заваан сав дамжсаар багшийн угаагаагүй гарт, багшийн тэр гараас эцэст нь хүүхдийн угаагаагүй гарт хүрч, тэдний аманд одоо нэг орно. Гэм цэмгүй энэ хүүхдийн аманд олон арван бохир гар, заваан сав дамжин сая нэг орсон тэр зүйл үнэндээ бол хоол болохоос илүүтэйгээр хор болж тэдэнд үйлчилнэ. Тэрхүү хорын нөлөө хоолны хордлогоор ил, хурдан илрэх нь цөөнгүй ч, бохир гарын шар өвчнөөр далд, удаанаар, хорлонтойгоор үргэлжлэх нь түгээмэл. Энэ цагийн үдийн цай ингэж л үдийн хор, үдийн хорлол болдог.
“Үдийн цай” хөтөлбөр хүүхдийн эрхийг ихэд бүдүүлэгээр зөрчиж байна, ардчилсан монголд. Хүүхэд амьд явахын тулд хоолоо сонгож идэх хэрэгтэй, бас эрхтэй. Энэ нь ч тэдний амьд явах эрхээр дэмжигдэж, бас хамгаалагдана. Гэвч “Үдийн цай” хөтөлбөр хүүхдийн энэ эрхийг үл хүндэтгэж, тэдэнд бөөндсөн хоолыг хууранжсан аргаар шахаж ирлээ. Үүнийг жаахан тодруулахын тулд нэгэн жишээ авья. Нэг хүүхэд нь махан хоол иддэг, нөгөө нь махан бус харин сүүн бүтээгдэхүүн л хэрэглэгддэг, гурав дахь, махан ч бус, сүүн ч бус, харин зүгээр л ургамлан хоол иддэг, дөрөв дэх нь саахарын харшилтай байг л даа. “Байг” гэж дээ ийм байдал бодит амьдралд олон бий. “Үдийн цай”-ны хууранжсан дэглэлтээр энэ дөрвөн хүүхдийн алийнх нь сонголт үл хүндэтгэгдэнэ. Иймэрхий хандлага үнэндээ хүмүүсийг бус харин ноходыг хооллоход л илүү ажиглагддаг юм шүү. Бага насны хүүхэд бол томчуудын адил эсэргүүцэл, тэмцэл хийж чаддаггүй нь үнэн. Тэглээ гээд тэднийг ямарч тохиолдолд сүрэг ноход шиг үзэж, хооллож харин үл болно.
Хүүхдийн идэх хоолоо сонгох эрхийг ядаж хүндэтгэж, тэрхүү эрхээ эдлэх боломж, нөхцлийг сайн бүрдүүлэх явдал нь харин хүмүүнлэг, ардчилсан төрийн үүрэг билээ. Тийм ч учраас хүний эрхийг дээдэлж ардчиллыг чинхүү бүтээсэн улс оронд бидний “үдийн цай” шиг хууранжсан хөтөлбөр огт байдаггүй, байх ч боломж огт үгүй юм. Тэнд харин хүүхдийн хоол, цайгаа сонгох эрхийг хүндэтгэсэн, тэр эрхээ эдлэх орчин нөхцөл, үйлчилгээг адил тэгш бүтээхэд л илүү анхаардаг. Хүүхэд бүр харилцан адилгүй орчинд өсөж буй тул ядуу тарчиг нэгнийг нь санхүүгийн хувьд дэмжих бодлого ч бас байдаг. Сургуулийн хоол (school lunch)-ны мөнгийг сургуулийн захиралд бус харин нийгмийн хамгааллын нэгэн хэсэг болгож гэр бүлд хүргэдэг туршлага дэлхийд бий. Төрөөс авч хэрэгжүүлж буй иймэрхий бодлого нь эргээд хүүхдийн ялгаатай байдлыг харгалзсны, хүний сонгох эрхийг дээдэлсны, тэднийг адил тэгш халамжилсны нэгэн бодит нотолгоо, шударга ёсны баталгаа болдог юм шүү дээ.
Бага ангийн хүүхдийн хувьд үдийн хор, үргэлжлэх хорлол нь болсон; хүний сонгох эрхийг бүдүүлэг зөрчсөн, хамгийн гол нь, татвар төлөгчийн ихээхэн хөлсийг хорлонтойгоор үрсэн энэ “үдийн цай” хөтөлбөрийг одоо тэгээд яах бэ, та минь ээ. Үдийн цай ингээд л үдийн хорлол болсоор л байхна уу.
Ц.ЛУВСАНДОРЖ
No comments:
Post a Comment