Tuesday, November 10, 2020

Марст мориор хүрч чадахгүй

 

Марст мориор хүрч чадахгүй 
 
Пост-ковидизмын үеийн боловсролын бодлого бодсноос тань их өөр юм. Учир нь ийм юм.
Коронавирус хэзээ ч устаж үгүй болохгүй. Түүнийг сэлэмдэж болдоггүй. Нууж дарж чадахгүй.
Иймд ковидын дараах үеийн хичээл, сургалт өмнөхөөс их өөр байх юм.
Пост-ковидизмын үеийн боловсрол, хичээл, сургалт өөр философитой, өөр зорилготой, өөр арга зүйтэй, өмнөхөөс бодит, шинэ үйлс байх юм.
Пост-ковидизмын үед дэлхий нийтээрээ боловсролын шинэ бодлогыг бүтээхийг зорьж байна.
Марс гаригт морьтойгоо шогжиж хүрч чадахгүй.
Иймд хуучин улиг болсныг тань ковид-19 өөрчлөхийг сануулж байна.
Пост-ковидизмын үеийн боловсрол, хичээл, сургалтыг хөтлөх бодлогыг хэрхэн өөрчлөхөд тань ухаарал нэмэх гэж ийм нэгэн өгүүллийг эрт дээр бичиж БШУ-ны сайдад барьж байв. ЕБС-иудад хүргэхийг хичээж байв.
Улаан нүдэн гаригт улаан зээрдэээрээ хүрч чадахгүй.
Ковидын үед ковидгүй юм шиг бодлогоор хол явахгүй.
Ц.Лувсандорж
2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 
 
 
Жич: Энэхүү өгүүллийг уншиж судлахад мөн хэзээ ч оройтохгүй. Зөвлөгөө өгч болно.
КОВИД-19 ҮЕИЙН ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ОНЦЛОГ, ЧИГ ХАНДЛАГА
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гребресус 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хийсэн хэвлэлийн ээлжит бага хуралд зориулж хэлсэн үгэндээ “..... Ковид-19 вирусын эсрэг хөл хориог эдийн засаг, нийгмээ сэргээх үүднээс сулруулсан зарим улс орнууд түүний дэгдэлтийн дараагийн давалгаанд өртөж байна. Олон түмэн хүн эмзэг байдалд байна. Ковид-19 вируст тархах орон зай байсаар л байна. Бид бүгдээрээ ковид-19 вирусыг үгүй болоосой, алга болоосой гэж хүсэж байна. Бид бүхэн өөрсдийн ахуй амьдралыг хэвийн, сайн сайхан болоосой гэж хүсэж байна. Гэвч бодит байдал их өөр байна. Ковид-19 вирусын дэгдэлт, тархалт зогсох, төгсөх болоогүй л байна. Зарим улс оронд эерэг хандлага ажиглагдаж, дэвшил гарч байгаа хэдий ч томоор нь харвал энэ тахал улам хурдтайгаар тархаж байна...” гэж ээ (WHO,2020).
Ковид-19 вирусын халдварт 2020 оны 6 дугаар 30-ны өдрийн 8.38 минутад гэхэд л дэлхийд 10 сая 117 мянга, 687 хүн өртөж, түүний улмаас 502 мянга 278 хүн амиа алдаад байна (WHO,2020).
Дээр дурдсан хоёр тоо баримт ковид-19 вирус нь нийгмийн бүхий л салбар, хүний бүхий үйл ажиллагаанд урт хугацаанд сөрөг нөлөөллийг үзүүлсээр оршиж мэдэхийг бидэнд сануулж байна. Эндээс, ковид-19 вирусын үед нийгэм хэрхэн оршиж, иргэн хэрхэн аж төрөх вэ гэсэн зүй асуулт дэвшигдэнэ. Тухайлбал, боловсролын салбар, сургууль хэрхэн орших вэ, сурахыг зогсоолгүй яаж энэ үед үргэлжлүүлэх вэ?
Халдварт ковид-19 вирусын хөл хорио хэдий удаан байх тусам тэр нь хүүхдэд, тэр тусмаа эмзэг бүлгийн хүүхдэд төдий ихээр сөргөөр нөлөөлж байдаг. Ковид-19 вирусын эсрэг тогтоосон хөл хорионд байгаа хүүхэд боловсролын үйлчилгээ, хичээл, сургалтаас хөндийрч сургуулиас завсардах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, хүнс тэжээлийн дутагдалд орох, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, бусдад буруугаар ашиглагдах нь ихсэж байдаг. Үүссэн ийм байдалтай холбогдуулан ковид-19 вирусын үед хичээл, сургалтыг хэрхэн явуулах, хөл хориог сулруулсны дараа сургуулийг хэрхэн дахин нээх вэ гэсэн практик асуудалтай улс орон бүр тулгарч байна.
Улс бүхэнд тулгарч буй энэ асуудлын хүрээнд ЮНЕСКО, ЮНICEФ, Дэлхийн Банк, Дэлхийн Хоолны Хөтөлбөр хамтран ковид-19 вирусын үед сургуулийг дахин нээх талаар удирдамж гаргасан юм (UNESCO,2020)
Энэ удирдамжид ковид-19 вирусын эсрэг тогтоосон хөл хориог сулруулсны дараа сургуулийг дахин нээх бэлтгэлийг хангахад чиглэсэн 6 хэмжээст үзүүлэлтийг тодорхойлсон байдаг. Үүнд:
Бодлогын шинэчлэл[1]. Ковид-19 вирус тархах эрсдэлтэй үед сургууль бүр түүнийг дахин нээхэд баримтлах удирдамжийн агуулга, чиглэл бүрээр бодлогын шинэчлэл хийсэн байх. Үүнд онцгой байдлын үед хүүхэд, багш, хамт олны эрүүл мэндийг хамгаалах бодлогыг тодорхой гаргасан байх, хүүхэд бүрт хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагааг өргөтгөсөн байх, алсын зайн сургалтыг стандартчилах, түүнийг бодлогоор дэмжих зэрэг үйл ажиллагаа, арга хэмжээ багтана.
Санхүүгийн шаардлага[2]: Ковид-19 вирусын дэглэлт,тархалтаас урьдчилан сэргийлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг хийх, эх үүсвэрийг бий болгосон байх. Үүнд ариутгалын бодис, хамгаалалтын хэрэгслэл худалдан авах, ковид-19 вирусын үед хүн хоорондын зайг баримтлах боломж, нөхцлийг бий болгох, ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх бүхий боломжийг бий болгох үүднээс анги танхим, орчныг дахин бүтэцлэсэн байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх болон холбогдох зохион байгуулалтыг хийх зардал, төсөв, санхүүжилт багтана.
Аюулгүй үйлдэл[3]: Ковид-19 вирусын тархах эрсдлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд шаардагдах нөхцлийг хангасан байх эрүүл зан үйлийг дэмжих, халдвар авахгүйн тулд хийгдэх урьдчилан сэргийлэх үйлчилгээ, хэрэгслийг бий болгосон байх. Үүнд ус, савантай байх, гар угаах, зай барих дүрмийг хэрэгжүүлэх аргачлал, ариутгалыг хийх заавар, удирдамж, зөвлөмжийг гаргасан байх зэрэг арга хэмжээ багтана.
Нөхөн сургах[4]. Нөхөж сурч болохыг дэмжих, уламжлалт болон зайн сургалтын холимог, хосолсон хэлбэрийг дэмжиж бий болгох, ийм хэлбэрийн сургалтын арга зүйг боловсруулах, халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг суралцагчдад олгох зэрэг арга хэмжээ үүнд багтана.
Эрүүл мэнд, хамгаалал[5]: Суралцагчийн эрүүл мэнд, хамгаалал, сайн сайхан байдалд онцгой анхаарах, түүнийг магадлан тогтооход чиглэсэн лавлах, хамгаалах механизмыг бий болгох, суралцагч хооллолт болон эрүүл мэнддээ анхаарах чиглэсэн сургуульд суурилсан үйлчилгээг бий болгох зэрэг үүнд багтана.
Эмзэг бүлэгт хүрч үйлчлэх[6]: Өмнө сургуулийг орхисон болон сургуульд ороогүй хүүхэд, цагаачдын хүүхэд, цөөнхийн хүүхдэд хүрч үйлчлэх бодлого, практикийг бий болгосон байх. Эмзэг бүлэгтэй харилцах ялгаатай арга замыг олох, мэдээллийг тэдэнд нийцэлтэй хэл, форматаар өгөх зэрэг арга хэмжээ үүнд багтана.
ЮНЕСКО энэхүү удирдамжийг үндэс болгон ковид-19 вирусын үед хичээл, сургалт явуулах боловсролын байгууллага, сургуульд тавих ерөнхий шаардлагыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:
- Ковид-19 вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, мөн ковид-19 вирусын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед хийх үйлдлийн протокол, дүрэм, зааварчилгаа гаргасан байх,
- Ковид-19 вирусын үеийн хичээл, сургалтын үед зайлшгүй хийгдэх мэндлэх, ярилцах, харилцах, бие засах, идэх, уух, бие засах зэрэг бүх үйлдлийн аюулгүй байдлыг зааварчилгаа, дүрэм, протоколыг гаргасан байх,
- Хүүхдийн нөхцөл байдал, сонголтын ялгааг харгалзан хичээл, сургалтыг уламжлалт анги танхимаар болон алсын зайнаас цахим хэлбэрээр холимог, хосолсон байдлаар явуулах уян хатан хөтөлбөр, арга зүй, хичээлийг бэлтгэн явуулах багшлах боловсон хүчинтэй байх,
-Гар ариутгах, зай барих, маск зүүх, олноороо бөөгнөрөхгүй байх зэрэг ковид-19 вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд зайлшгүй хийх үйлдлийг хичээл, сургалтын явцад бодиттой хэрэгжүүлэхэд шаардагдах дэд бүтцийг шинээр бий болгосон байх,
-Ковид-19 вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардагдах ариутгалын бодис, хамгаалалтын хэрэгслийн бодит нөөцтэй байх,
-Ковид-19 үеийн хичээл, сургалтыг эрсдэлгүй зохион явуулахад шаардагдах зардлыг төсвийг гаргаж, эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх.
ЮНЕСКО ерөнхий удирдамжийг баримталж ковид-19 вирус тархах эрсдэлтэй үед сургуулиа нээж, ийм үеийн хичээл, сургалтыг зохион явуулсан дэлхийн олон улс орон өөрийн онцлогтой уялдсан ялгаатай бэрхшээлийг туулж, ялгаатай сургамж, туршлагыг бий болгож байна. Тэдгээрийн туулсан сургамж, хуримтлуулсан туршлагыг анхааран судалж өөрийн орны нөхцлийг байдлыг зөв тооцон байж бид халдварт ковид-19 вирус тархах эрсдэлтэй үед хичээл, сургалтыг хэрхэн явуулах сургуулийг яаж аюулгүй дахин нээн хичээл, сургалтыг хүртээмжтэй, чанартай явуулах арга ухааныг олбол зохино. Үүнтэй холбойтойгоор дор дурдсан зөвлөмжийг өгч байна. Үүнд:
Нэг. Манай улсын ихэнхи сургуульд анги дүүргэлт стандартаас хэтэрсэн байдаг тул ковид-19 вирусын үеийн хичээл, сургалтыг уламжлалт анги танхимын хэлбэрээр явуулахад ЮНЕСКО-ийн удирдамжид дурдсан үйлдлийн аюулгүй байдлыг хангах талаар дор дурдсан арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлбэл зохино. Үүнд:
-Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардагдах хүн хоорондын зайг анги танхимын хичээл сургалтад мөрдөх боломжийг хангах, Үүний тулд анги танхимыг дахин бүтэцлэх, сургуулийн тоог олшруулах, зарим буудал, үйлчилгээний газрыг түрээслэж тэдгээрийг сургалтын зориулалтаар бэлтгэх арга хэмжээг авах,
-Ковид 19-ийн үед сургуулийн гар угаах, ариутгах зэрэг ариун цэвэр, ариутгалд шаардагдах бодис, хэрэгслэлийг худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, худалдан авалтыг эрт хийн нөөцийг бий болгож бэлэн байдлыг хангах,
Хоёр. Алсын зайн сургалтын бүхий л хэлбэрийг дэмжих,түүний үйл явц, үр дүн, үнэ цэнийг институтчилж, тэдгээрийг уламжлалт анги танхимын хичээл, сургалттай тэнцүүлж үзэх бодлого барьж, стандарт боловсруулан мөрдөн, энэ чиглэлээр багш нарын мэргэжлийг алсын зайн сургалтаар дээшлүүлэх, дахин бэлтгэх,
Гурав. Алсын зайн сургалтын зардал, төсвийг уламжлалт хэлбэрээс ялгаатайгаар бодиттой тооцож, төсөвлөх, эцэг эхийн зөвшөөрөл, хүүхдийн ялгаатай байдал, сонголтыг хүндэтгэн үзэж хувилбарт сургалтыг явуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх, бэлтгэлийг хангах,
Дөрөв. ЕБС-ийн сургуулийн анги танхимд судлах хичээлийн тоог цөөлж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг уян хатан болгон заавал судлахаас бусад хичээлийг бусад төрлийн сургалтын дүнгээр дүйцүүлж тооцох журам баталж мөрдөх.
Сурах хэзээ ч зогсдоггүй. Дэлхийг хамарсан ковид-19 вирусын тахлын энэ үед ч тэр зогсохгүй. Үүний тулд бид өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзан албан боловсролын бодлогыг бий болсон нөхцөл байдалтай нөхцөлдүүлж өөрчилж, хичээл, сургалтын олон хувилбар, хэлбэрийг ижил үзэн тэнцүүлэх зарчмыг баримталж хичээл, сургалтыг холимог, хослон хэлбэрээр зэрэгцүүлж явуулбал зохино. Ингэснээр сурах үйлсийг ковид-19 вирусын энэ тахлын үед ч энд зогсоохгүй, тасралтгүй үргэлжлүүлж бид чадах юм.
Ном зүй
UNESCO, Framework for reopening schools, United Nations, Policy Brief: The Impact of COVID-19 on children 15 APRIL, 2020,
WHO Director-General's opening remarks at the media briefing on COVID-19 - 29 June 2020,
WHO Coronavirus disease dashboard,
[1]Policy reform
[2]Financing requirements
[3] Safe operations
[4] Compensating learning
[5] Wellness and protection
[6] Reaching the most marginalised
Ц.Лувсандорж
2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр