Хоёр Монголын эсрэг Хэлний Хоёр Түрэмгийлэл
Улсын хөгжил хүнээс. Хүний хөгжил багшаас. Багшийн хөгжил харин боловсролын бодлогоос.
Saturday, August 29, 2020
Хоёр Монголын эсрэг Хэлний Хоёр Түрэмгийлэл
Monday, August 17, 2020
Бодлогын хулгай, хулгайн хөтөлбөр
Бодлогын хулгай, хулгайн хөтөлбөр
Стандартад суурилсан нээлттэй хөтөлбөрийг бодлого хэрэгжүүлэх бүхий л эрхзүйн үндэслэлийг Батболдын даргын үед бид хийж билээ.Тэр дарга тэгсхийгээд тэтгэвэрт гарч, тэр цэрэг нь харин тэтгэлгээр тэгээд Австралид сурахаар зорив.
Эргээд хартал монголоо гэж хийсэн бүхнийг маань нураагаад Kембрижийн хөтөлбөрөөр явна гэж хийрхсэн мэт боловч цаанаа эзэнтэй, санаатай бодлогыг улаан нүүрэнд дээр хийж, сүрэг нь сүрэглэж байв. Гайхав.
Энэ сүрэглэл ид байх тэр үе бол миний Австралиас эргэж ирсэн 2010 юм.
Яаж байна та нар гэж хэлээд тэр үеийн боловсролын сайд Отгонбаяр гэгчийн үүдэнд дээр цаг авах гэж долоо хонож, уулзаж учирлах гэж 7 хоноод эцэст нь нарийн бичигт нь "Танай сайдтай би хэвлэлээр уулзана аа, удахгүй" гээд гарч байж билээ.
Тэгээд хамт ажиллаж байсан нэгэн нөхөртэйгээ ихэд ярилцаж хамтарч "Боловсролыг кембрижчилэх нь ухралт мөн, харин урвалт уу" гэсэн нийтлэлийг бичиж тэр үеийн ерөнхий сайд Батболд, боловсролын сайд Отгонбаярыг нарыг мэтгэлзээнд урьж байв.
Олигархижсан хэвлэл мэдээлэлд нийтдээ үүний төлөө сая төгрөг төлөв. Төлбөр бол яахав дээ. Харин мэтгэлзээн бол өөр хэрэг. Тэр нь үйлсийнхээ үнэн зөвийг үзэхийн төлөө өрнүүлсэн бидний зүтгэл, хүсэл тэмүүлэл минь байсан юм.
Мэтгэлзээнд тэд ирээгүй. Тэд ирвэл амархан ялагдана. Ирээгүй ч бас ялгагдана гэдгээ сайн мэдэж байсан юм. Учир нь бидний хэлэх үндэслэл худал биш харин үнэн байв. Хулгай биш харин монголын төлөө гэсэн үйл байв.
Гэвч тэд боловсролын хуульд ийм нэгэн хулгайн заалт оруулж хулгайгаа хуульчилж авсан байдаг юм. Энэ нь одоогийн боловсролын хуулийн 3.1.13 гэдэг алдаатай заалт болох алдаргүй бизнес юм.
"Олон улсын хөтөлбөрийн сургалттай ЕБС гэж олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийг хэлнэ"
Тэр үед ийм сургууль зөвхөн ганц байв. Түүнд тэдний хүүхэд явдаг байсан юм.
"Олон улсын хөтөлбөр" гэдэг нь Kембрижийн хөтөлбөр, Kембрижийн шалгалтыг хэлж байгаа юм ш дээ.
Бодлогын хулгайн нэгэн үлгэр болсон энэ заалтаар одоогийн гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад эзэнтэй, гар хөл бологчидтой гэх хувийн бүх ерөнхий боловсролын сургууль, за, дарга нарын хүүхдийнх гэх төрийн зарим сургууль тун их шоуддаг байдаг юм.
Үндсэндээ ердийн гэж гологдсон манай сургууль, олон улсын гэж цоллогдсон тэдний сургуулийн хооронд агуулгын, чанарын ялгаагүй байхгүй. Харин олон улсын ЕБС гэдэг нь ерөөсөө утгагүй бол нөгөө нь харин ядаж л утгатай байдаг. Учир нь ерөнхий боловсролоор монгол хүнийг бүтээдэг учиртай.Түүгээр дэлхийд монгол иргэнийг бэлтгэдэггүй юм. Түүнд л ерөнхий боловсролын гэх тодотголын утга нь байдаг. Үүнд л татварын төлөгчийн мөнгөөр ерөнхий боловсролыг олох төлбөрийг төрөөс дааж, төлж байдгийн утга учир оршиж байдаг юм.
Тэд олон улсын гэхийн цаана нуугдсан кембрижийн хөтөлбөр, шалгалтаар хийх шоу бизнесээ татвар төлөгчийн мөнгөөр нэг хүүхдийн хувьсах зардал энэ тэр нэрээр цаагуураа тэрбум тэрбумаар авч, ихэнхийг нь Англи улсын нэгэн төрийн бус байгууллагад элдэв нэрээр өгч байдаг юм. Гадныхантай нийлж улсаасаа хумсалж, улсаа худалдаж авч байдаг өнөөх 30 жилд бий болсон үлгэр аргын бас нэгэн тод жишээ нь энэ мөн.
Энэ бодлогын хулгай, хулгайн хөтөлбөрийн дүнд нь ердийн сургууль, ердийн бус kембрижийн хөтөлбөртэй сургууль гэж хоёр өөр сургууль, хоёр өөр тогтолцоотой энэ нэг улс дэлхийд бий болов. Нэг улс хоёр тогтолцоо гэсэн үг.
Нэртэйгээр нь Та нар монгол ардын хүүхэд сурдаг сургууль, монгол ноёдын хүүхэд сурдаг сургууль гээд нэрлэчихээч! Ингээд манарчихаач!
Бидний нэгтгэж байж мэдэх ганц үнэт зүйл болох Үндсэн хуульд тань уг нь эцэг эхийнх нь баян тарган, туранхайгаар ялган сургана гэсэн утга агуулга бүхий заалт байхгүй л баймаар юм. Тийм үү?
Гэвч боловсролын хуульд бол харин тийм утга агуулгатай хулгайн гэмээр хулхи заалт бол бүр илээр цагаан дээр тод хараар бичээстэй байдаг юм.
Ц.Лувсандорж
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр