Wednesday, October 5, 2016

Энэ замаар замнах нь мөн ч олон доо



Энэ замаар замнах нь мөн ч олон доо


“Иргэний боловсролын сурах бичгийн хоёр зохиогч зэмлэгдэж гэнэ ээ. Буруутгагдсан гэнэ ээ. Энэ зэмнэлийг шүүх тэдэнд өгсөн гэнэ ээ” гэж шуугих. Энэ шуугиан надад улиг мэт сонсогдов. Учир нь, энэ мэт зэмлэлийг мөн олон хүнд олон янзаар хэлж ирээв, би. Мөн олон удаа олон хэлбэрээр бичив үзэв ээ, би.

Энэ хоёрын замаар доройтлын үеийн бүх сурах бичиг зохиогчид замнах магадлал нэн өндөр, хэрэв хэн нэгэн эцэг эх, хэн нэгэн судлаач, хэн нэгэн профессор шүүхэд хандчихвал, бас хүүхэд шүүхэд хандаж чаддаг болчихвол.

Ер нь бол доройтлын үеийн зохиогч гэгч мөнгөнд дурлагчдаас илүү хариуцлага хүлээх этгээд бол яах аргагүй яам юм. Бүх сурах бичиг мурих бичиг болсон. Жишээг мянга мянгаар дурьдаж болно. Бүх сурах бичиг алдаагаар хэт дүүрсэн.  Хэсэгхэн харахад л “Нэг секундэд 16 метр гүйдэг хүүхэд, 4 настай аав, сүнс, за тэгээд  уулга алдмаар, аймаар утга, санаа бүхий хүүхдийн биш харин насан хүрэгчдийнхээр бичсэн хавсарсан нийлмэл өгүүбэрүүд, ...гэх мэт “–тэй  тааралдхан хээв нэг болсон. Хажууд нь, жорлонд хаягдсан эртний цагаан толгой гайхаам, тоо бодлого сайхаан уншигдана.

Их доройтлын үед боловсрол үнэн дампуурсны зөвхөн нэг л гэрч энэ юм (Сурах бичиг мурих бичиг, Сурах бичиг орших уу, одох уу нийтлэлээс дэлгэрүүлж үз).

Сургуулийн захирал болох гээд цүнхтэй мөнгө барин шогжидог нь хээв нэг үзэгдэл болсон. Ажил хайж яваа багшаас бэлнээр нь 1 сая 500 зуун мянга төгрөг (Төгссөн олон оюутан энэ үгийг хэлж ирдэг, бодит тохиолдлууд олон бий) нэхэж хээв нэг суудаг нь хээв нэг хэвийн үзэгдэл болсон (Төгсөгчийн гоморхол нийтлэлээс дэлгэрүүл).


Дүрэмт хувьцасгүй хүүхэд хичээл суух боломжгүй болж сургууль завсардан, зарим нь гадаа гуйлга гуйж суух. Ер нь, сурахад хувьцас ямар хамаа байна аа. Цэрэгжисэн сэтгэлгээ, хүүхдээр мөнгө хүүлэх л нэг  хэрэгсэл, нэг арга шүү дээ, энэ нь үнэндээ (Сургуулийн хуаранжилт нийтлэлээс хар).

Багш хичээлээ заахаа больсон. Багш бүр ядуурч өрөнд орсон (Багшаа, хичээлээ заа, Багшид өмчийг нь өг, Монголын багш нарын салбаа гэх мэт нийтлэлээс үз).

Дээр нь нэмэхэд, тэднийг бас шагналын донтон болгосон. Энгэрийнхээ ар өврөөр дүүрэн мядаль зүүсэн атлаа их ядуурсан багшийн бүтэн сүрэгтэй болсон (Шагнах муухай, шагнуулах дон бүр муухай нийтлэлээс дэлгэрүүл).

Улсаараа муу сурдаг.
Хамгийн олон цагаар ордог, хамгийн их мөнгө зардаг математик, монгол хэлний сурлагын амжилтын улсын дундаж гэхэд л хэт дордсон. Олон жилийн дундаж нь 30 хувиас их бага....... (Боловсролын бүтэлгүйдлийн бодит жишээ өгүүллийг үз).


Мэндчилгээ гэж хэлээд өөрөө өөрийнхөө мэндчилгээг үсэглэн эв дүй үгүй унших атлаа индэр дээр хээв нэг тоодгор зогсох сайд гэгчийн бүтэн үетэй.

Бичиг үсэгт тайлагдсан
нь үл мэдэгдэх сэхээтний манлай гэх эрдэмтний бүтэн сүрэгтэй.

Оюутан нэг улиралд 4 хичээл үздэг байхад нялхас 17
хичээл үздэг болсон байх. 17 хичээлээр, тэгээд, сурсан зүйл их бага. Багш гэгчийг цалинтай, цагтаа байлгах, амь зуулгах, бослогогүй байлгах гэсэн ходоодон сэтгэлгээний дүн энэ (Хүүхдээ гэдэггүй нийгэм хүний нийгэм биш нийтлэлээс хар).

Хоёр монгол хэл үздэг. Хоёулаа хийрхсэн дүрмээс өөр зүйлгүй. Монгол хэлийг монгол хүүхдэд заах багшийг гадаадаас авах хэмжээнд хүртлээ доройтсон.... Дүрэмжин хүүхдэд муу тавихаас өөр хэлэх зүйл үгүй монгол хэлний гэгч монгол хэлгүй багш хэт элбэгжисэн. Дүрэмжих нь бүр өвчин болсон мэт байдаг. 4 жил тэгэж бэлтгэгдсний дүн энэ. Мөн хуучин гэгч монгол бичгийг сэргээх нэрээр мөнгөхүүлэгч олширч, ар монголыг өвөр монголчлох нийгмийн том сүлжээтэй болсны золиос болсон бүтэн нэг үетэй (өвөр нь бас хятадчилагдсан гэж байгаа, үнэндээ) (Эх хэл бөхөөгч эх орон мөхөөгч нийтлэлээс харах).

Их доройтлын үед энэ мэт доройтлыг дур
ьдаад дурьдаад  дуусахгүй дээ. Боловсрол ингэж л их доройтлоо. Ер нь, дампуурсан (Аман хөөрлөөс амин шинэчлэл нийтлэлийг үз).

Боловсролыг
энэ их доройтлоос гаргах арга тун энгийн юм. Боловсролыг манангаас, нэгд, ангид болгох. Хоёрт, боловсон хүчинг зөвхөн мэргэжил, мэргэшлээр нь сонгох, томилох, байршуулах, харин цүндгэр цүнх барьж, төрөл ярьж гүйснээр нь биш.

Өндийсөн улс орон бүхэнд нэг зүйл нийтлэг байна. Энэ нь "Доройтохдоо ч хүртэл боловсролоо дордуулаагүй, багшаа ядууруулаагүй явдал юм” (Намын дампуурал нийтлэлээс хар).

Боловсролоо дордуулсан оронд болох зүйл огт үгүй
болдог. Харин болохгүй нь л нэн  элбэг байх. Харанхуй, бүдүүлэг, мунхаглал, дэмийрэл, хийрхэл, ядуурал, ёс зүйгүй, ёс суртахуунгүй, эрэмбэгүй, дэггүй, бурангуй байдал хээв хэвийн юм шиг болох нь их энүүхэнд болох. Хамгийн гол нь, нийгэм өөрөө сүрэгжих...

Ц.Лувсандорж

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Sunday, July 10, 2016

Уяатай ганц хонь



Уяатай ганц хонь

Ганц хонь уяатай.
Уяандаа майлаастай.
Майлаандаа уйлаантай.
Уйлаандаа харуусалтай.
Харуусалдаа нэхэлтэй.

Хонин эхийн эрх энэ ганц.
Хонин сүргийн хэнз энэ ганц.
Хээтэй чононоос үргэдэг ганц.
Хээгүй чонод эрхэлдэг ганц.
Хонин заяат хөөрхий ганц.

Ганцын нүд нулимстай.
Ганцын зүрх дэлсээстэй.
Ганц бороонд нэвшээстэй.
Ганц халуунд хайлаастай.
Ганц салхинд гандаастай.

Ганцын майлаан ижилдээ.
Ганцын уйлаан ижийдээ.
Ганцын харуусал заяандаа.
Ганцын нэхэл эзэндээ.
Ганцын харц нутагтаа.

Уяатай хонин ганц
Наадмын хуушуур
Нулимстай энэ ганц
Найрын зоог
Харуусалтай энэ ганц
Хээрийн боодог.
Нэхэлтэй энэ ганц
Ходоодон цэнгэл.

Уяатай энэ ганц хонь
Гашууныг хүүрнэн одно.
Уяагүй  тэр ганц хонь
Үнэнийг мэдрэн нэгсэнэ.
Эрх чөлөөг мэдэн тэгсэнэ.

Ц.Лувсандорж
2016 оны  7 дугаар сарын 10-ны өдөр
Жич: Наадам, найрын өдрүүдэд надтай хаа саагүй таардаг уяатай ганц хонь бүхэнд энэхүү мөрүүдэд зориулав. Уяанаас салах гэж тэмүүлж буй их хүслийг тань чинхүү мэдэрдэг. Тэр бүхэнд уяанаас чинь салгаж чадаагүй дээ тун харамсдаг. Гэхдээ үнэн бий. Түүнийг уяагүй болох тэр цагтаа илүү их мэдэрнэ. 

Thursday, June 23, 2016

Ганцхан Монголоо Гамнаж Сонго



Ганцхан Монголоо Гамнаж Сонго
Олон иргэншилтэй олуулаа улс байдаг. Тийм улсад үнэндээ эх орон ч олон, иргэний үнэмлэх ч олон. Эх орон гэдэг ч тэдэнд  олон утгатай. Ашигладаг эх орон гэж байхад  ажилладаг гэх нь бас бий, тэдэнд. Дамнаж зугтаадаг нь байхад тоглож дампууруулдаг нь ч мөн бий, тэдэнд.  Гэвч ганц иргэншилтэй хүнд харин эх орон гарцаагүй ганцхан байдаг.  Монгол хүн Та ганц  иргэншилтэй, тэгэхээр гарцаагүй ганцхан эх оронтой.  Монгол танд ганцхан. Та Монголд ганцхан.  Газар дээр ганцхан Монголоо гамна. Эгшинд бүрдээ гамна. Үйл бүрдээ гамна. Энэ сонгуульд  бол бүр ихээр гамна. Ганцхан Монголоо ганц гамнаж сонго.

Монголоо гамнаагүй сонголт бор ходоодных байдаг. Бор ходоодоо бодсон борхон сонголтын дүнд баян Монгол тань ядуу Монгол; Түүх ихтэй Монгол тань Өр ихтэй Монгол; Дэлхийд  цуутай  Монгол тань Дэлхийд Арчаагүй Монгол, Дэлхийн гуйлгачин Монгол болчих гээд байна, ер нь ч болчхоод байна.  

Өвөг дээдэс, аав ээж, ах, эгчийн  тань хөлс, хөдөлмөрөөр бүтсэн  газар дээрх нөгөө их баялаг тань, үйлдвэр тань, үндсэн хөрөнгө тань хаачив аа? Цэнхэр, ягаан тасалбар болоод салхинд хийсчихсэн үү, галд орж үнс болчихсон уу?

Өвөг дээдэс, аав ээж, ах эгчийн тань хөлс, хөдөлмөр, татвараар хуримтлагдсан банканд дахь нөгөө их бэлэн мөнгө тань хаачив аа?   Үндэсний цаасан үйлдвэр болоод салхинд хийсчихсэн үү, хогонд орчихсон уу, алдарт тогтоолоор айлд оччихсон үү?

Өвөг дээдсээс үеэс үед  Эрдэнэт, Оюу-Толгой, Таван толгой, Мөнгөт, Алтат, Цайрт, Зэст  гэх зэрэг илт нандин үгээр товчлон кодлон ихэд эрхэмлэн өвлүүлсэн; үе үеийн аав ээж, ах эгчийн тань хойч үеэ гэсэн өгөөмөр сэтгэл, эр зориг, амь нас, итгэл, зүтгэлийн үрээр эдлээгүй, эвдээгүй, сүйтгээгүй өдий хүргэсэн газар доорх  нөгөө их есөн эрдэний баялаг тань хаачив аа? Лиценз гэх цаас болоод хил давж хүний болчихсон уу, хиртэй гараас бохир гарт дамжин хээв нэг зарагдаж  байдаг  хар бор бараа болоод хэтэвчинд орчихсон уу, харь улсад хаус болчихсон уу, далайн чанадын дансанд орчихсон үү, хажууд тань жорлон болчихсон уу?

Ганцхан Монголыг тань бүхэлд нь барьцаалж авсан нөгөө Чингис, Самурай гэх цуутай нэрт бондууд  алдарт зээлүүд, нүүрээ барьсан буцалтгүй тусламжууд хаачив аа? Үндэсний цаасан үйлдвэр болоод салхинд хийсчихсэн үү, дундаас нь цэцэг дэлбээлдэг засмал нэртэй хайрган зам болсон уу, хэдхэн этгээдийн хэтэвчинд орчихсон үү?

Та ганцхан Монголынхоо хэcэгжсэн бүхэл, бүхэлжин хэсэг юм.  Гудамжинд хог түүж, түүндээ ихэд баясаж яваа эд залуусыг ажиад Та гунддаг. Аргагүй юм. Та тэдний тасархай. Тэд таны хэсэг. Учир нь тэд Монгол юм. 

Дэлгүүрээс тал талхи, ширхэг төмс, грамм будаа аваад санаа алдан гарч, үлбийсэн гудмаар урвайн алхах эхийг хараад Та уйтгарладаг.  Мэдээж юм. Та түүний тасархай. Тэр таны хэсэг. Учир тэр Монгол юм.

Өдөр шөнөгүй зүтгэн, хүлээж хүлээж авсан цалингаа байрныхаа зээлэнд өгч санаа амарсан мэт авч, өлсгөлөн санагдах, өлөн харагдах аавыг хараад, багшийг ажиад, эмчийг санаад Та ганддаг. Илт юм. Та тэдний тасархай. Тэд таны хэсэг. Учир тэд Монгол юм. 

Сурсан эрдмээрээ ч, хуримтлуулсан туршлагаараа ч, дуслуулсан хөлсөөрөө ч, хийсэн бүтээлээрээ ч дэлхийн үе тэнгийхнээс илт илүү атлаа  монголдоо дорд үзэгдэн,  хүний хөдөлмөрийг эрхэмлэдэг улсуудын мэргэжлийн биш цэвэрлэгчийн 10 цагийн ажлын хөлснөөс их бага сарын цалинтай профессорыг хараад Та гуньдаг. Гайхах зүйлгүй дээ. Та түүний тасархай. Тэр таны хэсэг. Учир тэр Монгол юм. 

Тоосноос зугтааж, зэрлэгшсэн нэгнээс зайдаж эх нутгаас дүрвэж явахдаа хилийн төмөр торонд ороолцолдон тэмцэж буй зээрийг үзээд; өдөржин шөнөжин, өвөл зунгүй, хавар намаргүй алд хүрэхгүй уяанд эргэлдэж алдарт хуасыг манаж тарчлан, тарчлан манаж байгаа банхарыг хараад; өссөн говьдоо амьдрах эрхгүй болж, хөөгдөн туугдан, үрэгдэж байгаа мазаалайг үзээд; ирвэсийг сонсоод; бэлчих бэлчээргүй, идэх хоолгүй болтлоо өссөн, мөнгө, хоол мэт үзэгдэх эрдэнэт хөөрхий малаа хараад Та гэмшдэг.  Аргагүй ш дээ. Та тэдний тасархай. Тэр таны хэсэг. Учир тэд Монгол юм.

Тоглож торнисон эх нутаг тань уурхайн тоосонд дарагдсаныг; ундалж өссөн гол мөрөн тань алтны угаадас болсныг, амьсгалах ариун агаар тань  хоолойг  хорсох, уушгийг урвайлгах хор болсныг мэдрээд Та уйлдаг. Аргагүй дээ. Та эх нутгийнхаа тасархай. Тэр таны хэсэг. Учир тэр Монгол юм.  

Бор ходоодоо ганцхан удаа мартагнаж газар дээрх ганцхан Монголоо гамнаж ганц сонго.  Сайхан харагдах муухай инээмсэглэлд бүү хуурт. Ийм инээдийг дасгалаар бүтээж болдог юм.  Сайхан дээлтэй сайн морьтой зурагт бүү хуурт.  Ийм зургийг хэн ч авахуулж болдог юм.  Аятай царай, алаг нүдэнд бүү хуурт. Алаг нүд, аятай царай угтаа хүний мөс чанар биш юм.  Том, жижгээр элдэвлэсэн самбарт бүү хуурт.  Тэр угтаа мод, цаас, будаг  юм.  Хийрхсэн үг, магтсан магтаал тээсэн хэрэггүй өнгөт цаасанд бас бүү хуурт. Хэн ч хайран өнгөгүй цаасыг хэрэггүй өнгөт цаас болгож чадна. Харин ганцхан зөнгөө л дага. Зөн тань хүний харцыг уншдаг. Хүн харцаа тийм амархан засаж чаддаггүй, тэгэхээр нууж бас чаддаггүй юм. Зөн тань хүнийг хөгийг барьдаг. Хүн хөгөө  тийм амархан засаж чаддаггүй, тэгэхээр тэр дууныхаа өнгө, хөгийг нууж бас чаддаггүй юм.   Зөнгөө л дага. Ганцхан Монголоо ганц удаа гамнаж сонго.

Ц.Лувсандорж
2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр