Friday, January 23, 2015

ЭХ ХЭЛ БӨХӨӨГЧ ЭХ ОРОН МӨХӨӨГЧ





ЭХ ХЭЛ БӨХӨӨГЧ ЭХ ОРОН МӨХӨӨГЧ

Эх хэл ихийн эхлэл. Бодлын тайлал яриа, ярианы тэмдэглэл бичвэр, бичвэрийн тайлал унших, уншихын ухаарал бодол. Бодох, ярих, бичих, унших, бодол, яриа, бичвэр, уншвар, ер нь, хамаг бүгд,  тэгэхээр, хэлний үр.  Эх хэл, тэгэхээр үрийн эх, ихийн эхлэл.  

Үрийн эх, ихийн эхлэл эх хэл монгол хэлийг  монгол хэлнийхэн гэгчид л   кирилчилэл, дүрэмжилт  гэсэн их муухай, тун хорлонтой хоёр муу үйлээр бөхөөж ирсэн, мөхөөж байна.
Кирилчилэл бол эх хэлийг эх тэмдэглэл, эх утга, эх соёлоос нь хөндийрүүлсэн их хорлонтой, тун муу үйл мөн. Аливаа тэмдэгт бүхэнд дүрслэл, утга, хэрэглээ бий. Энэ бүх чанараараа, тэр  ахуй соёлын мэдрэмжтэй байдаг. Тэгэхээр монгол хэлний эх бичиг үсэг эх соёлын язгууртай байх нь л дээ.  Түүний тэмдэг бүрийн дүрслэл, утга, хэрэглээнд   эх бодол, эх утга, эх арга, ер нь эх соёл бүхэлдээ шингээстэй байх нээ. Эх хэлээ сурна гэдэгт иймд  бодох, ярих, бичих, унших, ухаарах, ер нь аж төрөх эх соёлд суралцах, эх соёлоо өөртөө шингээх гэсэн утга байх нээ.  Монгол хэлний бичиг үсгийн эх тэмдэглэгээний  кирилчилэл нь тэгэхээр эхгүй тэмдэглэл, эх утгагүй утга, эх соёлгүй соёл, эх хэрэглээгүй хэрэглээ, эхгүй сэтгэлгээ, эхгүй яриа, эхгүй уншвар, эхгүй бичвэр, эхгүй сургалт, эхгүй боловсрол, эхгүй үр, их өнчирлийн эх, эх хэлний их бөхөлтийн эхлэл болсон байх нь ээ.  Энэ бол эх хэл монгол хэлний түүхэнд дэх их том гамшиг юм. Энэ гамшиг байгалийнх биш, харин хүнийх.

Дүрэмжилт бол кирилчилсэн монгол бичиг үсэг  эх соёлгүй болсных нь нэг том гажиг мөн.  Кирилчилсэн монгол хэлэнд юу л  байна, ёстой дүрэм л байна. Тэр тусмаа эрүүл монгол хүн язгуур соёлынхоо хувьд яагаад ч барихгүй эргүү гэмээр, бүр элэг авчихмаар нь  мөн ч олон гээч. 

Угтаа дүрс, тэмдэгтийн дараалал болох үгийг кирилчилж энэ цагийнхнаар  эр, эм, эр ч биш, эм ч бишээр ялгуулж суулгах.  Хүн, малын эр, эм, эр ч биш, эм ч бишийг гадарладаг эрүүл ухаант монгол хүн ийм юм ер нь хийж суусан юм болов уу. Ингэж дэмийрч суух цаг тэдэнд ер нь байсийм болов уу. 

Дүрмийн заалтууд хоорондоо зөрчилгүй, хэрэглэж болохоор байх нь дүрэмжүүлэлтийн чанар, чансааны нэгэн хэмжүүр байдаг юм. Энэ хэмжүүрээр кирилчилсэн бичиг үсгийн дүрмийн тогтолцоог  шинжвэл “...заримдаа гээгдэнэ, заримдаа гээгдэхгүй..., эр үгийнх, эм үгийнх, эр ч биш, эм ч биш үгийнх; ...хатуурах, зөөлрөх …, тэмдэгт заримдаа гэнэт нэмэгдэнэ, зарим үсэрч алга болох  ...гэх зэрэг” хэлэхэд ч эвгүй, хэрэглэхэд ч  бэрх элдэв хошин заалтууд мөн олон байх. Ийм хошин нь улам нэмэгдээд байгаа нь бүр хачин.  Ийм хачин гашгаас болоод  адил нөхцөлд элдвээр элдэвлэгдсэн  бичвэр мөн  ч элбэг байх. Бичгийн кирилчилсэн монгол хэл иймэрхүү марзанжилтаар бүтүүхэндээ  мунхаглалын марзан хэл болоод байх шиг.

Хийрхэх тусам хийхгүй байдгийн адил дүрэмжих тусам дүрэмгүй болдог нь жам билээ.  Долоохон үгтэй өгүүлбэрийг зөв бичихэд монгол хэлний кирилчиллүүлсэн бичиг үсгийн  дүрмийн 100  заалтыг заавал мэдэх хэрэгтэй болох нь судалгааны нэгэн дүн.  Энэ нь ийм өгүүлбэр бүхий чээж (цээж) бичгийн шалгалтад ангиараа муу авах магадлал их өндөөр гэсэн үг. Эх хэлээрээ улсаараа муу сурдаг, улсаараа муу ярьдаг, улсаараа муухай илтгэдэг, улсаараа хөггүй гиншдэг, улсаараа алдаатай бичдэг болсны бодит нэг шалтгаан нь энэ л огт хэрэггүй, хийрхсэн дүрэмжилт, бас дүрэмгүйжилт мөн. Эх хэлийг дүрэмжүүлэх ийм хийрхэлд их ядарсан, сүүлдээ бүр залхасан монгол зон одоо аргаа ядахдаа дүрэмжсэн атлаа дүрэмгүй буруу яриа, харьцааг нь арга билгийн ухаанаараа аятайхан буулгаж зөвөөр ойлгох гэж их л хичээж явах.  Буруугаар ярьж зөвөөр ойлгох нь иймд кирилчилэгдсэн монголын үнэт зүйл, соёл болох нь нээ.   Энэ бол эх хэл монгол хэлний түүхэн дэх гавьяа биш харин их том гай юм. Энэ гай байгалийнх биш харин хүнийх.

Эх хэл, их соёл монгол хэл кирилчиллээр эх язгуураасаа салж бөхөж эхэлсэн нь түүх. Түүний энэ түүхэн бөхөлт  огт хэрэггүй хийрхсэн дүрэмжилтээр түүхэн мөхөлт болж хувирч буй нь бодит байдал.  Эх хэлний энэ бөхөлт, мөхөлт нь  эцэстээ монгол зон олонг буруугаар харьцаж, урвуугаар ойлголцоход хүргэсэн нь бодит амьдрал.  Энэ нь үнэндээ тэд эх хэлээрээ төгс ойлголцохгүй, харьцаж чадахгүйд хүрсний нэгэн тод шинж тэмдэг. Энэ шинж тэмдэг “монгол зон нэг үндэстний нэгдмэл чанараа аажмаар алдаж байна” гэсэн гашуун үнэнг шивнээд байх. Энэ шивнээг сонсоход мэдээж гашуун. Гашуун энэ шивнээн  утга, агуулга нь дэлхийд үгүйрч үгүйлэгдсэн олон олон үндэстний гашуун түүх, гашуун сургамжийнхтай эв ижилхэн гэдгийг  барьж нэг чадвал тэр бүр ч гашуун, бүр ч аймаар.  

Ихийн эхлэл эх хэлний  бөхөлт эцэстээ их үндэстэн, эх орны мөхөлт.  Ийм бөхөлт, тийм мөхөлт байгалийнх биш, харин дандаа л хүнийх л байх. Эх хэлээ бөхөөгч хүн тэгэхээр эх орноо мөхөөгч болох.

Ц.Лувсандорж

2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр









Sunday, January 4, 2015

ҮЗЭЛ СУРТЛЫН ХОЁР ҮХРЭН ЗҮЙРЛЭЛ



                                           
  ҮЗЭЛ СУРТЛЫН  ХОЁР ҮХРЭН ЗҮЙРЛЭЛ

Коммунизм засаглах нэгэн үзэл суртал.  Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ:  Та хоёр үхрээ засагт өгөх ёстой.  Засаг танд, магадгүй, бага зэрэг сүү өгнө”

Фашизм засаглах  бас нэгэн үзэл суртал. Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ: “Та хоёр үхрийнхээ бүх сүүг засагт өгнө. Засаг түүгээр зөвхөн өөртөө ашиг хийнэ”


Социализм засаглах өөр нэгэн үзэл суртал. Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ: “Та хоёр үхрийнхээ нэгийг хөрштэй өгнө” 


Нацизм засаглах ийм нэгэн үзэл суртал.  Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ: “Засаг таныг буудаад хоёр үхрийг тань авна.  Коммунизм ингэж авирлах нь түгээмэл”

Анархизм улс төрийн үзэл. Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ: “ Та хоёр үхэртэйгээ байна. Гэхдээ засгийн газрын төлөөлөгчийг бууд. Хөршийнхөө нэг үхрийг хулгайл”

Капитализм  засаглах улс төрийн үзэл суртал. Хоёр үхрийн зарчмаар түүнийг ингэж илэрхийлнэ: “Та хоёр үхрийнхээ нэгийг зар. Бух худалдаж ав”


                                      Монгол хэлнээ буулгасан Ц.Лувсандорж
                                                  2015 оны 1-р сарын 4-ны өдөр



THE TWO COW PRINCIPLES

COMMUNISM  Idealogy as a governing system: You have two cows. Give both cows to the government, and they MAY give you some of the milk.

FACISM  idealogy as a governing system: You have two cows. You give ALL the milk to the government, and the government sells it for a profit for themselves.

SOCIALISM  idealogy as a governing system: You have two cows. Give one cow to your neighbor!

NAZISM as a governing idealogy system: You have two cows. The government shoots you and takes both cows. Communism often does it this way sometimes.

ANARCHISM as a political idealogy system: You have two cows. You keep the two cows. Shoot the government agent and steal another cow from your neighbor.

CAPITALISM as a governing political idealogy: You have two cows. Sell one cow and buy a bull.

                       Produced by the Belize Development Trust

Monday, December 29, 2014

МАНГУУГААР БИШ МАТЕМАТИКААР ХӨТЛӨ, ЭХ ОРНОО

http://mr-institute.blogspot.com


http://www.slideshare.net/luvsandorjts 

http://www.facebook.com/luvsandorjts
 
http://luvsandorjts.wordpress.com

http://centreparty.blogspot.com

http://centrepartymongol.blogspot.com



МАНГУУГААР БИШ МАТЕМАТИКААР ХӨТЛӨ, ЭХ ОРНОО

Математик ухаанаар ажихад монголд ядуу үгүй, ард үгүй. Тэгэхээр  тэнд гагцхүү тэнгэрлэг оршихуй л байх. Гэвч мангуу амилаад ирэхийн цагт тэнгэрлэг улсад  хүртэл ард элбэгших, ядуу олшрох. Иймд энэ муу мангууг хурдхан мартаж, харин,  математикийг нэн эрхэмлэн улсаа хөглө. Тэнгэрлэг орш. Эрхэмсэг бай.

Монгол газраар л баян. Монгол хүн бүр  дор хаяж 600 метр шоо дөрвөлжин газартай. Ийм хувьтай. Тийм заяатай. Ийм газартай хүн, тэгэхээр, яагаад ч,  ард хоцорсон ядуу биш,  харин хувьтай, заяатай төрсөн, тэнгэрлэг орших баян хүн шүү, мангуугаар биш, харин, математикаар аживал. 

Монгол эрдэс баялагаар л баян. Энэ нутагт алт, мөнгө, зэс, уран, төмрийн хүдэр, газрын тос, фосфарит,нүүрс, газрын ховор элемент зэрэг тоолшгүй,тооцоолшгүй олон эрдэнэс тонн тонноор бий. Тэгэхээр монгол хүн бүр тооцоолшгүй тонн эрдэнэстэй.  Ийм хувьтай, тийм заяатай. Тооцоолшгүй тонн эрдэнэстэй хүн, тэгэхээр, яагаад ч ядуурч үгүйрсэн ард биш, харин эрхэмсэг орших эзэн хүн шүү, мангуугаар биш, харин, математикаар тооцвол. 

Монгол мал, ан амьтнаар л баян.  Монгол хүн бүр дор хаяж 20 толгой малтай, тоологдошгүй тооны амьтантай, шувуутай, загастай.  Ийм хувьтай. Тийм заяатай. Ийм өмчтэй хүн, тэгэхээр, яагаад ч, үгээгүй  гуйлгачин ард биш, харин, малтай, антай, талтай, ойтой, уултай, голтой эзэн хүн шүү дээ, мангуугаар биш, харин, математикаар  бодвол.

Монгол газар зүй, уур амьсгалын тэнгэрлэг байршилтай. Хорвоог тэнцүүлж хөгжлийг тэтгэсэн дөрвөн улиралтай.  Нохой гаслам халуунгүй тул зундаа ахуйн зардалгүй.  Энэ  нь эдийн засгийн таатай нэгэн нөхцөл.  Элдвийг цэвэрлэх, орчныг цэмцийлгэх өвөлтэй. Энэ нь  мөн эдийн засаг, эрүүл ахуйн эерэг нэгэн нөхцөл.  Ногоо, тариаг тарих, ургуулах, арчлах, хураах алтан хэмнэлийг онож бүрдүүлсэн хавартай, намартай.  Энэ нь мөн ховор нэгэн өгөгдөл.  Далайн хар шуурга,  үер усны гай гамшгаас хол. Газар хөдлөлт нэн ховор. Элдэвлэсэн шашны элдэв зөрчилгүй. Дайнгүй, байлдаангүй.  Газар зүй, уур амьсгалын заяагдмал, төрмөл  анхдагч энэ аяатай өгөгдөл, нөхцлөө онож тооцвол алдаа биш, харин, амжилт гаргах магадлал нэн өндөр юм, энд.  Анхдагч энэ өгөгдөл, нөхцлөөрөө монгол хүн, иймд, ядуу ард гэхээсээ  амжилтын эзэд болох боломж их байгаа юм шүү, мангуугаар биш, харин, математикаар  шинжвэл.

Монгол зах зээлийн гайхам нэгэн нөхцөлтэй улс.  Урд нь дэлхийн хүн амын гуравны нэгийг багтаасан Хятадын зах зээл цэлийж байх. Ард нь  дэлхийн хамгийн том газар нутагтай Оросын зах зээл хүлээж байх.  Энэ зах зээл рүү бүгдээрээ, улсаараа нийлж нэгдэж байгаад ганцхан бүтээгдэхүүн, ганцхан үйлчилгээг бий болгоход л монгол хүн боол биш, харин, эзэн байх магадлал их өндөр байх нь ээ, мангуугаар биш харин математикаар сэтгэхэд.   

Монгол  чадварлаг, зохимжтой тооны хүний нөөцтэй. Хүн амын 98 гаруй хувь нь бичиг үсгийн их соёлд тайлагдсан. Тэдний эзэмшсэн мэдлэг, хураасан чадвар нь академик, сонгодог шинжтэй байдаг тул хэрэг гарч, нөхцөл бүрдвэл тэд түүнийгээ хэдийд ч, хаашаа ч хувирган хэрэглээ болгож чаддаг. Энэ л онцлогоороо, монгол хүн, монгол хүүхэд  “авьяаслаг, юмыг хурдан сурдаг, оюуны чадавхи өндөр, сэргэлэн” гэх зэрэг хүний оюуны чансааг илтгэх сайхан үгсийн эзэн болсон байх нь олонтоо. Чанаргүй тэрбумаас чансаатай 3 сая хүн дэвшилтэд технологид суурилсан орчин цагийн үйлдвэрлэлд нэн зохимжтой байх, мангуугаар биш математикаар загварчилбал. 

Мангуугаар биш харин математикаар харвал монголын дэвших, хөгжих анхдагч нөхцөл, гол хүчин зүйл бүгд л эерэг сайн, таатай сайхан байх. Технологид суурилсан орчин цагийн үйлдвэрлэлийг хөтлөхөд тоогоороо ч, чанараараа ч яг таарах чадварлаг хүний нөөц энд байна.  Дэлхийд олдошгүй хоёр том зах зээл дэргэд нь цэлийж, хүлээж байна, энд. Газар зүй, уур амьсгалын хөгжлийг чангаагч биш, харин тэтгэгч заяагдмал эерэг нөхцөл, байршил энд байна.  Газар байна, газар доор нь тооцоолшгүй тонн эрдэс баялаг энд мөн байна. Байгалиараа, өөрөөрөө л өсөж олширч байдаг хэдэн арван сая мал, хэзээ тоологдошгүй ан аньтан энд л бас байна. Уудам тал, ой мод, гол мөрөн байна, энд.  Монголд, иймд, ард хоцорсон ядуус, ядуурч үгүйрсэн ардууд, яагаад ч байх боломж үнэхээр алга. Гагцхүү тэнгэрлэг орших, эрхэмсэг байх  боломж л бодит болж харагдаад байна,энд, математикаар шинжвэл. Гэвч ийм баян, тийм тэнгэрлэг энэ улсад ард элбэгшиж, ядуус үржээд байна шүү, цаана чинь.  Мангуугаар бус иймд математикаар л хөтлө, эх орноо.
Ц.Лувсандорж
2014 оны 12 дугаар сарын 29-ны өдөр