Monday, March 1, 2021

Цэцэг өргөх яахав вэ? Харин 100 жилээ үнэн бодитой дүгнэ

 

Цэцэг өргөх яахав вэ? Харин 100 жилээ үнэн бодитой дүгнэ

Эх орончид гээд л байх. Гэтэл бас маш олон эх орончид гэх нь түүхэнд түүх болж хэлмэгдэн одсон байдаг. Аль нь яг эх орончид юм бэ?
Тээр жилүүдэд өрнөсөн ардын хувьсгал гэгчийн үед маш олон хүн хэлмэгдсэн гэдэг. Хэлмэгдсэдийн хөшөө хүртэл босгосон нь саяхан бил үү!
Өнгөрсөн 30 жилд манан биш бүх монгол хүн хохирогч болсон байх. Одоо төрөх гэж байгаа урагаас яг одох гэж байгаа хөгшид хүртэлх манан бус бүх хүн манарсан бодлогын золиос болсон.
Улс нь ч мөн ялгаагүй түүний золиос юм. Энэ хугацаанд манай улс 30 тэрбум долларын гадаад өрөнд унасан байна. Энэ нийгэмд ядуурал, ажилгүйдэл, авилгал, архидалт энэ хугацаанд гаарсан байна. Хүний хөгжилд суурилсан нийгмийн бол төвд нь байдаг эмч, багш нарын нэг цагийн ажлын хөлс 2 долларт хүрэхгүй болтлоо хөдөлмөрийн мөлжлөг дор хөлслөгддөг болсон байна.
1921 оноос 2021 он хүртэл энэ зуун жилийн энэ улсын түүхийг яг үнэн бодитой яаж цэгнэх вэ?
Энэ 100 жилд энэ улсад лав л хоёр ардын хувьсгал болжээ. Энэ хоёр хувьсгалд нэг л инвариант байдаг юм. Тэр нь энэ.
Захад байсан нь төвд, төвд байсан нь захад гардаг. Энгийнээр хэлбэл, түрүүний бөөс толгойнд хүрдэг.
Ардын хувьсгал гэгчээр өмч хураамж, мал нийгэмчилж байсан тэр цагт юмсанж. Сумын төвд дарханы ажил хийдэг эр нөхрөө эргэж нэгэн эмэгтэй хоёр хүүгийн хамт иржээ. Нөхөр нь дархан мужааны дэргэд байдаг хоолны газраас пял таваган ганц хуушуур авч ирэв. Дөрвүүлээ идээд, идээд тэр пял хуушуурыг идэж барсангүй. Үлдсэнг нь гэртээ аваад эхнэр нь буцаж байсан гэдэг. Энэ бодит болсон явдал юм.
Тэр нь ийм учиртай ажээ. Нэгдлийн гишүүн, ардын намын гишүүн гэж хөөрцөглөсөн ард ядуус, өмнө үеийн ажилгүй боолууд "Хөдөлмөрөөр хөлжсөн баячуудаас хураан авсан хонин сүргийн дотроос хамгийн тарган, хамгийн томыг шилж аван гуанзалж, бусдын өмчөөр хуушуурдаж цадаж байсан нь тэр юмсанж. Үүнийг нэгэн шийд "Нэгэн ардын хувьсгалч эр өмнөх эзнийхээ зэлэнд дээр согтуу давхиж ирээд ардын засгийн буянд жаргаж яваагаа гайхуулж байдгаар үлдээсэн байдаг.
1991 оны ардчилсан хувьсгал гэгч, үнэндээ бол хулхиар хөрөнгөжих гэсэн өөрчлөлтөөр өмч хувьчлал, хувьцаа, банк дампууруулах нэрээр өмч хувааж авч байсан үе юмсанж. Ардын л юм, гэхдээ ардчилсан гэх хувьсгал хийгчидтэй их ойр байдаг нэгэн нягтлан бодогч байгууллагынхаа хүн бүрийг зээл ав, зээл ав, жижиг дунд үйлдвэр барина гээд ганц хуудас төсөл шүү юм бичээд өг гээд байдаг байсан аж. Насаараа л хөлсөөрөө амь зууж ирсэн, бас нийгмийнхээ дунд, төвд яваад болоод байгаа эмч, багш нар "За, юухэв, тэгэж өрөнд унаж, шоронд ороод яахав..." гэхчилэн хэлж зээл авсангүйд тэр нягтлан бодогч "Яасан тэнэгүүд вэ" гэж хэлж суусан гэдэг.
Гэтэл алдарт 20 дугаар тогтоол гарч насаараа л нябо байсан нэг нь нэг шөнийн дотор тэрбумтан болж, түүнээс дээгүүр явсан нь нэг шөнийн дотор түүнд зүтгэх боол болж хувирав. Яг л тээр пял хуушуурын түүх шиг юм болов.
Ардаар овоглосон хувьсгалуудад иймэрхүү л инвариант байдаг юм.
Хувьсгалт өөрчлөлтийг бус харин хөгжил дэвшлийг жамаар нь замаар нь үргэлжлүүлэхийн үндэс нь болдог хөгжлийн гэмээр ганцхан инвариант хүний нийгмийн хөгжилд бий. Тэр нь харин их чухал инвариант юм. Тэр нь энэ.
Хөдөлмөрөөрөө амьдардаг хэсэг нь аль ч үед хөдөлмөрөөр л амьдарсаар байдаг явдал юм.
Тээр цагийн ардын хувьсгалын пял таваган бодит явдлын эерэг гол дүр дархан мужаан шиг, наахан цагийн ардчилсан гэхийнхийн зээл авч түүнийгээ төрөөс төлүүлэх бодол тархинд ч ордоггүй, сэтгэлд тань нь ч буудаггүй ажиллаж явдаг багш, эмч нар шиг мэргэжлийн, зөв, төв хэдхээн хэд нь аль ч цагт аль ч үед ямар хувьсгалд мэргэжлийн ажлаа мэрийн хийсээр л улс орондоо татвар төлсөөр л хэдэн арван жилээр хувь нэмэр оруулж шинжлэх ухаан, технологийн дэвшлийг өөрсдөдөө тээж үйлсээрээ түгээсээр хөгжлийг чимээгүйхэн бүтээж байдаг юм. Үнэндээ улс орны гэгээн үйлсийн түүх ийм л хүмүүсийн л түүх байдаг. Энэ хүмүүс харин хэзээ ч хөшсөн хөшөөнд хөөрч цэцэг өргөдөггүй. Тэнд уйлдаггүй юм.
100 жил гэдэг бага хугацаа биш. Энэ хугацаанд өндийж дэвжсэн улс олон байдаг.
Манай улс өнгөрсөн 100 жилд яг ямар түүхийг, ямар дэвшлийг бүтээв вэ?
Цэцэг өргөх ч яахав вэ? Уйлалдах бас яахав. Яг юуг бүтээв вэ? Хувьсгалын нөгөө инвариант нь бол байна аа, байна аа!
Яг юу бүтээв гэснээ үнэн бодитой цэгнэж чадвал энэ улс цаашид үнэн бодитой дэвших замдаа орж чадна.
Цэцэг өргөх яахав вэ? Харин 100 жилээ үнэн бодитой дүгнэ.
Ц.Лувсандорж
2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр