ЭРСЭЭ ГАМНА
Эр хоёр арслан
хүчин үзэн тэмцэх. Энэ тэмцлийг эмс нь, харин, их л хичээнгүйлэн ажиж зогсох. Эрсийн
тулалдаан дуусмагц эмс нь ялагчийг нь даган гийнан одно. Ялагдагч харин эмс ч үгүй,
эрч ч үгүй газарт сунан гунин хэвтэнэ. Ийм
нэгэн зураглал амьтны ертөнцөд их түгээмэл.
Оросын
нэгэн телевизийн хөтлөгч “эхнэрээсээ салсан эр арчаагаа л их алдах юм”
гэж яриа өдөхөд оролцогч “Тийм эсэхийг сайн мэдэхгүй. Харин эзнээ алдсан нохой, эхнэрээ алдсан эр их гунидагийг
л сайн мэднэ. Бас эзнээ алдсан муур, нөхрөө алдсан эхнэр их өнгө ордгийг мэднэ”
гэжээ. Ийм нэгэн яриа энэ дэлхийд бас өрнөж.
Тархи
судлал хөгжиж эр, эмийн ялгааг тэдний эрхтнийх нь хэлбэрээс биш, харин, тархинаас
л олж харахыг их хичээх болж. Хүний тархи жендерчлэгдэх үү гэсэн асуудлыг
тойрсон олоон эргэлзээ одоо хүртэл л
байна. Гэвч нэгэн ололт, харин, огт эргэлзээгүй болжээ. Энэ бол “эр нь илүү бодогч,
эм нь илүү хөөрөгч” гэсэн утга юм. “Эмэгтэй
хүний үс нь урт, ухаан нь богино” гэсэн эртний
нэгэн үгэнд үнэний ор ийнхүү бас байгаа бололтой.
Эмсээ авах
гэж тулалдаг, эхнэрээ үгүйлж их гунидаг, эргэцүүлж их бодомтгой эр заяаг гамна.
Ийм заяаг өнөө цагийн монголд бүр ч их
гамна.
Ажих нээ, тэнд энэ цагийн эрс нь гурван а-тай л их нөхөрлөөд байх шиг. Албан тушаалтай
хэсэг нь авилгад бурантлагдан гундах. Ажилгүй хэсэг нь архинд хөтлөгдөн мөлхөх. Үлдсэн хэсэг нь авгай хүүхнүүдийн зарц
төдийхнээр шар өдөр бор хоногийг өнгөөрч суух. Эрс ингэж доройтоход эмс нь эцэстээ их ядардаг юм. Иймд эрсээ л их гамна, энэ цагийн монгол.
Ингэж хэлмэгц л, “булбарай болчихсон энэ цагийн монгол эрсийг тэгээд хэн, яаж гамнах” гэж егөөдөн асуугч бас гарах. Тэднийг гамнахад үнэндээ маш энгийн. Төр нь бодлогоороо л гамнана.
Ингэж хэлмэгц л, “булбарай болчихсон энэ цагийн монгол эрсийг тэгээд хэн, яаж гамнах” гэж егөөдөн асуугч бас гарах. Тэднийг гамнахад үнэндээ маш энгийн. Төр нь бодлогоороо л гамнана.
Идэрхэн монгол
залуусаа харьд экспортолчихоод, хариуд нь харин гадны хөгшин эрсийг импортлодог
энэ бодлогоо л больчих. Эс чадваас, энэ
нь эрсийн энэ цагийн монгол хорлоон. Экспортлогдсон
монгол эр гахай хариулж, нохой туух төдийхнийг хийн борви бөхөсхийлгүй, морь
мэт зүтгэх зуур эмс ялагчийг даган одож,
нялхас эцэггүй торних нь гэм биш, харин, жам болж харагдана. Ингэх харагдаж
эхлэхэд эцэстээ монгол л хөөрхий болж л үзэгдэнэ. Иймд эрсээ экспортлохоо зогсоо. Чингэвэл, энэ
тань эрсийн монгол гамнаан.
Нэгтэй л гэрлэх ёстой, эцэстээ тэгээд
салдаг жамтай; салахаар эр нь л илүү
хохирдог гэр бүлийн эмэгтэйжсэн хуулиа өөрчилчих. Эс чадваас, энэ нь энэ цагийн монгол эрсийн хуулийн
хорлоон. Гэрлэнгээ л өрхийн тэргүүн гэж хөөрсөн
монгол эрс эхлээд хээгүй, гүндүүгүй гэх зангаараа эхнэрээ, үр хүүхдээ гэж
сөхөртөл зүтгэнэ, эцэстээ, тэд цөхөрнө. Унтахгүй, идэхгүй ажлаад байхад
олдог нь өчүүхэн болохоор тэр л дээ. Ингэж л сөхөрч, цөхөрч байх зуур тэд шүүхэд
дуудагдан үрээ ч, өмчөө ч эхнэр гэгчдээ шилжүүлж гудамжинд гарч гутлаа чирч эхэлдэг нь гэм биш, харин, жам
болж. Гэрлэсэн монгол эрийн тавилан ийм
болж харагдахад эхлээд эм нь хожиж байгаа
мэт авч эцэстээ монгол л хөөрхий болж үзэгдэнэ.
Иймд эрсээ ингэж хуулийн золиос болгохоо зогсоо. Чингэвэл, энэ тань эрсийн монгол гамнаан.
Монгол эрсийн ажлын нэг цагийн хөлсийг нь бодиттой үнэлчих, бодлогоор өндөр
болгочих. Эс чадваас, харин энэ тань энэ цагийн монгол эрсийн мөнгөний тамлаан. Монголд одоо монгол хүн цэнэгүй, түүний хөдөлмөр л үнэгүй байх шиг. Харь эрийн
нэг цагийн ажлын хөлс монгол эрээс лав л 10, 20 дахин илүү байх. Гадаадын
мэргэжилтэн, зөвлөх гэх, үнэндээ бол гавихгүй этгээд сард монголд 18-20 мянган
долларын цалин хүртэж суухад энгийн монгол эрс, харин, хамгийн ихдээ л гэхэд 800
орчим долларын цалин авч зүтгэж буй баримт олоон олоон. Монгол эрс ингэж мөнгөний тарчлаан дунд
мунгинаж байх зуур эмс нь ялагчийг даган хамтрагч болж одох нь гэм биш, харин, жам
болж. Ажилтай монгол эрс ийм болж
ажиглагдахад эхлээд эмс хожиж байгаа мэт авч эцэстээ монгол л хөөрхий харагдана. Иймд эрсээ ингэж мөнгөний тамлаанд оруулахаа
зогсоо. Тэдний нэг цагийн ажлын хөлсийг бодлогоор нэм. Чингэвэл, энэ тань
эрсийн монгол гамнаан.
Монгол эрсээ гамна. Идэрхэн монгол
залуусаа харьд экспортолдог гунигт үйлээ зогсооч гамна. Салахаар эр нь л илүү хохирч үлддэг гэр
бүлийн эмэгтэйжсэн хуулиа өөрчилж гамна. Ажилтай монгол эрсээ мөнгөний тамлаанаас
гаргаж гамна. Эмсээ авах гэж тулалдаг, үрсээ
халамжлах гэж зүтгэдэг, эхнэрээ үгүйлж гунидаг, эргэцүүлж их бодомтгой эр заяаг
гамна, энэ монголд.
Ц.Лувсандорж
2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр