Monday, April 28, 2014

Хөгжих хэмнэл

МУБИС-ийн захирлын албан тушаалын сонгон шалгаруултанд оролцохоор доктор, дэд профессор Ц. Лувсандорж энэхүү хөтөлбөрийг дэвшүүлэв.

                                                   “ХӨГЖИХ ХЭМНЭЛ”
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ  СУРГУУЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
ü  Хөгжих өртөг
ü  Хөгжих оюутан
ü  Хөгжих профессор
ü  Хөгжих орчин
ü  Хөгжих оролцоо











УЛААНБААТАР ХОТ

0.      Удиртгал
      Хөгжил үйл явц. Энэ үндсэн болон туслах; гадаад болон дотоодбодит болон бодит бус гэх олон хүчин зүйл, хувьсагчаас хамаардаг[1]. Эдгээр бүхий л хүчин зүйл, хувьсагчийг нэгэн шалтгаант өнгө, аясад дор хөглөх тэр хэмнэл бол хөгжлийн хэмнэл. Хөгжлийн хэмнэлд орсон улс, байгууллага, хувь хүн өөрөө аяараа л дэвждэг, хөгждөг.  Эсрэг нь харин хэзээ ч дэвждэггүй, хөгждөггүй.
 МУБИС хөгжлийн хэмнэлээс их хол байна. Учир нь тэр багшийн ядуурал, элсэгчийн дордолт, томилгооны довжилт, хуурмаг эрдэмжилт,  худал өртөгжилт, аминч оролцооны золиос болсоор байгаа.
 Хөгжлөөс ингэж  хол хөндийрсэн одоогийн энэ МУБИС-ийг хөгжлийн хэмнэлт маргаашийн УБИС болгон хувирахад  “Хөгжих хэмнэл” хөтөлбөрийн язгуур чанар оршвой.
1.      МУБИС-ийн өнөөгийн байдлын ерөнхий дүр зураг
Энэ байгууллагын нэр түүхэн нөхцөл дор УБДС[2], УБИС[3], МУБИС[4]  гэх зэргээр элдэвлэн  нэрлэгдэв. Түүний нэр ингэж элдэвлэгдлээч монгол зоны өмнө хүлээх үүрэг нь харин  ерөөсөө өөрчлөгдөөгүй. Он цагийн урсгал дор огт өөрчлөгдөөгүй түүхэн тэр үүрэг их энгийн. Багш бэлтгэх, гэхдээ бүр сайн бэлтгэх.
Гэвч УБИС ч,  МУБИС ч өнгөрсөн он жилүүдэд түүхэн энэ үүргээ  муу биелүүлж ирсэн. Түүний ийм байдалд  хүрэхэд сөргөөр, муугаар  нөлөөлсөн   үндсэн 7 гол хүчин зүйл байна:
1.      Багшийн  ахуй амьдрал, аж байдал тун дордсон.  
Сард 650 төгрөгийн цалин буюу 65 бэсрэг төлгөн сүргээр цалинждаг байсан багш одоо ч, мөн цаашдаа ч  ийм л тооны тийм сүргээр цалинждаг байх нь инфляциар ядууруулах арга бус харин “хонь хониороо” гэх  малчны  ухаан, угтаа үнэн эдийн засаг билээ. Малчны ухаанаар харвал багш сард  ойролцоогоор 65 бэсрэг төлгөн сүрэг буюу одоогийн ханшаар 6 сая, таван зуун мянган (6 500 000) төгрөгийн цалин авч байх нь л дээ, уг нь.  Гэвч бидний бэлтгэн нийлүүлж буй   мэргэжилтэн-багш  одоо, хамгийн ихдээ л гэхэд зургаан зуун тавин мянган (650 000) төгрөгийн цалин авч, ядуу зүдүүхэн амь зууж байгаа нь бодит байдал.
2.      Багш оюун санаа, ёс зүй, ёс суртахууны гүн хямралд орж, нэр хүнд унасан.   

3.      Элсэгчийн чанар, чансаа дордож, тоо  цөөрч, өртөг хуурмагжсан.

4.       Удирдлагын томилгоонд бүлэглэж намчирхсан, нугажиж нутагхархсан байдал хэт газар  авсан.

5.      Багшийн эрдэмжилт, цолжилтод мэргэжлийн ёс зүй үгүйрч, захиргаадалт, танил талын холбоо нөлөөлөл газар авсан .  

6.      Хамт олны оролцоог үгүй хийж, ардчилалын үнэ, цэнийг алдагдуулсан.

7.      Авилгажсан гэмээр үйл үржсэн, үр элбэгшсэн, авир олширсон.
Ийм байдлаас болж МУБИС  монгол зон олны өмнө хүлээсэн “багшийг л сайн бэлтгэх” түүхэн үүргээсээ муруйж, зүгээр л  “оршихын төлөө” сажлахад хэрэг болох төдийнхэн элдэв мэргэжилтэнг бэлтгэгч болж хувирсан нь одоогийн түүний бодит байдал. Зорилгоосоо ийнхүү муруйсан байдал нь одоо цагийн МУБИС-ийн ч,  өнгөрсөн цагийн УБИС-ийн ч ерөнхий  нэгэн дүр зураг.  
Түүхэн зорилгоосоо хазайж муруйсан одоогийн МУБИС-ийг “багшийг л сайн бэлтгэх”  их сургууль болгон хувиргах санаа их энгийн. Хөгжих хэмнэлд оруулах. “Хөгжих хэмнэл” хөтөлбөрийн язгуур утга ч мөн энэ.

2.      МУБИС-ийг хөгжүүлэх  ур ухаан
Хөгжлийн хэмнэлд орсон байгууллага өөрөө л дэвждэг. Түүний хөгжил, дэвшил томилогдсон захирлын хөөрөл, хийрхэл, хэвэн сэтгэлгээгээс бага; харин хөгжлийн хэмнэлийг тээгч, бүтээгч бүхнээс их хамааралтай.  Энэ нь  олон судалгаагаар дэмжигдэж[5], сургалтын байгууллагын олон улсын магадлан итгэмжлэлийн бодит практикаар нотлогдсон[6].Сургалтын байгууллагын тогтвортой хөгжлийн энэ зүй тогтлоос  МУБИС-ийг хөгжүүлэх ухаан төрж, ур бүтээгдэв.
        МУБИС-ийг хөгжүүлэх ухааныг дор дурдсан  байдлаар зарчимчилж болно.
-        Хөгжих өртөг хөгжлийн  нөхцөл
-        Хөгжих оюутан хөгжлийн эх
-        Хөгжих профессор хөгжлийн хөтөч
-        Хөгжих орчин хөгжлийн тэтгэгч
-        Хөгжих оролцоо хөгжлийн удирдлага
-         Хөгжих хэмнэл хөгжлийн бодлого
Эдгээр зарчмыг удирдлага, ухаан болгон одоогийн МУБИС, маргаашийн Улсын Багшийн Их сургууль (УБИС)[7]-ийн  хөгжлийг ийнхүү урлав.
3.      Хөгжих өртөг  хөгжлийн нөхцөл
Бодит өртгөөр л бодит сургалт явагдана. Хуурмагаар нь зөвхөн худал хийгдэнэ[8]. Худал сургалтаар хуурмаг, бодит сургалтаар үнэн  мэргэжилтэн, сайн багшийг бэлтгэнэ. Үндэсний болон бүс нутгийн  хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны шаардлагыг хангасан чадвар, чадамжийг өөртөө буй болгосон багшийг бэлтгэхэд шаардагдах бодит өртгийг иймд хөгжих өртөг хэмээн тодорхойлж байна.
Багшийг сайн бэлтгэхэд шаардагдах бүхий л үйл ажиллагааг жагсааж, үйл ажиллагаа бүхнийг хийх зардлыг үнэн бодиттой тогтоож тооцсон тэр өртөг бол багш бэлтгэх үнэн өртөгийн тоон хэмжээ. Энэ өртөг угтаа дэлхийн бусад улсын жишигтэй ойролцоо байх нь зүй ёсны хэрэг. Тэгэхээр хөгжлийн нөхцөл болох хөгжих өртөг нь одоогийн сургалтын төлбөр, зардлаас  лав 4-6 дахин их байх магадлалтай.  Хөгжих өртөгт үндэслэн  МУБИС-ийн шинэ бүтцийг урлана.  Хөгжих өртөгт суурилсан ийм бүтэц, бүрэлдэхүүн  угтаа түүнийг хөгжлийн хэмнэлд хөтөлсөн тогтвортой нэгэн бүтэц, бүрэлдэхүүн байх болно.
Хөгжих энэ өртгийг багш мэргэжлийн онцлог, түүний нийгэмд оруулж буй хувь нэмэртэй холбож үзэж  багш бэлтгэх сургуулийн санхүүжилтын хууль эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлнэ. Сургууль бүхэн ялгаатай, тэр тусмаа багш бэлтгэх сургууль бусдаас бүр ч их ялгаатай, багш болох оюутан, бусад оюутнаас их  ялгаатайг тооцсон санхүүжилт, элсэлт, оюутны тэтгэлгийн эрх зүйн шинэ орчин, нөхцлийг бий болгоно.  Ингэж чадснаар хөгжих өртөг бодиттой болж МУБИС-ийн хөгжих нөхцөл хангагдана. Энэ жинхэнэ захирлын чинхүү үүрэг мөн.
4.               Хөгжих оюутан  хөгжлийн эх

Багш их онцлогтой, гойд гайхам мэргэжил[9]. “Ходооны төлөө бус харин хотлын төлөө”  гэсэн хүсэл тэмүүллийг чинхүү тээсэн зөвхөн тэр хүн л багш болж чадна.  Ийм ч учраас, багшийг бэлтгэх сургуульд уралдаанд хоцорсон нь бус харин хүсэж ирсэн нь уригдаж орно. Ингэж элссэн оюутан  хөгжих элсэгч, хөгжих оюутан мөн. Хөгжих оюутан хөгжлийн гол хүчин зүйл, ийм ч учраас, тэр хөгжлийн эх.
Ийм  хөгжих оюутныг олж элсүүлэх онцгой эрх, статусийг тус сургуульд онцгойлон олгосон хууль эрх зүйн орчинг шинээр бий болгоно. Үүнийг бий болгох нь захирлын чинхүү үүрэг мөн.  
5.      Хөгжих профессор хөгжлийн хөтөч
Хөгжих оюутныг хөгжүүлэн хөгжүүлсээр сайн багш болгон бэлтгэхэд хамгийн их бөгөөд хамгийн бодиттой хувь нэмэр оруулагч  нь профессор багш л байдаг.  Тэр уг нь ажлаа хийн хоцрогч, ядуурагч биш, харин  шинжлэх ухааны чинхүү зүтгэлтэн, сайн багш, цаашилбал, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч.  Ингэж ажиллан хөгжиж, хөгжин ажиллах  чадвартан  бол хөгжлийн хөтөч хөгжих профессор мөн. 
Хөгжлийн хөтөч болсон профессорын ажиллах нөхцөл, цалин хөлсний тогтолцоо, нэг цагийн ажлын хөлсний хэмжээг  багшийг бүтээхэд түүний оруулж буй үнэт хувь нэмрийг бодиттой үнэлж дахин тогтооно. Хөгжих профессорын ажлын байрны талбайн хэмжээ, нөхцөл, стандартыг  шинэчлэн тогтоож мөрдүүлнэ. Тус сургуульд магистр, докторын зэрэг, дэд профессор, профессор цолыг олгож буй одоогийн хаалттай, хачин гаж байдлыг шударга, нээлттэй болгоно. Зэрэг, цол горилогч багшийг нэг удаа хэлэлцэх тоогоор хязгаарлаж хохироох бус харин шалгуурын эсрэг шударга, бодиттой үнэлдэг ерөнхий жишгийг тогтооно. Үүний хамт тэдний  нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлнэ. “Боловсролыг Кембрижчилнэ, Англичилна”[10] гэх олон жилийн хийрхэлд ч, “Үдийн цай үдийн хор[11]” болж  буйд ч,  “Сурах бичиг мурих бичиг” болж байгаад ч, “Элсэлтийн нэгдсэн шалгалт мөнгө хүүлэх хэрэгсэл”[12] болж  буйд ч, “Коммунист боловсрол, ардчилсан боловсрол” гэх хийрхэлд ч ер нь хэн гэгч профессор мэргэжлийн хариултыг өгөв дээ, эдүгээ хүртэл.  Хөгжих профессор шинжлэх ухааны чинхүү зүтгэлтэн, багшийн сайн багш байх төдий бус бас нийгмийн сайн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байх юм. Үүний дүнд  МУБИС өөрөө нийгмийг соён гэгээрүүлэгч байгууллага байх болно. Ийм хувь нэмэр, жингээрээ хөгжих профессор хөгжлийн хөтөч, тийм учраас тэр энэ сургуулийн хамгийн өндөр хөлс, цалинг авч байх нь хөдөлмөрийн  ёс, шударга ёс.
Тус сургуулийн  хөгжих профессор -багшийн цалинг нэмэгдүүлж, ажлын нөхцлийг сайжруулахын тулд хэт олширсон захиргааны ажилчдыг эрс цөөлнө.  Хөгжих өртгийн бүрдэл, үр ашгаас харвал тус сургуульд 3 дэд захирал, төчнөөн тооны албад байх нь илүүц.  Хувийн сургууль нэг л захиралтай байж, хөгжин дэвшиж буйг бид харж байна.  Үүнийг ул үндэстэй хийх, хөгжих профессорын нэг цагийн хөлс, сарын цалинг одоогийн байгаагаас 4-6 дахих өсгөх нь хөгжлийн хэмнэлд орохын нэгэн зайлшгүй алхам мөн. Үүнийг хийх нь жинхэнэ захирлын чинхүү үүрэг мөн.
6.      Хөгжих орчин хөгжлийн тэтгэгч
           Багш  соён гэгээрүүлэгч. Ирээдүйн соён гэгээрүүлэгчийг бэлтгэж буй сургуулийн материаллаг болон оюун санаа, сэтгэл зүйн орчныг дээд зэргийн соёлтой, хүнлэг энэрэнгүй, найрсаг нөхөрсөг болгон өөрчилж хэвшүүлнэ. Үүний тулд дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:

-“Хүнийг эрхэмлэн үзэж хүндэтгэн харьцах” хандлагыг сургуулийн өдөр тутмын үйл бүрт шингээж хэвшүүлэх,
-“Оюутанд төдийгүй багшид, ер нь, хүнд ээлтэй,  нөхөрсөг, эвсэг” орчныг бүтээх,
- “Оюутан хүүхэд бус харин бидэнтэй нэгэн адил том хүн[13]” гэдгийг ухааруулан элсэлт, төгсөлтийг тасралтгүй үйл явц болгох,
-Суралцагчийн хэрэгцээ, бодит нөхцлийг тооцсон сургалтын  олон хэлбэр[14]-ийг бий болгох,
-Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны хэрэгцээ, шаардлага, чадвар, чадамж[15]-д нийцүүлэн багш бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сайжруулах, үзэл баримтлал, бүтэц, зохиомж, арга зүйг боловсронгуй болгож хөгжих хэмнэлд нь оруулах
-Оюутанд нээлттэй, ээлтэй орчинг бүрдүүлэх, цахимжуулах[16], интернет ашиглах боломжийг сайжруулах, компьютерийн лабораторийн тоог нэмэгдүүлэх,
-Мэдээлэл, харилцаа, технологийг сургалтын удирдлагад онож, үнэн хэрэглэх замаар оюутан багшийн харилцааг хялбарчлах, хөнгөвчлөх, дарамтгүй, нөхөрсөг болгох, үр ашигтай болгох,
-Сургуулийн анги танхим, дотуур байрны гэрэлтүүлэлт, агааржуулалтыг сайжруулах, ОО-ын тоог оюутны тоонд уялдуулан нэмэх, үнэрийг арилгах, эрүүл ахуйн хяналтыг тогтмолжуулах
-Сургуулийн орчныг  хир, хог, хоолны нигшсэн үнэргүй болгож  оюун ухаан бүтээлчээр  ажиллах таатай нөхцлийг бүрдүүлсэн эрүүл, зохистой, харьцангуй хямд хоол, цайны газрыг ажиллуулах

7.      Хөгжих оролцоо
Оролцоо  ардчилсан нийгмийн нэгэн үнэт зүйл. Оролцоо үгүй бол ардчилал угтаа үгүй. Ингэхэд тэнд  “захиргаа”, захирал” гэсэн нэрийн дор захиргаадалт, дарангуйлал амилж, цаашилбал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс үгүйрдэг. Ийм байгууллагад үнэн хөгжил ирдэггүй.   Харин хөгжих оролцоог хангасан зөвхөн тэр байгууллага  хөгжих, дэвших хэмнэлээр хөглөгдөнө.
Одоогийн МУБИС –ийн удирдлагад оролцоо огт алга. Хамт олны төлөөлөл гэх эрдмийн зөвлөл нь захиргааны төлөөллөөр дүүрч угтаа захирлын зөвлөл болсон. Удирдах зөвлөл нь угтаа төрийн төлөөллөөр дүүрч яамны зөвлөл болсон. Үйлдвэрчний эвлэл ажилладаггүй. Багш нарын холбоо багшийг холбоолох бус харин салбайлгаж орхиод сураг ч үгүй  болсон. Оюутны холбоо оюутны эрх ашиг гэхээсээ улс төрийн хүчин мэт авирладаг.  Оролцоо ингэж үгүйрэхэд хөндлөнгийн хяналт ч үгүй,  бас олон ургалч үзэл үгүй болох.  Дүнд нь захиргаа гэх нэрээр захиргаадалт амилж  хөгжлийг чөдөрлөнө. Ийм болоход авилгажсан гэмээр үйл, үр элбэг, авир  ил. Ийм оролцоогүй, хяналтгүй байдлыг таслан зогсоож хөгжих оролцоог бий болгохын тулд дор дурдсан өөрчлөлтийг  хийх нь жинхэнэ захирлын чин үүрэг мөн.
-Эрдмийн зөвлөлд дахь захиргааны төлөөллийг эрс багасгаж, чиг үүргийн хуваарилалтыг нарийн тогтоож дүрэмжүүлэх,хуульчлах,
-Хамтын олны зөвлөлийг байгуулах, түүнийг хамт олны санал, бодол, үндэслэлийг хөгжилд тусгах  нэгэн суваг болгон хэрэглэх,
-Оюутны зөвлөл, үйлдвэрчний эвлэлийг жинхэнэ утгаар нь ажиллуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэх, сургалтанд хамруулах, дэмжих, хөгжлийн хэмнэлд нэгтгэх
-Багш нарын сайн сайхныг төлөө ажиллаж буй  бүхий л  байгууллага, тухайлбал, Монголын Багш нарын холбоотой урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулах, хамтран үр бүтээлтэй ажиллах.


8.      Хөгжих хэмнэл  хөгжлийн бодлого
Хэвийн  ажиллаж байхад зорилго аяараа биелэхээр хэмнэлжсэн байх нь байгууллагын хөгжлийн язгуур мөн. Иймд хөгжих өртөг, хөгжих оюутан, хөгжих профессор, хөгжих орчин, хөгжих оролцоог бодиттой болгох, байгууллага хэвийн ажиллах, улмаар багш сайн бэлтгэгдэх хэмнэлийг бүтээх нь чухамдаа багш бэлтгэх их сургуулийн хөгжлийн бодлого мөн. 
      Өнөөдрийн МУБИС, маргаашийн УБИС-ийг хөгжлийн хэмнэлд хөтлөхийн тулд дараах стратеги,  бодлого, зорилтыг хэрэгжүүлнэ:
-Багш бэлтгэх их сургуулийн статус, академик эрх чөлөө, бие даасан байдал, оноосон нэр, элсэлт, санхүүжилт, багш болох оюутныг улсын бүрэн тэтгэлгээр суралцах онцгой байдлыг тогтоосон хууль боловсруулах, батлуулах,
-Багш бэлтгэх их сургуулийн өөрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, тус сургуулийн удирдах зөвлөлд дэхь төрийн төлөөллийн хувийг 49-ээс хэтрүүлэхгүй байлгах, түүнийг хуульчлах,
-Багшийн ажлын чиг үүрэг, цалин хөлсний талаарх бодлого боловсруулахад тус сургуулийн оролцоог нэмэгдүүлэх, эрх үүргийн хуульчлах,
-Багш бэлтгэх их сургуулийн захирлыг сургуулийн удирдах зөвлөлөөс  хамт олны саналыг үндэслэн тогтсон хугацаагаар томилдог, мөн эргүүлэн татдаг болох,
Хөгжлийн өртгийг бодиттой тогтоож, улсын сургуулиар багш бэлтгэх зардлыг төрөөс бүрэн санхүүжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх,
-Хөгжих өртөгт үндэслэн сургуулийн бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, тэрхүү бүтэц, бүрэлдэхүүнээр харьцангуй урт хугацаанд тогтвортой ажиллах.
Өнөөдрийн МУБИС, маргаашийн УБИС-ийг толилуулж буй эл ур ухаанаар хөгжлийн хэмнэлд  оруулахад  хамтын олны өргөн оролцоо, зон олны олон талт дэмжлэг, үндэсний түвшний ойлголцлол, зөвшилцлөл,  хууль тогтоогчдын гүн ухаарал нэн хэрэгтэй болохыг онцлон тэмдэглэж байна.
Багш бэлтгэх их сургууль хөгжлийн хэмнэлдээ ороход багш чансаажиж боловсрол чанаржина. Тэгээд нийгэм дэвшиж Монгол урагшилна.

-000-




[1] Luvsandorj Ts (2010), Investigation into factors affecting the quality of education, Master thesis, University of Adelaide, Australia
[2] УБДС- Улсын Багшийн Дээд Сургууль
[3] УБИС- Улсын Багшийн Их сургууль
[4] МУБИС-Монгол Улсын Боловсролын Их Сургууль
[5] Luvsandorj Ts (2010), Investigation into factors affecting the quality of education, Master thesis, University of Adelaide, Australia
[6] APACC (2013), Accreditation instrument: evaluation parameters and criteria,
[7]  Teacher University of Mongolia, shortened as TUM in English
[8]  Report on activity -based costing approach to MCA-TVET-PIU, 2013, MONEF, UB, edited by Luvsandorj.Ts
[9] Ц.Лувсандорж (2013), Сайн багшийн шинж, ессе, http://ikhseminar.blogspot.com; Ts.Luvsandorj, (2009), Investigations into the quality of teaching, essay, University of Adelaide, in http://mr-institute.blogspot.com
                   [10]Ц.Лувсандорж (2011-2014), “Боловсролыг Кембрижчлэх нь ухралт мөн, харин урвалт уу”;  http://undesniibolovsrol.blogspot.com
                    [11] Ц.Лувсандорж (2011-2014), “Үдийн цай үдийн хорлол болжээ”, http://undesniibolovsrol.blogspot.com
[12]Ц.Лувсандорж (2011-2014), , “Математик боловсрол: хэлбэрдэх үү, хэрэглэх үү?”, http://ikhseminar.blogspot.com
[13] Том хүн- насан хүрэгч
[14] Luvsandorj.Ts (2003), Alternative learning and its equivalency, essay, University of Adelaide,  http://mr- institute.blogspot.com
[15] Ts.Luvsandorj (co-author) (2013),  Achievements, lessons learnt  and sustainability of the MCA-M-TVET: competency based standards and curriculum ; teaching and learning environment
[16] Report on e-learning objects and  their ICT and didactic requirements under the MEDS-ADB-ESRP by Luvsandorj.Ts, 2013, UB

Friday, April 4, 2014

Хүний хэмжээсийн язгуур чанар: Бөөмлөг үү, Долгиоллог уу?

Хүний хэмжээсийн язгуур чанар: Бөөмлөг үү, Долгиоллог уу?
Хүн  мах, яснаас бүтсэн дан ганц биологийн оршихуй төдий биш. Тэр биологи төдийгүй оюун ухаантай оршихуй болох нь шинжлэх ухааны олон чиглэлийн судалгаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, “хүн физиклэг, оюунлаг гэсэн 2 хэмжээстэй оршихуй” гэдэг ньнийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт болжээ. Гэвч хүнийг танихад  дээрх хоёр  хэмжээс хангалттай юу гэсэн асуулт зүй ёсоор урган гардаг.
Энэ асуултад одоо хүртэл нэг мөр хариулаагүй байна.  Гэвч олон соёлын олон сургааль номлолд хүнийг гурван хэмжээстэйгээр авч үзэж ирсэн. Дорно дахины соёл иргэншилд “хүнийг бие, хэл, сэтгэл бүхийтэн”[1] гэж үздэг байхад өрнийхөд “түүнийг бие, оюун, спирит[2]бүхий оршихуй”[3] гэж  үзэх нь түгээмэл. Дорнын ч, өрнийн ч ухаарал дор хүнийг ийнхүү гурван хэмжээстэйгээр үзэж ирсэн нь нэн сонирхолтой. 
Дорнын ч, өрнийн ч соёл, иргэншилд хүнийг тодорхойлоход түгээмэл хэрэглэгдэж  ирсэн түүний гурав дахь хэмжээсийг язгуур чанар, агуулгаар нь “материаллаг ч бус, оюунлаг ч бус” хэмээн илэрхийлж  болно. Агуулга нь ийнхүү  илэрхийлэгдэх хүний гурав дахь хэмжээсийг1984 оны 5 дугаар сард Дэлхийн Эрүүл Мэндийн 37 дугаар чуулганаас Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын гишүүн орнуудад хандаж эрүүл мэндийн стратеги боловсруулах чиглэлээр   гаргасан “WHA37.13“ тоот шийдвэрээр  “эрүүл мэнд” гэсэн ухагдахууны хүрээнд дэлхий нийтээр анх удаа хүлээн зөвшөөрсөн байна.
Энэхүү шийдвэрт “эрүүл байна гэдэг нь “өвчин үгүй” гэсэн төдий  биш, харин  физик, оюун, нийгмийн бүхэллэг оршихуй болохын хувьд бүхэлдээ эрүүл байхыг  хэлнэ...”  гээд  “хүнийг эрүүл” гэдгийг  тодорхойлоход биологи, оюуны хэмжээс төдийгүй спиритлэг хэмжээсийг оруулж тооцохыг зөвлөсөн байна[4].
 Энэхүү түүхэн шийдвэрт  хүрэх урт хэлэлцүүлэгийн явцад материалист, позитивист сэтгэлгээ давамгайлж байдаг Франц улсын төлөөлөл Андре Малракс “ирэх зуун спиричиул зуун байна. Эсвэл юу ч үгүй зуун болно” гэж хэлсэн нь нэн сонирхолтой.
Хүний физик хэмжээсийн утга, агуулгыг тээгч бие бүхэлдээ долгион баригч, мөн долгион үйлдвэрлэгч юм. Хүний тархи нь цахилгаан соронзон эрчим ялгаруулж ажилладаг цахилгаан-химийн эрхтэн юм. Түүнээс бета (13 -15 герц), альфа[5](8-12герц),тетта(4-8 герц), дельта(0.5-4герц) долгионыг ялгаруулдаг (График 1; Хүснэгт 2)[6].

График 1: Хүний долгионы төлөв
http://www.bibliotecapleyades.net/imagenes_ciencia/brain01.gif


Хүснэгт 2: Хүний долгионы давтамж

Долгионы төрөл
Герцийн
хэмжээ
Долгион үүсэх үеийн тархины үндсэн үйл ажиллагаа
1.        
бета
13 -15
логик бодол, анализ, оюуны бусад үйлдэл
2.        
альфа
8-12
бясалгах, амрах
3.        
тетта
4-8
гүн бясалгах, амьдралыг дүрслэн зураглах
4.        
дельта
0.5-4
гүн нойрсох, амрах
5.        
мю
8–13 

6.        
гамма
25–100 


Гүйцэтгэж байгаа тухайн үйлдлээс хамаарч хүний  долгионы  төлөв өөрчлөгдөнө. Тухайлбал, анхаарал төвлөрөх, бясалгал хийх үед хүний долгионы герц дараах байдлаар өөрчлөгддөгбайна[7]

Хүснэгт 3:  Төвлөрлийн үеийн хүний долгионы төлөв

Долгионы төрөл
Герцийн
Хэмжээ
7.        
бета
13 -30
8.        
альфа
7-13
9.        
тетта
4-7
10.    
дельта
1.5-4

Иймд  ялгарах долгионы төрлөөр нь хүний тухайн төлвийг бета;альфа;тетта; дельта  гэж нэрлэн ярьж болох нь эндээс харагдаж байна. 

Хүний оюунлаг хэмжээсийн утга, агуулгыг тээгч бодол, санаа, ухамсар, эргэцүүлэл, сэтгэлгээ, эмоци нь долгион[8] юм. Учир нь тэр тархины эсүүдийн хэлбэлзэл, түүнээс үүдсэн цахилгаан соронзон орон, тэдгээрийн харилцан үйлчлэлийн үр дүн юм.

           “Материаллаг ч бус, оюунлаг ч бус” гэж илэрхийлэгдэх хүний гурав дахь хэмжээсийн язгуур мөн чанарт   “гэрэл, аялгуу, үг…-ээр дөхнө, мэдэрнэ”  гэсэн түгээмэл итгэл, ойлголт олон  соёлд байдаг. Энэ нь ч  “бараг үхэх” үзэгдлийг энэ цагийн шинжлэх ухаанч судалгаагаар нотлогдож байна[9].

Дан бие, дан оюунаар гэгээрэлд хүрэхгүй,харин  хүний гурван хэмжээсийг илэрхийлэгч язгуур чанарынбүхэлжсэн дэвшил, хөгжлөөр л хүрнэ. Хүний хөгжлийн энэ төлвийг “гэгээрэл[10]”, энэ төлөвт хүрсэн хүнийг “гэгээнтэн”  гэж ярьдаг.  Энд дурдагдсан “гэгээрэл, гэгээнтэн” гэсэн үг, хэллэгийн язгуурт “гэрэл, гэгээ” байна.  Квант физикт “гэрэл бөөмлөг ч, бас долгиоллог ч  чанартай” болох нь нотлогдсон. Иймд хүний гурав дахь хэмжээс мөн л долгион.

Хүний гурван хэмжээсийн мөн чанарыг оруулж тооцсон хүмүүн бол “бүхэл хүн” юм. Бүхэл хүний уг язгуур нь долгион. Энэхүү таамаглал, дүгнэлт нь квант физикийн “матери бөөмлөг, бас долгионлог”[11] гэсэн алдарт постулаттай утга санаа нэг.

Ц.Лувсандорж, Ж.Баярсайхан
2014 оны  3 дугаар сарын 27-ны өдөр



[1]72 дугаар дурдсан эх сурвалжтай
[2]Спирит-spirit
[3]Kenneth E. Hagin(1994), Man on three dimensions: Volume I of the Spirit, Soul, and Body Series,
Copyright © 1973 RHEMA Bible Church, AKA Kenneth Hagin Ministries, Inc.All Rights Reserved, Printed in USAEighteenth Printing, ISBN 0-89276-020-6, p7
[4]Hoyman, H. S. (1966),  the Spiritual dimension of man’s health in today’s world, Journal of school Health, 36:52-63 doi: 10.1111/j.1746-1561.1966
[5]Альфа-аlpha. Герман Улсын эрдэмтэн, мэдрэл судлаач  Ханс Бергер (Hans Berger) энэхүү долгионыг анх нээсэн тул Бергерийн долгион гэж нэрлэх явдал бий.
[6]Pivik R. T., Harman K. (1995). A Reconceptualization of EEG alpha activity as an index of arousal during sleep: all alpha activity is not equal, Journal of Sleep Research. 4(3):131-137; Germanowicz D, Lumertz MS, Martinez D, Margarites AF (2006). "Sleep disordered breathing concomitant with fibromyalgia syndrome". J Bras Pneumol32 (4): 333–8; "Brain Wave Patterns Can Predict Blunders, New Study Finds". UC Davis News and Information. University of California, Davis campus. 23 March 2009; http://www.straightdope.com;Brazier, M. A. B. (1970), The Electrical Activity of the Nervous System, London: Pitman; John A. Gowan(2010)The Information pathway (revised Aug., 2010)



[7]Meditation found to increase brain size,PhysOrg - January 31, 2006 in http://www.google.com
 
[8]Tan Le (2010): A headset that reads your brainwaves, video lecture  by  TEDGlobal 2010, http://www.ted.com/speakers/tan_le.html
[9]Ц.Лувсандорж (2013), Та мөнх, академик ессэ, http://undesniibolovsrol.blogspot.com; “Үндэсний мэдээ” сонин
[10]гэгээрэл-enlightenment, enlightment=en+light+ment, light- гэрэ

[11]John D. Norton, the Quantum Theory of Waves and Particles, Department of History and Philosophy of ScienceUniversity of Pittsburgh