Saturday, September 1, 2018

Тавилттай жүжиглэлээс холд, бод,сонго


Тавилттай жүжиглэлээс холд, бод,сонго

Ажил хаяна гээд нөгөө муу МҮЭ эхлээд жаахан дүвчигнэнэ. Ингэж байхдаа хэлэлцээр хийнэ гэсэн мэдээ авангуут ажил хаяхгүй гээд баярлан зарлана гээд төлөвлөж суухаа мэднэ. Магадгүй, ингэж бодонгоо багшийн гэнэн цайлганг бодон "ход ход" инээж сууж ч мэднэ, тэд. Хууль тийм учраас гэж бас өөрсдийгөө зөвтгөнө, тэд.

Тэгээд тэр дүвчигнэлийг өрнүүлэх зууртай наана аа "Багш нарт ихэнхи сургууль ажил хаялтад оролцохгүй шинжтэй гэх" маягийн зовнилоо, гэхдээ баярлалаа цацна. Цаана аа, хэзээ "нөгөө алдарт хэлэлцээрийг эхлэх уулзалт гэгчийг товлохоо ярина, тохирно". Ингээд жүжиг ерөнхийдөө төгсгөлдөө ирнэ дээ. Төгсгөл нь нэг иймэрхүү байна.

"Хэлэлцээр эхэлсэн тул ажил хаялт зогслоо гэнэ, эхлээд.....Тэгээд хэсэг хугацааны дараа "Тохиролцоонд хүрсэн" гэх шуум түгээнэ"

Багш нар эхлээд тохиролцонг сонсож хоосон их баярлана. Гэвч дараа нь байдал хоосон хэвийн, харин ч улам хүндэрсэнг олж мэдэн их гоморхоно. Гэхдээ татвараа нөгөө "ход ход" гээд хоржинтойгоор инээгчдэд төлсөөр л, найдсаар байна.

Ийм л нэг дүр зураг олон жил үргэлжилнэ. Тийм л нэг жүжиг олон жил тавигдана.

Ингээд л хулгана муур болж жүжиглэсээр 28 жил болоход багш ядуурч, боловсрол дампуурсан байх, хөөрхий. Яахав, гунигт гурван талт хэлэлцээр гэгчийн нөгөө гурван толгой жаахан өнгөлсөн байх.

Энэ жүжиглэлээс эцэстээ тэр гурваас бусад нэг багш ч, нэг иргэн ч, улс ч хожихгүй... Харин гунигт гурван талын гурван төлөөлөл хэсэгхэн хожсон мэт байх.

Эхлэл, өрнөл, төгсгөл нь ийм л тод жүжгийг ингэж олон тавих хэрэг юу байна даа!

МБҮЭ харин ийм жүжиг биш харин багш нарыг ядуурлаас бодитой гарах ганган ганц гарцыг зааж, түүнийхээ төлөө үе шаттайгаар довтолж тэмцэж байна. Энэ гарцын утга санаа агуулга нэг иймэрхүү юм.

Багшийн тэргүүлэх салбарын мэргэжлийн ажилтан болох онцлогийг тооцож "Багшийн цалингийн шинэ тусгай сүлжээ бий болгоно. Үүнийг бид ТСМА гэж товчилж байна. Энэ сүлжээгээр багшийн цалингийн доод хэмжээ 1 сая 600 мянган төгрөг болно. Бас энэ сүлжээ хэрэгжиж эхлэснээс хойш 1 хувийн инфляц (төгрөгийн худалдан авах чадлын уналт) бүрт багшийн цалинг 1,5 хувиар өсгөж байхаар хуульчилж авна"

Ийм гарцаар замнаж байж багшийн ажлын үнэлэмжийг мэргэжил нэгт дэлхийн бүлийнхтэйгээ ижил түвшинд хүргэнэ. Энэ нь багшийн цалингийн доод хэмжээ 3 мянга 500 доллар болно л гэсэн үг шүү дээ. Ингэхэд хамгийн гол нь, манай улс хүний чадварт тулгуурласан хөгжлийн зөв, төв замд хүрсэн байна. Ийм л чухал.

Тэгэхээр дэмий хоосон, тавилттай жүжиглэлд тархиа олон жил ингэж угаалгаж улам ядуурч үлдмээр байна уу, эсвэл хамтарч зорилготой хүрмээр байна уу?

Бод, сонго.

Ц.Лувсандорж

2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

No comments:

Post a Comment