Wednesday, September 28, 2011

ХӨДӨЛМӨРИЙН НАМ МОНГОЛД ЦОРЫН ГАНЦ ОРШИЖ, ЗӨВ Л БАЙГААСАЙ

"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 10 дугаар сарын 3-ны дугаар болон "Хөх Толбо" сонинд хэвлэгдэж олны хүртээл болсон өгүүллээ Танд толиулж байна.

Хүмүний эргүүлэн эргүүлцүүлбэл зохих нэгэн шастирт “Эхлээд үг л байсан” гэдгийг их л онцлон тэмдэглэжээ. Үг гэдэг их хүч эрчмийг тээж явдаг долгион болохоор ийнхүү тэмдэглэсэн ажгуу. Үгийг хэлэхийн зуур л түгэн тархах энэхүү долгионы их хүчийг зөв хэрэглэснээр сайн сайхныг  бүтээж чадна, бас түүнийг буруу хэрэглэснээр муу муухай, зовлон зүтгүүрт хөтөлж болно. Иймд улс үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хүчин-намын нэрийг их л онож бүтээж, зөв хэлж байх нь хамгаас чухал юм.
“Хөдөлмөр (Labour)” гэдэг энэ үг дэлхийн 7 тэрбум гаруй хүмүний зүрх, сэтгэлийг эзэмдсэн,тэдний ахуй амьдралыг хөтөлсөн агуу хүчит долгион, бас үнэт брэнд нэр юм. Иймд “Хөдөлмөрийн нам (Labour party)” гэсэн нэртэй улс төрийн хүчин бараг улс оронд бүхэнд байдаг бөгөөд байхдаа хүчтэй, идэвхитэй, ганц л байдаг. Гэвч бидний улсад “ардчилсан, ардын” гэсэн үгийг хэрэглэсэн цөөнгүй нам байдаг шиг “хөдөлмөрийн” гэсэн энэ хүчтэй долгион, үнэт брэнд нэрийг зүүлт болгон хэрэглэсэн маш олон улс төрийн хүчин үүсэх, тэр нь олон байгаагийнхаа хэрээр энэ үгийн мөн чанар, утга учрыг алдагдуулах, улмаар устгах бас л нэг олиггүй байдал, зохисгүй үзэгдэл нийгэмд гарч болзошгүй байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт “хөдөлмөр” гэсэн үгийг зүүлт болгон хэрэглэсэн намын олон нэр, тухайлбал, Монголын ардчилсан хөдөлмөрийн нам, Монголын үндэсний хөдөлмөрийн нам, Монгол ардын хөдөлмөрийн нам,  Монголын хөдөлмөрчдын нам, Монголын либерал хөдөлмөрийн нам зэрэг нэрийг аль хэдийнээ баталгаажуулжээ. Ийм үйлдлийн цаана “удахгүй энэ улсад “хөдөлмөрийн“ гэсэн үгийг нэрийн зүүлт болгосон тийм л тооны намууд гарч ирэхээр бэлтгэлээ хангаж байна“ гэсэн санаа далд нуугдана. Одоогийн байдлаар бид “Монголын Үндэсний Хөдөлмөрийн Нам” хэмээх нам Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдлөө өгөөд буцсны, “Хамуг Монголын Хөдөлмөрийн Нам” байгуулагдснаа зарласны гэрч болж байна. Цаашид  эрхэм зарим нөхөд маань “Хөдөлмөрийн нам Монголд цорын ганц оршихын зохистой”-г үл ухаарвал бид иймэрхий үйлдэл, үзэгдлийн гэрч болсоор л, “хөдөлмөр” гэсэн энэхүү үг-долгионы агуу хүч чадал буурсаар л, утга нь алдарсаар л эцэст нь алга болох вий дээ.
  Үгийн утгыг мэдвэл ертөнцийн төөрөгдлийн тэн хагасаас сална гэдэг. “Хөдөлмөр” гэсэн үг өөр үгээр тодотгогдох шаардлагагүй  хүчтэй долгион, дэлхийд танигдсан үнэт цэнэтэй брэнд нэр юм. Нэгэнт “улаан хөдөлмөр”, “цэнхэр хөдөлмөр”, “үндэсний хөдөлмөр”, “монголын хөдөлмөр” гэсэн холбоос үгс учир зүйт, утга төгөлдөр санааг илэрхийлэхгүй тул “Хөдөлмөрийн нам” гэсэн нэрийн өмнө ямар нэгэн тодотгол хийсэн намын аливаа нэр утга зүйн хувьд зохисгүй.  Мөн улс төрийн намын үзэл, чиглэлийн шугаман дүрслэлийн үүднээс харвал хөдөлмөрийн нам нь төв зүүний гэсэн ангилалд илүүтэй хамаарахыг, шугаман бус дүрслэлийн үүднээс хэлбэл энэ нь “хөдөлмөр зөвхөн монгол хүнд бус аливаа хүнд л сайн сайхан амьдралыг өгөх тухай номнолыг баримталдаг, түүнийгээ аливаа “изм”-ээс ангид хэрэгжүүлэхийг хичээдэг, энэ утгаараа, үйлдвэрчний эвлэлтэй нягт холбоотой ажилладаг л улс төрийн хүчин болох”-ыг эргэн санавал түүний нэрэнд аливаа “изм”-ийн санааг ил, далд агуулсан  тодотгол  хийх нь оновчгүй, зохимжгүй, зөв бус байна.
 Үндэслэлтэй бүхэн л зохистой оршдогийг бодоод “хөдөлмөр” гэсэн үгийг өөрийн нэрэндээ зүүлт чимэг болгож буй одоо байгаа болон цаашид байх бүхий  л намууд нэгэн зөв нэрийн дор нэгдэх нь зохистой байх болов уу. Ингэж нэгдэх тэр нэгэн зөв нэрийг бид, магад, зүгээр л “Хөдөлмөрийн нам” гэж дуудаж болох. Намын нэр нь зөв бол түүний үйлс зөв байна гэдэгт итгэнэм.
Монголд хөдөлмөрийн нам зөвхөн ганцхан оршиж, үйлс нь                                                      мөнхөд зөв байх болтугай

  Улс төр судлаач Г.Батбаатар
Доктор, дэд профессор Ц.Лувсандорж