Tuesday, December 7, 2021

ҮЗЭЛ БОДОЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ: САЙД АА, БОЛОВСРОЛЫГ ЯАГААД БОДЛОГООР СҮЙТГЭЭД БАЙ...

ҮЗЭЛ БОДОЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ: САЙД АА, БОЛОВСРОЛЫГ ЯАГААД БОДЛОГООР СҮЙТГЭЭД БАЙ...:   САЙД АА, БОЛОВСРОЛЫГ ЯАГААД БОДЛОГООР СҮЙТГЭЭД БАЙНА АА?   Энэ бичвэрийн төгсгөлд линкийг нь харуулсан   видео контент хэдийгээр зох...

САЙД АА, БОЛОВСРОЛЫГ ЯАГААД БОДЛОГООР СҮЙТГЭЭД БАЙНА АА?

 

САЙД АА, БОЛОВСРОЛЫГ ЯАГААД БОДЛОГООР СҮЙТГЭЭД БАЙНА АА?

 

Энэ бичвэрийн төгсгөлд линкийг нь харуулсан  видео контент хэдийгээр зохиомол, жүжигчилсэн байдалтай ч ерөнхий боловсролын сургуулиар 22 хичээлийг судлуулахад багш, сурагч, эцэг эхэд тулгарч буй тулгамдсан асуудлыг хөндсөн байгаагаараа чухал утга санааг Монголын нийгэмд илгээж байна.

 

Сурагч "Багшаа, боловсрол гэж юу вэ" гэж асуунгаа ерөнхий боловсролын 12 жилийн хугацааг хүүхэд хэрхэн үр ашиггүй, стресстэй, утга учиргүйгээр 22 багш, 22 үглээтэй эцэг эхэд дүнгээр л дарамтлуулан уйдан өнгөрөөж байгаагаа тэд түүгээр илэрхийлжээ.

 

Монголын багш нарыг ядууруулж, элдэв төсөл, хөтөлбөр, судалгаа, уралдаан, тэмцээн, олимпиад гэх зэрэг мэргэжлийн бус ажлаар тэднийг бодлогоор дарж, дарамтлан үндсэн ажлаас нь хөндийрүүлж байдаг хорлох бодлогыг 30 жил явуулж ирсэн боловсролын яамныхнаас багш нар "Сайд аа, боловсролын бодлого гэж юу вэ" гэж асууж байна.

 

Ходоодон сонирхолдоо хөтлөгдөн ерөнхий боловсролыг гадаад, дотоодын олигархиудын ашиг олох хүсэлд нийцүүлж түүнийг зүгээр л дэлхийд байхгүйгээр том ашиг олох талбар болоход хөтөлсөн лоббижсон, амиа хичээсэн, хувийн ашиг хайсан боловсролын хорлонт бодлогыг боловсролын яам олон жил намжсан, олигаржсан этгээдийн сонирхолд нийцүүлж явуулж ирсний гор, гай нь манай боловсролын өнөөгийн дампуу, дорд байдал билээ.

 

Ялсан нам, ман 40 мянган хүүхдийн их, дээд сургуульд элсэх хүсэл дээр том ашиг хийж ирсэн, үнэндээ хэнд ч хэрэггүй ЭЕШ бол ерөнхий боловсрол, сургалтыг сүйтгэж буй хорлонт бодлого мөн.

 

Монгол хүүхдийн сурах хүслийг бадраах биш унтраах зорилготой 22 хичээлийг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр хүчлэн шахаж оруулж байгаа нь бас л боловсролын хорлонт бодлого юм.

 

Ерөнхий боловсролын багшийг хөдөлмөрийн мөлжлөгт санаатай удаан байлгаж тэднийг мэргэжлийн ажлаараа ажиллаж амьдрах боломж, бололцоогүй болгож байгаа нь боловсролын хорлонт бодлого бас л мөн.

Шинэ мэдлэг бүтээх, түүнийг түгээх ямар ч чадамжгүй төрийн болон хувийн 81 их дээд сургуулиар олон дипломтой онц дүнтэй ажилгүйчүүд бэлтгэж ирсэн нь залуусыг хорлож буй маш хорлонт бодлого мөн.

 

Ерөнхий боловсролын утга, агуулга, зорилгыг алдагдуулсан гадаад, дотоодын хувийн төлбөртэй, хүүхдийг багаас нь ялгаварлан гадуурхал, алагчлал, үзэн ядалтад хөтөлдөг, хүүхдийн тэгш боломжийг хулгайлж хумсалдаг Шинэ Монгол, Орчлонгоор эхлэж, Kембрижийн хөтөлбөрийг монгол нутагт өндөр төлбөртэйгээр хэрэгжүүлж байгаагаар өрнөх монгол паппетууд (puppets) хийгээд Хятад, Англи, Америк, Герман, Орос, Турк, Солонгос, Энэтхэг гэх зэрэг улс орнуудын иргэнийг энд бэлтгэдэг сургуулиудыг тусгайлан зөвшөөрч тэднийг тусгайлан хөхүүлэн дэмжиж байгаа нь Үндсэн хуулийг үзэл санааг гутаасан, Монголын нийгмийг "Монгол ноёдын", "Монгол ардын" гэж хагалан бутарсан маш хорлонт сүйтгэл бас мөн.

 

Тээр жил ерөнхий боловсролын сургуульд ид ажиллаж байсан эрэгтэй багш нарт 5000 доллар өгч, дахиад сургуульд ажиллаж болохгүй шүү гэж гарын үсэг зуруулан тэднийг энэ талбараас зайлуулж байсан нь боловсролын салбарыг ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүдээр дүүргэх гэсэн алсын хараатай түүхэн хорлонт бодлого мөн.

 

Ерөнхий боловсролын сургуульд анх Англи хэлийг албан ёсоор оруулахаар хуульчилсны дараа хичээл эхлэхэд боловсролын яам багшаа ч бэлтгээгүй байснаа Орос хэлний багш нарыг 45 хоногийн курст суулган дэлхийн хаана ч байхгүй Англи хэлний багш гэх дуудлага нь ч буруу Орос хэлний багш нараар Англи хэлийг оруулж, дундаж монгол хүн 5 минутад зөв дуудаад сурчихад Англи хэлнийг одоо 15 жилийн турш боловсролын бүх түвшнээр үзсэн монгол хүүхэд, монгол оюутан, монгол магистр, монгол доктор уншиж ч чадахгүй " Би Англи хэл сурах авьяасгүй хүн л дээ" гэсэн уйтгар тээж увайгүй царайлан явахад хүргэсэн нь боловсролын маш муухай хорлонт бодлого мөн.

 

Уйгаржин бичгийг бизнес болгож аж төрдөг бүлэглэлийн эрх ашгийг хууль болгон хүчилж тээр жил нэгдүгээр ангиас нь багшгүйгээр уйгаржин үзүүлж эхлэн 4 дүгээр анги хүртэл хөөрхий хүүхдээр тоглосны дараа цаашаа түүгээр явах бололцоогүй болгож олон мянган хүүхдийг бичиг үсэггүй болгож байсан нь бас л яах аргагүй хорлон сүйтгэх бодлого мөн.

Одоо тэр уйгарчиллыг дахин өргөн хүрээний бизнес болгож хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа хос бичиг гэдэг маш хортой үгээр хорлонтойгоор өрнүүлж байгаа нь яах аргагүй хорлонт бодлого мөн.

 

Яамны дэргэд байсан сурах бичгийн үйлдвэрийг албан тушаал, эрх мэдлээ буруугаар урвуулж ашиглан хувийн болгон авч өөрсдийн сургуулиа байгуулахдаа олон жилийн турш байсан сурах бичгийн редакцийг тарааж оронд нь хэн ч хамаагүй, цүнх баригч сурах бичгийг бичиж, түүнийг хянах, хэвлэх ажлыг тендерээр халхавчилж бүлэглэлийн мөнгө хийх хэрэгсэл болгон сурах бичгийг мурих бичиг болгосон нь яах аргагүй л олон мянган хүүхдийг олон жилээр хорлож байгаа хорлонт бодлого юм.

 

Нийгмийн оюуны санааны элит хэсэг, ухаарсан нэг хувийг бүтээхэд хувь нэмэртэй байдаг эрдмийн зэрэг хамгаалуулах ажлыг "зүгээр л гар өргөдөг" болгон өөрчилж боловсрол судлалын хамгаалах зөвлөлийг яаманд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан тэтгэврийнхэн хийгээд Увс, Архангай, Говь-Алтайн бүлэглэлээр дүүргэж, тэдний эрх ашигт нийцсэн "шар халзан ч хонь" хэрэв олдоод тэр нь хэрэв майлж л чадвал боловсролын судлалын моктор үгүй тэр амьтныг доктор болгон зарлаж боловсролын үнэ цэнийг үнэн алдагдуулж байгаа нь яах аргагүй л эрдмийн зэргийг авилгал, танил тал болгон хувиргасан ээлжит хорлонт бодлого юм.

 

Боловсролын бүх түвшний улсын сургуулийн биеийн талбайг зарж бүлэглэлдээ ашиг хийх их аяныг өрнүүлсэн гэмээр өрнүүлж бүх сургуулийн биеийн тамирын талбайг орон сууц болгон хувирган суралцагчдыг нийгэмших, хөгсөн найрсах боломжийг үгүй хийсэн нь яах аргагүй л сургуулийг сургууль биш болгосон хорлонт бодлого мөн.

 

Энэ мэтээр хөгжлийн жамаараа салсан төрийн өмчийн сургуулиудыг их хурал, засгийн газар, яамны том дарга нарын оролцоотойгоор зээлээр маш өндөр зардлаар хэрэгжсэн гэх төслийн лоббижсон хулхи үр дүнг нээлт гэж үзэн тэднийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан эзний хүслийг биелүүлэхийн тулд загнаж зандран нэгтгэх, улмаар мөн тэднийг хөдөө орон нутагт тасдаж нүүлгэн шилжүүлэх замаар дампууруулж, оронд манын голдуу эзэнтэй хувийн сургуулиудыг нийслэлийн төвд мандуулах зорилготой, их санаатай эл бодлогоор жишээлэн цаашлах энэ салбарын маш олон бодлого цаанаа л санаатай, цаанаа эзэнтэй, ихэд хорлонтойгоор ид үргэлжилж байна.

 

Нийгмийн тархи, оюун нь байдаг боловсролын салбарыг хөтлөх бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах эрхэм хүндэт үүрэг хүлээсэн боловсролын яамыг намчирхал,манчирхал, анчирхал, довжилтоор нутгийн зөвлөл нэртэй Говь-Алтай, Архангай, Увс зэрэг эрх ашгийн бүлэглэлийн мэргэжлийн бус, цүнх баригч төлөөллөөр олон жилийн турш үе үеэр нь дүүргэж ирсэн нь яах аргагүй л маш том хорлон сүйтгэх бодлого мөн.

 

Яагаад ингэж байгаа юм бэ?

 

Яаж байна аа?

 

Хүний хөгжилд тулгуурласан нийгмийн хөгжлийг чиглүүлэгч боловсролыг ийнхүү олон жилийн хорлонт бодлогоор хорлож байгаагаа хэзээ ч зогсоох вэ, Сайд аа?

 

Одоо энэ сүйтгэлийг зогсоох цаг болоогүй юу?

 

Боловсролыг бүх түвшинд нь сүйтгэх хорлонт бодлогыг олон жил боловсруулж түүнийгээ маш амжилттай хэрэгжүүлж Монголын ирээдүй, хойч үед маш том гайг учруулсан боловсролын яамныхан, тэдний толгойлогчдод хариуцлагыг яагаад тооцдоггүй юм бэ?

 

Яагаад тэдний том гайг их гавьяа гэж үзэн далдлаад байгаа юм бэ?

 

Тэд том гавьяатан биш харин их гайтан биш үү?

 

Сайд аа, Боловсролыг яагаад бодлогоор сүйтгээд байгаа юм бэ?

 

Энэ сүйтгэлээ одоо зогсооно уу?

 

Монгол төр ходоодон сонирхол төдийхөндөө хөтлөгдөн боловсролын бодлогыг хагас жарны турш ашиг олох хэрэгсэл болгож ирсэн маш хорлонтой энэ үйлдлээ одоо зогсоож хэрэв үл чадваас боловсролын хорлонт бодлогоор энэ улсыг сүйтгэх энэ сүйтгэлийг тань үр хүүхдээ, хойч үеэ, эх орноо гэсэн эцэг эх, хүүхэд залуус, багш, ухаарсан, сэхээрсэн хэсэг нь тэвчиж харин үл чадах тэр эгшин тун их ойрхоон.

 

Учир нь ялзралд хэмжээ байдаг. Нийгмийн ёс зүй, ёс суртахууны ялзралын энэ үнэнг дэлхийн том хувьсгалын түүх гэрчилдэг.

 

Монголын багш нарын цахим бүлгийн админ, профессор Ц.Лувсандорж

2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

 

Холбогдох эх үүсвэр

 

https://www.facebook.com/LavenderMongolia/videos/631808844918138/

 

Монгол Хөрөнгөтний Нам гэж нэрлэх байх даа!

Монгол Хөрөнгөтний Нам гэж нэрлэх байх даа!

Монгол ардын нам гэгчдийг харахаар тэдний дунд ерөөсөө ард хүн байдаггүй юм. Өрөөлийг болохоор бүгдийг нь ард болгоно гэж 100 жил чухалчилж зорьсон атлаа өөрсдөө болохоор ард биш, элдвээр хөрөнгөжсөн баячууд, хөрөнгөтнүүд л байх. Хадгаламжиндаа гэхэд л тэрбум тэрбум, их наяад, их наяадын хадгаламжтай гээд бод доо. Ийм ард хүн байх уу?
Тэгэхээр тэдний нам нь Монголын Ардынх биш харин Монгол Хөрөнгөтнийх л юм.

Авилгачдаар дүүрсэн атлаа авилгалтай тэмцэнэ ч гэх, албан тушаал, эрх мэдлээ буруугаар урвуулан ашиглагчдаар дүүрсэн атлаа албан тушаалаа буруугаар ашиглагчидтай тэмцэнэ ч гэх шиг. Үүнд хэн итгэх вэ дээ.

Ингэж хий дэмий хийрхэж ард болсон олныг хошгоруулж байхын оронд монгол ард гэдэг үгийг буруугаар урвуулан ашиглаж байгаагаа больж нэрээ ядаж л агуулгатайгаа нийцүүлж Монгол Хөрөнгөтнийх гэж өөрчилбөл уг нь цаашдаа өөрсдөд нь бодитой ярихад нь илүү хэрэгтэй юм шиг. Монгол ардууд ч бас бодитой харахад нь хэрэгтэй юм шиг.

Монгол хөрөнгөтнүүд Монгол ардын төлөө үнэн ажиллана гэдэгт итгэх хүн одоо байхгүй.
Монгол Хөрөнгөтнүүд Монгол хөрөнгөтнүүдийнхөө төлөө ажиллана гэдэгт бол итгэхгүй хүн байхгүй.

100 жилд энэ намынхан л том хөрөнгөтөн болж түүнээс бусад монгол хүн бүр үндсэндээ их ядуурч ард болжээ. Зорилготой тэд хүрч.

Тэгэхээр ядуурлын ёроолд ардыг хүргэсэн ийм цаг дор болж буй эл хурлаараа тэд хуурмаг нэрээ бодит агуулгатайгаа нийцүүлж Монгол Ардын биш харин Монгол Хөрөнгөтний гэж тодотгон өөрчлөх тухайгаа юуны түрүүнд ярих байх даа. Харж л байя!

Эсвэл ардын гэж үлдээн ардыг олон жил хуурч ирсэн тэр л нэртэйгээ байж өөрсдөө хөрөнгөжөөд л, иргэдийг ядууруулаад л, улсаа сөхрүүлээд нэг л сагсуу, согтуу, сөгдүү байлгахаар төлөвлөж сууж ч байж мэдэх л улс шүү дээ, тэд.

Ц.Лувсандорж
2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр