АНГИЙН БАГШИЙНХАА АЧЛАЛЫГ ЯАЛТАЙ
Миний амьдралын
замын гэрэлтүүлэгч, ангийн багш Тайж нар овогт Сономын Чимэдцэрэнгийн надад
үзүүлсэн ачлал, үлгэрлэлийг бодлоор урсгахад шөнө богинодно, үгээр урлахад цаас
хомсодно, ухаарлаар барихад чансаа багадна. Ангийн багшийнхаа бодлоос
хэтийдсэн, урлахад үг дутсан, барихад ухаан багадсан тэрхүү ачлалыг би яалтай.
1984 оны
намар. Энэ мөч бол Сономын Чимэдцэрэн гэсэн ангийн багштай
математикийн 4а гэсэн анги МУИС-д бүрдэж байсан цаг. Тэр цагт их дээд
сургуулийн босгыг алхсан бүхэн тэтгэлэгтэй золгодог байсан тул их дээд сургууль
гэдэг нь угтаа хүн оюутан болж өөрийн аж амьдралтай золгож өөрөө өөрийгөө
өөрөөрөө аваад явах амьдралын замаа олж
байна аа гэсэн утга юм. МУИС-ийн математикийн ангид муучууд мэдээж цугларахгүй.
Тэр цагийн математикийн 4а ангид тухайн цагтаа сурлагаараа, хүмүүжлээрээ,
төлөвшлөөрөө нутаг нутагтаа тэргүүлсэн тэргүүнүүд цугларсан байлаа. Тэр дундаас
багш маань намайг тэр нутаг нутгийн мундаг, тэргүүнүүдийг хөтлөх ангийн даргаар
шилж томилсон байдаг юм. Ангийн дарга гэдэг намартаа намрын ажилд, зундаа зуны
ажилд, өвөл, хаварт эрдэм номд, спорт урлагт анги хамтаа олноо зохион
байгуулна, манлайлна гэсэн энгийн хэдэн үйлдлийг эвлүүлж хийнгээ түүнд бүр гаршсан
нэгэн болдог жамтай. Ангийн даргын үүргийг ийнхүү үүрч явах нь миний төлөвшил,
хөгжилд ямар ач тустай байсныг би тээр жил ангийнхаа хэдтэй багшлах дадлага
хийхээр Нийслэлийн 17 дүгээр сургуульд очиж багшлахдаа л эхлээд их мэдэрсэн юм.
Ангийн хэд маань олны өмнө, хүүхдийн өмнө анх гарч элдвээр хөглөж байхад 4 жил тэдэнтэй ажилласан бивээр харин тэдний
дэргэд аль хэдийн багш болчихсон, аль хэдийн илтгэгч болчихсон харагдаж байж
билээ. Одоо ч би индэр дээр гаргахад хэний ч өмнө хэдэн үг хээв нэг эвлүүлээд
хэлчихдэг юм. Бас санаачилгатай, манлайлалтай амьдарч явдаг. Энэ бол ангийн багш маань намайг хүнтэй ажиллах, хүний өмнө үг
хэлэх, одоогийнхоор бол уран илтгэх ур ухаанд оюутан цагаас маань хийнгээ
сурах, хийлгэн сургах ухаанаар хөтөлж, чиглүүлж байсны том ач билээ.
1987 оны
хавар. Энэ хавар аав маань ер нь одохоор болж надад хэл
ирсэн юм. Би Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлан бригадад аж төрж суугаа
аавыгаа зорьж тэнд ажил явдлыг өнгөрөөн ээждээ бараа болон тэндээ хэд онож
байхдаа “Мэдээ орох цагаас л аав маань сууж байдаг нүдэнд дасал болсон аавын орон зай илт үгүйлэгдэж буйг мэдэрч ээжийгээ ихэд
өрөвдөн “Энэ зун эрт ирж үгүйрсэн тэр орон хэсэг ч болов нөхье дөө” гэж хатуу
шийдэн сургуульд буцаж ирэхэд сонирхолтой нь намайг зуны ажлаар Германд
явуулахаар болсон байлаа. Үүнд би гайхсан
ч, тэгтлээ хөөрсөнгүй. Тун удалгүй, “Залуучууд”
зочид буудалд зуны ажлаар Герман улс явах МУИС-ийн оюутны төлөөлөлтэй
МХЗЭ-ийн дарга нар уулзаж, хувцас жигдрэлт голдуу баахан зүйл ярьсан
уулзалтад би “Би зуны ажлаар Герман
явмааргүй байна” гээд тэр уулзалтаар гарсан юм.
Гэтэл намар сургуульдаа ирэхэд юу болсон гээч! МХЗЭ-ийн шийдвэрийг
дагаагүй гэсэн үндэслэлээр намайг сургуулиас хөөхөөр болсон байлаа. Би ихэд
сандарч ангийн багшдаа уулзахад багш маань “Миний үйлдлийг зөвтгөхгүй атлаа
цаана аа л тэр шийдвэрийг ихэд дургүйцсэн янзтай, бас хөөчихгүй байлгүй дээ”
гэсэн биеийн хэлэмжтэй байсан нь надад найдвар төрүүлж байж байлаа. “Ангийн
багш маань л энэ эвгүй асуудлын эвийг нэг олсон юм байлгүй дээ” би шат шатны
МХЗЭ-ийн үүрийн хурлаар орж “Цаашид МХЗЭ-ийн шийдвэрийг дагана” гэсэн амлалт
өгч, баахан шүүмжлэл сонсож байж сургуульдаа үлдсэн юм. Хэрэв ангийн ачит багш
нь миний хувь заяаг өөр тийш эргүүлж буй энэ том асуудлыг эвийг олж түүнийг надад
эвтэй байдлаар шийдвэрлээгүйсэн бол би гээч хүн Монгол, Тувагийн хилийн зурвас нутаг Тагнын
нуруундаа малчин байсаар энэ насыг илээх
байсан нь харин гарцаагүй юм. Ангийн багшийн тэрхүү ачлалын ачаар би энэ
амьдралыг хүн бүхний хүсээд хүсээд тэр бүр туулдаггүй эрдэм номын (академик)
замаар жаргалтайяа туулж явна даа. Ачит багшийнхаа тэрхүү ачлалыг би ер нь тэгэхээр
яалтай.
Ангийн багш маань
ангидаа математик анализ, комплекс хувьсагчийн анализ хичээлийг ордог байлаа.
Багш маань гараар нь хүнийг шинждэг ухаанаар харвал нэг л тийм шимтэй гэмээр
павхгар бадруун гартаа том цагаан шохой барьж бүхэл бүтэн цаг гучин минутын лекцийг цээжээр (конспект
харахгүй) уншингаа самбарын өмнө одоогийн залуусын ярьдгаар үнэн баавартай харагддагсан. Их
сургуульд лекц унших багшийнхаа их ур
ухаанаас үлгэр авч би Чимэдцэрэн багш шигээ их сургуулийн сайн багш байхыг
хичээн явдаг юм. Багш шигээ баавартай биш юм аа гэхэд ядаж л барьцтай нэгэн байхаар өөрийгөө байнга сорьж
явахад минь багш маань л үлгэр болж
байдаг. Үлгэрлэхээр илүү үг гэж ер нь юу сан билээ!
1989 оны хавар юм даа. Бид МУИС-д 5 жил
суралцаж, математикч, математикийн багш болж тал тал руу,
нутаг нутагтаа буцаж байсан үе. 5 жил нэг анги, нэг хэмнэл дор явсан бидний
хувьд түрүүлж явсан нэгнийгээ үлдсэн нь гаргаж өгч үдэх нь бичигдээгүй,
хүчлэгдээгүй, батлагдаагүй нэг дүрэм болчихсон байв. Тэр мөч мэдээж нулимстай,
гунигтай, уяралтай, ухааралтай байдагсан. Намайг гаргаж өгөх ээлж ч дөхөв.
Завхан аймгийн Баянтэс сум руу явахаас өмнө ангийн багштайгаа нэг
уулзаж, яримаар, бас “баяртай” гэж хэлмээр санагдаад байлаа. Нутаг явахаар
төлөвлөснөөс нэг өдрийн өмнөх өдрийн өглөө эрт МУИС-ийн А байрны 2 давхрын
баруун жигүүрт байрладаг багшийн өрөөг шагайв. Чимэдцэрэн багш маань “Ор
оо ор” гэх. Ангийн дарга байсан тул багшийнхаа ааш араншин авирыг
бага зэрэг гадарладаг болсон би “Ангийнхнаа гаргаж өгөөд л байна,
бид. Миний ээлж маргааш” гэв. Үүнийг сонссон багш маань “ Юу гэнэ
хө...”; “...гаргана гэнэ, хө” гэж ёжтой янзтай хэлж өөр зүйл
бодож байгаа мэт хэсэг дуугүй байснаа “Би чамайг Шагдартай ярьсан.
Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС)-ийн Б байрны 2 давхар, 210 байх
аа (өрөөний дугаар). Юун хөдөө явах. Маргааш өглөө Шагдартай очиж уулз. Би
хэлчихнэ” гэв. Би тэгэхэд нь “Багшаа, би онгоцны
билет (тийз) бичүүлчихсэн” гэхэд, ангийн багш маань
“Наадахаа буцаа” гэв. Тэгэхэд би “Багшдаа, баярлалаа ч гэлгүй, За”
гэж хэлэн тэндээс гарч, онгоцны тийзээ буцаав.
Маргааш өглөө эрт УБДС-ийн Б байрыг олж, жижүүрээс нь
“Шагдар багш” гэж асуухад, урдаас, “Багш ирчихсэн. Өрөөндөө байгаа.
Математикийн тэнхимийн багш нарын өрөөгөөр дамжин ордог, давхар өрөө шүү” гэв.
Би тэр өрөөг олж “Та сайн байна уу, намайг Чимэдцэрэн багш явууллаа”
гэхэд, буурал үстэй, дунд зэргийн нуруутай, цэмцгэр хувцасласан 40
гарч яваа болов уу гэмээр нүдэнд дулаанхан, шардуу царайтай багш суудлаас өдийн
“Хүүхээ, чи чинь Лувсандорж уу” гээд, намайг шууд дагуулан явах
зууртаа “Захиралд танилцуулна аа” гэж хэлэв. Шагдар багш “ректор
О.Отгонсүрэн” гэсэн хаягтай хаалгаар орж хэсэг байсныг дараа намайг дуудав. Би
захирлын өрөөнд ингэж анх орж, Шагдар багш, ректор Отгонсүрэн
багшийн дэргэд зогсов. (Тэр үед би юу хэлж байснаа одоо нэг л сайн
санахгүй байх чинь. Тийм “том” хүмүүстэй анх уулзаж байсан болохоор
мэдээж их сандарч байсан байж таараа). Тэд шинэ багш тул “300
төгрөгийг олгох, мөн хичээл эхлэх хүртэл засварын ажилд туслуулах” гэсэн
утгатай зүйл ярьж байв. Захирлын өрөөнөөс гарч тэнхимдээ ирсний дараа Шагдар
багш “За, маргааш ажилдаа ор. Зуны амралт эхэлж байгаа тул зундаа засварын
ажилд тусална. Шинэ багшийн тэтгэмж 300 төгрөгийг удахгүй олгоно” гэж хэлэв.
Шагдар багшийн өрөөнөөс гараад оюутны байр луу явах замдаа болсон явдлыг
эргэцүүлэхэд энэ нь миний хувьд яг л зүүд мэт байсансан. Монголын алс нэгэн
бөглүү суманд төрж өссөн, сумын сургуулийнхаа математикийн багшаар л өөрийнхөө
бүхэл ирээдүйг төсөөлж байсан хотод танил талгүй, хөдөөний эгэл нэгэн оюутан
ингэж л шударга, зарчимч, ажил хэрэгч, хариуцлагатай, хүнлэг энэрэнгүй, хүний
төлөө багш нарынхаа ачлалаар их сургуулийн багш болов
оо (Багш нар маань намайг ингэж үлгэр, зүүд мэт өөд татаж, дэм тус
болохдоо МУИС-ийн математикийн ангид 10 улирал онц дүнтэй суралцаж, сургуулиа
улаан дипломтой төгсөхөд миний гаргасан зүтгэл, хичээсэн хичээлт, урсгасан
хөлсний хэмжээг бодсон; мөн хөдөө өсөж хар бор ажилд нухлагдан
төлөвшсөн үнэнч, шударга, хичээнгүй,
зүтгэлтэй чанарыг минь таньсан; 8
наснаас их сургууль төгсөх хүртэл дотуур байранд амьдрах явцад
эзэмшсэн бие дааж орших, сурах, унших, амьдрах чадварыг минь
үнэлсэн; бас анги хамт олонтойгоо аятай байхыг эрхэмлэдэг зан
харьцааг минь шинжиж харсан ч нь байж мэдэх юм).
2007 оны өвөл. Тэр жилийн энэ цагт он удаан жил багшаар үр бүтээлтэй ажилласан багш нарыг нэг сая төгрөгөөр шагнан урамшуулах
арга хэмжээ Их дэлгүүрийн дээд давхарт болсон юм. Тэнд би Чимэдцэрэн багштайгаа
уулзаж, тэрхүү арга хэмжээний дараа багшийгаа гэр лүү нь дөхүүлэнгээ оюутан
байхдаа ирж очсоор дасал болсон замаар элдвийг их аядуухан нэлээд хөөрөлдөн
явсан юм. Багш маань тэгэхэд өндөр настай ээжийнхээ тухай үе үе ярьж, ээжийнхээ
хэлж байсанг өхөөрдсөн байдалтайгаар давтан хэлэнгээ ээжийгээ ярих бүрдээ ихэд баяр
хөөртэй болж байлаа. Багшийгаа гэрийн нь үүдэнд хүргэж өгөөд “За, багш аа,
сайхан амраарай” гэхэд “Багш маань тэрхүү арга хэмжээний талаар бүх зүйлийг
урьдчилан уншсан юм шиг хэлэнгээ, за баяртаа хүүхээ” гээд таягаа тулангаа
гэртээ орж байсан нь дөнгөж сая болоод өнгөрсөн шиг нүдэнд бууж байх. Багшийг
тийнхүү гэртээ орохыг хараад ирж очсоор дасал болсон шат руу бууж явахдаа
яагаад ч юм нэг л сэтгэл гэгэлзэн багшийгаа ихэд өрөвдөж, эргээд гэрт нь ормоор ч юм шиг санагдаж байлаа.
Гэртээ багшийнхаа тухай бодолтой хамт ирэв. Багш маань МУИС-ийн А байрнаас
гараад Сүхбаатарын талбайгаар цээж тэнэгэр, дээшээ, хараа алс, хөл чанга,
харахад эв хавгүй юм шиг атлаа ажиглахад үнэн донжтойгоор янзалсан буржгар
өтгөн хар үсээ хийсгэн хийсгэн алхаж явдгийг нь
тэгэхэд бас дурслаа. Ирэх жил нь би Австралид сурахаар явав. Тэр
хугацаанд ангийн ачит багш маань ертөнцийг мөнх бусыг үзүүлсэн байсан юм. Багштайгаа
тээр үдэш ярингаа алхсан тэр алхалт багш бид хоёрын энэ биеэр энэ орчилд уулзаж
алхсан сүүлчийн мөч, сүүлчийн яриа байжээ. Гэвч ачлалаараа, үлгэрлэлээрээ,
үйлсээрээ багш Та минь надад мөнх оршдог. Та мөнх.
Бодоход бодлоос минь хэтийдэх ачлалтай,
урлахад үг минь дутагдах үлгэрлэлтэй, ухааран барихад минь чансаа багадах зиндаатай,
төрөлхийн тайж донжтой амьдралын минь хөтөч, ангийн минь багш Тайж нар овогт
Сономын Чимэдцэрэн багшийнхаа надад үзүүлсэн өгөөмөр сэтгэл, энгүй үлгэр, их
ачлалыг тань муу шавь нь яалтай.
Сономын Цогдовын
Лувсандорж