Thursday, October 19, 2017

Хачин комментийн нэгэн тайлбар

Хачин комментийн нэгэн тайлбар

Энхтүвшин Баатарын "Цаг нь болохоор энэ бүхний цаана ямар ямар хүмүүс чиглүүлж зохион байгуулж, ҮЭ-ийн нэр төрийг гутааж байгаа хүмүүсийг баримттай тавина. Улс төрчдийн гарын үзүүр болж байгаа БЦНТХ-ныхоны үнэн дүр төрх удахгүй тодроно" гэсэн хачин комментийг уншаад бас ихэд гайхав. Бас ийнхүү тайлбарыг бичиж үлдээв.

Тийм үү (ихэд гайхав). "Би түр хорооныхондоо 35 мянган багшийн язгуур эрх ашгийнхаа төлөө энэ түүхэн нэгдлийн эрх ашгийг ходооноосоо хол байлга" гэж анх хэлсэн. Энэ талаар бичвэр хүртэл бичиж байсан... Улс төрөөс ангид байлга... Тэгэхэд "Бүгд тэгнэ" гэж хэлж байсан. Би одоо ч тэдэндээ бат итгэж байна..." гэж би өөрөө өөртөөгөө уйтгарлан хүүрнэв.

Ялзарсан энэ нийгэмд ч гэсэн "багш мэргэжлээ шавартай хутгахгүй" гэж ядартлаа ажиллаж, ажиллаж ядарсан хэдэн багш нарынхаа чинхүү хүсэл, тэмцлээр улс төр хийгээд юухэв.

Багш нар эцэстээ нийгмийн ялзралын төлөө тэмцэж байгаа юм. Энэ тэмцлээр нийгмийн олон ялзрал илэрч байна.

1. МҮЭ нь багшийн төлөө бус харин эзэд, засгийн эрхэнд орж "шарласан" нь баримтаар өдөр ирэх тусам батлагдаж байна. (Анхнаас их хачин байсан шүү)
2. Их хуралд багш -сэхээтэнг оруулахгүйгээр хуульчилсныг олж илрүүлэв.
3. Боловсролыг дампууруулсан нь санаандгүй биш харин их санаатай юм шиг бодлого, заалт олон байгааг олж илрүүлэв.
4. Манай нийгэм хэт баян, хэт ядуу гэсэн 2 ангитай болж байгаа нь илэрсэн. Багш мэдээж хэт ядуу ангид орсон байна.
5. Энэ улс дампуурсан байна ....
Энэ мэт олон ноцтой асуудал илэрч байна.

Тэгээд л, багш нарын энэ тэмцэл, ингэж илэрсэн бүхэнд шууд хамаарах олон хүнд таалагдахгүй болох нь мэдээж юм.

Тэд түр хороог бүү хэл, 4 түмэн багш нарыг хүртэл харуулах PR хийх нь мэдээж бас тодорхой.Үүнд түр хорооныхон сэтгэл зүйн хувьд бэлэн байх хэрэгтэй.Багш нар маань бас сэтгэл зүйгээ олигаржсан тогтолцооноос харвах хар PR-ийг давахад эртнээс их бэлтгэж байх хэрэгтэй.

Ингэж харлуулж, унтаардаг нь олигархижсан нийгмийн сонгомол арга, технологи юм. Харин 4 түмэн багшийг харлуулан PR -дан дарж авч харин чадах юм болов уу?

Ц.Лувсандорж
Багш нарын цалин нэмүүлэх түр хорооны гишүүн
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Нимгэн сайдтай нилээн зузаан үл эвлэрнэ

Нимгэн сайдтай нилээн зузаан үл эвлэрнэ

Нэгэн эмэгтэйг боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спортын сайдаар томилох их хурлын долдой асуулттай пялдага хариулттай хэлэлцүүлгийг харав. 

Үг хэлэх, асуулт асуух, асуултад хариулах, асуудал хэлэлцэх, цагаа мэдрэх зэрэг оюуны үйлийг олигтой ялгадаггүй гишүүн гэгчид тэнд олон байдгийг олж мэдээд тун их гуниглав.  Хөөрхий Монгол минь...Сэхээтэнгүй их хурал минь.

Бас тэр сайдад нэр дэвшигч гэгч нь  үг, үйлээрээ багш бидэнд бүрэн уншигдав.  "...анхаарна, судалж үзнэ, ... эрдэмтэн судлаачдыг сонсоно" гэх зэрэг жижүүрийн хэдхэн үгээр бөөрөнхий бүдүүн ярихаас нь бид ихийг олж уншив.  Тэр энэ салбарт  ямар нимгэнийг амархан  олж мэдэв. Тэр 35 мянган багш язгуур эрх ашгийнхаа төлөө 2 сар хагасын турш бүх хэлбэрээр тэмцсэн тэмцлийн утга учрыг яасан нимгэн, яасан цэнэгүй болгон барьж байна аа...

Багшийн үндсэн цалинг нэмэхгүй гэв үү... Тэр мэдэх үү?

Багш нарыг дарлаж, багш нар дарлуулж ханаагүй юу, одоо?

Багшийн цалин нэмүүлэхийн төлөөх багш нарын хөдөлгөөн, тэмцлийн утга учир нь зөвхөн өнөө цагийн багш нарыг ядуурлаас салгах төдийхөн зүйл  биш юм.  Энэ бол Монголд багш мэргэжил цаашид байх эсэх, Монголд дундаж давхарга байх эсэх, эцэстээ Монголд ядуурлыг хязгаарлаж чадах эсэх, манай улс хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн зөв замд орж чадах эсэхийг шийдвэрлэх тэмцэл юм.

Багшийн үндсэн цалинг бид онц их хурлаараа  2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 1,6 сая гэж тогтсон. Энэ бол тогтоол юм. Багш бүр дагана. Үүний эсрэг бүхэнтэй багш нар бид үл эвлэрнэ.

 Үүнийг үл зөвшөөрөх, үүнийг үл ухаарах нимгэн сайдтай бид нилээн зузаан үл эвлэрнэ.

Огцрохыг шаардана. Бид нүүдлийн шувуу шиг цэнгээд буцдаг томилогдсон сайд гэгчээр амьдралын талбар боловсролын салбараа тоглуулж одоо ханалаа.  Цаашид энэ цэнгээнт тоглолтыг  үүгээр жишээлэн зогсоох болно.

Ингэж байж бид багш мэргэжлээ олигархийн савраас салгана.

Ингэж байж бид амьдралын талбар боловсролын салбараа дампуурлаас гаргана.

Ингэж байж бид монголоо хүний хөгжилд тулгуурласан зөв хөгжилд хөтөлнө....

Ийм учраас бид үндсэн цалинг нэмүүлэхгүй гэдэг нимгэн сайдтай  нилээн зузаан үл эвлэрнэ.

Ц.Лувсандорж
2017 оны 10 дугаар 19  ны өдөр

Monday, October 16, 2017

Бүү өлс, харин...

Бүү өлс, харин...


Сүргээрээ өлсөхгүй бол цөөхнийг нь хүчээр хоол өгч өлсгөлөнг нь өлсгөлөн биш болгодог түгээмэл арга, технологи аль хэдийн бий болсон шүү. Ингэснийхээ дараа "өлсөнө гэж байснаа өлсөөд хоол идчихлээ" гээд сурталчлаад эхэлнэ...Тэгэхээр өлсвөл сүргээрээ өлс. Эсвэл бүү өлс. Эсвэл тэмцлийн өөр замыг сонго, багш нар аа.

Багшийн нарын цалин нэмүүлэх хөдөлгөөн тэмцлийн өрнөлийн өрнөл дор нэг л зүйл их мэдрэгдлээ, надад. Тэр нь энэ.

Манай улс, засаг төрийн одоогийн нөхцөл байдалд өрнөсөн ихэнх тэмцэл хөдөлгөөн эцэстээ "хад" мөргөж мэднэ. Учир нь тэмцэл нь утгагүй дээ биш харин засаг нь дүлий дээ байгаа юм. Засгийн "энэ дүлий биш атлаа дүлий юм шиг байдал" нь тэрний олигаржсан (эрх мэдэл, мөнгө; мөнгө эрх мэдэл) чанарт бий.

Засгийн эрхийг авчихвал хөдөлгөөн, тэмцлээр дэвшүүлж буй асуудлыг ийм их хөлс урсгаж, цаг гаргалгүйгээр амархан шийдэж болно. Гэвч энэ шийдэлд хоёр хэлбэр л бий. Тэр бас их амаргүй.

Нэг нь, сонгуулиар их хуралд олонх болж засгийг бүрэлдүүлж эрх авах. Энэ нь их бэлтгэл шаардана. Их нэгдэл шаардана. Их эр зориг шаардана. Их тэвчээр, зүтгэл шаардана.

Нөгөө нь, хувьсгал хийх. Энэ хувилбар түүхэнд олон байсан.Байхдаа цустай, аймшигтай байсан. Энэ ч хуурмаг бус харин бодит хувьсгалын уг чанар юм. Францын хувьсгалаар гэхэд 5 мянган гаруй хөрөнгөтнийг дүүжилсэн байх аа.... Америкийн хувьсгал, Октябрийн хувьсгал гэх зэрэг хувьсгалт өөрчлөлт нь түүхэнд эргэлт, түүхэнд дэвшил, түүхэн сургамжийг авчирсан. Гэхдээ тун эрсдэлтэй, нэн зэрлэгшилтэй байсан.

Энэ хоёр үзэгдэл боломжгүй биш юм. Гэвч аль нь ч явагдах магадлал их бага юм, өнөөгийн манай ядуурсан, ард болсон, уяатай халтар шиг болсон энэ нөхцөлд.

Манай улсад өнөө цагт өрнөх аливаа хөдөлгөөн, тэмцлийн хувь заяа иймд нэг иймэрхүү дүрслэгдэж байна.

Хуурмаг бус харин жинхэнэ ардчилал үнэт зүйл нь болсон нийгэмд бол тэмцэгчдэд засгийн эрх мэдэл тийм ч их хэрэгтэй зүйл биш юм.... Учир нь тэд үнэт зүйлээрээ ойлголцдог юм.

Манайд ингэж ойлголцох хэмжээнд хүртлээ ардчиллын үнэ цэнэ үнэт зүйл болж амжаагүй байна. Харин тэр маань буруу хүмүүст буруугаар ашиглагдаад удаж байна.

Тэгэхээр, бүү өлс, багш нар аа. Харин тэмцлийн өөр замыг л сонго...

Ц.Лувсандорж

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Sunday, October 15, 2017

Тогтоолтой үл нийцсэн бүхэнтэй багш бид нар үл эвлэрнэ

Тогтоолтой үл нийцсэн бүхэнтэй багш бид нар үл эвлэрнэ

Монголын багш нарын онц их хурлын тогтоол бол дараагийн их хурал хүртэл багш нарын баримтлах зарчим, хүрэх зорилго, хүсэж буй хүслийн илэрхийлэл, үндсэн хууль лугаа баримт бичиг мөн.... Түүхэн баримт бичиг....Түүнээс илүү хууль гэж багш нарт байхгүй юм. Тэр тогтоол ийм том баримт бичиг юм. Онц их хурал тэгэхээр багш нарын амьдралд ийм чухал ач холбогдолтой юм.

Хугацаа өнгөрөх тусам энэ баримт бичгийн үнэ цэнэ улам тодрох болно. Юун хууль вэ? Түүнтэй үнэ цэнэ нь зүйрлэгдэх өөр баримт бичиг багш нарын хувьд байхгүй.
Багш бид энэ баримт бичгээ их эрхэмлэн үзэж хэрэглэж байх ёстой. Утга санаа нь түүнтэй нийцээгүй бүхэнтэй бид үл эвлэрнэ.

Үл эвлэрлийн бүх боломжит бүх хэлбэрийг ашиглаж бодитой үйлдлээр үзүүлж байвал зохино.
Багш нар тогтоолыг сайн судалж, "Монголын багш нар ингэж үздэг","Тогтоол нь энэ" гэх мэтээр аливаа зүйлд үндэслэл хийж болно. Жишээ нь, "Дутуу цалин өгчихөөд дэмий хурал, сургалтаар битгий дарамт үзүүлээд бай"гээд хамтаар тэр бүхний орхих байдлаар үл эвлэрлийг үзүүлж болох юм. "Монголын багш бид ингэж үзээгүй" гэх мэтээр эрх баригчдын эсрэг үл эвлэрлийг үзүүлж байх юм. Бид удирдагч, захирлаа хамт олноороо сонгоно. "Ингэх нь зөв" гэж монгол нийт багш нар үзсэн. "Та чинь тэгэхээр ингэж сонгогдоогүй тул бидний үнэн захирагч, удирдагч биш" гэж захиралдаа хэлж үл эвлэрлийг үзүүлж бас болно. Энэ мэт үл эвлэрлийн эх үндэс тэнд бий.

Түр хороо энэ баримт бичгийг шинэ сайдад хүргүүлэх хэрэгтэй. Тэр монголын багш нар юуг яаж үзэхээр тогтсныг мэдэж байх ёстой юм. Тэгээд багш бидэндтэй эвлэрэх, үл эвлэрэхээ өөрөө шийднэ биз.

Тогтоолын үнэ цэнэ цаг хугацаа урсах тутам улам тодорно. Үүнд эргэлзэх зүйл үгүй.

Ц.Лувсандорж

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны гишүүн

2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

 

Thursday, October 12, 2017

Нарны өнгөн бүчийг зүү. Багшийн нэгдэлд багшийн өнгөөр нэгс


Нарны өнгөн бүчийг зүү. Багшийн нэгдэлд багшийн өнгөөр нэгс

Өнгө бүл аугаа хүч. Үзэл санааны дор нэг, цул, бүхэл болсноо өнгөөр харуулах нь үгээр илэрхийлэхээс хүчтэй юм. Хурдтай юм. Эрчтэй юм.

Тэр хас мэт эрч, цахим мэт хурд, нэг мэт хүч нь зөвхөн цул болсон бүхэлд бий. Бүхлийн зарчим бидний нэгслийн зарчим, тэмцлийн зарчим юм. Тэгэхээр биднийг нэгсэх тэр өнгө бидний тэмцлийн өнгө мөн.Тэмцлийн хүч мөн.Тэмцлийн эрч мөн. Тэмцлийн хурд мөн.

Гэгээрэлд гэгээ байна. Гэрэл гэгээг нар, нарны цацрагаар төсөөлөх нь бий. Пагши гэсэн араб үгнээс үүсэлтэй багш гэсэн үг, хөг, өнгө "хүний амьдралын замыг гэрэлтүүлэгч" гэсэн утгатай. Тэгэхээр энэ үг, хөг, өнгө  гэрэл, гэгээтэй холбогдоно. Сайн, сайхантай их хэлхэлдэнэ.

Нарных лугаа шар өнгө нь иймд багш бидний өнгө юм. Тэгэхээр нар лугаа өнгө нь багш нарын язгуур эрх ашгийнхаа төлөө нэгдсэн, нэгссэн, цул, нэг болсныг илтгэх багш бидний нэгслийн өнгө бас мөн.

Иймд багшийн цалин нэмүүлэхийг дэмжигч бүр багшийн өнгө нарны өнгөн бүчийг зүү.

Багшийн нэгдэлд багшийн өнгөөр нэгс.

Ц.Лувсандорж

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр



Saturday, October 7, 2017

Цаг хугацааг мэдэрч үйлд

Цаг хугацааг мэдэрч үйлд

Тэмцлийн үр дүн тасралтгүй байгаагаас шууд хамаарна. Багш нар онц хурлаараа, мөн сануулах ажил хаялтаараа зорилгынхоо дор нэгдмэл гэдгээ харуулж чадсан.
Цаг хугацааны мэдрэмжийн хувьд төсөв батлах гэж байгаа энэ үед бид тэмцлээ улам эрчимжүүлж, дараа дараагийн үйл ажиллагааг өрнүүлэх хэрэгтэй юм.
Хугацаагүй ажил хаялт хийнэ гэдгээ бид өмнө мэдэгдсэн байгаа. Хугацаагүй хийхэд цалингийн асуудал чухал болно. Тэгэхээр үүнийг VЭ-тэй заавал хамтрах ёстой.
Иймд багш цаг хугацааны энэ онцгой байдлыг тооцож, онц их хурлын халуун уур амьсгал дор сургууль сургуулийнхаа VЭ-д шаардлага тавих хэрэгтэй юм. "Одоо дараагийн арга хэмжээг ав" гэж шаардана. Багш нар ҮЭ ингэж шаардах эрхтэй. Учир нь багш бүр олон жил тэдэнд татвар төлсөн байгаа юм. "Одоо л хэрэг нь гарна. Одоо л хэргээ гарга" гэж шаард.
Хугацаагүй ажил ажил хаялтыг зохион байгуулахыг сургууль бүрт VЭ-ээсээ шаардая. Гэхдээ цалинтай хаяхыг шаардана. Урт хугацаанд ажил хаяхад VЭ оролцож байж цалингаа авч чадна.Ингэж байж бид багш мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлнэ. Багшийн цалин нэмүүлэхийн ач тусыг эрх баригчдад мэдрүүлнэ.

Цаг хугацааг мэд. Аливаа зүйл цаг хугацаа, орон зайндаа утга төгөлдөр байдаг. Үнэ цэнэтэй байдаг. Тэгэхээр цаг хугацааг мэдэрч хөдөл, үйлд.

Ц.Лувсандорж
2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр