Friday, October 24, 2014

МОНГОЛЫН БАГШ НАРЫН САЛБАА



МОНГОЛЫН БАГШ НАРЫН САЛБАА

Монголын багш нарын холбоо нь нөгөө айхтар гэх социализм, коммунизмын үед хүртэл амьд төрж, бойжин өндийж, багш нарыг холбоолж, тэдний эрх ашгийг боловсролын эрх ашигтай нь хамтатган хамгаалж ирсэн  багшид ачтай, боловсролд тустай байгууллага байлаа, хөөрхий. Гэтэл,  хүний эрх, эрх чөлөө дээдэлсэн гэх, оролцоог чухалчилсан гэх яагаав, нөгөө ардчилал, авилгын дор тэр багш нарыг  салбаалган орхидог салбаа болж гэнэт хувирав. Багш нарыг холбоолох ёстой холбоо ийнхүү тэднийг салбаалгах салбаа болоход хөөрхий муу багш  л “үнсэнд хаягдсан шалз лугаа” мэт болж үнэн  хохирч, муухай салбааж байна.

                                        Холбоогүй багш салбааж байна

        Холбоолон дэвшиж байхдаа  монгол зон олныг  их бичиг үсэгт тайлж, хүнээ сэхээрүүлж нийгмээ гэгээрүүлсэн түүхэн амжилтаараа дэлхийн нийтийг гайхшируулж байсан багш нар одоо “улсаараа улсынхаа шалгалтанд унадаг; нийтээрээ олон улсын шалгалтад бүдэрдэг, бүтэлгүйддэг” муу үйлийн шалтгаант эзнээр тодрон салбааж байна.

Холбоолон хөгжиж байхдаа сард 65 толгой төлгөн сүргийн үнээр цалинждаг байсан багш одоо ердөө л ихдээ  6-хан төлгөний цэнээр сарын турш амь зуух гэж зүтгэн “цалин нэмнэ” гэсэн хоёрхон үгэнд хууртан хууртсаар ядууран салбааж явна.   

            Холбоолон нэгдэж байхдаа зөвхөн мэдлэг, чадвар, ур ухаанаараа шударга уралдаж, хийснээ л бодиттой үнэллүүлэх тунгалаг үйлстэн байсан багш нар одоо нам дагаж намиран, ламд сөгдөж мунгинан, хийгээгүйнхээ төлөө хийрхлийн одон, медалийн эзэн болох донд  бохирдон салбааж сууна.

Холбоолон цэцэглэж байхдаа нийгмийн урд явж, манлайлагч, соён гэгээрүүлэгч нь болж байсан багш нар одоо нийгмийн ард хоцорчих гээд, ард, ядуу болчих гээд сандарган салбаалж айлгана.

Багшийн холбоо салбаахад боловсролын сайд амгалан

           Боловсролын салбар, боловсруулах талбарын үнэн эзэн, бодит босс нь угтаа, боловсролын сайд биш, харин багш нарын холбоо, түүний тэргүүн байдаг. Энэ холбоо, тэр тэргүүн нь “Багш аа гэсээр хүүхэд ээ гэдэг. Хүүхэд ээ гэсээр хүнээ гэдэг. Хүнээ гэсээр нийгмээ гэдэг” юм.  Ийм ч учраас, ардчилал үнэн хөгжиж, оролцоо бодит болсон улс оронд багш нарын холбоо шиг том хүчин байдаггүй. Энэ том хүчнээс, юуны өмнө, хамгийн түрүүнд, боловсролын сайд л их эмээж байх.  Эв  дүйгээ эвтэйхээн түүнтэй олох гэж хичээх. “Огцор” гээд холбоо нэг дуугарвал  шууд л дуусдаг болохоор тэр юм.
           Ардчилал  аргалах  аргачлал төдийхэн болоод ирэхэд боловсролын сайд бүхэн л цэрвэж эмээж явдаг нөгөө багш нарын холбоог яаж хийгээд эвтэйхэн аргалахыг хичээдэг.  Энэ аргалт, хууралтын арга зам, хэлбэр их олон янз аа.  Түүний дотроос хамгийн хортой нь холбоог дотроос нь задалж салбаалгах заль. Үүний хийхийн тулд үе үеэрээ их л элдэвлэх.
Ахмад багшийн нарын холбоог байгуулж, сайдын өргөөнд оффисжуулна.  “Ахмад багш нарынхаа эрх ашгийн хамгаалж, туршлагаасаа сайдад хуваалцана” гээд л хийрхэнэ. Бас багш нарыг шагналд тодорхойлох гэдгээрээ шагналын донтонг өөртөө татна. Амийг нь таглана.  Өнгөц ажихад монголын багш нарын холбоо уу, ахмад багш нарын холбоо уу  гэдгийг аль болох ялгагдахгүй болгоод авах.  Ахмад багш нарын холбоо дэмжсэн гэдгээр Монголын багш нарын холбоо дэмжсэн мэт харагдуулах сайхан боломж бас гаргаад ирэх нь энэ.
 Бас болоогүй ээ.  Залуу багш нарын холбоог байгуулж, дэмжинэ. Залуу эрдэмтэн, залуу судлаач гээд л элдэвлэх.  Бүр болоогүй, Математикийн багш нарын холбоо,  Монгол хэлний багш нарын холбоо, Хими,  физик, биологи, бага, дунд, ахлах ангийн багш нарын холбоо  гээд л ёстой янз янзаар нь салаажуулж өгнө дөө. Бүр сүүлдээ, холбоо ч биш, багш нарын академи,  багш нарын нийгэмлэг, ассоциаци, нэгдэл гээд л ялгахын аргагүй болтол нь салаалан салбаалгана.
Энэ бүх салаа, салбаалалтын дунд  Монголын багш нарын холбооны багшид тустай, боловсролд нэмэртэй үйлс  үгүйрч, тэр өөрөө өөрийгөө булшилна. Энэ зуур, харин,  багш гэх сайхан нэрээр муруй үйл хийгчдын тоо л өдрөөс өдөрт эрс элбэгшинэ. Дүнд боловсролын сайд л айж эмээх зүйлгүй болж, хааяа хааяа шагнал энэ тэрээр салаалан салбаасан холбоог бүр салбаалган тоглож  их л амгалан суух. 

            Багш нарын холбоо салбаахад боловсролын сайд “амгалан нууран дахь нугас” лугаа.  Холбоо үгүй  багш нар, харин,  “үнсэнд хаягдсан шалз” лугаа.

Ц.Лувсандорж
2014 оны 10-р сарын 24-ны өдөр