Үндэсний эмгэнэл МАНАН
Цаана
тань тээр цагийн ядуу ард цагаан дээлт Дамдин гуай шиг ядуурсан,
ажилгүй, халамж, гар харагч нөгөө сүрэг тань үндэсний гуниг, үндэсний
эмгэнэл АН, эсвэл МАН гээд хоёр хуваагдана хоорондоо үзэлцэж байна.
Үндэсний
эмгэнэл, гунигийг өнгөрсөн 100 жилд манай улсыг ард нийгэм болгон
буруу, урвуугаар удирдсан намуудтай холбон эргэцүүлж эрэл хайлт хийж буй
нь тун зөв юм.
Хүн амьдрахад аятай тухтайгаараа Швейцарийн дараа хоёрт ордог нарлаг
сайхан уур амьсгалтай, инээмсэглэсэн сайн олонтой Австрали улсад 3 жил
болоод ирэнгүүтээ нийслэл хотынхоо дундуур явахад "Бараан хувцастай,
баргар царайтай, нүдэндээ гунигтай, мөнгөнд бодлогоширсон өлөндүү,
ширүүн, хэзээ ч хэрэлдэж нөгөө алдарт орос хараалаа урсгахад бэлэн
ууртай харцтай олныг харангаа засмал нэртэй нүхтэй, нөхөөстэй түнхэр
данхар, овон довон довоор явж байхад энэ улс тань яасан олон жил дайны
хөлд нэрвэгдэж дарагдсан юм дээ" гэж халагламаар л сэтгэгдэл төрөн "Яана
даа" гэсэн бодол зурвасхийн орж ирж билээ. Хотоосоо гарч ирээд хотоо
эргэж харж, улсаа шинжихээр ийм л гунигтай харагддаг юм даа. Бидэнд ер
нь юу дутав аа?
Эх орондоо их бодолтой эргэж ирээд аж төрөх гэхэд багшийн нэг цагийн хөлс нь 2 долларт хүрдэггүйг мэдрэхэд гунигтай.
Хүний хөдөлмөрийн хөлс энд түрүү бөх, соёолон морины хөлснөөс цэнэгүй байхыг харахаар халагламаар.
Мэргэжлийн
хөдөлмөр нь ийм л цэнэгүй байхад хөдөлмөрөөрөө яаж амьдраад байдаг юм
бол оо гээд харахаар "Нөгөө л авилгал, хээл хахууль, жалга, довны үзэл,
танил ах, эгч, бөх тэх, нам мам лам, тендер, зээл" байх. Үүнийг
мэдрэхэд ч мөн ч, тун ч гунигтай даа.
Мэдлэг цэнэгүй улсад мэдлэгээр амьдрах гэж зориход бас бэрхшээлтэй дээ. Тийм ээ.
Ийм
учраас мэдлэг, чадвартай хэд нь, хулгайгаар биш, хуйвалдаанаар биш,
авилгалгаар биш, хадгаламж банк дампууруулж ашиг олж амьдрагч биш хэд нь
эх орноосоо үнэндээ хавтгай дүрвэж байна.
Тэр тусмаа өмнөх үеэсээ зөвхөн шинэ мэдлэгээр ялгарч тэднийг давж гарч байдаг жамтай хойч үе ийм байхад яах уу?
Тэд шууд л өнгөрсөн үе болох уу?
Залуухан хөгшид байх уу?
Эсвэл нийтээрээ малчид, уяачид, бөх, дуучин, хошин шогч, жүжигчин, гавьяат, дарга, намчин болох уу?
Яах уу?
Улс
нь дэлхийн өрөнд уяатай. Хүн нь дотоод нэртэй гадаад эзэдтэй банканд
хэрэглээний зээлэнхэн төдийхөнд уяатайгаар энэ улсын иргэдийн увайгүй
ядуу ард 99.99 хувь улсынхаа нийт баялагийн 0,01 хувь дээр хөлс урсган
үзэлцэн шар өдөр бор хоногийг тээр цагийн ядуу ард цагаан дээлт Дамдин
гуай шиг энэ цагт, 21 дүгээр зуунд өнгөрөөцгөөж байхыг харахад нь бас
гунигтай, их эмгэнэлтэй. Харин улсын өмчийн 99,99 хувийг өмч хувьчлал,
газрын наймаа, лиценц, банк дампууруулалт, засгийн газрын бонд, элдэв
сан, хорлонт алдарт 20 дугаар тогтоол гэх мэт хорон бодлогоор иргэдээс
булаан авч баялаг хийгээд соёл, бодлогын эзэн болсон хүн амын 0,01 хувь
болох баячууд нэртэй улс төр бизнесийн МАНАН бүлэглэл (олигархи) нь уул
уулыг ам амаар хашсан тосгондоо тарвалзан дарвалзан суухыг харахад л
бас гунигтай. Мөн эмгэнэлтэй. Учир нь тэр жаргал биш. Тэд ч жаргалтай
биш.
Энэ
байдлыг ч дэлхийн олон нийт олж хараад "Хамгийн өрөвдөлтэй хүмүүс"
гэх мэтээр хэлж бичсэн нь олонтоо. Гэвч даанч түүнийг олж хардаг ард нь
цөөхөн.
Үндэсний эмгэнэл, гуниг тэгэхээр ганц АН биш. Ганц бас МАН ч биш.
Харин
МАН+АН=МАНАН юм. Тэдний нийтээр нь ард байлгах өөрсдөө бүх баялагийн
эзэд байх язгуур сонирхол ижил тул тэд угтаа нэг юм. Намууд гэгчдийн тэр
нэрийнх тэр "ард"-ыг хар л даа. Энэ нь тэд ялгаагүй, ардыг үржүүлнэ
ээ, олноор нь ард болгож ядууруулна аа гэсэн үг. Хамжигч, хамтрагч,
хамууд гэсэн үг. Яг л саяын сонгуулийнх шиг хамжигч, хамтрагч, хамууд
гэсэн үг л дээ.
Энэ
МАНАН цус ургасан хувьсгалаар хаант засаглалыг халж хаангүй засаглалыг
олж авсан дэлхийн олон сая хүний үнэт зүйл болох олноороо засаглаж,
цөөнхөө хүндэтгэн хамтаар аятайхан амьдрах эх ухаан ардчиллыг феодал,
ноёдын цусанд байдаг урвалт, тохиролцоо нэрээр хуйвалдаан, наймаа, бараа
бүтээгдэхүүн шиг бүүр дорд болгон хувирган маш муухайгаар буруугаар
урвуулан өөрсдөдөө л ашигтайгаар ашигласнаараа манай улс, хойч үеийг
соёлт хүмүн төрөлхтний өмнө маш муухайгаар харагдуулж ирлээ. Трамп нэг
удаа "Монголын сонгууль шиг юм бол оо" гэж хэлж байсан гээд бод доо.
Манай улс иймд энэ МАНАН-гаас салж байж мандана.
Үүнийг хэдий эрт олноороо ухаарна төдий эрт энэ улс манарсан чөдрөөсөө бултарч дэвшил хөгжлийн замд эргэлт буцалтгүй орно.
Өөрсдөө
огт ард биш атлаа өрөөлийг болгохоор ард болгоно, ард болгоно, ард
байгаагийн тань төлөө шагнана гэдэг энэ ард МАН-АН-тайгаа хэдий чинээ их
зууралдаж халамж горьдож гар харагч байж ядуу ард байна төдий чинээ Та
нар соёл хүмүүний ард хоцорч тээр цагийн цагаан дээлт ядуу ард Дамдин
гуай шиг ирээдүйд ч ядуу ард, ард ядуу байх болно.
Үндэсний
гуниг, үндэсний эмгэнэл болсон энэ МАНАН-аас манай улс эргэлдэх
сонгууль бүрээр цагаан сонголтыг олноороо бүүр нийтээрээ хийж байж
цусгүй хувьсгал цагаан хувьсгалаар салах юм. Өөр цусгүй, тайван зам гэж
үгүй.
Ц.Лувсандорж
2021 оны 6 дугаар сарын 22-ний өдөр