Thursday, June 23, 2016

Ганцхан Монголоо Гамнаж Сонго



Ганцхан Монголоо Гамнаж Сонго
Олон иргэншилтэй олуулаа улс байдаг. Тийм улсад үнэндээ эх орон ч олон, иргэний үнэмлэх ч олон. Эх орон гэдэг ч тэдэнд  олон утгатай. Ашигладаг эх орон гэж байхад  ажилладаг гэх нь бас бий, тэдэнд. Дамнаж зугтаадаг нь байхад тоглож дампууруулдаг нь ч мөн бий, тэдэнд.  Гэвч ганц иргэншилтэй хүнд харин эх орон гарцаагүй ганцхан байдаг.  Монгол хүн Та ганц  иргэншилтэй, тэгэхээр гарцаагүй ганцхан эх оронтой.  Монгол танд ганцхан. Та Монголд ганцхан.  Газар дээр ганцхан Монголоо гамна. Эгшинд бүрдээ гамна. Үйл бүрдээ гамна. Энэ сонгуульд  бол бүр ихээр гамна. Ганцхан Монголоо ганц гамнаж сонго.

Монголоо гамнаагүй сонголт бор ходоодных байдаг. Бор ходоодоо бодсон борхон сонголтын дүнд баян Монгол тань ядуу Монгол; Түүх ихтэй Монгол тань Өр ихтэй Монгол; Дэлхийд  цуутай  Монгол тань Дэлхийд Арчаагүй Монгол, Дэлхийн гуйлгачин Монгол болчих гээд байна, ер нь ч болчхоод байна.  

Өвөг дээдэс, аав ээж, ах, эгчийн  тань хөлс, хөдөлмөрөөр бүтсэн  газар дээрх нөгөө их баялаг тань, үйлдвэр тань, үндсэн хөрөнгө тань хаачив аа? Цэнхэр, ягаан тасалбар болоод салхинд хийсчихсэн үү, галд орж үнс болчихсон уу?

Өвөг дээдэс, аав ээж, ах эгчийн тань хөлс, хөдөлмөр, татвараар хуримтлагдсан банканд дахь нөгөө их бэлэн мөнгө тань хаачив аа?   Үндэсний цаасан үйлдвэр болоод салхинд хийсчихсэн үү, хогонд орчихсон уу, алдарт тогтоолоор айлд оччихсон үү?

Өвөг дээдсээс үеэс үед  Эрдэнэт, Оюу-Толгой, Таван толгой, Мөнгөт, Алтат, Цайрт, Зэст  гэх зэрэг илт нандин үгээр товчлон кодлон ихэд эрхэмлэн өвлүүлсэн; үе үеийн аав ээж, ах эгчийн тань хойч үеэ гэсэн өгөөмөр сэтгэл, эр зориг, амь нас, итгэл, зүтгэлийн үрээр эдлээгүй, эвдээгүй, сүйтгээгүй өдий хүргэсэн газар доорх  нөгөө их есөн эрдэний баялаг тань хаачив аа? Лиценз гэх цаас болоод хил давж хүний болчихсон уу, хиртэй гараас бохир гарт дамжин хээв нэг зарагдаж  байдаг  хар бор бараа болоод хэтэвчинд орчихсон уу, харь улсад хаус болчихсон уу, далайн чанадын дансанд орчихсон үү, хажууд тань жорлон болчихсон уу?

Ганцхан Монголыг тань бүхэлд нь барьцаалж авсан нөгөө Чингис, Самурай гэх цуутай нэрт бондууд  алдарт зээлүүд, нүүрээ барьсан буцалтгүй тусламжууд хаачив аа? Үндэсний цаасан үйлдвэр болоод салхинд хийсчихсэн үү, дундаас нь цэцэг дэлбээлдэг засмал нэртэй хайрган зам болсон уу, хэдхэн этгээдийн хэтэвчинд орчихсон үү?

Та ганцхан Монголынхоо хэcэгжсэн бүхэл, бүхэлжин хэсэг юм.  Гудамжинд хог түүж, түүндээ ихэд баясаж яваа эд залуусыг ажиад Та гунддаг. Аргагүй юм. Та тэдний тасархай. Тэд таны хэсэг. Учир нь тэд Монгол юм. 

Дэлгүүрээс тал талхи, ширхэг төмс, грамм будаа аваад санаа алдан гарч, үлбийсэн гудмаар урвайн алхах эхийг хараад Та уйтгарладаг.  Мэдээж юм. Та түүний тасархай. Тэр таны хэсэг. Учир тэр Монгол юм.

Өдөр шөнөгүй зүтгэн, хүлээж хүлээж авсан цалингаа байрныхаа зээлэнд өгч санаа амарсан мэт авч, өлсгөлөн санагдах, өлөн харагдах аавыг хараад, багшийг ажиад, эмчийг санаад Та ганддаг. Илт юм. Та тэдний тасархай. Тэд таны хэсэг. Учир тэд Монгол юм. 

Сурсан эрдмээрээ ч, хуримтлуулсан туршлагаараа ч, дуслуулсан хөлсөөрөө ч, хийсэн бүтээлээрээ ч дэлхийн үе тэнгийхнээс илт илүү атлаа  монголдоо дорд үзэгдэн,  хүний хөдөлмөрийг эрхэмлэдэг улсуудын мэргэжлийн биш цэвэрлэгчийн 10 цагийн ажлын хөлснөөс их бага сарын цалинтай профессорыг хараад Та гуньдаг. Гайхах зүйлгүй дээ. Та түүний тасархай. Тэр таны хэсэг. Учир тэр Монгол юм. 

Тоосноос зугтааж, зэрлэгшсэн нэгнээс зайдаж эх нутгаас дүрвэж явахдаа хилийн төмөр торонд ороолцолдон тэмцэж буй зээрийг үзээд; өдөржин шөнөжин, өвөл зунгүй, хавар намаргүй алд хүрэхгүй уяанд эргэлдэж алдарт хуасыг манаж тарчлан, тарчлан манаж байгаа банхарыг хараад; өссөн говьдоо амьдрах эрхгүй болж, хөөгдөн туугдан, үрэгдэж байгаа мазаалайг үзээд; ирвэсийг сонсоод; бэлчих бэлчээргүй, идэх хоолгүй болтлоо өссөн, мөнгө, хоол мэт үзэгдэх эрдэнэт хөөрхий малаа хараад Та гэмшдэг.  Аргагүй ш дээ. Та тэдний тасархай. Тэр таны хэсэг. Учир тэд Монгол юм.

Тоглож торнисон эх нутаг тань уурхайн тоосонд дарагдсаныг; ундалж өссөн гол мөрөн тань алтны угаадас болсныг, амьсгалах ариун агаар тань  хоолойг  хорсох, уушгийг урвайлгах хор болсныг мэдрээд Та уйлдаг. Аргагүй дээ. Та эх нутгийнхаа тасархай. Тэр таны хэсэг. Учир тэр Монгол юм.  

Бор ходоодоо ганцхан удаа мартагнаж газар дээрх ганцхан Монголоо гамнаж ганц сонго.  Сайхан харагдах муухай инээмсэглэлд бүү хуурт. Ийм инээдийг дасгалаар бүтээж болдог юм.  Сайхан дээлтэй сайн морьтой зурагт бүү хуурт.  Ийм зургийг хэн ч авахуулж болдог юм.  Аятай царай, алаг нүдэнд бүү хуурт. Алаг нүд, аятай царай угтаа хүний мөс чанар биш юм.  Том, жижгээр элдэвлэсэн самбарт бүү хуурт.  Тэр угтаа мод, цаас, будаг  юм.  Хийрхсэн үг, магтсан магтаал тээсэн хэрэггүй өнгөт цаасанд бас бүү хуурт. Хэн ч хайран өнгөгүй цаасыг хэрэггүй өнгөт цаас болгож чадна. Харин ганцхан зөнгөө л дага. Зөн тань хүний харцыг уншдаг. Хүн харцаа тийм амархан засаж чаддаггүй, тэгэхээр нууж бас чаддаггүй юм. Зөн тань хүнийг хөгийг барьдаг. Хүн хөгөө  тийм амархан засаж чаддаггүй, тэгэхээр тэр дууныхаа өнгө, хөгийг нууж бас чаддаггүй юм.   Зөнгөө л дага. Ганцхан Монголоо ганц удаа гамнаж сонго.

Ц.Лувсандорж
2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Monday, June 20, 2016

ИХ ХУРЛЫГ ЮУ ГЭЖ БОДООВ



ИХ ХУРЛЫГ ЮУ ГЭЖ БОДООВ

Их хурлыг  Та, ер нь, юу гэж бодоов. 

Их хурал сэгсэр үстэй Маагийн сэгсэгнэж суух газар биш
Их хурал бүдүүн Харийн бүдүүлэгтэж суух анги биш
Их хурал  алиа Салбайдаагийн салбагнаж байх тайз биш
Их хурал  Ажилгүйчүүдийн  ажилтай болдог  талбар биш. 

Их хурлыг  ер нь, Та, юу гэж санаав.

Их хурал Хэрэгтнийг хамгаалах цайз биш
Их хурал Худал чийг хайцайлах сүм биш
Их хурал Хулгайчийг бөөцийлөх өлгий биш
Их хурал Уйдсаныг баясах цирк биш.

Та, их хурлыг,  ер нь, юу гэж сонсоов

Их хурал уншиж сурсан Нэгний суралцаж суух газар
Их хурал бичиж сурсан Нэгний тэрлэж  байх салбар
Их хурал хэлж сурсан Нэгний илтгэж байх индэр
 Их хурал бодож сурсан Нэгний мэтгэлцэж байх танхим.

Их хурлыг  юуг гэж бодоов. 

Их хурал ажиллаж сурсан Нэгний их ажлын салбар
Их хурал өөрөөсөө хэтэдсэн Нэгний их үйлсийн талбар
Их хурал эх оронтой Нэгний эх нутгаа гамнах сургууль
Их хурал зон олонтой Нэгний эгэл түмнээ хайрлах газар
Та, ер нь, юу гэж болоов, Их хурлыг.  

Ц.Лувсандорж 

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 


Жич: Их хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн чансаа нь надад тун чамлалтай санагдав. Нэр дэвшигчид гэх тэдний дунд 8 цагийн ажил хийсэн нь үнэндээ бараг байхгүй.  Өдөрт  8 цаг ажиллаж, бас сууж сурсан хүн л их хуралд ажил хийж байгаа юм шиг сууж чадна. Ажил хийж, сууж сураагүй ажилгүйчүүд их хуралд сонгогдоход их хуралд суух  хүн олдоггүй. Тэгэхээр хурлын ирц бүрддэггүй. Хууль ч тэгээд хэлэлцэгдэхгүй.  Тэгэж байснаа гэнэт хэн нэг нь хэд хэдэн кноп дараад өөрийн эрх ашгийг түмний мөрдөх хууль болгож байдаг. Их хурал суух гэдэг их ажил юм. Ажиллаж, сууж  сурсан хүн л их хуралд сууж ажиллаж чадна.  

Friday, June 3, 2016

Туранхай Багшийн Бүдүүн Анги



Туранхай Багшийн Бүдүүн Анги

Туранхай багшийн бүдүүн анги нэг бүрэн цугларав. Бүдүүн ангийн бүдүүн даргыг огцруулах бүдүүн асуудал тэдэнд гарсан аж. Бүдүүн бүр бүдүүн үг хэлэв. 

Нэг бүдүүн босож, хойд туйлд эрэгчин пингвин тэсгэм өвөлд дэгдээхийгээ хэрхэн өсгөдөг талаар ихэд мэдэмгийрхэн ярьж эхэлснээ, яриандаа уярч, эцэстээ пингвинийг ихэд өрөвдөж байгаагаа илэрхийлэн ихэр татан чангаар “ийн, ийн,  ийн” хашхирч уйлахад нь түүний яриа нэг өндөрлөв. Энэ бүдүүний “ийн, ийн, ийн” гэж элдэвлэхийг  ажиглаж зогссон туранхай багш “Асуудлаа ярь, асуултад хариул, бүдүүн ээ” гэж ихэд чимээгүйхэн дотроо бувтнан суух. 

Тун удалгүй бас нэг бүдүүн босож ярьж эхлэв. Тэр бүдүүн “Урд туйлд нар баруун зүгээс манддаг” гэж хийрхэж эхэлснээ,  хийрхэл нь хэрээсээ хэтэрч, сүүлдээ, нүд нь бүлтгэнэж, гар нь салбаганаж, бие нь дагжиж, хөл нь сарвалзаж, хоолой нь чичрэн, толгой нь эргэн ухаан алдан газарт “пид” хийж унахад нь түүний яриа нэг өндөрлөв. Энэ бүдүүний ингэж хийрхэхийг  харж харамсаж   байсан туранхай багш “Асуултад хариул, асуудлаа ярь, бүдүүн ээ” гэж өөртөө чимээгүйхэн тун гунигтай шивнэн суух.

Өөр нэг бүдүүн өрвөлзөн сөрвөлзөж эхлэв. Тэр бүдүүн “Улаан нүдэн гаригийн увайгүй нийгэмд ардчилал заана, ардчилсан улс болгоно, өөрөө анхны ерөнхийлөгч болно”  гэж ихэд сүржигнэн ярьснаа, сүржигнэл нь хяналтаас гарч, сүүлдээ,  “түүнээс өөр бүдүүн  Улаан нүдэн гаригийн анхны ерөнхийлөгч байх ёсгүй” гэж хөөрөн дэргэдэх бүдүүнтэйгээ тэмцэлдэн, эцэстээ, нэг бүдүүнд “нам” цохиулснаар түүний яриа нэг өндөрлөв. Энэ бүдүүний “нам” цохиултлаа сүржигнэхийг харамсалтайгаар харуулдаж байсан туранхай багш “Асуудлаа ярь, асуултад хариул, бүдүүн ээ” гэж тун чимээгүй өөртөө хэлж суух.   

Бас удалгүй бүдүүн ангийн бүдүүн эмэгтэй босож бүдүүн ярьж эхлэв. Тэр бүдүүн “Голливудын нэгэн алдарт одод дурласан, түүнтэйгээ гэрлэнэ”  гэж бүдүүн ярьж эхэлснээ, сүүлдээ, “Түүний дурласан тэр одод бүдүүн ангийн бас нэг бүдүүн бас дурласан байна” гэж гомдлон, тэд хоорондоо “хэн нь илүү хөөрхөн, хэн нь тэр одод дурлах ёстой, хэн нь түүнтэй хэзээ гэрлэх ёстой  гэх зэргээр хэлэх хэлэхгүйгээр бие биеэ хэлсээр, дайрсаар, хоёулаа хэрүүлдээ багтран унаснаар тэдний яриа нэг өндөрлөв. Бүдүүн эмэгтэйн багтартлаа балаартаж байхыг ажиглаж зогссон туранхай багш “Асуултад хариул, асуудлаа ярь, бүдүүн ээ” гэж тун болгоомжтой хэлж, халаглан суух. 

Ээлж дараалан босож, ээлж дараалан балаартаж, эцэстээ, ээлж дараалан ийнхүү бүтэлгүйтэж буй бүдүүн ангийнхны ааш араншин, зан авир, үг хэл, мэдлэг боловсрол, ёс зүй, ёс суртахуун, асуудлаа мартагддаг, асуултад хариулдаггүй байдлыг нэг бүрчлэн чимээгүйхэн харж, дүгнэн харамсан суусан туранхай багш  “Асуудлаа ярьж сур, асуултад хариулж сур” гэж өөрөө өөртөө чимээгүй шивнэсээр өрөөнөөс гарч, бүдүүн-үүдийг бүрмөсөн орхин  “Асуудлыг ярьж, асуултад хариулдаг” нарийн ангийг сонгож оров. 

Туранхай багш нарийн ангийг ийнхүү тоож ороход  нарийн ангийнхан, харин, яг нарийн шиг асуудлыг нарийн ярьж, асуултад нарийн хариулж байв. Үүнийг ажигласан туранхай багш “Ашгүй дээ, асуудал ярьж байна. Асуултад хариулж байна” гэж бахдан баярлан тэнд, удаан, зогсох.
Ц.Лувсандорж
2016 оны 6 дугаар сар 3-ны өдөр