Saturday, August 31, 2013

Хийрхлийн өдөр


Хийрхлийн өдөр

Хичээлийн эхний өдөр хийрхлийн өдөр болоод удлаа, энэ монголд. Олоон олоон улсад хичээлийн эхний өдөр хэрхэн эхлэхийг харж явав. Их энгийн.  Ажил тул ажлаа хийж эхэлнэ. Хийрхэл бус харин хичээл эхэлнэ. Ийм ч учраас тэнд хүүхдийн хичээлийн жилийн эхлэлийн анхны сэтгэгдэл нь хийрхэл бус хичээл л байх.   Гэвч энд тэр хичээл бус харин хийрхэл болох нь нээ.

Хуулийг гууль мэт үзэн амралтын өдрийг хүртэл хичээлийн жилийн нээлтийн өдөр болгож хийрхэнэ.  Эцэг эхийн дэргэд амарч байх нялхас эртээ босож, цэргийн ч гэмээр ч юм шиг, дарганцарын ч гэмээр юм шиг хувцсаар жигдэрч, бүглэрэлдэн, мөргөлдөн байж  сургуулийн гэх хуарангийн өмнө бөөгнөрөлдөн, хэрэлдэн, хэлхэлдэн, дагжин зогсох.  Нээлтийн үг хүлээлж байгаа энэ л дээ.

Удалгүй индэр дээр энгэртээ одон мядаль гялалзуулсан томчууд эгнэн гарч зогсоно. Ээлж ээлжээр л нялхасад зориулж байгаа юм болов уу гэмээр утга авалцаа их муутай элдэв үгээр ээрч гарна. Бас болоогүй бие биеэ шагнаж үзнэ. Ингэж хийрхэн мунгинах хооронд хуйранжин хувцасласан нялхас “хичээл” гэж ийм  байдаг юм болов уу гэж эхлээд гайхна, эцэстээ даарч хөрч, уйдаж, уйлагнана.   Сургуульд орно гэж олон сар хөөрсөн нялхасын хөөрхөн сэтгэл хоосон хийрхэлээр ингэж хөрч эхлэнэ.  

Бас болоогүй нялхас ингэж хөрч байх зуур арай томхон нь  “эд нар жил бүр л ингэж хийрхэж байдаг гэсэн шиг”  хээв нэг зогсох, бас зарим нь зүгээр л яваа өгөх. Тэдний ихэнхи үнэндээ нээлт гэсэн энэ хийрхэлд хууртаж, уйдсан тул ерөөсөө огт ирэхгүй байх. Зарим нь гэрээсээ “нээлтэд оролцоно” гэж хэлж гарлаа ч, үнэндээ тэд сургуулийн өмнөх хийрхэл дээр бус харин орцын өмнө юм уу, гудамжны буланд юм уу, бааранд юм уу өөрсдийнхөөрөө  өөрөөр нээлтээ хийнэ.

“Сургууль орно, хичээл хийнэ” гэсэн олон сар хөөрсөн цайлган сэтгэлд үлдэх анхны сэтгэгдэл, бас  цэвэр тархинд бүтэх анхны холбоос мөн ч чухал даа. “Сурах бол хичээх, сургууль бол хичээл” гэсэн анхны сэтгэгдэлтэй хүүхэд хичээлээр хичээсээр л хийгч, бүтээгч болно, харин хийрхэгч биш.  “Сурах бол хийрхэх, сургууль бол хийрхэл” гэсэн сэтгэгдэлтэй нь хийрхэлээр хийрхсээр хийрхэгч болно, харин хийгч биш.

Ийм чухал тул хичээлийн жилийн эхний өдрөө хийрхлийн бус харин ердийн нэг сайхан хичээлийн өдөр болгоё. Хийрхлээ хийрхлээ гэлээ ч хичээлээр хийрхэхээд яахав.

Ц.Лувсандорж

2013 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр (Ням гариг)

Monday, August 19, 2013

Залуухан хөгшид


Залуухан хөгшид

Ахимаг харагдах атлаа их залуу хүн байна.  Тэд бол ахимаг залуус.  Залуухан харагдах атлаа ажихад их хөгшөөн  хүн бий.  Эд бол залуухан хөгшид.  Ахимаг залуугийн  бие өвгөрсөн ч оюун нь цэл залуу. Залуухан хөгшдийн бие залуу ч  оюун нь ихээ өтлүүн . Ахимаг залуусын оюун тэлсэн тул цэцэн. Тун гайхам. Залуухан хөгшдийн оюун нь жижгэрсэн тул мунхаг. Нэн харамсам. Ахимаг залуус  цөөрөхөд тун гасламаар.  Залуухан хөгшид нь олшироход  их гутармаар.   

Тархи хөгжихөд бие томордог, бие томроход ухаан тэлдэг нь угтаа хүний хөгжлийн жам.  Бие, тархины хөгжил ийм жамаар явагдахад оюуны нас, календарын нас мөн чанараараа  адилхаан. Насандаа таарсан оюуны чадвартай гэсэн үг. Гэвч насандаа таараагүй оюунтай нь бас байна.  Жам ёсны хөгжил нь гажсан гэх үү дээ.  Залуухан хөгшид байхад ахимаг залуу байх.

Энэ зууны 80 настан атлаа ирэх зууны оюун ухаантан бий. Энэ хүнийг харахад ахимаг ч ажихад бүр залуу, цэл залуу.  Аргагүй юм даа, бие нь энэ зуунд ч, оюун ухаан нь ирэх зууных юм чинь. Ахимаг харагддаг залуу хүн бол энэ хүн.  Ийм хүмүүс бол ахимаг залуус.

 Энэ  зуунд өтөлсөн энэ хүнийг ирэх зууны оюун ухаантан болгон өөрчилдөг ачит нөлөө олоон. Тэдний дундаас хамгийн ачтай нь унших.  Уншихад бүтээгч тархины  эсийн холбоос  улам  бэхжинэ, тэлнэ. Дүнд нь тэд цэцэн болно.  Өтөлсөн биетэй ч энгүй хүчит тархитай ахимаг залуус ийнхүү төрдөг.

Энэ зууны 18 настан атлаа манай эрины өмнөх зууны хүний адил оюунтай нь бас байх. Энэ хүнийг харахад залуу ч,  ажихад их хөгшөөн. Бүр хоцорчихсон байх.  Аргагүй юм даа, бие нь энэ зуунд ч, оюун ухаан нь тэртээх өнгөрсөн зууных юм чинь.   Залуухан харагддаг хөгшин хүн бол энэ хүн.  Ийм хүмүүс бол залуухан хөгшид.

Энэ зуунд төрсөн хайран энэ залууг өнгөрсөн зууны  хөөрхий тэр хөгшин болгон хувиргадаг хорт нөлөө олоон. Тэдний дундаас хамгийн хортой нь архидалтыг архидуулах аянаар дэвэргэж түүнийг бүр соёл болгох хорон бодлого. Бар улс болно гээд баар улс болсны паян.  Архи бүтээгч тархины  эсийг үхүүлж, тэдгээрийн хоорондох үнэт холбоосыг устгадаг.  Архидсаар хордсоор тэд эцэстээ энэ зууны залуу хирнээ өнгөрсөн зууны хөгшөөн хүн болдог.  Том биетэй жижгэрсэн тархитай  залуухан хөгшид ийнхүү төрдөг.

Уншдаггүй нийгэмд  унших газар, номын сан л үнэ цэнэгүй. Сүйтгэ, хэрэггүй гэх. Дүнд нь уншдаггүй нь ихсэж, ахимаг залуус цөөрсөөр л.  Гаслам.  Муруй нийгэм бар улс болно гээд баарыг дэмжинэ.  Дүнд нь архичид олширч, залуухан хөгшид  олширсоор л. Гутрам.

 

Ц.Лувсандорж

2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

 

Saturday, August 10, 2013

Бүсээ чанга бүслэ


БҮСЭЭ ЧАНГА БҮСЛЭ

Бүсээ чанга бүслэ. Амьдралыг хайрлан аюулгүй бүсээ чанга бүслэ. хүүхдүүд ээ. Эх үндэстнээ гамнаж энгэрийн бүсээ чанга бүслэ, бүсгүйчүүд ээ.  Том үндэстний том хөвүүд гэдгээ  санаж, том бодон ухаарлын бүсээ чанга бүслэ, бүстэйчүүд ээ.  Чанга бүслэ, бүсээ.

Хүүхдүүд ээ, аюулгүйн бүсээ бүслэ. Хайртай эцгийн тань хөлөглөсөн хар машин  таны тоглоом биш.  Аюултай, амьдралыг тань авч мэднэ. Энэрэлт ээжийн тань гангарсан гоё машин таны хүүхэлдэй биш.  Аймшигтай, өрөөл татуу болгож мэднэ. Цонхоор нь тоглож   толгойгоо бүү гарга.  Маяглаж гараа бүү савч.  Тэнэглэж шүлсээ бүү цац. Мунхаглаж хогоо бүү хая.  Тэнэглэл, мунхаглалын томоохон жишээ  болж мөнхөд үлдэж мэднэ.  Монголоо гоёж, амьдралыг хүндэтгэж, өөрийгөө хайрлан, өрөөлийг өрөвдөн аюулгүйн бүсээ чанга бүслэ, хүүхдүүд ээ.

Бүсгүйчүүд ээ, энгэрийн бүсээ чанга бүслэ.  Орох оронгүй болоод уйлж явлаа ч бүсээ бүслэ.  Ойчих юмгүй болоод цангаж байлаа ч бүсээ бүслэ.   Идэх юмгүй болж өлсөж байвч бүсээ бүслэ. Шуналт зан тань хөдөлж  өнгө, мөнгөнд уяарч, гашуун дарсан даруулан хөөрч явлаа ч бүсээ бүслэ. Монгол цус оршихын; монгол үндэстэн бадрахын үнэ цэнийг ухаарч  бүсээ чанга бүслэ, бүсгүйчүүд ээ.  

Бүстэйчүүд ээ, ухаарлын бүсээ чанга бүслэ.  Архинд хөтлүүлж амиа алдах нээ. Одоо боль, бос. Бүсээ чанга бүслэ. Авилгад донтож амьдралаа ёгүүтгэх  нээ.  Одоо боль, зогс. Бүсээ чанга бүслэ.  Маханд ялзарч, шар айрганд хөөж,  гунигийн дуу дуулж баарнаас бааранд хөөрч, хүүхнээс хүүхэнд  хөлбөрч хайран төрлийг  яаран өнгөрөөх нээ. Одоо боль, ухаар. Дэлхийг төвхнүүлж явсан их өвөг дээдсийн удам угсаа,  өв залгагч  гэдгээ санаж, том бодон бүсээ чанга бүслэ, бос,  бүстэйчүүд ээ.

Өөрийгөө хайрлан, өрөөлийг өрөвдөн, монголоо гоёж аюулгүйн бүсээ бүслэ, хүүхдүүд ээ. Монгол цус, монгол үндэстэн оршихын үнэ цэнийг ухаарч энгэрийн бүсээ чанга бүслэ, бүсгүйчүүд ээ.  Түүхэн том үндэстний том хөвүүд гэдгээ санаж том бодон ухаарлын бүсээ чанга бүслэ,  бүстэйчүүд ээ. Бүсээ иймд чанга бүслэ.

 

Ц.Лувсандорж

2013 оны 8 дугаар сар 11-ны өдөр