Эцэг эхийн эхний уймраа
Гэр
эзгүйрнэ... Энд тэнд хөглөрүүлж байсан нь эргээд бодоход аятай санагдаад л...."Яаж суугаа бол доо.Яаж яваа бол доо" гэж уймраад л...
Ер нь,
ээж, аав байна гэдэг жам ёс ч, бас л мөн ч амаргүй дээ. Уймруулна шүү дээ.
Байхад нь үглэнэ. Байхгүйд
нь өрөвдөнө...Том болох тусам том санаа зовно.
Гэрийн эхний энэ эзгүйрэл улам
холдон холдсоор нэг мэдэхэд тэд гэрээсээ явна. Жигүүр ургаж үүрээ орхин амьдралын тэнгэрт халин ниснэ. Амьдралын далайд сэлэн одно. Эцэг эхийн уймраа, гэвч,тэр их далай, тэнэгэр тэнгэртэй нь хамт л байх.
Ай даа, аав, ээж байх гэдэг их
хагасарна даа. Их л өрөвдөнө дөө. Их л уяарна даа, Их л урсгана даа. Уймарна даа...
Энэ л, эцэстээ, гэвч, гэр бүл байхын, эцэг эх болохын үнэ цэнэ юм даа. Үрийнхээ төлөө өөрийгөө мартахын жаргал юм даа, бас шагнал мөн дөө.
Гэр бүл болоогүй хүнээс, эцэг эх болоогүй нэгнээс, иймд, хайрын мөн чанарыг
асуух ерөөсөө хэрэггүй. Тэд туулаагүй учраас мэдрээгүй байх. Магадгүй, сайхан ярьж, сайн хөөрч, их зөвлөж мэдэх л байх. Гэхдээ мэдрэх мэдэх хоёрын хооронд мөн их ялгаа бий дээ.
Эцэг эхийн үрээ гэсэн хайр үнэндээ нөхцөлгүй байдаг. Үнэн хайр байдаг юм. Үүнийг мэдрэх тэр үед л
хөөрхий тээр ээж, аавыг илүү ихээр чинхүү мэдрэх шиг болдог юм даа.
Үрээ гэсэн эцэг эхийн эхний энэ уймраа энэ мэтээр оршихтой нь ч хамт, одохтой нь ч цуг үргэлжилдэг. Эцэг эхийн уймраад эхлэл бий. Гэхдээ түүнд төгсгөл үгүй.
Ц.Лувсандорж
2018 оны 9 дүгээр сарын 3-ний өдөр
Жич: Энэ хичээлийн жилд хүүхдээ анх удаа сургууль, цэцэрлэгт хүргэж ирээд, гэрээ эзгүйрсэнг мэдэрсэн бүх эцэг эхчүүдтэй энэ мөрийг хуваалцаж байна.
No comments:
Post a Comment