Monday, December 14, 2015

Хайр


Үнэн хайр мөнхийн хайрын үлгэр оюутан                    цагийн хэдхээн андынхаа гэгээн үехлийг дурсан дуурсган энэхүү мөрүүдийг тэрлэв.


                                                              Хайр

Холдох тусам тодорч бодогддог

Өтлөх тусам нялхарч мэдрэгддэг

Зөнд баригдаж зүүдэнд ирдэг

Бодолд өнжиж нойр хулжаадаг

Үг үгүй өнгө үгүй

Үлгэр үгүй нөхцөл үгүй

Үнэн хайр мөнхийн хайр

Мөнхийн хайр үнэн хайр

Сэтгэл алдарсан зүрхэнд амилдаг

Өр нимгэрсэн харцанд илэрдэг

Малгайлах цасны хэмэнд шивнэдэг

Сэвэлзэх салхины аясад эгшиглэдэг

Буруу үгүй зөв үгүй

Гэмшил үгүй нэхэл үгүй

Мөнхийн хайр үнэн хайр

Үнэн хайр мөнхийн хайр

Буурал намрын хонгор салхитай хамт

Будант өдрийн бороо манантай хамт

Үргэлж санагалзах төөрөг тавилантай хамт

Чимээгүй аяараа урсах нулимстай хамт

Зовлон үгүй жаргал үгүй

Эртдэхгүй оройтохгүй

Үнэн хайр мөнхийн хайр

Мөнхийн хайр үнэн хайр

Ц.Лувсандорж

2015 оны 12-р сарын 14-ний өдөр

Saturday, November 28, 2015

Хийрхэлизмээс ангид өс. залуус


                                                                    Ю. Цэдэнбалийн 100  жилийн ойг тэмдэглэл тухай
                                                                                                            их хурлын хэлэлцүүлгээс төрсөн эргэцүүлэл


Хийрхэлизмээс ангид өс. залуус


Бидний дуурайж ядаж байгаа улсууд социализм л байгуулсаар байна. Хөдөлмөрийн нам нэртэйгээр ихэнхи улсад нийгэм журам ярьж байгаа. Францад социалист нам төр барьж байна. Ихэнхи улсад хөдөлмөрийн нам гэх үнэндээ бол социалист нам нь төр барьж байна. Америкийн ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийн нэг "би социалист" гэж хэлж, ардчилалд үеэрээ ард болж ядуурсан ажилчид, бас залуус түүний уухайлан дэмжиж, намч капиталистуудыг сандаргаж эхэлж байна. Социализм аймшиг гэж тархиа угаалгаж байсан  АНУ-ын ажилчин иргэд одоо  капитализм харин аймшиг юм байна гэдгийг мэдэрч эхэлжээ. Энэ байдлыг харсан сэргэлэн нэг нь тэнд социализм ярьж улстөр хийж байна. Дэвшлээрээ биднээс их холгүй байсан Социалист Вьетнам улсаа ч, дэргэдэх Коммунист Хятад аа нэг  сайн харьцуулж хар. 

Социализм муу изм биш. Харин түүнийг муухайруулж хэрэглэсэнд л түүний муухай нь байгаа юм. Ардчилал муухай биш харин түүнийг алийг нь алдуулан хэрэглэж байгаад муу нь байгаа юм.


Их эзэнт гүрнээс хойш нэг л том дутагдал бидэнд байсаар ирсэн. Тэр нь хийрхдэг. Хийрхэлизм. Манай ардчилал хийрхэлизм болсон. Манай социализм ч хийрхэлизм ихтэй байсан.  Хийрхэлизмээс ангижрах их энгийн ганц арга бий. Анхны нөхцлөө тооцож хийх. Харин анхны нөхцлөө мартаж марзагнан хийрхэх биш юм.

Цэдэнбал алдаа оноотой удирдагч байсан. Хийрхэлизмд өртсөн нь түүний алдаа. Яг одоогийн хийрхэгчидтэй адилаар. Харин монголын төлөө, нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндэд их зүйл удирдаж хийсэн нь түүний оноо. Энэ оноогоороо тэр хэдэн жилийн ч ойгоо ч тэмдэглүүлэх гавьяатай нэгэн. Хийрхэхээс өөр зүйл үгүй улс төрд өтөлж байгаа хийрхэгчид харин олоон байна. Тэдэнд харин тэмдэглүүлэх түүхэн гавьяа байх юм болов уу.

Анхны нөхцлөө тооцон амьдрал ахуйгаа аяатайхан аваад явахад дэлхийд нэртэй гэж хийрхэгдэх их сургуульд сурч хийрхэгч болох огт хэрэггүй. Харин хийрхэхээс хол байж хийж өс.  Хийрхэж биш харин хийж үлгэрлэ. Залуус.


Ц.Лувсандорж

2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
 

Sunday, September 27, 2015

Яана даа энэ улс, яана даа, энэ боловсрол.


Яана даа энэ улс, яана даа, энэ боловсрол

Сургууль халтар мөнгөний хачин машин болчихоод байна. Хамгийн ойрхон сонсогдох сурах бичгийг аваад нэг үз. Яамны заавал авах сурах бичиг, захирлын зуучлалын сурах бичиг (ихэвчлэн танилынх, журмын нөхдийнх ном, гарын авлага), хичээлийн эрхлэгчийн шахааны сурах бичиг (хэн нэгэн багширхүү юмны номорхүү юм байх), багшийн халтвар сурах бичиг (Гавьяатын гайт, ха-гийн хачин гажигт, да-гийн хулхи гэх зэрэг ийм алдарт хочтой алдарт халтварууд олон байх). Энэ бүх сурах бичгийг эцэг эх үр хүүхдийнхээ сэтгэлийг бодон сүүлийн сохор зоосоо төлж авч өгдөг юм.

Хамгийн харамсалтай нь, энэ сурах үнэндээ сургахгүй бичиг байх.Түмэн алдаа, буман хуурмаг. Энэ бүх худал хуурмагаас нэг хэсэг нь халтар хэдэн төгрөг олсон мэт харагдавч, эцэстээ, бид улсаараа нийлж улсаа хуурсан л байх.

Боловсролыг үнэн доройтуулж, багшийг үнэн дордуулж байна. Яана даа энэ улс, яана даа, энэ боловсрол.

Ц.Лувсандорж

2015 оны 9-р сарын 28-ны өдөр

 

Sunday, June 7, 2015

Төгсөгчийн гоморхол


Төгсөгчийн гоморхол


“Төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг уяхан цэнхэр хавраа мартахгүй” хэмээн эгшиглүүлэн дуулж явсан тэр цагийн залуу сэхээтний энэ цагийн үргэлжлэл хөөрхий төгсөгч хонхны баяргүй болсондоо хорсож гомдоогүй ч,  төгссөн ч төгсдөггүй шалгалтын их эргүүлэгт орчихсондоо гоморхон  суух.  Итгэж өгдөггүй төртэй, эдлэж болдоггүй дипломтой байгаадаа гуниж явах, тэд.


Энэ цагийн гоморхсон энэ төгсөгч тэр жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын золиос юм, хөөрхий. Арван хоёр жилийн турш дуслуулсан  хүүхдийн хөлсийн хэмжээ, багшийн зүтгэлийн илэрхийлэл болох явцын үнэлгээ, дүнгийн дундажийг төр элсэлтийн ерөнхий  шалгалт гэгч мөнгө хүүлэх хэрэгслэлээр  хоёрхон цагийн дотор л үгүй хийдэг юм. Бодит байдлын хуурмаг энэ үгүйсгэлээр төгсөгч хүүхэд бүр их хохирч үлддэг,золиослодог.


Хүүхэд насны хүсэл мөрөөдлөө энэ шалгалтын босгоор чөдөрлүүлж, нэг насаараа хохирсон нь цөөнгүй, хөөрхий. Арван хоёр  жилийн сурлагын амжилтаа энэ шалгалтын алдаатай бодлогоор баллуулж ард үлдэж ард болсон нь олон, хөөрхий. Арван хоёр жилийн турш амжилт олоогүй нэгэн элсэлтийн ерөнхий шалгалтаар гэнэт их тодорч гаргах нь бас их элбэг. Аз таарсан л гэх. Элсэлтийн ерөнхий шалгалт гэгч энэ хийрхсэн бодлого нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчөөр ингэж л тохуурхаж байх. Энэ тохуурхалын дүнд нэг хэсэг нь долоохон хоногт тэрбум тэрбумаар мөнгө хийж хөлжих байхад хөөрхий төгсөгч уяхан цэнхэр хавраа ч дуулах  тэнхээгүй урвайж суух. Ийм даамжирсан урвайлт, бас энэ талын бүх  дарамтыг дааж үл чадсан  нь   энэ амьдралаас өөрсдөө яваад өгдөг бодит тохиолдол энд тэнд элбэг.  Өмнөд солонгос улсад ийм залуус үсэрч амиа золиослодог гүүр байхад Энэтхэг улсад ийм залуус боож амиа егүүтгэдэг уул бий. Тэдний үлдээсэн зурвас дотор “биднийг хайрлаж бай” гэсэн үг бас бий. Энэ байдал энэ улсад ингэж даамжирвал үр дүнд тиймэрхүү нэг газар удахгүй бий болох юм байгаа биз.


Мэргэжлийн багшийнхаа арван хоёр жилийн турш хийсэн мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт,шалгалтын дүнд итгэж өгдөггүй яасан ч хартай төр вэ, энэ засаг. Арван хоёр жилийн турш боловсорсон хүүхдийн урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, хийсэн хөдөлмөр, хөлсний цэнэ болсон энэ гэрчилгээ нь яасан ч үнэгүй, жингүй  цаас вэ?


Энэ цагт гомдсон тэр төгсөгч ирэх намрын ажлын эрх олгох шалгалтын золиос юм, хөөрхий. Цэл залуу хүний дөрвөн жилийн турш дуслуулсан хөлс, хөдөлмөрийнх нь хэмжээ, профессор багшийн их зүтгэлийн илэрхийлэл хийгээд сургалтын төлбөрийн төлөөс нь болох голч дүнгийн цэнг төр ажлын эрх олгох шалгалт гэгч мөнгө хүүлэх хэрэгслэлээр ганцхан өдөр л үгүй хийдэг юм. Бодит үнэлгээний хуурмаг энэ үгүйсгэлээр дөрвөн жилийн турш профессороор шалгуулж сая нэг төгссөн төгсөгч бүр  их  хохирч үлддэг, золиослодог.


Төгссөн  ч төгсгөдөггүй шалгалтын ээлжит энэ давааг даваагүй нь ажиллах эрхгүй, хэзээ ч ажиллахгүй гэж бодохоор тэр төгсөгч хөмсгөө зангидан хүрлийж суух нь аргагүй юм, хөөрхий. Гоморхож суух нь ч зөв юм, эвий. Бас аргаа ядан найман мянган сорил бүхий номыг сураглаж явах ч  буруу бус, хөөрхий. Ажлын эрх олгох шалгалтыг алийгаа алдаад ч болов давах тухай буруу бодол өөртөө ургуулахыг нь буруутгаад юухэв, хөөрхий.  Бас өөрийгөө төдийгүй өрөөлийг бодон ерөөсөө нэгдэн тэмцэх гэж зорьж буйг нь нухчин дараад ч юухэв,  хөөрхий. Дөрвөн жилийн турш сурлагадаа амжилт олоогүй нэгэн ажлын эрхийн шалгалтаар гэнэт тодорч гаргах  бас бий. Аз таарсан л гэх.  Ажлын эрх олгох шалгалт гэх хүнийссэн энэ бодлого нь багш мэргэжлээр төгсөгчдөөр ингэж л тохуурхаж байх. Энэ тохуурхлын дүнд нэг хэсэг нь нэг өдөрт  сая саяар  мөнгө хийж хөлжиж байхад хөөрхий төгсөгч уяхан цэнхэр хавраа ч аялах тэнхээгүй урвайж явах.


 Их сургуулийн профессор багшийн дөрвөн жилийн турш хийсэн ажиглалт, үнэлгээ, дүгнэлт, шалгалт, дүнд итгэж өгддөггүй яасан ч харлаган төр вэ, энэ засаг. Дөрвөн жилийн турш мэргэшсэн цэл залуу хүний урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, золиослосон эрүүл мэнд, үрсэн цаг, төлсөн төлбөрийн төлөөс болсон энэ диплом яасан ч үнэгүй, цэнэгүй цаас вэ?


Энэ цагт гундсан энэ төгсөгч ирэх хаврын багшлах эрх шалгалтын эзэд юм, хөөрхий. Аз таарч ажлын эрхийн шалгалтыг давах нь арав хүрэхгүй хувь, тэднээс ажилд орох нь үндсэндээ нэг хүрэхгүй хувь. Ажил олсон энэ нэг хувьд үнэндээ алдарт шалгалтуудын дүн их бага, харин арын хаалга, авилга л их нөлөөлсөн байх. “Шалгалтын эргүүлгийг давлаа ч,  яг ажилд ороход, эцэстээ, дор хаяж 2-3 сарын цалингаа захиралдаа барьцаа болгож барьдаг жишиг зэм биш бүр зам болчихсон байна, багшаа”  гэхийг гоморхсон төгсөгчдөөс сонсох нь тун энүүхэнд, бас элбэг, энэ цагт.


 Багшлах эрхийн шалгалтыг давсан нь дахиад дахиад л шалгуулна. Энэ бол журам.  Нэг нь “шалгана, шалгана, шалгана”  гэж айлгасаар, нөгөө  нь “шалгуулна, шалгуулна, шалгуулна”гэж сандарсаар аль нь ч угтаа ажлаа онож хийхгүй хийрхэж байх. Дүнд нь монголоороо муу сурдаг.Улсаараа улсын шалгалтандаа унадаг угшилтай болчихсон байх (Математик, монгол хэл хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын  сурлагын амжилтын улсын дундаж гэхэд л 30 хувьд ч хүрэхгүй байгаа биз дээ, жишээ нь). Энэ нь бодлогын дэмийрэл боловсролын дампуурлын нэгэн гэрч юм.


Хүүхдийн арван хоёр жилийн турш дуслуулсан хөлснийх нь үр, зүтгэлийнх нь бодит жин болсон явцын үнэлгээ, дүнгийн дундаж, багшийн тодорхойлолтыг үндэслэн эссэ төдийхнийг нэмж түүнийг их дээд сургуульд элсүүлэх эсэхийг шийддэг нь дэлхийн нийтийн жишиг юм даа, уг нь. Гэвч доройтлын үеийн монгол төгсөгч дэргэдэх сургуульдаа ч элсэж чадахгүй, элсэх бүү хэл, элсэх өргөдөл ч гаргаж чадахгүй болтлоо тохуурхагдаж байх. 


Цэл залуу хүний дөрвөн жилийн хөдөлмөрийнх нь хэмжээ, цэнэ нь болсон сурлагын амжилтын голч дүн, профессор багшийнх нь тодорхойлолтыг үндэслэн ярилцлага төдийхнийг нэмж төгсөгчийг ажилд авах эсэхийг шийдэж болдог нь соёлт хүмүүний нийтлэг соёл юм даа, үнэн нь. Гэвч доройтлын үеийн монгол сэхээтэн дэргэд байгууллагаасаа  ажил асуучих боломж үгүй болтлоо тохуурхагдаж байх. Энэ бүхэн хүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн үнэн шинж огт биш. Харин төрийн алба,  түүний эрх мэдлийг мөнгө хүүлэх хэрэгсэл болгон ашиглах нь гэм биш, харин зан, зарчим болчихсон энэ нийгмийн алийгаа алдсных нь бодит нэгэн авир.


Ийм нэгэн цагийн хөөрхий төгсөгчийн гоморхолыг эргэцүүлж  нэг сайн үз. Хүүхдийн арван хоёрын жилийн турш урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, хийсэн хөдөлмөр, хөлсний үнэ болсон энэ гэрчилгээгээ цэнэтэйд тооцоод нэг үз. Мэргэжлийн багшийн арван  хоёр жилийн турш  хийсэн ажиглалт, шинжилт, оноошлогооны үр болсон тэдний үнэлгээ, дүгнэлтэд итгээд нэг үз. Ерөнхий боловсролын сургуульдаа ер нь найдаад нэг үз.


Цэл залуу хүний дөрвөн жилийн турш урсгасан хөлс, гаргасан зүтгэл, хассан нойр, золиослосон эрүүл мэнд, үрсэн цаг, төлсөн төлбөрийн  төлөөс болсон энэ дипломоо үнэтэйд нэг тооцоод хар. Их дээд сургуулийн профессор багшийн дөрвөн жилийн турш хийсэн ажиглалт, оношилсон оношлогооний үр болсон тэдний үнэлгээ, дүгнэлтэд итгээд нэг хар.  Их, дээд сургуульдаа бас найдаад нэг үз.


Төрийн бодлогыг төгрөг мөнгөний төлөө бус, харин төгсөгчийн сайн сайхны төлөө ашиглаад нэг үз.


Төгсөгчийг итгэж болдог төртэй, эдлэж хэрэглэдэг дипломтой болго. Тэднийг төгссөн ч төгсдөггүй шалгалтын тэр эргүүлгээс салгаж нэг өг. 


Залуус гоморхож суух бус, харин төгсөх оюутны сэтгэлийн дуу шиг уяхан цэнхэр хавраа дуулж яваг.


Ц.Лувсандорж

2015 оны 6 дугаарын 7-ны өдөр
http://undesniibolovsrol.blogspot.com/2015/06/blog-post_7.html
 http://www.shuum.mn/niitlel/niitlelch/userid/85

Sunday, April 26, 2015

Сурах бичиг орших уу, одох уу?


Сурах бичиг орших уу, одох уу?

Тэмдэг бүхэн утгатай. Утга  харин соёлын мэдрэмжтэй. Тэгэхээр тэмдэгтийн нэгсэл болох аливаа бичвэрийн утга соёлоос соёлд өөр өөр байх нээ.  Дорны дахины соёлын үнэт  зүйл болох арга билгийн дүрслэл нь дорны ихэнхи улсын төрийн туг далбаанд хүндэтгэгдэн орсон байхад  ижил хүйстнүүд, харин, түүнийг лого тэмдгээ болгосон нь бас байх.  Хас тэмдэг ч мөн өөр өөр утгаар ойлгогдох. Энэ мэт жишээг олноор нь амархан олж дурдаж болно.

Аливааг бүтээсний дараа  нураахад (дахин задлахад) түүний утга, агуулга нь өмнөхөөсөө өөрчлөгдсөн байдаг. Энэ нь угтаа, барилгыг барихаас өмнөх  материал  нь түүнийг нураасны дараах материалтай ижил биш байдагтай утга нэг. Тэгэхээр бүтээсэн бичвэрийг нураах замаар түүний өөр өөр утгыг олоод байж болох нээ. Жишээлбэл, “Ард түмэнтэйгээ амь нэгтэй” гэсэн өгүүлбэрт оюуны нураах үйдлийг хийх замаар түүний өөр нэг утгыг нэн амархан олж болно.  

Ард урдын эсрэг зүг, чигийг заасан тэмдэг нэр.  Уулын ард тал гэх. Мөн нийгмийн хөгжлийн ард хоцорсон бүлийг ард гэх. Цаашилбал “түмэн” гэсэн үгийн язгуурт түм байна. Түм арван мянгын монгол нэр.  Арван мянган морь уралдсан нэгэн шийг “Түмний нэг” гэж нэрлэсэн ч байх.  Амь  хувилгаан  биш хүнд бол нэг л байх.

Энэ бүхнийг нэгтгэн үзбэл, хүн арван мянган хүнтэй бүү хэл өөрөөсөө өөр нэг хүнтэй ч амь нэгтэй байж үл чадах. Тийм биологийн боломж түүнд байхгүй. Тэгэхээр “Ард түмэнтэйгээ амь нэгтэй” гэсэн бичвэрт олон хүний ойлгож байгаагаас өөр утга бас байна. Тэр нь бодит биш, худал, хуурмаг. Энэ мэтчилэн, “Би чамд хайртай”, “Чамд хайртай”, “Чөлөөт худалдааны гэрээ” гэх зэрэг дурын бичвэр өөртөө нэгээс илүү утгыг тээж явааг нэн хялбархан илрүүлж болно. Ийм байдаг нь ч угтаа тэмдгэн хэл харилцааны жам мэт бөлгөө.

Сурах бичиг эх хэл, тухайн шинжлэх ухааны хэл, хүүхдийн хэл гэсэн гурван хэлний нэгслээр илэрхийлэгдсэн бичвэр. Бичвэр тэмдэгтийн нэгдэл; тэмдэгтийн утга соёлын мэдрэмжтэй тул тэр хүүхэд бүрт нэг мөр ойлгогдож байх нь огт албагүй юм. Хүүхэд бүр өөр өөрөөр ойлгоод байх сурах бичгийг, тэгэхээр, бүтээх хэрэг юун.  Бүтээгдэхгүй тул тэр оршихгүй, харин, одох нээ, угтаа.

Ц.Лувсандорж

2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

 

Thursday, March 19, 2015

ХЭН Ч БИШ


ХЭН Ч БИШ

Эх хэл,  эх оронтой байх нь хэн нэгэн байхын зайлшгүй нөхцөл. Эсрэг нь харин хэн ч биш болохын хүрэлцээтэй нөхцөл. Эгэлхэн энэ утгыг эрхэмлэсэн нь хэн нэгэн байх.  Умартсан  нь харин хэн ч биш болох. Ийм хэн ч бишүүд доройтлын үед мөн их элбэгшив, энэ улсад. Тэдний үүх, түүх их ижил, дүр зураг их адил.

Харцандаа харууслын нулимс хурааж, нүүрэндээ гүн гуниг тээсэн нэгэн бүсгүй “Таныг их хүлээлээ, танаас зөвлөгөө авах гэсэн юм”  гэж зогсох.  Ихэд хүлээснийг нь хүндэтгэн  зөвлөгөө өгөхийг хичээн, түүнд бага зэрэг цаг гаргав. Яриа ийнхүү өрнөв.

“Би Англи  улсад коллеж төгссөн. Монголд ирээд удаагүй байна. Би хаана ажилд орох  эсэхээ мэдэхгүй байна. Ямар боломж байгаа талаар та надад зөвлөгөө өгөөч” гэж тэр бүсгүй надад Англиар хэлэв. Тэгэхэд нь би “Та Англиар сайн ярьдаг юм байна” гэж сайшаан “Аль улсын иргэн бэ” гэж лавлахад, тэрээр “Би Монгол улсын иргэн“ гэх.  Ингэж хариулахад нь би түүнийг ихэд өрөвдөж дотроо “хэн ч биш” гэж шивнэн яриагаа ингэж өрнүүлсэн юм.  

“Та монгол хэлээр сайн ярина биз дээ” гэхэд түүний царай ихэд барааж “Үгүй, би монголоор ярьж чадахгүй” гэж тэрээр их гутрангүй хариулав. Ингэж хариулахыг нь  би дотроо өмнө нь гадарлаж байсан тул  хариулт  нь бус  харин  түүний бараасан царай, гутрангуй дуу хоолой надад ихийг өгүүлж билээ.  Би цааш нь “Та ийм байдалд яагаад орчихов оо. Монгол хэлээр өөрийгөө бусдад чөлөөтэй илэрхийлэгч  л монголд аж төрж ажил хийнэ шүү дээ” гэхэд тэрбээр, уртаа санаа алдан “Аав, ээж маань 1991 онд  Англи улсад сургууль оруулчихсан юм. Тэгээд би Англи улсад бага, дунд, ахлах, их, дээд сургуулийг дүүргэсэн.  Миний боловсролын бүх баримт бичиг английнх  шүү дээ. Тэнд хүчинтэй. Гэвч их сургуулиа төгсөнгүүт л Англи улсад оршин суух эрх (виз) дуусаж би Монголдоо буцахаас өөр аргагүй болсон юм. Эх орондоо баяртай ирсэн ч эх хэлгүй дээ их харамсаж явна. Монгол хэлийг сурахгүй юм шиг байна аа...” гээд бараг л уйлж байсан юм.  Тэгэхэд нь түүнд би зөвлөгөө юм шиг атлаа зөвлөгөө угтаа огт биш харин гашуун ийм нэгэн үнэнийг үнэнээр  хэлсэн юм.    

“Танд ажил олохоор өөрийгөө энд сорьж болох хэд хэдэн боломж байна.  Гэхдээ энэ боломж бодит болно оо гэдэг би хувьдаа их эргэлзэж байна” гээд эхний боломжийг хуваалцав.

“Та Монгол улсын иргэнийхээ хувьд энэ улсын хаана ч, ямар ч байгууллагад ажиллаж болно. Гэхдээ та эх хэл монгол хэлээрээ чөлөөтэй ярьдаг, бичдэг, харьцдаг байх ёстой. Англиар тийм байх нь харин огт албагүй юм л даа, энд. Энэ боломжийг бодит болгохын тулд та танил тал гэхээсээ илүүтэй нэгэн зүйлийг их эрхэмлэн хийх хэрэгтэй. Монгол хэлээ эхнээс нь сур. Түүнийг сурсан, судалсан, эзэмшсэн гэснээ шалгуулсан баримт бичиг ав. Үүнийг монгол хүүхэд ер нь бол 10-12 жилд багтаан хийдэг юм” гэж хэлэхэд түүний царай их урвайсан байв.   

“Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ЮНИСЕФ, ЮНЕСКО, Азийн сан зэрэг олон улсын байгууллагаар ажил хайх. Энэ бол танд байгаа хоёрдахь боломж. Тэнд таны англижсан байдал тань үнэ цэнэтэйд тооцогдох нь мэдээж. Гэхдээ тэдэнд бас монголчуудтай чөлөөтэй харьцаж чадах монгол хүнийг ажилд авах сонирхол их байдаг юм. Тэгэхээр танд бас нөгөө эх хэл монгол хэл тань хэрэгтэй болно доо” гэж түүнд хоёрдахь боломжийн сул, давуу талыг ярив. Үүнийг сонсож суухдаа тэрбээр “монгол хэлтэйгээ  байсан ч яав даа” гэж гаслаж байх шиг санагдсан юм.

“Монгол улс гишүүнээр элссэн олон улсын байгууллагаар ажил хайх нь танд байгаа гуравдахь боломж. Тэдний заримд таны англижсан байдал тань цэнэтэй ч, үнэндээ ингэж англижсан нь ганцхан та биш юм, тэдэнд. Тэнд монгол, англи, орос гэх зэрэг элдэв хэлийг энд тэнд сурсан олон олон залуус өрсөлдөн зогсох нь мэдээж. Монгол хүнийг ажилд авах тохиолдолд магадгүй  монгол хэлтэйг нь илүүд үзэх биз ээ” гэж зөвлөхөд тэрбээр “монгол хэлтэйгээ ч байх нь яав даа” гэж дотроо халаглаж байх шиг бодогдсон юм.

“Танд эх орондоо иргэн хүн шиг ажил хийж, аж төрж суух өөр аятай боломж  бараг алга даа, одоо. Харин адгийн нэг муу боломж байна.  Тэр нь тэнүүлчдийн хэллэгээр “харлах”.  Харлах нь  хар бараан болох, цагаан биш явах гэсэн үг шүү дээ. Ихэнхи хүн гэгээн, цагаан явахыг хичээдэг. Иймд би танд харлан бараантах замыг зөвлөмөөргүй байна даа” гэхэд тэрбээр “би Англид Монгол хүн, Монголд Англи хүн болчихож. Би хэн биш болжээ” гэдгээ оройтсон хэдий ч их гүн ухаарсан шиг ихээр ихэр татан уйлж байв.

Харцандаа харууслын нулимс хурааж, нүүрэндээ гуниг, шаналал тээсэн  энэ бүсгүйн  хэн ч биш болсон энэ үүхтэй эв ижилхэн түүх энд тэндгүй элдэв янзаар санаатай, санаандгүй байдлаар хорлосон хайр, харлуулсан халамжийн золиос болж бүтээгдсээр байна. Хэн ч биш ийнхүү олширсоор байгааг харахад нэн харамсалтай, мэдрэхэд бүр ч их өрөвдөлтэй.

Эх хэлээ умартсан, эх орноо мартсан, эх соёлоо үл тоосон нь эцэстээ ингэж л хэн ч биш л болох. Эсрэг нь харин харьцах эх хэл, ондооших эх соёлыг  тээгч, аж төрөх эх  оронтой эрхэм эгэл иргэн явах.


Ц. Лувсандорж

2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Friday, January 23, 2015

ЭХ ХЭЛ БӨХӨӨГЧ ЭХ ОРОН МӨХӨӨГЧ





ЭХ ХЭЛ БӨХӨӨГЧ ЭХ ОРОН МӨХӨӨГЧ

Эх хэл ихийн эхлэл. Бодлын тайлал яриа, ярианы тэмдэглэл бичвэр, бичвэрийн тайлал унших, уншихын ухаарал бодол. Бодох, ярих, бичих, унших, бодол, яриа, бичвэр, уншвар, ер нь, хамаг бүгд,  тэгэхээр, хэлний үр.  Эх хэл, тэгэхээр үрийн эх, ихийн эхлэл.  

Үрийн эх, ихийн эхлэл эх хэл монгол хэлийг  монгол хэлнийхэн гэгчид л   кирилчилэл, дүрэмжилт  гэсэн их муухай, тун хорлонтой хоёр муу үйлээр бөхөөж ирсэн, мөхөөж байна.
Кирилчилэл бол эх хэлийг эх тэмдэглэл, эх утга, эх соёлоос нь хөндийрүүлсэн их хорлонтой, тун муу үйл мөн. Аливаа тэмдэгт бүхэнд дүрслэл, утга, хэрэглээ бий. Энэ бүх чанараараа, тэр  ахуй соёлын мэдрэмжтэй байдаг. Тэгэхээр монгол хэлний эх бичиг үсэг эх соёлын язгууртай байх нь л дээ.  Түүний тэмдэг бүрийн дүрслэл, утга, хэрэглээнд   эх бодол, эх утга, эх арга, ер нь эх соёл бүхэлдээ шингээстэй байх нээ. Эх хэлээ сурна гэдэгт иймд  бодох, ярих, бичих, унших, ухаарах, ер нь аж төрөх эх соёлд суралцах, эх соёлоо өөртөө шингээх гэсэн утга байх нээ.  Монгол хэлний бичиг үсгийн эх тэмдэглэгээний  кирилчилэл нь тэгэхээр эхгүй тэмдэглэл, эх утгагүй утга, эх соёлгүй соёл, эх хэрэглээгүй хэрэглээ, эхгүй сэтгэлгээ, эхгүй яриа, эхгүй уншвар, эхгүй бичвэр, эхгүй сургалт, эхгүй боловсрол, эхгүй үр, их өнчирлийн эх, эх хэлний их бөхөлтийн эхлэл болсон байх нь ээ.  Энэ бол эх хэл монгол хэлний түүхэнд дэх их том гамшиг юм. Энэ гамшиг байгалийнх биш, харин хүнийх.

Дүрэмжилт бол кирилчилсэн монгол бичиг үсэг  эх соёлгүй болсных нь нэг том гажиг мөн.  Кирилчилсэн монгол хэлэнд юу л  байна, ёстой дүрэм л байна. Тэр тусмаа эрүүл монгол хүн язгуур соёлынхоо хувьд яагаад ч барихгүй эргүү гэмээр, бүр элэг авчихмаар нь  мөн ч олон гээч. 

Угтаа дүрс, тэмдэгтийн дараалал болох үгийг кирилчилж энэ цагийнхнаар  эр, эм, эр ч биш, эм ч бишээр ялгуулж суулгах.  Хүн, малын эр, эм, эр ч биш, эм ч бишийг гадарладаг эрүүл ухаант монгол хүн ийм юм ер нь хийж суусан юм болов уу. Ингэж дэмийрч суух цаг тэдэнд ер нь байсийм болов уу. 

Дүрмийн заалтууд хоорондоо зөрчилгүй, хэрэглэж болохоор байх нь дүрэмжүүлэлтийн чанар, чансааны нэгэн хэмжүүр байдаг юм. Энэ хэмжүүрээр кирилчилсэн бичиг үсгийн дүрмийн тогтолцоог  шинжвэл “...заримдаа гээгдэнэ, заримдаа гээгдэхгүй..., эр үгийнх, эм үгийнх, эр ч биш, эм ч биш үгийнх; ...хатуурах, зөөлрөх …, тэмдэгт заримдаа гэнэт нэмэгдэнэ, зарим үсэрч алга болох  ...гэх зэрэг” хэлэхэд ч эвгүй, хэрэглэхэд ч  бэрх элдэв хошин заалтууд мөн олон байх. Ийм хошин нь улам нэмэгдээд байгаа нь бүр хачин.  Ийм хачин гашгаас болоод  адил нөхцөлд элдвээр элдэвлэгдсэн  бичвэр мөн  ч элбэг байх. Бичгийн кирилчилсэн монгол хэл иймэрхүү марзанжилтаар бүтүүхэндээ  мунхаглалын марзан хэл болоод байх шиг.

Хийрхэх тусам хийхгүй байдгийн адил дүрэмжих тусам дүрэмгүй болдог нь жам билээ.  Долоохон үгтэй өгүүлбэрийг зөв бичихэд монгол хэлний кирилчиллүүлсэн бичиг үсгийн  дүрмийн 100  заалтыг заавал мэдэх хэрэгтэй болох нь судалгааны нэгэн дүн.  Энэ нь ийм өгүүлбэр бүхий чээж (цээж) бичгийн шалгалтад ангиараа муу авах магадлал их өндөөр гэсэн үг. Эх хэлээрээ улсаараа муу сурдаг, улсаараа муу ярьдаг, улсаараа муухай илтгэдэг, улсаараа хөггүй гиншдэг, улсаараа алдаатай бичдэг болсны бодит нэг шалтгаан нь энэ л огт хэрэггүй, хийрхсэн дүрэмжилт, бас дүрэмгүйжилт мөн. Эх хэлийг дүрэмжүүлэх ийм хийрхэлд их ядарсан, сүүлдээ бүр залхасан монгол зон одоо аргаа ядахдаа дүрэмжсэн атлаа дүрэмгүй буруу яриа, харьцааг нь арга билгийн ухаанаараа аятайхан буулгаж зөвөөр ойлгох гэж их л хичээж явах.  Буруугаар ярьж зөвөөр ойлгох нь иймд кирилчилэгдсэн монголын үнэт зүйл, соёл болох нь нээ.   Энэ бол эх хэл монгол хэлний түүхэн дэх гавьяа биш харин их том гай юм. Энэ гай байгалийнх биш харин хүнийх.

Эх хэл, их соёл монгол хэл кирилчиллээр эх язгуураасаа салж бөхөж эхэлсэн нь түүх. Түүний энэ түүхэн бөхөлт  огт хэрэггүй хийрхсэн дүрэмжилтээр түүхэн мөхөлт болж хувирч буй нь бодит байдал.  Эх хэлний энэ бөхөлт, мөхөлт нь  эцэстээ монгол зон олонг буруугаар харьцаж, урвуугаар ойлголцоход хүргэсэн нь бодит амьдрал.  Энэ нь үнэндээ тэд эх хэлээрээ төгс ойлголцохгүй, харьцаж чадахгүйд хүрсний нэгэн тод шинж тэмдэг. Энэ шинж тэмдэг “монгол зон нэг үндэстний нэгдмэл чанараа аажмаар алдаж байна” гэсэн гашуун үнэнг шивнээд байх. Энэ шивнээг сонсоход мэдээж гашуун. Гашуун энэ шивнээн  утга, агуулга нь дэлхийд үгүйрч үгүйлэгдсэн олон олон үндэстний гашуун түүх, гашуун сургамжийнхтай эв ижилхэн гэдгийг  барьж нэг чадвал тэр бүр ч гашуун, бүр ч аймаар.  

Ихийн эхлэл эх хэлний  бөхөлт эцэстээ их үндэстэн, эх орны мөхөлт.  Ийм бөхөлт, тийм мөхөлт байгалийнх биш, харин дандаа л хүнийх л байх. Эх хэлээ бөхөөгч хүн тэгэхээр эх орноо мөхөөгч болох.

Ц.Лувсандорж

2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр









Sunday, January 4, 2015

ҮЗЭЛ СУРТЛЫН ХОЁР ҮХРЭН ЗҮЙРЛЭЛ



                                           
  ҮЗЭЛ СУРТЛЫН  ХОЁР ҮХРЭН ЗҮЙРЛЭЛ

Коммунизм засаглах нэгэн үзэл суртал.  Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ:  Та хоёр үхрээ засагт өгөх ёстой.  Засаг танд, магадгүй, бага зэрэг сүү өгнө”

Фашизм засаглах  бас нэгэн үзэл суртал. Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ: “Та хоёр үхрийнхээ бүх сүүг засагт өгнө. Засаг түүгээр зөвхөн өөртөө ашиг хийнэ”


Социализм засаглах өөр нэгэн үзэл суртал. Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ: “Та хоёр үхрийнхээ нэгийг хөрштэй өгнө” 


Нацизм засаглах ийм нэгэн үзэл суртал.  Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ: “Засаг таныг буудаад хоёр үхрийг тань авна.  Коммунизм ингэж авирлах нь түгээмэл”

Анархизм улс төрийн үзэл. Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ: “ Та хоёр үхэртэйгээ байна. Гэхдээ засгийн газрын төлөөлөгчийг бууд. Хөршийнхөө нэг үхрийг хулгайл”

Капитализм  засаглах улс төрийн үзэл суртал. Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ: “Та хоёр үхрийнхээ нэгийг зар. Бух худалдаж ав”


                                      Монгол хэлнээ буулгасан Ц.Лувсандорж
                                                  2015 оны 1-р сарын 4-ны өдөр



THE TWO COW PRINCIPLES

COMMUNISM  Idealogy as a governing system: You have two cows. Give both cows to the government, and they MAY give you some of the milk.

FACISM  idealogy as a governing system: You have two cows. You give ALL the milk to the government, and the government sells it for a profit for themselves.

SOCIALISM  idealogy as a governing system: You have two cows. Give one cow to your neighbor!

NAZISM as a governing idealogy system: You have two cows. The government shoots you and takes both cows. Communism often does it this way sometimes.

ANARCHISM as a political idealogy system: You have two cows. You keep the two cows. Shoot the government agent and steal another cow from your neighbor.

CAPITALISM as a governing political idealogy: You have two cows. Sell one cow and buy a bull.

                       Produced by the Belize Development Trust