Thursday, February 13, 2014

МАТЕМАТИКИЙН БАГШ: ГАЙХАМ УУ, АЙМШИГ УУ?

                                                                                             
         
 Мэргэжил бүхэн сайхан. Тэдгээр дотроос багш бүр сайхан, математикийн багш гайхам сайхан. Угтаа ийм л гайхам сайхан  мэргэжлийг муутган муруйлгасаар  гамшиг, аймшиг болгох нь амьдралд ч, танхимд ч, ер нь энд, тэндгүй л түгээмэл байх. 
 Сэтгэл дутаж, зүтгэл дундран, хайр үгүйрч хар элбэгшихэд  сайхан ингэж амархаан муухай; гайхам тэгэж хялбархаан аймшиг болно.  Хүний доройтол гайхам мэргэжлийг аймшиг болгон ийнхүү хувиргана. 
Доройтлын хувьсагчийн дорд утгыг хайрынхаар солиход муухай  сайханд, муу сайнд, аймшиг  гайхамшигт  хоромхонд шилжиж сайн сайнтай ижилсэнэ. Ингэх цагт  математикийн багш хуурмаг аймшигт авираа бус харин үнэн гайхамшигт чанараа чин илэрхийлж оршино.     

Математикийн багш гайхам сайхан

            Юуг  чадахгүй бэ? Энэ асуултад элдэв элдвээр л элдэвлэж элбэгхээн хөөрнө. Гэлээ ч математикчийн хариулт  магад ийм л байх: “Математикийг л зааж чадахгүй.  Бусдыг нь сайн хийнэ. Учир нь би математикаар хичээллэсэн” 
Хүмүүний энэ хорвоод надад чадахгүй зүйл үгүй” гэж итгэл төгс хэлэх ганц л бүл бий.  Математикийн багш. Учир нь тэр математикийн ч гайхам, бас багшийн ч гайхмыг өөртөө шингээсэн. Математикийн багш  ийм л сайхан гайхам, гайхам сайхан мэргэжил.

Математик гайхам

  Математик бодох, сэтгэх ухаан.  Ийм ч учраас тэр  бас бодол, сэтгэлгээгээр өөрийгөө илэрхийлэх  урлаг. Энэ ухаан, тэр урлагт суралцахад угтаа бодох, сэтгэхээс өөр юу ч хэрэггүй. Тэр иймд хийсвэр  бодит ухаан, бодит хийсвэр урлаг. Гайхам.
  Бодож сэтгэснээр оюун хөгжинө.  Оюунд харсныг нүдэнд харна. Нүдэнд харагдах, эс харагдах бүхэн математикт ил харагдана. Бодит оршиж буй бүхэн угтаа математик, гэвч математик оршихуй  тэр бүр  баригдаж, харагдах нь албагүй. Өнгөрсөн, одоо, ирээдүйн оршихуй иймд математик хэлбэр. Тэр иймд орших эс оршихуй, эс орших оршихуй.
 Бодож сэтгэснээр учирлаж үндэслэнэ. Үндэслэж учирласнаар ухааруулж дөнгөнө. Хүрэлцээтэй  үндэслэл бодит үнэн, үнэн бодит.  Математик бодит үнэнийг бүтээнэ, үнэн бодитойг хүүрнэнэ. Тэр иймд үнэн шударга, шударга үнэн.
 Бодож сэтгэснээр таньж мэднэ. Таньж мэдснээр мэдэхгүйг нимгэлж мэдснийг нэмнэ. Мунхаглалаас ангижирч, сэрж сэхээрнэ. Математик загварчилж шинжилнэ, шинжилж загварчилна. Энэ нь мунхаглалаас ангижрах универсал зам, сэхээрэлд хүрэх универсал арга. Тэр иймд шинжих ухааны “хаан”, “хаан” шинжлэх ухаан.
Бодож сэтгэснээр илэрхийлж хэлнэ. Хэлж илэрхийлснээр харьцаж нийгэмшинэ, нийгэмжиж харьцана. Математик  харьцаж нийгэмжих, нийгэмжиж харьцах универсал.  Тэр иймд хэлний универсал, универсал хэл.  
Бодож сэтгэснээр иргэншиж соёлжино. Соёлжин иргэншснээр дэвшиж хөгжинө, хөгжиж дэвшинэ.  Математик хөгжил дэвшил, дэвшил хөгжлийн универсал. Тэр иймд универсал соёл, соёлын универсал. 
Бодох, сэтгэхэд хязгаар ч үгүй, хил ч үгүй. Хязгааргүйд бодож, хилгүй сэтгэхэд шунал үгүй.  Шунал үгүйд хүсэл үгүй.  Хүсэл үгүйд зовлон үгүй. Математик зовлонгүй, шуналгүй, хүсэлгүй, хилгүй, хязгааргүйд бодож сэтгүүлсээр, сэтгэж бодуулсаар өөрийг нь таниулж хорвоо ухааруулах энгүй ухаан, эгэлгүй урлаг. Тэр иймд ханасан сэтгэлгээ, сэтгэлгээний ханамж.  Гайхам. 

Багш гайхам

 Багш мэргэжилд олон эрдэм багтана. Тэр шинжлэх ухаанч,  аргач, илтгэгч, соён гэгээрүүлэгч. Гайхам.
Багш шинжлэх ухааны нэгэн салбараар хичээллэсэн мэргэжсэн шинжлэх ухаанч.  Математикийн багш  математикч.   Тэр математикч төдийгүй бас математикийг бусдад заах арга ухааныг эзэмшсэн арга зүйч. Тэр математикийн хичээл, сургалт, боловсролын бодлого,  үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэгч,  харьцагч, илтгэгч.  Хамгийн гол нь тэр хүнийг ч, нийгмийг ч мунхаглалаас ангижруулах эрдэм ном, хайр энэрэл, соёл иргэншилд хөтлөх соён гэгээрүүлэгч.
Нийгмийг соёл иргэншилд хөтлөгч, хүнийг эрдэм номд сургагч багш өөрийгөө гэхээсээ  өрөөлийг гэж  зүтгэгч. Ийм мэргэжилд нартад ердөө л гагц. Тэр нь багш. Багш нартад ганцхан гайхам мэргэжил.
Математикийн багш математикийн ч гайхам, багшийн ч гайхам шинжийг өөртөө цогцуулсан гайхам сайхан мэргэжил. Тэр эмчид учир шалтгааны сайн зөвлөгч. Тэр хуульчдад цоорхойгүй хуулийн хийх аргачлалыг номлогч. Тэр түүхчдэд хүрэлцээтэй үндэслэлийг заагч. Тэр гоо сайханчдад алтан харьцаа, тэгш хэмийг ухааруулагч. Тэр хөөрсөн, хоосон илтгэгчдэд утгатай нь оршдогийг л тайлбарлагч. Тэр эдийн засагчдад загварчлалын багш.Тэр судлаачдад хамаарал тогтоох аргыг хэлэгч, тезис томьёологч.  Тэр барилгачинд орон зай, ур хийцийн зөвлөгч. Тэр жолоочдод хөдөлгөөн, хурд, орон зайн баримжааг мэдрүүлэгч. Тэр компанид шийдэл хийгч “толгой” менежер. Тэр төрд шийдвэр үндэслэгч, асуудал шийдвэрлэгч, номлол боловсруулагч.  Тэр мэтгэлзээнд үндэслэл дэвшүүлэгч, зөрчил харагч. Тэр хүүхдэд туслагч, тоо бодогч. Тэр үнэнийн ч , хуурмагийн ч  нь хээв нэг хэлэгч үнэн шударгач, шударга үнэнч. Хүмүүний хорвоод түүнд хийж үл чадах зүйл үгүй. Гайхам  математикийн сайхан мэргэжил математикийн багш.

  Математикийн багш аймшиг

“Тоонд толгой эргэнэ. Математик мангас хичээл. Математикийн багш аймшиг...” гэх үг хэллэг эдүгээ цагийн монгол хэлэнд бүр хэлц үг болох нээ.  Гайхам математикийг яагаад мангас гэв. Гайхам  математикийн сайхан багшийг юунд аймшиг гэв. Тоонд яагаад  толгой  эргэв ээ.
Математикийн багшийн нэр хүнд ингэж аймшиг болтлоо дордоход нөлөөлсөн хүчин зүйл их олоон. Боловсролын буруу бодлого, муруй үйл; багшийн эм жендерчлэл, боловсролыг мөнгө хүүлэх хэрэгсэл болгож түүнийг урагшуулах бус ард хоцроох  эрх мэдэлтний увайгүй үйлдэл, багшийн эдийн болон оюуны ядуурал, хүүхдийн биеийн болон оюуны хямрал, хомсдол, эрсийн доройтол, эмсийн завхрал, баардалт, архидалт, тамхидалт зэрэг олон хүчин зүйл математикийн багшийг аймшиг гэж хочлуулахад сөргөөр мэдээж нөлөөлсөн.
Ийм сөрөг нөлөөлөлтэй хүчин зүйлсийн дотроос  сэтгэл дутах, зүтгэл дундрах, хайр үгүйрэх гэсэн  утгатай “багшийн доройтол” хувьсагч хамгийн хорлолтой нь.
 Сэтгэл дутахад математикийн багшийн гайхамшиг нь амархаан аймшиг болдог.  Учир нь сэтгэл дутахад мэдлэг, чадвар, чадамж огт үгүй мэт болж  математик гайхам биш гай, багш сайхан биш муухай харагдана. Ингэх эгшинд математикийн хичээл таньж мэдэхийн баяр баясгалан биш харин дарамт, гуниг, ер нь тэгээд л аймшиг болоод ирнэ.
Зүтгэл дундрахад математикийн багшийн гайхамшиг нь бас хялбархаан аймшиг болно. Учир нь амжилт, ахиц тасралтгүй зүтгэлээр ирдэг, харин дундарснаар нь биш. Амжилт, ахицаа мэдрэхгүй “толгой”  тоонд эргэх нь мэдээж. Түүнийг тэр тэгэхээр “толгой дүнхүүрүүлэгч”  гэж  хочлох нь  жам.
Хайр үгүйрэхэд математикийн багшийн гайхамшиг нь хоромхон зуурт хар болно. Учир нь хайр үгүйрэхэд халамж ч үгүй, харьцаа ч үгүй, харин  хар  л элбэгшинэ.  Хайр биш хар элбэгшихэд математикийн хичээл яах аргагүй л аймшиг, түгшүүр дагуулна. Түүний тэгэхээр тэр “мангасаа” гэж  адаглах нь зөн.
  Багш доройтоход ер нь юм юм л их дордоно. Улсаараа улсын шалгалтанд унаж дордоно. Улс орнууд олноор орж өөрийгөө шинждэг шалгалтад ганцаараа л бүтэлгүйдэж, түүнийгээ нууцалж доройтоно.  Толгой нь тоонд эргэж залуус гундана.  Хичээл мангас болж адаг үзэгдэнэ.  Багш   аймшиг гэж хочлогдоно. “Хүүхэд 1 секундэд 16 метр гүйнэ...” гэх мэт гаж, галзуу  бодлого, дасгалаар дүүрч  сурах бичиг  хачин хог болж муруйна.  Элсэлтийн шалгалт  мөнгө хүүлэх хэрэгсэл болж шоглоно.  Хөтөлбөр, агуулга  харьжиж хүнийснэ, хүнийсэж харьжина. Бодлого, ухаан нь “харийнх дээд, өөрийнх дорд”   гэх  гөжүү бодол, хэвэн сэтгэлгээ төдийхэн л болж бөхнө.  Туршилт мунхаг авир, мулгуу үйлээр “тэмээг ямаа, ямааг тэмээ” гэх   хошин шог мэт болж бүр болино.   Хайр  үгүйрч, сэтгэл дутаж, зүтгэл дундран багш дордоход юм юм ингэтлээ их доройтоно.  Нийтээрээ нийгэм эцэстээ их ядарч дордоно.
Эрүүл хүн  математик сайн  сурна. Энэ нь хоосон хийрхэл бус харин нотлогдсон үнэн.  Доройтлын хувьсагчийг дэвшлийнхээр солиход л эрүүл хүн бүр энэ үнэний гэрч болж, математик гайхмаараа, математикийн багш сайхнаараа оршин хөгжиж, хөгжин оршино.


Сэтгэл дутаж, зүтгэл дундарч, хайр үгүйрэх бүрт математик мангас, математикийн багш аймшиг. Сэтгэл дүүрч, зүтгэл тэгширч, хайр бялхах бүрт математик гайхам, математикийн багш  сайхан. Тэр нартад ганцхан сайхан гайхам, гайхам сайхан. 

Ц.Лувсандорж

                2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 

 http://undesniibolovsrol.blogspot.com/2014/02/blog-post.html