ГЭНЭН ХАЛТАР
Хашаагүй юм шиг оромжийн галгүй юм шиг буланд Халтар даарснаасаа болж хөрвөөсөөр
унтаж огт чадсангүй.Тас харанхуй хүйтэн тэр оромжиндоо тэрээр өндийн сууж, бага
ч гэсэн дулаалцах санаатай гарын хоёр алгаа хооронд нь чангаар үрж “вүү, вүү” гэж үзэх. Ингэж суух зууртаа Халтар хүүхэд насаа
эргэцүүлж нэг бодон, хамгаас хайртаа аавыгаа ихэд үгүйлж ихээр ихэр татан нилээд уйлав. Нүднээсээ нулимс
гаргахгүй болтлоо уйлсан Халтар “Ингэж уйллаа гээд яах ч билээ дээ” гэж өөр
өөртэйгээ шивнэн ярьж бостол гадаа жаахан гэгээ орсон байв. Тэрээр өчигдөр
хэрэглэсэн, энд тэндээ өмөрч цоорсон халтар хэдэн шуудайгаа тэмтрэн олж
аваад, бусдаас уртаж, хэдэн цэгээр хурдан амжиж орохоор
осгочих шахам хоноглосон оромжоо орхин
хөдлөх энэ.
Олон жил өвөл зунгүй, хавар, намаргүй алхсаар овон цовон, хонхор, цүнхэрийг
нь андахгүй болтлоо ижилсэн тэр
цэгүүдээр Халтар хурдан хурдан самнан
орж, хуванцар сав, лааз, шил зэргээр хоёр шуудайгаа их хурдан дүүргэв. Дүүрсэн хоёр шуудайгаа холбож,
мөрөндөө их л сурмаг байдлаар тохох зууртаа
тэрээр “өнөөдөр ч ёндоох нээ” гэж
өөртэйгээ ярина. Холбосон хоёр том шуудайны нэг нь урагшаа, нөгөө нь арагшаа
унжсан тул өмнө шигээ тэрээр яаран хурдан алхаж үл чадавч амжиж хэдэн цэгээр орж,
нэмж хоёр шуудайгаа бас дүүргэв. Сүүлд дүүргэсэн хоёр шуудайгаа өмнө шигээ мөн
холбон нөгөө мөрөндөө тохно. Дөрвөн том шуудайг мөрөндөө ийнхүү тохож үүрсэн
Халтар цаашилсаар бас нэг шуудайг дүүргэв. Сүүлд дүүргэсэн шуудайгаа нэг гартаа чирж, нөгөө гартаа бас нэг шуудайг
барьж аван түүнийг хэрхэн дүүргэхээ бодон хэсэг амарч суухдаа тэрээр энэ хотын
нэг өдөр аль хэдийн эхэлснийг сая л нэг ажив.
Машин замын нөгөө урсгалаар том гэгч хар машин хурдлан давхина. Жолооч нь харин,
түүнийг хараад, нэг юм хэлэх шиг болоход
Халтар “Аан, гоочилж байгаа биз ээ, тануусь” гэж амандаа бувтнан босож, цааш
зүтгэв. Хэд гурав алхсны дараа машин чигнаалдахад Халтар ядарсандаа зогсолгүй “чихгүй юм шиг”
сонсоогүй мэт цааш алхана. Чигнаалдан чигнаалдсаар машин түүний дэргэд ирж
зогсоход ачаатай тэмээ лугаа харагдах
Халтар сая нэг зогсов. “Өмнө түүгээр өнгөрсөн
хар машин уу даа” гэж Халтарыг бодох зуур
тэр машинаас хар хөх өнгийн пиджакийг цэвэр
цэмцгэр өмсөж, үсээ “үхэр долоосон мэт” самнасан ганган залуу эр гарч ирэв.
Хоёр мөрөндөө хоёр хоёроор холбон үүрсэн дөрвөн шуудай хогондоо түүртэн зогссон
Халтар “би ямар буруутай юм бол оо; намайг яах гэж байгаа юм бол; “Аан, гоочилж байгаа биз ээ, тануусь” гэж өмнө хэлснийг минь арай сонсчихсон юм биш
байгаа” гэж элдвийг хольж хутган сандчиж
айх, гайхах зэрэгцэнэ. Ганган залуу
дөхөж ирснээ “Эрхцагаан. Чамайг энэ хавиар байдаг гэж сонссон. Намайг санаж
байна уу. Таньж байна уу” гэх. Хүнд ачаандаа ядарсан Халтар юу ч хэлэлгүй хэсэг
зогссоноо, цааш алхах гэтэл, нөгөө ганган эр “Цагаанаа, хүлээ” гэв. Тэгээд
“Хэсэг чимээгүй байснаа, Эрхцагаан, Миний ээж танайд үйлчлэгчээр ажилладаг
байсан юм. Чамайг хардаг байсан даа. Чамтай тоглож өнгөрөөсөн нэг өдрөө би хэзээ
ч мартддаггүй юм аа. Яагаав, Чи санаж байна уу” гэх. Мөрөн дээрх ачаандаа түүртсэн Халтар “Тэр хүнээс
салахын түүс болж, Чи хүн андуурч байна“ гээд цааш алхав. Нөгөө залуу, “Найз нь одоо яарч байна” гээд “Хорин мянгын нэг дэвсгэртийг
Халтарын гарт хүчээр шахуу бариулж, “Чи үүгээр явж байх байлгүй дээ.Эргээд
уулзана” гээд машиндаа сууж, Халтарынхтай харьцуулшгүй хурданаар нүд ирмэх зуурт их урсгалд уусан
алга болов. Ганган залуугийн гарт нь бариулсан мөнгийг харан Халтар хэлж
заншснаараа “өнөөдөр ч ёндоож байна” гэж хэлээд хэсэг бодлогошрон зогсов. Хүйтэн оромжинд даарч
хонож, эрт босон, тачигнасан өвлийн хүйтэн гудамжинд ийнхүү зүтгэсэн
Халтарт халуун юм ууж, халуун хоол идэх
л тухай л хамгаас их бодогдох.
Хоёр мөрөндөө хос хосоор холбож тохсон дөрвөн том шуудай хуванцар сав,
лааз, шил үүрч, бас хоёр гартаа нэг нэг тийм шуудайг чирсэн Халтар “Үргэлж хөөгдөн туугдаж байдаг цайны
газарт ойртон очин, тэдэнд аль болох мэдэгдэхгүй, бас өөрөө хараа хандуулж байж
болох нэгэн буланг сонгон ачаагаа буулгаж янзлаад тэнд ороход
цайны газрынхан ихээр уурлаж “муухай үнэртээд байна, гар, зайл, хоолны
үлдэгдэл гараагүй байна, биднийг үйлчлүүлэгчгүй болгох нь уу, тэнэг ээ, халтар
аа, чи” гэх зэргээр элдэвлэнэ. Тэгэхэд
нь Халтар “Би мөнгө төлнө өө” гэв. Түүний энэ үгийг сонссон цайны газрын
үйлчлэгч “эвэртэй туулай” үзсэн мэт болж, чихэндээ ч итгэхгүй янзтай
зогсох. Тэрээр дахин, чадахаар л чангаар
“Төлнө, мөнгө төлнө, мөнгө төлнө” гэв.
Үйлчлэгчийн авир зөөлөрч “Тэгээд юу авах гээд байгаа юм вэ” гэх. Халтар “Нэг аяга халуун цай, халуун л бол ямар ч хоол яахав” гэв. Үйлчлэгч түүний хэлсэнг авчран “Зургаан мянга
болсон” гээд “Мөнгө төлөхөөсөө өмнө
хоолыг нь идчих вий дээ” гэсэн янзтай хэцүүхэн царайлж зогсох. Халтар түүнд ганган
залуугийн өгсөн хорин мянгыг барихад үйлчлэгч
түүнд нэг л итгэж өгөхгүй байгаа юм шиг царайлж
байснаа гараа чичрүүлэн чичрүүлэн сарвайн өгснийг бөхөлзөн дуугүй авах нь
цаана л өрөвдөлтэй харагдах.
Халуун хоолонд дулаацсан Халтар хариултаа авч, цайны газраас гарахдаа
“Өнөөдөр ингээд больё. Эрт бууя. Нэг эрт амарч үзье” гэж өөрөө өөртэйгээ
ярин ачаагаа үүрэхийг үүрч, чирэхийг
чирчсээр хуванцар, лааз, шил авах цэг дээр ирэхэд бараа авагч “Ийм эрт ийм бага бараатай ирээд, чи чинь,
өнөөдөр юу болов” гэж үглэнэ. Бараа авагчаас шуудай бүрээр баримжаалан тооцож олгосон хэдээ
(төгрөг) аваад сурсан зангаараа тэрээр “өнөөдөр ч ёндойж байна аа” гэж хэлээд гарав.
Тэндээс буцах замдаа Халтар гал болох хэдэн мод, гол халаах ганц юм аваад оромжиндоо
их эрт ирэв.
Өглөө уйлж гарсан оромжиндоо орж галаа түлж голоо халаан элдвийг эргэцүүлэн суусан Халтарт
өнөөдрийн уулзсан тэр ганган залуугийн дүр эргэн орж ирэх. “Тэр хэн вэ, тэр бага залууд минь намайг өхөөрдөн дууддаг байсан миний
нэрийг яаж мэддэг байна аа” гэх зэргээр
эргэцүүлж байтал “Гэрийнх нь үйлчлэгчээр ажиллаж, өөрийгөө нь хардаг байсан
Цэцгээ эгч нь гэнэт бодогдов. Сайхан цаг байжээ” гэж Халтар санаа алдан ийнхүү бодлогошрох.
“Аав минь намайг их хайрлаж, бүхнээ л зориулдаг байж дээ. Бага байхад надад
ээжээс минь бусад бүх зүйл байлаа. Мэдээ орохоос Цэцгээ эгч аавыг минь өглөө ажилдаа гарахаас өмнө ирж,
аавыг минь орой гэртээ ирсний дараа явдаг
байж. Нэг өрөөгөөр дүүрэх шахсан
тоглоом надад байдагсан. Хамт тоглох хүүхдийг олох гэж аав минь их хичээдэг
байв. Нэг өглөө хамт тоглохоор тохирсон хүүхэд өглөө гэнэт ирээгүй тул Цэцгээ
эгч өөрийнхөө хүүхдийг авчирч бид өдөржин тоглосон юм даг. Өнөөдөр уулзсан тэр
ганган залуу маань Цэцгээ эгчийн тэр хүүхэд байх наа. Мөн сонин учрал, содон
амьдрал аа” гэж Халтар бодох зуураа
өөрөө ч мэдэлгүй жуумалзав.
“Аав минь хамгийн сайн хувийн
сургуульд намайг оруулж, би бусдаас илүүтэйгээр онц дүнгээ авдаг байв. Бас аав минь намайг хамгаас ихээр халамжилж
эрхлүүлдэг байсан тул үеийнхэн маань намайг “эрх” гэж шоолдогсон. Би аавынхаа
цайвар цагаан царай, хар үсгийг авсан тул тэдний зарим нь намайг “цагаан аа”
гэж өхөөрдөн, дотночилон дууддагсан. Энэ
хоёр дуудлага яван явсаар би чинь “Эрхцагаан” гэсэн нэртэй ч болж байжээ. Эрхцагаан. Аятай сонсогдох
сайхан нэр” гэж өөртэйгээ ярих зууртаа Халтарын
царай ихэд барааж амандаа “Эргүү халтар” гэж байхдаа яахав дээ гэж өөртөө дурамжхан хэлээд, “Гэнэн
халтар” нь арай дөнгүүр сонсогдох юм даа
гэж бодон, болсон явдлыг ийнхүү дурсана.
Тээр жил өнөөдөр шиг нэг өдрийг өнгөрөөж бараагаа өгч ёндойцгооссон хэдэн
халтар нэгэн оромжид цугларч голоо
халаан нилээд хөөрцгөөв. Хүн бүр л өөр өөрийн амьдрал, ийнхүү амь зуух
болсон түүх үүхээ ярив. Одоо “Тэр халтарын
ээлж” гэж нэг нь намайг заав. Бусад нь надад руу зэрэг харахад би ийнхүү ярьж
эхлэв.
“Аав маань намайг ихэд хайрлаж өсгөсөн. Өнгөрөхдөө надад бүх өмчөө үлдээсэн
юм. Хоёр хаус. Том, жижиг хоёр машин. Их
хэмжээний газар. Тэр үед би та нарын өмнө ингэж суугаа халтартсан нэгэн хог
түүгч халтар биш харин “Эрхцагаан” гэж дуудагдсан, охидыг араасаа гүйлгэсэн,
мөнгөөр дутаагүй, ажил хийж үзээгүй энх танхи нэгэн байлаа шүү дээ. Их, бага, дунд сургуульд сурах гэж
ядарсангүй. Аав маань миний төлөө их хөөцөлдөж, би ч багш нараас авах ёстой онц
дүнгээ хариуд нь дураараа авч явлаа. Архи дарс хэрэглэгддэггүй, өмч
хөрөнгөтэй, зүс царайтай явсан надтай гэрлэх санал тавьсан охид ч олон, сонголт
ч их байв. Тэднээс нэгэн сайхан бүсгүйг сонгон гэрлэж эцэг болж ч явлаа шүү
дээ, би” гэж ярьж байтал тэндээс нэгэн
халтар “За, чи битгий худлаа залаад бай. Хоёр хаус чинь тэгвэл хайччихсан юм”
гэх. Тэгэхэд нь Эрхцагаан “Хойно гарна
аа. Жаахан хүлээ” гээд ийнхүү
үргэлжүүлэв.
“Амьдралын минь түшиг болсон ааваасаа хойш би гэдэг хүн чинь зээлээр
амьдрагч л болов оо. Эхлээд “Түрээслэж мөнгө олоорой” гэж захиж үлдээсэн хаусыг нь зээлийн барьцаанд
тавив. Зээлийн хүүгээ төлж чадахгүй байсаар эргээд хаусаа банканд алдав. Дараа
нь “Аж ахуй эрхлэж ахуй амьдралдаа дэм болоорой” гэж үлдээсэн их хэмжээний
газрыг нь бас л барьцаанд тавьж банкнаас
мөнгө зээлж хэсэг амьдрав. Мөн зээлийн хүүг цагт нь төлөөгүйгээс болж газраа
бас л банканд өгөв. Дараа нь, “Хөл дүүжилж
явах, бас эр хүн байна даа, гангархах цагтаа унаж гангарч яваарай” гэж
захиж үлдээсэн том машинаа мөн л барьцаанд тавьж эцэст нь өмнөх шиг л мөн банкных болгосон доо. Дараа нь
хаусаа хямд зарж нэг өрөө болгон зөрүү мөнгөөр нь хэсэг амь зуув. Мөнгө багасаж ирэх цагт “сайхан” гэж сорчилж суусан
бүсгүй маань “муухай” болж, надаас салах өргөдлөө шүүхэд өгчихдөг юм байна. Хүү маань арван зургаа хүрээгүй, бага байсан
тул шүүх ааваас минь үлдсэн нэг өрөө байрыг маань эхнэрт шилжүүлэв.
Дараа нь машинаа зарж хүүдээ тус дэм болж хэсэг амь зуув. Нэг удаа хүүгээ
санаад нэгэн цагт минийх байсан байраа эргэж ирэхэд эхнэр явсан эмэгтэй маань “амьдрах
чадваргүй, үхээнц” гэх мэтээр элдвээр хэлж дахин үүгээр үзэгдвэл “тонилгоно”
гээд “нэг л булчин шөрмөс нь зангирсан
айхтар залууг гаргаж надад харуулсан даа” гэж яриагаа дуусгатал, нэг халтар
“Чиний ярьсан үнэн бол чи ч ёстой эргүү халтар юм даа” гэж харамссан янзтай
хэлэхэд, нөгөө халтар “Чи, ёстой, гэнэн халтар байна даа” гэх.
“Тэр цагаас хойш, намайг халтарууд “гэнэн халтар” гэж хочлон дуудах болсон
юм даа. Одоо ч энэ нэрэндээ дасаж ш дээ” гэж Халтар өөрөө өөртэйгээ ярих,
бодохын хооронд байхдаа галаа түлэж,
голоо халаасны илчинд дулаацаж сүүрмэглэн дуг хийв.
“Миний хүү муу хүн биш ээ. Миний хүү хүнд муу зүйл хийгээгүй. Миний хүү
аавыгаа уучлаарай. Аав нь хүүдээ, ирээд буцах богинохон амьдралд хэрэгтэй бүх
зүйлийг үлдээхсэн гэж зүтгэж явсан; өвлүүлсэн гэж бодож одсон. Гэвч, аав нь хүүдээ, үдлээд буцах лугаа зурвасхан амьдралыг хүн ажил хийж,
хөдөлмөрлөж туулдаг жам ёсыг л ухааруулаагүй байсан байна лаа... Гэхдээ миний
хүү, одоо, түүнийг өөрөө ухаарсан байна аа. Сайн байна, миний хүү...Ирээд буцдаг
энэ амьдралд, миний хүү амь зуух гэж хүн, амьтанд муу зүйл хийсэнгүй. Харин эргээд,
инээгээд, ингээд буцаад ирэх их хувьтайгаар
оршиж чадлаа, тэнд, ...Сайн байна. Миний хүү”
гээд аав нь хүүгээ тэврэн үнсэх шиг болоход Эрхцагаан “Аав аа” гэж дуу
алдав.
Эрхцагаан хэдхэн хоромын өмнө сүүрмэглэн эхэлж дуг хийж үргэлжилсэн гүн нойрноосоо ингэж нэг сэрэх
шиг болоход түлсэн гал нь эрхсийн одод лугаа цогшиж, оромж нь ордон лугаа гэрэлтэх.
Жич: Ирээд буцах зурвасхан эгшинд "муухай царайт", "хог түүгч" гэх зэргээр адаглагдан захчилагдаж эгэл борхоноор амь зууж яваа энэ цагийн тэр нэгэн бүл хүмүүст энэхүү бичвэрээ зориулав. Хүнийг харагдаж байгаагаар нь цэгнэж үл болно. Эгэл борхон амьдрагч тэр эгэлгүй нэгэн байсан ч байж болно.
Жич: Ирээд буцах зурвасхан эгшинд "муухай царайт", "хог түүгч" гэх зэргээр адаглагдан захчилагдаж эгэл борхоноор амь зууж яваа энэ цагийн тэр нэгэн бүл хүмүүст энэхүү бичвэрээ зориулав. Хүнийг харагдаж байгаагаар нь цэгнэж үл болно. Эгэл борхон амьдрагч тэр эгэлгүй нэгэн байсан ч байж болно.
2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр
Шарга морьтын замд