МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН МОНГЕНИ ЦАМХАГ
Манай улсад өнгөрсөн жилүүдэд маш олон цамхаг бий
болжээ. Хаан цамхаг, хачин цамхаг, хоосон цамхаг, өндөр цамхаг, намхан цамхаг,
эвгүй цамхаг, эвдэрхий цамхаг, харийн цамхаг, хар цамхаг гээд л явна. Төрөл,
хэлбэр, үүсэл, угшил нь ч мөн л олоон олон. Энэ олон цамхагийн ихэнхи нь, гэвч,
үнэндээ барьж болдог, харж болдог, хачирлаж болдог, хуучирдаг, илэгддэг,
нурдаг, хоосордог чулуун цамхаг, модон цамхаг, моодон цамхаг юм. Харин тэр бүр
харагддаггүй, тэгэж амархан баригддаггүй, хэзээ ч хоосордоггүй, илэгддэггүй,
нурдаггүй, харин, он цагийн урсгалд улам алтран
туяарч гэрэлтэн оршдог ганцхан л цамхаг
байна аа. Энэ нь боловсролын цамхаг МОНГЕНИ цамхаг Монгол цамхаг юм. Боловсролын
монгол ганц цамхаг болсон МОНГЕНИ-д монголын боловсролын өнгөрсний түүхэн
сургамж, одоогийн ололт, онцлог, ирээдүйн шижир сувд шингээстэй, хадаастай байдаг юм. Монголын
боловсролын МОНГЕНИ цамхаг, иймд, бөмбөрцгийн монгол бренд мөн.
МОНГЕНИ цамхагийн шав буюу МОНГЕНИ төсөл
Одоогоос 26 жилийн тэртээ 1992 онд тэр цагийнхаар хэлбэл,
БНМАУ-ын Улаанбаатар хотын Ардын Их Хурлын Гүйцэтгэх захиргаа “Нийслэлийн
боловсролын байгууллагын зохион байгуулалтыг зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх
зарим арга хэмжээний тухай” гэсэн 143 тоот тогтоолыг гаргажээ. Энэ тогтоолын 1992 он гэдэг нь нийгэм эдийн
засгийн харилцаа орвонгоор эргэсэн, ардчиллын салхи хаа сайгүй сэвэлзсэн, элдэв
итгэл үнэмшил, үзэл санаа энэ тэндгүй тэнэсэн, хаа хаана аа яах учраа олохоо
байсан ороо бусгай, шалдар булдар тийм л
нэгэн зурвас үе юм.
Ийм л нэг цагт боловсролыг авч явах үүрэг хүлээсэн тэр цагийнхан,
харин, энэ тогтоолоороо “...боловсролын байгууллагын удирдлагын бүтэц,
тогтолцоо, зохион байгуулалтыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, сурган хүмүүжүүлэх ажлын агуулга, хэлбэр,
чанарт өөрчлөлт хийж эрчимжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, боловсронгуй болгох; сургалтыг суралцагчийн эрэлт хэрэгцээ, сонирхолд
нийцүүлэн эчнээ, орой, ээлжийн, мөн мэргэжлийн болон төрөлжүүлсэн,
гүнзгийрүүлсэн, сонгон суралцах байдлаар хичээлийн сургалтын төлөвлөгөөг
хувилбартайгаар явуулах” гэх зэрэг талаар тодорхой зааж, түүнийг хэрэгжүүлэх
эрх зүйн орчинг бүрдүүлж өгчээ. Энэ нь эрэлт хайлттай, оноч сэтгэлгээтэй,
бүтээлч, хариуцлагатай, нийгмээ мэдэрдэг хүнд бол том боломж, том дэмжлэг байв.
Өөрчлөлт бүхэн нэгийг нь эрсдэлд чирч нөгөөг амжилтад хөтөлдөг жамтай. Боловсролын байгууллагыг чөлөөт зах зээлийн харилцаанд хэрхэн шилжүүлэх, түүнийг ийм нийгэмд эдийн засгийн аргаар хэрхэн удирдах боломж, арга замыг олж ирүүлэхийг зорьсон, тэр цагийнхныг энэ чанараараа сорьсон судалгааны төслийн уралдаан ч мөн л нэгд нь амжилт, нөгөөд нь эрсдэл болж байв. Энэ уралдаанд ирсэн олон төслөөс Н. Лхагваа судлаачийн боловсруулсан “МОНГЕНИ-21” гэгч содон нэртэй, нэр шигээ содон сэтгэлгээ, хандлагатай төсөл шалгарч, МОНГЕНИ гэдэг үг олны сонорт анх хүрэв. МОНГЕНИ гэдэг үг монгол хэлэнд бий болов. МОНГЕНИ төсөл туршилтаар хэрэгжихээр болов. МОНГЕНИ цамхагийн шав тавигдав.
Боловсролын монгол цамхаг МОНГЕНИ-ийн амжилтын увдис
МОНГЕНИ. Гүйлгэн харж гүехэн бодвол энэ нь “монгол ген” гэсэн үгийн товчлол мэт эхлээд ихэнхид нь санагддаг. Гэвч энэ
товчлол нь өөртөө түүнээс харин илүү гүн,
“Монгол хүүхдийн төрмөл, гарвал чанарыг эрт оношлон таньж, түүний язгуур эрх
ашиг, төрмөл ялгаатай байдал, хувийн онцлог, ялгаатай эрэлт хэрэгцээг ялгаатай тооцон
чөлөөт сонголттой, хувилбарт сургалтаар л 21 дүгээр зуунд монгол хүүхдийг бүтэн,
бүхэл, тэгш хөгжүүлнэ” гэсэн мөн чанар, утга санааг тээж байдаг юм. Ийм л гүн утгатай МОНГЕНИ гэсэн энэ үг цагийн
уртад хэлэгдсээр, улам эрчимжсээр, эрчилдсээр, хийгдсээр, засагдсаар,
сайжирсаар одоо тэр бодит үйлс болж, өрөөлд үрээ түгээж, монголдоо нэмрээ оруулж, монголын нэмрийн хуудас, нэгэн гоёл болж ирсний увдис нь чухамдаа юунд байна вэ?
Нэгт, Н. Лхагваа багшийн олон жилийн бодол, эргэцүүллийнх
нь тунамал, шижир сувд болсон боловсролын
ташуу хэмийн технологит бий. Хоёрт,
чөлөөт зах зээлийн харилцааг эрт мэдрэн боловсрол сургалтын байгууллагыг эдийн
засгийн аргаар үр бүтээлдээ удирдан хөтөлж ирсэн Лхагваа захирлын сургууль
удирдах ухаан, урлагт байна. Гуравт, МОНГЕНИ
цэцэрлэгт элсэн орж буй гурван настай балчир угтаа МОНГЕНИ их сургуульд элсэн орж
“Гурван настай оюутан” болох МОНГЕНИ төслийн цогцолборжисон, тогтолцоожисон,
уян хатан, нээлттэй, тасралтгүй, хүмүүнлэг хийгээд суралцагчийн язгуур эрхийг нь
дээдэлсэн язгуур чанарт байна.
Хүн бүр адилгүй. Хөлөг бүр жороогүй. Энэ ухаанаар харвал
сурах хэв шинж, арга барил нь яг ижил хоёр хүүхэд байдаггүй. Хүүхэд бүр сурах
арга барилын хувьд ялгаатай. Төрмөл, гарвал шинжээрээ ч ялгаатай. Эрэлт
хэрэгцээ, авьяас, өгөгдөл, чадамж, боломжоор ч ялгаатай. Хүүхэд ялгаатай.
Хүүхдийн энэ ялгаатай байдлыг танин хүндэтгэж, ялгааг
арилгах бус харин ялгаанд суурилж сургах, ялгааг улам тодруулж хөгжүүлэх,
ялгаатайд ялгаатай агуулгаар, ялгаатай арга зүйгээр, ялгаатай мэргэжлийн
үйлчилгээг ялгаа нь арилахаас өмнө, аль болох эртнээс баруун, зүүн тархийг жигд
хөгжүүлж, хөг оруулахад боловсролын тэгш
хэмийн бус харин ташуу хэмийн технологийн утга учир, мөн чанар оршдог юм. Боловсролын ташуу хэмийн технологиор
боловсрол сургалтын байгуулахыг хөтлөхөд хичээл, сургалт хувилбартай болоход
хүрдэг. Хүүхэд бүрт, суралцагч бүрт сурах үйл гуниг биш баясал болдог. Хүүхэд
бүр хөг орж авьяас нь гаднаасаа биш харин дотроосоо эрт гэрэлтэж илэрдэг. Хүүхэд бүр авьяасаа
илрүүлж авьяастан болдог. Сурах ингэж л МОНГЕНИ-д баясал болдог. Сургууль тэгэж
л баясал билэглэгч, авьяасыг илрүүлэгч үйлдвэр болдог. Энэ нь МОНГЕНИ төслийн үр болох МОНГЕНИ сургуулийн
нууц биш нууц нэгэн увдис юм. Бас энэ нь Лхагваа судлаачийн 21 дүгээр
зууны сургууль босгох ухаанынх уг юм, ур
шингээсэн уран үйлээр МОНГЕНИ-ийг
урласан урлагынх эх юм.
Боловсролын байгууллагын хичээл, сургалтыг ташуу хэмийн
технологиор хөтлөн явуулахад тогтсон биш харин тогтоогүй, заншсан биш харин
заншаагүй, тэгш биш харин ташуу гэмээр асуудал байнга гарч, үүний хэрээр
асуудал, бэрхшээл байнга тулгарч, судлагдаж, шийдэгдэж, сайжирч байдаг. Энэ
утгаараа, МОНГЕНИ төслийг хэрэгжүүлсэн 26 жил төслийн зохиогч,
хэрэгжүүлэгч Монгол Улсын гавьяат багш
Н.Лхагваагийн ажил амьдралынх их
сорилтын үе юм. Мөн 21 зууны сургууль урлах
МОНГЕНИ-21 төсөлд шингээсэн уран ухаанаа урлаг болгон харуулах их үйлсийн өрнөл
байв.
Тэрээр боловсролын ташуу хэмийн технологийн ташуу
асуудлыг шийдэхийн тулд олон бүтээлч санааг дэвшүүлж, түүнийгээ үр өгөөжтэй
шийдлээр өөд татан хэрэгжүүлсэн юм. Тэрээр зэрэгцсэн, төрөлжсөн сургалтын
хэлбэрийг анх удаа шинээр бий болгож туршин амьдруулав.
Хоёр агуулгыг зэрэгцүүлж судлах шаардлага нь монгол
хүүхдийн төрмөл, гарвал шинжийг таньж, хүүхэд бүрийн ялгаа, онцлогийг гарган тэгш бүтэн хөгжүүлэхээс эхэлдэг.
Өнөөдрийн монгол хүүхэд маргаашийн монгол иргэн болох тул өнөөдрийн ерөнхий
боловсролын сургууль бүхэн нийгмийн маргаашийг бүтээгч, бэлтгэгч байдаг юм. Ийм
учраас МОНГЕНИ өөрийн орны боловсролын стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөг чандлан
биелүүлэгч байж, энэ үүргээ биелүүлж элсэгч бүрээр заавал судлах агуулгыг
заавал судлуулдаг. Энэ нь сурагч бүрээ монголоо гэсэн Монгол хүн болгоно гэсэн
үг шүү дээ. Үүний зэрэгцээ хүүхдийн төрмөл, гарвал шинжийг таньж төрмөл ялгаа,
гарвал авьяасыг бүр эртнээс хөгжүүлэхэд шаардагдах сургалтыг зэрэгцүүлж явуулна.
Ийм хоёр шаардлагын улмаас МОНГЕНИ хоёр агуулгыг хүүхдээр зэрэгцүүлэн
судлуулахад таарсан зэрэгцсэн сургалтыг олж тогтоон хэрэгжүүлсэн байдаг. Заавал судлах агуулгын хэсэг нь Монгол Улсын
иргэн байсны төлөө сурагч өөрсдөө төрөөс авч ирдэг хувьсах зардлаар, харин
тухайн хүүхдийн төрмөл, гарвал шинжийг хөгжүүлэхэд чиглэсэн нэмэлт сургалт нь эцэг эх болон сургууль хөгжүүлэх сангийн
дэмжлэгээр хийгддэг юм. Ингэж МОНГЕНИ хүүхдийн бүхэл, бүтэн, тэгш хөгжлийн төлөө сургууль, эцэг эх,
олон нийтийн бүтээлч хамтын ажиллагаа, харилцан хяналтыг бий болгож чадсан
байдаг юм.
Ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөний заавал судлах
олон хичээлийг уялдуулах, нэгтгэх, босоо, хөндлөн холбоосыг шинжлэн нягтлан давхардалтыг
арилгах, хэрэггүй илүүг нь хасах замаар хичээл, сургалтын үр өгөөж, ашгийг
нэмэгдүүлж зардлыг багасгаж болохыг
Лхагваа багш л эхэнд ажиглаж бодитойгоор хэрэгжүүлсэн байдаг юм. Түүний
тулд МОНГЕНИ сургуульд төрөл хичээлийг нэг дор нэгтгэн судлуулахад чиглэсэн
төрөлжүүлэх сургалтын хэлбэрийг бас олж илрүүлэв, туршив. Ингэснээр сургууль
багш нар мэргэжлээрээ ижилсэн нягт хамтран ажиллах таатай байдлыг бүрдүүлсэн
“мэргэжлийн тэнхэм” гэсэн шинэ бүтэц ерөнхий боловсролын сургуулийн
түүхэнд анх МОНГЕНИ-д л бас бий болов.
Сургуулийг ингэж бүтэцлэснээр багш нар бага ангиас ахлах анги хүртэл баг болж хамтран
ажилладаг юм. Хичээл, сургалт нь
мэргэжлийн баг багшаар явагдаж
хянагдан шүүгдэж байдаг болсноор тэр тасралтгүй боловсронгуй болж хөгжиж байдаг. МОНГЕНИ-д хичээл, сургалт ингэж эртнээс нарийн мэргэжлийн болж нарийн
технологиор явагдан тасралтгүй хөгжиж байхаар нөхцөлжсөн байдаг.
Сурагчдад бодит амьдралаас бодит оролцоогоор тасралтгүй
суралцах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тул МОНГЕНИ-д зуны сургалтыг
явуулах зуслан сургуулийг бий болгов. Тэнд суралцагч амрангаа суралцана,
суралцангаа амарна гэсэн үг л дээ. Тэрээр мөн хүүхдэд багаас нь амьд байгалийг
хайрлан, хүнлэг энэрэнгүй болох мэдрэмжийг төрүүлэхийн тулд сургуулийнхаа
орчинд ургамал, амьтны мезо жижиг
хүрээлэнг бий болгов. Ингэснээр МОНГЕНИ-д хичээл, сургалт анги танхимаас хальж
амьдралд ойртон илүү прагматик,
хэрэглээтэй, сонирхолтой, хөгжилтэй болж байдаг.
МОНГЕНИ төслийн зохиогч, МОНГЕНИ сургуулийн захирал
Лхагваа багш хүүхдийн төрмөл, гарвал шинжийг эрт олж илрүүлэн түүний язгуур
төрмөл, гарвал чанарт нь таарсан, нийцсэн ажил мэргэжлийн чиг баримжааг хүүхдэд
аль болох эртнээс мэргэжлийн чиг баримжааг олгох үүднээс мэргэжлийн сургалтыг
ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд анх бий болгож туршив. Ингэснээр МОНГЕНИ
төгсөгчид өөрийн авьяас чадвар онцлогт таарсан мэргэжлийн баримжааг эрт олдог,
авдаг юм. Ийм учраас тэд амьдралдаа хөлд эрт орон, авьяас, чадвар хөдөлмөрөөрөө
хамт олондоо танигдан, тоогдон аятайхан
амьдарч явах нь их түгээмэл, тун элбэг. Энэ нь МОНГЕНИ төгсөгчийн онцлог хэв
жаяг, жишиг үлгэр болно.Тэдний дунд бас том амжилтын эзэд алдартан, авьяастнууд цөөнгүй
байх.
Лхагваа багш инженерчлэлийн эх үндэс болох шинжлэх ухааны
ахлах сургуулийг одоо МОНГЕНИ-д бий болгож байна. Тэрээр бас МОНГЕНИ төслийн
хэрэгжилтийг гүйцэт, бүтэн болгохын тулд МОНГЕНИ коллеж, МОНГЕНИ их сургуулийг
бүтээхээр зорьж байна. Ингэж байж МОНГЕНИ-21 төсөл гүйцэт төгс болно, бүрэн
бүхэл хэрэгжинэ, үр дүн, үр өгөөжөө монголд бүтэн өгнө. МОНГЕНИ-21 төсөл ийнхүү
бүрэн гүйцэт хэрэгжихэд гурав настайдаа МОНГЕНИ цэцэрлэгт хамрагдсан хүүхэд угтаа
МОНГЕНИ их сургуулийн оюутан болсон байх юм. Ингэснээр “Гурав настай оюутан”
гэсэн үзэл санаа, үг хэллэг монголд төдийгүй дэлхийд анх удаа сонсогдоно,
хэлэгдэнэ, хийгдэнэ. Энэ бол МОНГЕНИ-ийн
цогцолборжисон, тогтолцоожисны үр юм. Хүүхэд гурван настайдаа их сургуульд
элсэж болох энэ ухаанд МОНГЕНИ-ийн амжилтын бас нэгэн увдис нуугддаг; Лхагваа захирлын сургууль удирдах урлагийн өөр нэгэн онцлог
оршдог.
Мэдлэгт түшсэн нь амжилтанд хүрдэг. Түүнийг үгүйсгэсэн нь
харин мунхагт мөнхөд тушагддаг. Ийм л учраас Лхагваа судлаач МОНГЕНИ–ийг ташуу
хэмийн технологиор хөтлөн босгоход тулгарсан шийдэл нь тодорхойгүй “ташуу” гэх
бүх асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр мэдлэгийн хүчээр шийдэхийн зорьж МОНГЕНИ–ийн дэргэд эрдэмтэн мэргэдийг хураан,
шинэ мэдлэг, чадвар, технологийг бүтээхийн төлөө ажиллаж ирэв Тэрээр үүний тулд Монгол улс төвт Боловсролын дэлхийн академи, Монгол
хүүхэд судлалын академи, Дүрслэх урлагийн академи, Арга зүйн хүрээлэн, Монголын
багшийн нарын холбоо зэрэг эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүйн олон
байгууллага, хүрээлэнгүүдийг байгуулж ажиллуулав. Мэдлэгээр удирдана. Мэдлэгийн
хүчийг хэрэглэнэ. Шинэ мэдлэгийг бүтээнэ. Шинэ санааг үнэлнэ. Шилдэг нь
ажиллана, дэвшинэ. Энэ бүхэн
МОНГЕНИ соёл, МОНГЕНИ үнэт зүйл болов. Мэдлэг,
шинэ санаа ингэж МОНГЕНИ-ийн амжилтынх нь бас нэгэн увдис болдог юм; Лхагваа судлаачийн сургууль хөтлөх
урлагийн өөр нэгэн онцлог байдаг юм.
Бат суурьтай цамхаг
балларч нурдаггүй
Одоогоос 26 жилийн тэртээ МОНГЕНИ-21 төслөөр шаваа
тавьсан, босож өндийсөн 21 дүгээр зууны монгол сургууль боловсролын МОНГЕНИ
цамхаг нь хуулбарлаагүй, хувилбарлаагүй, хэлбэрдээгүй, хийрхээгүй,
хулгайлаагүй, харьжаагүй, харин, гагцхүү, монгол хүүхэд бүрийн төрмөл, гарвал
шинжийг эртнээс таньж түүнд таарсан төв, зөв хөгжлийг ялгаатайд ялгаатайгаар
хандаж адил тэгш байдлыг ханган монголын нийгмийн үргэлжлэл болох өнөөгийн
хүүхэд бүрийг тэгш, бүтэн, бүхэл хөгжүүлэх гэсэн монголоо гэсэн бат суурьтай болохоор
манарсан цагийн элдэв нугачаанд бүдэрч, балларч нурдаггүй, харин бэрхшээл,
шалгалт, сорилт бүрийг даван туулсаар өндөрсөж, улам бэхжиж байдаг юм. МОНГЕНИ
цамхаг өдрөөс өдөрт өндөрсөөд ирэхэд шунал хүсэл, атаа жөтөө нь оволзоод ирэх нь манарсан нийгмийн манан буданд байх нь бас л мэдээж хэрэг.
Манантай цагийн шунал хүсэл, атаа жөтөөгөөр өдөөгдсөн байцаалт,
шалгалт бүрийн өмнө Лхагваа багш сөгдсөнгүй. МОНГЕНИ цамхаг нурсангүй. Харин ч сонгуулиас
сонгууль, намаас намын хооронд үргэлжилдэг тэр байцаалт, шалгалт бүхэн Лхагваа захиралд нэмэр болов. МОНГЕНИ
цамхагт өнгө нэмэв.
Олон удаа байцуулж шалгуулсны дүнд МОНГЕНИ-21 төсөл,
МОНГЕНИ цамхагийн эд, эс, бүрдэл бүхэн оюуны өмч болох нь тогтоогдож, түм,
бумаар цэнэлэгдэв. Тэрбумаар үнэлэгдэв. Өмчийн нийгэмд шинэ санаа, шинэ
технологи, шинэ урлаг цэнэтэй байдгийг МОНГЕНИ төсөл, МОНГЕНИ цамхаг ингэж
бусдад нотлон үзүүлж үлгэр болов.
МОНГЕНИ цамхаг дэлхийн монгол бренд
Хөдөөнөөс хотод
туршлага судлахаар ирдэг захирал багш нар МОНГЕНИ-ийг л зорьдог юм. Дэлхийгээс Монголд
зочилсон гадаадынхан бас хариас хуулбарласан хувилбар, хуурмаг, хулхи цамхаг, харьжин цамхагийг биш харин монголын
боловсролын МОНГЕНИ цамхагт л зочилдог юм. Монголын боловсролын МОНГЕНИ цамхаг
МОНГЕНИ сургуульд монголынх гэж тод харагдах, монгол бренд гэж дэлхийд хэлэгдэх
олон шийдэл байдаг учраас тэр л дээ.
-Боловсролын ташуу хэмийн технологи
МОНГЕНИ-ийнх мөн, Лхагваа багшийнх юм.
-Хувилбарт сургалтын шинэ хэлбэр болсон
зэрэгцсэн, төрөлжсөн сургалт мөн л Лхагваа судлаачийнх юм, МОНГЕНИ-ийнх мөн.
-Гурав настайдаа оюутан болж болох энэ санаа
бас МОНГЕНИ-төслийнх юм, Лхагваа
захирлынх мөн.
-Ерөнхий боловсролын сургуулийг зах зээлийн
нийгмийн харилцааны онцлогт нийцүүлэн эдийн засгийн аргаар үр өгөөжтэй, үр
дүнтэй удирдах тэр ухаан, энэ урлаг Лхагваа багшийнх юм, МОНГЕНИ-ийнх юм.
Монголдоо монгол хүүхдийн төрмөл, гарвал
шинжийг эрт олж таньж ялгаатайд ялгаатай байдлаар хандан ялгаа нь арилахаас
урдаж түүний төрмөл чадамж, боломж, авьяасыг эрт илрүүлэн сурахыг баясал болгох
замаар хүүхдийг бүтэн, бүхэл, тэгш тасралтгүй хөгжүүлж болох нь, болдог нь
МОНГЕНИ-ийх юм, Монголынх мөн. Боловсролын монгол цамхаг МОНГЕНИ ингэж л дэлхийн
монгол брэнд болдог.
Манай Улсын боловсролд өнгөрсөн жилүүдэд олон орны янз янзын цамхагархуу
юм бий болжээ. Баруун тал руу балларч яйжийсэн барууны цамхагархуу нь байхад
зүүн тийшээгээ далбийж дэнхийсэн зүүнийх нь бас бий. Дөрвөн зүг рүү зүггүйрч
эзгүйрсэн зүгээ алдсан нь мөн байхад найман зовхист налбайсан найдваргүй нь бүр
элбэг. Гэвч монгол хөрс, нөхцөл байдал, монгол хүүхэд, монгол нийгэм, монгол
үнэт зүйл, монгол соёл, тэгш хөгжил, бүтэн хөглөлт, төрмөл гарвал чанар, авьяас чадвар, тэгш боломж зэрэг зөв дээрээ хүндийн төв нь оршдог,
шүтэлцээндээ үнэн нь баригддаг, хэрэглээндээ чансаа нь танигддаг боловсролын монгол цамхаг ганц л байна. Энэ
бол он жилийн сорилд шалгарч тодорсон, туяарч гэрэлтсэн ерөнхий боловсролын МОНГЕНИ сургууль, бөмбөрцгийн
монгол бренд МОНГЕНИ цамхаг юм.
Ц.Лувсандорж
2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
No comments:
Post a Comment