Thursday, December 29, 2011

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм андууд Та бүхэнд ирж буй дуулиант  2012 оны мэндийг хүргэе.
Энэ он алдарт Мауагийн он тооллын төгсөх мөч. Энэ он гариг ертөнцийн эзэн нар ховорхон нэгэн байрлалаа дахин эзлэх цаг. Энэ он сансар ертөнцөд болох томоохон өөрчлөлтөөс улбаалан эх болсон энэ дэлхийд маань ган гачиг, гал ус, газар хөдлөлтийн гамшигт үзэгдэл болох магадлал бүхий цаг үе. Энэ он бас алтан зууны эхлэлийн цэг. Ийм л онцгой мөчийг өөртөө багтааж буй 2012 оныг бид угтаж байна.
Ийм цагт хүн бүхэн уг мөн чанараа л илүү их таних биз ээ. Тэр чанар бол баянд ч, ядууд ч, авилгачинд ч, олигарихад ч байдаг, уйлахад нь мэдрэгдэх тэр мэдрэмж шүү дээ. Тэр л мэдрэмжээрээ ирэх онд хамт байцгаая, андууд минь.
Та бүхэндээ "Дэлхий 2012 онд сөнөхгүй, гэвч ..." нийтлэлээ шинэ оны бэлэг олгон барьж байна. http://undesniibolovsrol.blogspot.com/ дарж уншаарай.

Он жилүүд урсаж амьдрал үргэлжилж байг.

                                                                        Ц.Лувсандорж

Thursday, December 22, 2011

АНД МИНЬ, АРД МИНЬ

Үндэсний үзэл, Үндсэрхэг үзэл, Үндэсний эрх ашиг гэсэн ухагдахууныг онож ойлгох хэрэгтэй юм даа. Үндсэрхэг үзэл савнаасаа хэтэрвэл өрөөлд их хортой. Фашизм, дэлхийн дайнууд, радикал үзэлтнүүд, террористууд гээд л явна. Үндэсний үзэл савнаасаа хэтэрвэл өөрт их халтай. Чингис чингис, аль эсвэл, Хөх толбо, хөх толбо гэж хөөрсөөр, хөдөлмөрлөхгүй суусаар, хөгжил дэвшлийн ард үлдэх аюултай. Харин үндэсний эрх ашгаа хэт дээдэлснээс учрах хор, хорлол, аюул гэж үгүй.

Үндэсний эрх ашгаа хүн бүр чинхүү чухалчлан дээдлэх, санаа зовох  цаг  ч одоо, харин, үнэхээр, ирлээ дээ, анд минь. Түмэнд заяасан төрмөл баялагаа ашиглах гээд өрөнд орчихлоо, шүү дээ, бид чинь, "гэрээ" хэмээх цаасны хүчинд. Заяасан баялаг  маань цаасаар хүнийх болчихлоо.  Ирээдүйгээ гэх  хүн бүр, тэр тусмаа залуу хүн бүр Оюу-Толгойн гэрээнд заавал нэг анхаарлаа хандуулаач.  Үндэсний эрх ашиг маш ихээр хөндөгдөж байна, цаана чинь. Итгээд, итгээд л яваад байж болохгүй нь, итгэлийг чинь даахгүй хүмүүс цаана чинь цөөнгүй байж мэдэх нь, хүн ард минь. 

Дэлхий нийтээрээ нэг хил, нэг хэл, нэг хөлтэй болчихоогүй байгаа цагт үндэсний эрх ашиг гэж байсаар л байх учир танд ингэж  нэг санууллаа, анд минь, ард минь.

Ц.Лувсандорж

Wednesday, December 21, 2011

ШАГНАХ МУУХАЙ, ШАГНУУЛАХ ДОН БҮР Ч МУУХАЙ

"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар хэвлэгдэж олны хүртээл болсон.

Хүүхэд байхдаа айл хавийнхандаа ус, түлээ, цас  дөхүүлж туслахад тэд маань надад ааруул, хуруудхан өгч “Хүүгээ дахиад шагнана” гэдэгсэн. Томчуудын энэ үг надад сайхан бус, харин ч, муухай санагддаг байж билээ. Шагнуулах донгүй байсан болохоор тэр шүү дээ.  Одоо төр нь ч, төрийн бус нь ч томорч, “шагнана, шагнана” гэж  амлаад л, хэн дуртайгаа  юугаар ч хамаагүй шагнаад, шагнаад л байдаг болж дээ. Тэд үнэндээ одон медалийг уут уутаар нь “урд” уралдан хийлгэж, түүнийгээ сав саваар тараана. Шагнах, бас шагнуулах донтноор энэ улс дүүрсэн болохоор л, тэр шүү дээ.
Монгол зон олны шагнуулах дон, шунал, хүсэл дээр төрийн алба ч сайн  тоглож байна. Ард иргэдээ адил тэгш үзэж, үилчилнэ, тэгш байдлыг хангана (equity; equality) гэсэн ардчиллын үнэт зүйл ч бүр утгаа алдаад, энд удаж байна. Дуулах урлагт суралцаж яваа 2 хүүхдийн нэгийнх нь стилийг өндөр үнэлээд, нөгөөгийнх нь мэргэжил, стилийг үл тоогоод л. Нэг жижигчинг нөгөөгөөс нь илүү үзээд л. Нэг нийтлэлчийг бусдаас нь илүү өргөөд л. Нэг багшийг нөгөөгөөс нь; нэг эмчийг бусдаас нь онцгойлоод л. Нэг хүүхдийг нөгөөгөөс нь шилдэг болгоод л, нэг аавыг бусдаас нь онцгойлж үзээд л, хамгийн хошин нь, нэг ээжийг нөгөө ээжээс хүртэл илүү үзэж, одон медаль олгоод л, түүнийгээ бүр хуульчиллаад л. Энэ бүхний эцэст, монгол эхчүүд одонтой, одонгүйгээр ялгарч, гадуурхагдаад л. Үлдсэн хэсэг нь шагналттай, шагналгүйгээр тэрсэлдээд л. Энэ бүх шагнах, шагнуулах дон, шунал, мунхаглалын дүнд энэ улс  шилдэгийн шилдэг иргэдтэй гэх шагналын шаг улс болох нээ. Энэ юу болж байна аа, ардчилсан монголд.
“Иргэдээ ялгаварлан гадуурхахгүй байх, тэдэнд адил тэгш байдлаар хандах, төрийн үйлчилгээг нийтийн албаар дамжуулан адил тэгш хүргэх” явдал нь ардчилсан засаглалын суурь зарчим, бас ардчиллын үнэт зүйл юм. Ийм ч учраас нөгөө л бидний дуурайх гэж оролдоод байгаа ардчилсан гэх улсын төрийн алба, үйлчилгээнд “төрийн шагнал, одон тэмдгээр иргэд, татвар төлөгчийг шагнах, бүр тэднийг  шагналд донтуулах” гэсэн ойлголт огт байхгүй. Нэгэн болсон явдлыг дор сийрүүлье.
Гадаадын нэгэн зөвлөхийн хамт ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтэнд оролцож, багш нартаа уулзав. Уулзалтын дараа нөгөө нөхөр маань “Энэ сургуульд цэрэг, дайнд оролцож явсан ийм олон хүмүүс яагаад ажилладаг юм бэ гэж надаас асууж билээ. Би “Энэ чинь сургууль шүү дээ. Яагаад цэрэг дайн тухай яриад явчихав аа” гэхэд, тэрээр “Энгэртээ одон,медаль гялалзуулсан хүмүүс олон харагдлаа” гэв. Нөгөө л дуурайх гэж ядаж буй гадаад улсуудад зөвхөн дайнд оролцож, зохих амин гавьяа байгуулсан цэрэгт л медаль, шагнал өгдөг учраас тэр зөвлөх маань ингэж андуурсан хэрэг л дээ.  Ардчиллын  зарчим, үнэ цэнэ чинхүү утгаараа нийгмийнх нь үнэт зүйл болсон улсад төрийн албан хаагч “томорч” хэн нэгнийг нь хэт өргөж, нөгөөг нь хэт доошлуулах, цаашилбал, төрийн нэрээр хэн нэгнийг шагнах гэвэл  ардчиллын үнэт зүйлээс урвасан гээд л  түүнээс нийтийн албаа буцаан аваад, хариуд нь хатуухан шийтгэл оноох нь энүүхэнд аж. Иймд төр засаг маань ардчиллын энэ мэт үнэт зүйлийг чинхүү утгаараа нь хурданхан мэдэрч, хүндэтгэж ажиллаж гэмээнэ монгол зон олны дунд газар авч буй “шагнуулах” гэсэн муухай дон хурдан илаарших буй зээ.

Төрийн бус, олон нийтийн байгууллагууд ч монгол зон олны шагнуулах дон дээр тоглох тоглолтонд төрөөс тийм ч хол хоцорсонгүй.  “Саран”, “ Алтан” “Мөнгөн”, за тэгээд юу ч гэдэг юм хамаагүй элдэв ээжүүдийг тодруулаад л. Оны шилдэгийн шилдэг ээж, аав, ах, эгч, оюутан, сурагч, хүүхэд шалгаруулж онцлоод л. Ийм шалгаруулалтыг үзэж байгаа шагнуулж амжаагүй ээж, аав, ах, эгч, дүү нар нь  ингэж шилдэгээр шалгарч, шагнуулах юмсан гээд л гэртээ үглэн суух нь хэвийн үзэгдэл болж, энэ улсад. Саяхан надад нэг этгээд “Танай аавд зориулж суварга босгохоор шийдвэрлэсэн. Та 3 сая төгрөг манай хийдийн дансанд шилжүүлээч гэж байна лаа. Тэр арван хэдэн жилийн өмнө талийгаач болсон аавд маань яасан их санаа зовов доо. Мөн нэгэн танилд маань  "Хүүхдийг чинь дүүргийн математикийн олимпиадын аварга болгоно, шагналын мөнгийг нь гаргана биз ээ" гэжээ.  Бас нэг андад маань "Танай эхнэрийг бизнес эрхлэгч шилдэг эмэгтэйгээр шалгаруулах гэсэн юм, шагналын мөнгийг нь гаргачихна биз дээ" гэсэн гэдэг. Ажил хэрэгч  танил руу маань нэгэн төрийн бус байгууллагаас утасдаад “400 мянган төгрөг төлчих, манлай эмэгтэй болгоод өгье” гэжээ. Тэгээд бүр дахин дахин утсаад салахгүй байсан гээч. За энэ мэт  шагнуулах, шагнах донтой холбоотой явдлыг дурдвал дуусашгүй. Эдүгээ цагийн монгол зон олны шагналын дон, шунал, хүсэл тэмүүлэл нь заримд маань амархан мөнгө хийж орлого олох  нэгэн арга зам болж байх шиг.  Уг нь төрийн бус, олон нийтийн байгууллага бүхэн төрийн хүрч амжаагүй тэр хэсэгт хүрч, зон олонд дэм тус болох, тэдний сайн сайхны төлөө ашгийн бус зорилгоор ажиллана гэж амалсан, тэр хэрээрээ татвараас чөлөөгдөж хөнгөлт эдэлдэг шүү дээ. Монгол зон олны шагналд донтсон энэ муухай байдлыг засахын оронд, харин түүнийг ашиглан бизнес хийх нь сайн үйлс л лав биш юм шүү, төрийн бус, олон нийтийн байгууллагын андууд минь.
“Хүүгээ дахиад шагнана” гэсэн томчуудын энэ үг хүүхэд байхад надад сайхан бус, харин, үнэндээ, муухай санагддаг байв. Шагнуулах донгүй байсан учраас л тэр.  Шагналын донгүй нүдээр шинжихэд “Чамайг дахиад л шагнана”  шүү гэсэн шиг шил шилээ дагасан одоогийн олон олон  энэ шагналууд нэг л муухай. Ийм шагналыг авахын төлөө монгол зон олон маань улайран улайран донтох нь бүр  ч муухай. Зон олны шагнуулах гэсэн энэ муухай донг төр нь ардчиллын үнэт зүйлсээ мартан мартан дэвэргэсээр л; төрийн бус нь мэдэн будилан буруугаар ашигласаар л явбал  энэ улс нэгэн цагт зөвхөн шилдэгийн шилдэг иргэдтэй гэх шагналын шаг улс  болчихсон байх вий, хөөрхий.
http://undesniibolovsrol.blogspot.com/2011/12/blog-post_2930.html

Ц.Лувсандорж

Thursday, December 15, 2011

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ЧОНОНЫ ХҮҮ ШААЛУУ

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ЧОНОНЫ ХҮҮ ШААЛУУ: Чон оны хүү Шаалуу гэж. Чонон орчинд өссөн хүний хүү “ чоно ” бол ж, чоно шиг авирладаг тухай үлгэрийн баатар нь энэ Шаалуу. Шаалууг хүйтэн...

ЧОНОНЫ ХҮҮ ШААЛУУ

Чонын хүү Шаалуу гэж. Чонон орчинд өссөн хүний хүү “чоно болж, чоно шиг авирладаг тухай үлгэрийн баатар нь энэ Шаалуу. Шаалууг хүйтэн сэтгэлт эх төрүүлж, голын хөвөөнд орхисонтой чоно таарна. Чоно түүнийг тасдаад идчихсэнгүй, харин ч халамжилж өсгөнө. Гэхдээ энэ халамж чононых, тэр өсөлт чонон орчных. Шаалуу энд хүний хайр халамжийг мэдэрч, хүнлэг харилцаанд орсонгүй. Шаалуу  чонон орчинд чононы хуулиар л тулалдан өснө. Эцэст тэр чоно болно. Шаалуу үнэндээ хүний хүйтэн сэтгэлийн золиос, чонон орчны бүтээл чоно хүн, бас хүн чоно юм.
Гэмт хэрэгтэн угтаа Шаалуу л юм. Тэр бидний бүтээж буй нийгмийн тасархай, харин түүний үйлдсэн хэрэг бол бидний нийгмийн нэгэн гаж шинжийн бодит илрэл. Тэр нэгэн цагт ээж, аавын хайртай хүү, охин; ах, эгчийн хайртай дүү нь байсан. Тэр бас "багшаа" гэж дуудах, “багш минь” гэж хүндэтгэх багштай; хайртай гэх ханьтай; “халамжилна, хамгаална” гэсэн засаг төр, нийгэм, эх оронтой байсан. Харин тэр одоо гэмт хэрэгтэн. Түүнийг бид нийгмийн хүү болгон авч чадсангүй. Эцэг эх, томчууд бид тэдэнд  хайр, халамж, хараагаа бүрэн өгч лав чадсангүй. Багш нар нь тэднийг багшийн гэсэн сэтгэл, зүтгэлээр гэрэлт замд лав хөтөлж чадсангүй. Цагдаа тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадсангүй, төр засаг тэднийг халамжлан хамгаалж, сайхан амьдруулж лав чадсангүй. Иймд аав, ээж, ах эгч, багш, найз нөхөд, цагдаа, төр засгийн “хүйтэн” хандлага, тэдний “чадсангүй” бүхнийх  нь золиос болсон тэр Шалуу нь угтаа энэ гэмт хэрэгтэн. Гэмт хэрэгтэн ингэж Шаалуу болно.
Архичин бас л Шаалуу. Архи үгүй бол архичин үгүй юм. Архины үйлдвэр үгүй бол архи үгүй юм. Энэ бол энгийн логик, үндэслэл шүү дээ. Гэвч монголд эсрэгээрээ. Хоол, хүнсний үйлдвэрээсээ олон архины үйлдвэртэй. Хоол, хүнсний дэлгүүрээсээ цөөнгүй архи зардаг цэг, дэлгүүртэй. Архийг энэ нийгэмд хоол, хүнс, ундаа мэт үзэж буйг нотлох гэсэн шиг түүнийг хүнсний дэлгүүрт хоол, хүнстэйгээ хамт зарна. Бүр ингэж зарахаар төрөөс зохицуулж өгнө (Бидний дуурайж, хуулбарлаж ядаад байгаа европын стандартаар бол архи зардаг цэг нь хүнсний дэлгүүрээс ангид байдаг л даа. Архи гэдэг хоол, ундаа биш учраас тэр).  Ингэж архийг хоол, ундаа мэт зохицуулж өгсөн энэ улсад архи уух гэдэг нэг ёсны энэ цагийн шинэ соёл болжээ. Архи уухгүй байх нь харин орчин цагийн соёл эзэмшээгүй мэт тооцогдох. Энд архиар золгоно,  архиар ундаална, архиараа давалгаана, архиар хохирооно, архиар ядуу болгоно, архиар шоронжуулна, архиараа цааш нь илгээнэ. Энд нэг жилд нэг хүн дундажаар 40 литр архи ууна. Нийгмийн ийм архижуулах, архидуулах, архийг соёл болгох “хүйтэн” бодлогын золиос, мөн архидсан орчны бүтээл болсон  нэг Шаалуу нь нийгмийн шинэлэг давхарга архичид. Архичид ингэж Шаалуу болно.
Ядуус мөн л Шаалуу.  Ядуу үгүй бол баян үгүй л юм. Иймд баяны чин хүсэл нь ядууг бий болгох, бас түүнийг мөнхөд байлгах явдал. Гэвч бүгдээрээ л дундаж баян буюу дундаж ядуу байсан тэр цагт ядуу ч, бас баян үгүй байв. Бүгдээрээ баян, бас бүгдээрээ ядуу байж  үл болох тул баяныг  бий болгож ядууг төрүүлэх нь амин чухал аж. Өмч хувьчлал, цэнхэр, ягаан тасалбар, алдарт 20 дугаар тогтоол, газар хувьчлал, за тэгээд ”2 толгой”-ноос хувьцаа олгох, зээл тэглэх, ноолуурын хорин мянган, хүүхдийн 100 мянган зэрэг олон мэргэн ухааныг “мэдээлэл, эрх мэдэлтэй нь хожино, эс тохиолдолд хоцорно” гэсэн аргаар хэрэгжүүлж, дүнд нь хүн амынх нь 40 орчим хувь нэн ядуу, 99 хувь өмчгүй болтлоо ядуурчээ. Ядуус ингэж өмчгүй болгох “хүйтэн” бодлогын золиос, мөнгө эрх мэдэл, эрх мэдэл мөнгө гэдэг эрх мэдэлжсэн мөнгөний (плутократик-plutocratic) орчны бүтээл нь болсон ээлжит нэгэн Шаалуу аж.
 
Шаалуу гэмт хэрэгтэн, зэрлэг. Шаалуу архичин, арчаагүй. Шаалуу ядуу, гуйлангачин, залхуу. Ер нь, Шаалууг шударга шүүх хэрэгтэй юм байна. Харин яаж шүүх бэ? Гагцхүү шударга шүүх л хэрэгтэй, Энэ  хүн чоно, бас чоно хүн Шаалууг.
Шаалуу чоно тул түүнийг хүний нийгмийн хуулиар шүүж үл болно, шударга бус. Шаалууг бас чоны хуулиар шүүж үл болно, учир нь тэр хүний хүйтэн сэтгэл, чонон орчны золиос болсон хүн шүү дээ, угтаа. Иймд ер нь Шаалууг ч бус, чоныг ч бус, харин хүний хүүг чоно болгон хувиргаж буй тэр орчинг, бас “тэр хүйтэн” бүхнийг шүүх нь магад илүү шударга ч юм уу. 

Чоно хүн, хүн чоно энэ Шаалууг ер нь яаж шударга шүүе дээ, байз.

Ц.Лувсандорж

2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 

Tuesday, December 6, 2011

БАЯНЫ ЧИН ХҮСЛЭЭ ГЭЖ

"Үндэсний шуудан" сонины 2011 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн дугаарт хэвлэгдэж олны хүртээл болсон.

Нийгмийн нийт баялагийн  99 хувийг хүн амийнх нь 1 хувь эзэмшиж, харин хүн амийн 99 хувь нийгмийн баялагийн 1 хувь дээр амь зуудаг. Хамгийн сонирхолтой нь, ядуусын армиас баяны армид шилжих магадлал 7 саяны нэг гэдэг. Тодруулан хэлбэл, 7 сая ядуугаас зөвхөн нэг нь л баян болж баячуудын армид орно гэсэн үг л дээ.  Иймд баян нь баяжсаар л, ядуу нь ядарсаар л.  Энэ бол хүний нийгмийн гашуун ч,  бас үнэн нь юм.  Ядууд гашуун энэ үнэнд баяны хүсэл бас үл ханана.
Ядуугийн амьдрах хэрэгцээ, хүсэл, тэмүүлэл баяныг улам баяжуулахын эх үндэс, бодит нөхцөл болдог. Үнэндээ, ядуу үгүй бол баян үгүй. Ийм учраас баячуудын хувьд зөвхөн үйлдвэрийн хэрэгслэлийг эзэмшигч төдий баян байх нь хангалттай бус, харин ядуусийг мөнхөд ядуу байлгах бодлого, шийдвэр, эрх мэдлийн мөнхийн эзэн байх нь тэдний чинхүү хүсэл болдог. Баяны энэхүү чинхүү хүслээс чухамдаа засаглалын нэгэн хэлбэр болох плyтокраси (Plutocracy) буюу мөнгөчилөл төрнө.
Мөнгөчилөл (плyтокраси)-ийн мөн чанар нь, энгийнээр хэлбэл, “эрх мэдэл ч мөнгө; мөнгө ч эрх мэдэл” гэж үзэж, бүхэл эрх мэдлийг мөнгө, хөрөнгөөр олж эзэмших, ингэснээр нийгмийн хөрөнгөлөг анги, бүлэг засгийн эрхийг мөнгөөр авах, барих явдал юм. Мөнгөчилөл бодит биелэлээ олох түгээмэл  нэгэн арга, хэлбэр нь эрх мэдэлтэн, хөрөнгөтөн хоёр нэгдэх явдал. Ингэж баячуудын чинхүү хүслийг хангахаар эрх мэдэл, мөнгө хоёр нэгдэхийг чухамдаа олигархи гэдэг. Мөнгөчилөл (плyтокраси) ба олигархи  нэг зоосны хоёр тал лугаа адил ижилсэн, зэрэгцэн оршихын учир чухамдаа энэ бөлгөө.
Аливаа төр, засаг олигархи буюу плyтократик (мөнгөчилсөн)  эсэхийг таньж мэдэх маш энгийн арга бий. Энэ бол төр засгаас гарч буй бодлого, шийдвэр  “Ядуусаар дамжуулж баячуудыг баяжуулах”-д чиглэж үү гэдгийг л үл хууртах ухаан буюу  “угаалгаагүй” тархиар задлан шинжлэх явдал аж. Төр, засгаас гарч буй бодлого, шийдвэрт ингэж задлан шинжлэл хийснээр тухайн төр, засаг плитократик, олигархи эсэхийг тогтоож болохын хамт ер нь тухайн засаг  хүүхэд, оюутан, эмч, багш, хөгшид өтгөс, бизнес эрхлэгч, цэрэг зэрэг нийгмийн аль давхарга, бүлгийн эрх ашиг, сонирхолыг илүү хамгаалаад байгааг нь, өөрөөр хэлбэл, “Хэний” засаг болохыг мэдчихдэг болдог. Ийм задлан шинжлэлийн нэгэн жишээ болгож монголын төр засгаас зон олонд хувьцаа олгох талаар гаргасан саяхны нэгэн түүхэн шийдвэрийг доор шинжин үзье.
Монголын төр засгаас саяхан “Таван толгойн хувьцаанаас нэрлэсэн үнээрээ нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувийг  иргэдэд өгөх”-өөр шийдвэрлэв.  Энэ хувьцаацаасбиш, харин хөрөнгийн зах зээл дээр амь орсны дараа  (IPO–хийсний дараа гэж ярьдаг)  ихэд үнэ орж мэдэх тул тэр хүртэл хүлээвэл ашигтай аж. Харин ингэж хүлээх санхүүгийн чадваргүй ядуус нь түүнийгээ засгийн газарт өгч, оронд нь 1 сая төгрөг бэлнээр авч болно. Ингэж цугларсан хувьцааг Засгийн газар үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр зарах ажээ.
Ийм бодлого гарч буй энэ цаг дор сар бүр төр засгаас өгч буй 21 мянган төгрөгөө  хүлээж ядан, гадаа чичрэн зогсох ядуу ардын нөхцлийг энд нэг эргэн саная. Эдгээр ядуу ардын осгочихгүй байхын төлөөх оршихуйн өнөөгийн амин тэмцлийг бодиттой нэг ажиглавал тэд “Өнөөдрийн уушигнаас маргаашийн өөх дээр” гэсэн ухаанаар биш, харин “Амьд явахад арга нь олдоно” гэдэг хясалд хөтлөгдсөн тарчигхан бодол,  “Ер нь маргааш бид байгаа ч билүү” гэсэн итгэл үгүй байдлаар энэ хувьцаанд хандах магадлал өндөр байгаа нь мэдэгдэнэ. Ингэж хандаж болохыг нь ч төр засаг эл шийдвэрээрээ урьдчилан сайн зохицуулж өгчээ.  Энэ л зохицуулалтаар, ядуус  “Олгосон хувьцааг  нь засгийн газарт нь бушуухан л буцаан өгөөд 1 сая төгрөгөөр авах”  нь  тэдний хувьд амь зуух,  онд ороход нь илүү амин чухал, прагматик хэрэг болох биз. Ингэж л ядуусаас цугларсан хувьцаа Засгийн газраар зохицуулагдаж үндэсний нэгж ахуйн нэгж, тодруулан хэлбэл, нийт хүн амын нэг хувь болох баян чинээлэг  2700 орчим хүнд нэрлэсэн үнээр зарагдах юм. Ингэхийг ч бас энэ шийдвэрээр урьдчилан сайн зохицуулж өгчээ.  Ядуугийн хяслан баяныг улам баяжуулдагын нэгэн тод жишээ энэ буй зээ.
Ядуусаар дамжуулж баячуудыг баяжуулна. Энэ бол аливаа мөнгөчилсөн (плyтократик) засаглалд байдаг нийтлэг шинж, магадгүй, түүний суурь зарчим юм. Сар бүрд өгөх 21 мянган төгрөгний төлөө гадаа чичрэн зогсох ядуусад  хувьцаа олговол  тэд  хурдхан буцааж өгөөд 1 сая төгрөг авах нь мэдээж.  Уух цай, идэх хоолгүй хүйтэн гэрт босож, сургуульдаа даарч, ядарч ирэх багачууд “үдийн цайн”-д өгсөн бүхний эргэлзээгүй идэх нь мэдээж. Сөхөрч унатлаа насаараа ажилласан атлаа хураасан өмчгүй тэтгэвэрт гарч, нийгмийн харилцааны гадна талд хоцорсон өтгөс, хөгшид  “Тэтгэврийг нь нэг төгрөгөөр нэмэхээр шийдснийг сонсоод уулаг алдан баярлаж, тэр засгаа магтан дуулах” нь бас мэдээж. Ардчилал чинхүү хөгжсөн улс оронд  жагсаал, цуглаан хийх, хэрүүл амь өдөөх магадлал өндөр гэгддэг оюутан залуусыг мөнгөчилсөн засаглалын үед нийтийн тээврээр үнэгүй зорчих, нийтэд нь тэтгэлэг-бэлэг өгөх зэргээр сургуулийн сурагчаас  илүүтэйгээр халамжлах нь мөн л мэдээж. Түмэнд заяасан төрмөл баялагаа ашиглах гээд өөрийн улсаа гадаадын өрөнд унагачихдаг зэрэг сонсоход сонин содон; гаж  хачин гэрээ, шийдвэр ийм цагт гарах нь гайхах хэрэггүй мэдээж. “Ядуусаар дамжуулж баячуудыг баяжуулдаг” мөнгөчилөл (плyтократик)-ийн үед иймэрхүү  мэдээжийн сонин содон, гаж хачин бодлого, шийдвэр нийгмээр дүүрдэг нь бас л мэдээж аж.
Ядуу үгүй бол баян үгүй. Иймд ядууг ядуу л байлгаж гэмээн баян орших нээ. Баяны чин хүслээ гэж...
Ц.Лувсандорж




Friday, December 2, 2011

ҮДИЙН ЦАЙ ҮДИЙН ХОРЛОЛ БОЛСООР БАЙХ УУ

"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн дугаарт хэвлэгдэж олны хүртээл болсон.

Бага ангийн хүүхэд шар өвчин тусаж, зовох нь их л түгээмэл болж дээ. Яагаад ийм болсны шалтгааныг нийслэлийн хөрсний бохирдлоор тайлбарлах гэж оролдох олонтой. Гэвч үүнд итгэх хүн бараг байхгүй л дээ. Хөрсний бохирдол бага ангийн хүүхдэд хүчтэй нөлөөлөөд бусад хүүхдүүдэд бага нөлөөлдөг гэж хэлбэл “тархи угаалаа, угаалаа”  гэхэд арай ч хэтэрсэн хэрэг болно шүү дээ. Үнэндээ бол бага ангийн хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрийн бэлтгэлгүй, бүтэлгүй хэрэгжилтээс л болоод шар өвчинд нэрвэгдээд байгаа юм. Ингэж хэлэх нь гашуун ч сонсогдовч, үнэнд их л ойрхон юм шүү, Эцэг эхчүүдээ.
Өнөөгийн бага сургуульд хоол, цайг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлээд өгчих бүү хэл, хүүхэд аятайхан бие засчих нэг жорлон ч үгүй, бас гараа сайн угаачих нэг тосгуур, саван ч байхгүй байна. Гар зөв угаах тосгуургүй, аятай бие засах жорлонгүй бага сургуульд үдийн цайг хүүхэд анги танхимд, тодруулан хэлбэл, хичээл явуулдаг ширээн дээрээ идэж, ууна. Хичээл дуусны дараа хоолоо ч иддэг, хичээлээ ч хийдэг тэрхүү ширээн дээр суудаг сандлыг нь заваарсан шалтай өдөржин үрэлцсэн түүний хэсэг-хөлөөр нь гаргаад тавьчихна. Маргааш нь баас, шээстэй холилдсон тэрхүү ширээн дээрээ хүүхэд хичээл хийж, хоолоо идэж, цайгаа уугаад л. Ийм л замаар бага насны хүүхэд үдийн цайгаа бохиртойгоо хольж хутгаж байна даа. Энэ нь эргээд тэднийг насан туршид нь зовоох шар өвчин тусах бодит нэгэн нөхцөл болчихоод байгаа юм.
Үдийн цайнд өгч буй “хоолонцор” хүүхдийн ам рүү ортлоо хичээн янзын бохир гар, заваан сав  дамждаг гээч.  “Үдийн цай”-д өгөх зүйлийг сургуульд нийлүүлэх компаний ажилчид “Барс” ч юм уу, аль эсвэл “Наран туул” ч юм уу нэг бөөний захаас хямд үнээр бөөндөнө. Дараа нь тэд үдийн цайнд өгөх материалыг олон арван бохир гар, заваан сав дамжуулсаар л сургуульд авчирна. Үдийн хоол гэх тэр зүйл маань сургуулиас мөн л олон арван бохир гар, заваан сав дамжсаар багшийн угаагаагүй гарт, багшийн тэр гараас эцэст нь хүүхдийн угаагаагүй гарт хүрч, тэдний аманд одоо нэг орно. Гэм цэмгүй энэ хүүхдийн аманд олон арван бохир гар, заваан сав дамжин сая нэг орсон тэр зүйл үнэндээ бол хоол болохоос илүүтэйгээр хор болж тэдэнд үйлчилнэ. Тэрхүү хорын нөлөө хоолны хордлогоор ил, хурдан илрэх нь цөөнгүй ч, бохир гарын шар өвчнөөр далд, удаанаар, хорлонтойгоор үргэлжлэх нь түгээмэл. Энэ цагийн үдийн цай ингэж л үдийн хор, үдийн хорлол болдог.
 “Үдийн цай” хөтөлбөр хүүхдийн эрхийг ихэд бүдүүлэгээр зөрчиж байна, ардчилсан монголд.  Хүүхэд амьд явахын тулд хоолоо сонгож идэх хэрэгтэй, бас эрхтэй. Энэ нь ч тэдний амьд явах эрхээр дэмжигдэж, бас хамгаалагдана. Гэвч “Үдийн цай” хөтөлбөр хүүхдийн энэ эрхийг үл хүндэтгэж,  тэдэнд  бөөндсөн  хоолыг  хууранжсан аргаар шахаж ирлээ. Үүнийг жаахан тодруулахын тулд нэгэн жишээ авья. Нэг хүүхэд нь махан хоол иддэг, нөгөө нь махан бус харин сүүн бүтээгдэхүүн л хэрэглэгддэг, гурав дахь, махан ч бус, сүүн ч бус, харин зүгээр л ургамлан хоол иддэг, дөрөв дэх нь саахарын харшилтай байг л даа.  “Байг” гэж дээ ийм байдал бодит амьдралд олон бий.  “Үдийн цай”-ны хууранжсан дэглэлтээр энэ дөрвөн хүүхдийн алийнх нь сонголт үл хүндэтгэгдэнэ. Иймэрхий хандлага үнэндээ хүмүүсийг бус харин ноходыг хооллоход л илүү ажиглагддаг юм шүү. Бага насны хүүхэд бол томчуудын адил эсэргүүцэл, тэмцэл хийж чаддаггүй нь үнэн. Тэглээ гээд тэднийг ямарч тохиолдолд сүрэг ноход шиг үзэж, хооллож харин үл болно.
Хүүхдийн идэх хоолоо сонгох эрхийг ядаж хүндэтгэж, тэрхүү эрхээ эдлэх боломж, нөхцлийг сайн бүрдүүлэх явдал нь харин хүмүүнлэг, ардчилсан төрийн үүрэг билээ. Тийм ч учраас хүний эрхийг дээдэлж ардчиллыг чинхүү бүтээсэн улс оронд бидний “үдийн цай” шиг хууранжсан хөтөлбөр огт байдаггүй, байх ч боломж огт үгүй юм. Тэнд харин хүүхдийн хоол, цайгаа сонгох эрхийг хүндэтгэсэн, тэр эрхээ эдлэх орчин нөхцөл, үйлчилгээг адил тэгш бүтээхэд л илүү анхаардаг. Хүүхэд бүр харилцан адилгүй орчинд өсөж буй тул ядуу тарчиг нэгнийг нь санхүүгийн хувьд дэмжих бодлого ч бас байдаг. Сургуулийн хоол (school lunch)-ны мөнгийг сургуулийн захиралд бус харин нийгмийн хамгааллын нэгэн хэсэг болгож гэр бүлд хүргэдэг туршлага дэлхийд бий. Төрөөс авч хэрэгжүүлж буй иймэрхий бодлого нь эргээд хүүхдийн ялгаатай байдлыг харгалзсны, хүний сонгох эрхийг дээдэлсны, тэднийг адил тэгш халамжилсны нэгэн бодит нотолгоо, шударга ёсны баталгаа болдог юм шүү дээ.  
Бага ангийн хүүхдийн хувьд үдийн хор, үргэлжлэх хорлол нь болсон; хүний сонгох эрхийг бүдүүлэг зөрчсөн, хамгийн гол нь, татвар төлөгчийн ихээхэн хөлсийг хорлонтойгоор үрсэн энэ “үдийн цай” хөтөлбөрийг одоо тэгээд яах бэ, та  минь ээ.  Үдийн цай ингээд л үдийн хорлол болсоор л байхна уу.
                                                                                                                        Ц.ЛУВСАНДОРЖ







Saturday, November 26, 2011

БАГШ ЯДУУРАХАД НИЙГЭМ ЯДАРНА

"Үндэсний мэдээ" сонины 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаарт хэвлэгдэж олны хүртээл болсон.

Сургууль нийгмийн тархи, боловсрол, харин, түүний оюун нь юм. Сургууль, боловсролоор дамжуулан нийгмийн тархи, оюуны бүтээгч нь гагцхүү багш билээ. Ийм ч учраас дайн дажины хөлд нэрвэгдсэн улс орон ч хүртэл эхлээд багшийг ядууруулахгүй байх, харин ч бүр өнгөлөх бодлого баримталж байсан түүх олон ажээ. Түүхэн ийм сургамжийг таньж мэдснээр социализмийн үед багшийг өнгөлөх бодлогыг хэрэгжүүлж, үр дүнд нь нийгэм ихээхэн сэхээрч соёлжив. Эл сургамжийг, харин, үл тоож, либерализмд хөглөгдсөн ардчилалын өнгөрсөн 20 жилд багш ядуурч, үр дүнд нь нийгэм ихэд ядаржээ.
Нийгэмд шинэ шаардлага, хувь хүний амьдралд шинэ хэрэгцээ, сонирхолыг буй болгосон “ардчилсан” гэсэн тодотголтой хувьсгалт өөрчлөлтийн үзэл санаа, үндсэн зарчмын дагуу боловсрол, сургуулийг шинэчлэн өөрчлөх томоохон зорилт энэ талбарт ажиллагсдын өмнө тавигдсан. Энэхүү шинэчлэлийг хийсэн өнгөрсөн он жилүүдэд олсон ололт цөөнгүй, бас алдсан алдаа багагүй. Олсон ололт нь  сэхээрэл, оюунлаг байдал, бүтээлч чадвар, хүнлэг сэтгэл, их зүтгэлийн үр, хамтач хөдөлмөрийн эерэг үр дүн. Харин алдсан алдаа нь, судалгааг үл тоох нийгмийн хандлага, судлаачийг үл хүндэтгэх нийгмийн араншин, увайгүй сэтгэл, залхуурах, бэлэнчлэх, хялбарчлах, хуулбарлах сэтгэлгээ болон аминч үзэл, бас, судалгааны үндэслэл муутай бодлого, шийдвэр, түүний бэлтгэлгүй, бүтэлгүй хэрэгжилт, мөн боловсон хүчний мэргэшсэн, мэргэжсэн байдлыг бус, харин тухайн бүлгийн ашиг, сонирхолд хэт хөтлөгдсөн оноогүй, бас зохиогүй томилгооны олиггүй үр дагавраас улбаатай. Ийм олиггүй үр дагаврын нэг бол багш ядуурах үзэгдэл мөн.
Социализмийн 70 жилд багшийг өнгөлсний дүнд нийгэм бүхэлдээ соёлжин сэхээрсэн. Энэ үеийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн шинэ багшийн сарын цалин 650 төгрөг байлаа. Тэр цагт төлөг 10 төгрөг, талх 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй байсныг санавал шинэ багшийн нэг сарын цалин  65 төлөг, 542 талхны үнэтэй жишихүйц ханштай байжээ. Цалинг хониор өгдөг байсан гэвэл социализмийн үед шинэ багш сард 65 тоо толгой  бүхий сүрэг хониор цалинждаг байх нь л дээ. Социализмийн үед багшийг ийнхүү сард 65 тоо толгой бүхий хонин сүргээр,  өдөр 2-3 хониор цалинжуулах бодлогыг хэрэгжүүлсний дүнд багш тэнхээжин, ажилдаа хичээнгүйлэн зүтгэж, сэтгэл гаргаж  ажиллаж байсны дүнд энэ үндэстэн ихэд сэхээрч, соёлжижээ. Тэр цагт энэ улсын хүн ам  бүхэлдээ бичиг үсэгт тайлагдаж, энэ хэрээр тэд ном үзэж, хүмүн төрөлхтний тэр цагийн иргэншлийн утгаар, юуг хийж болох, юуг эс хийх ёстойг бүр өсөх наснаас ухаарч өсдөг байв. Үүний үр дүнд хүмүүс хөлс дуслуулахгүй орлого олохыг цээрлэж, одоогийн хэллэгээр бол авилгалыг цээрлэж, харин ариун цагаан хөдөлмөрөөр амьдрахыг эрхэмлэдэг байжээ. Багш ч ингэж амьдрахыг зөвхөн номлогч төдий бус харин үлгэрлэгч, манлайлагч байв. Багшийг өнгөлөх социализмийн үеийн энэ бодлогын дүнд нийгэм их л ухаажин, ийнхүү соёлжсон бөлгөө.
Ардчиллыг өрнүүлсэн өнгөрсөн 20 жилд багш ч их ядуурч, үр дүнд нь нийгэм ч их ядрав. 2011 оны байдлаар шинэ багш сард 190 мянгаас хэтрэхгүй төгрөгний цалин авч, багшийн сарын дундаж цалин 320 мянга орчим төгрөг байгаа юм.  Одоо зах зээл дээр  хонины “цаасан” ханш 150-200 мянган төгрөг байгааг санаад, хялбархаан тооцоо хийвэл, ардчилалын үеийн багш сард сүрэг хониор бус харин зөвхөн нэг хониор л цалинжиж байгаа нь, мөн багш дундажаар сард 1 эр хонины үнэ хүрэхгүй цалинтай байгаа нь харагдлаа.  “Хонь хониороо үлддэг” гэсэн малчны ухаанаар  харвал ардчилал өрнөсөн  20 жилд багшийн цалин  65 дахин буурчээ.  Нийгмийн тархи, оюун, ухамсарыг  бүтээх их үйлсэд зүтгэгч багш ийнхүү ядуусын давхаргад аажмаар шилжив.
"Ядуурал хаалга тогшиход хайр цонхоор оддог” гэдэг. Ядуурсан багш ядуу л авирлаж, үр дүнд нь нийгэм л ядарч байна. Ажилдаа зүтгэсээр л өдрөөс өдөр ядуурч байгаа багш дотоод ч, гадаад ч байдлаараа их л гундуухан. Цалин нь хувцас худалдаж авах бүү хэл, хоногийн хоолондоо хүрэхгүй тул тэд хувцас муутайхан л гэлдэрнэ. Ядуувтар хувцалсан байдлаар нь сурагчид  тэднээр ил далд тохуурхан нь энүүхэнд. “Ус хамарт нь хүрэхэд нохой усч” гэгчээр ядуу багш нар мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэн байж,  хууль бусаар орлого олохыг ихэд оролдож буй  нь  өрөвдмөөр, бас ичмээр. Мэргэжлийн хүний нүдээр харвал “сурах бичиг, гарын авлага”  гэж огт хэлж болохооргүй, түмэн алдаа тээсэн “сургалтын материал” нэртэй номонцоруудыг шахаж, бөөн хэл амыг өдөөнө, тэд. За тэгээд, бараг хүн бүрийн нэрэмжит уралдаан, тэмцээнийг мөнгөөр зохион байгуулна.Алдарт олимпиадын үед багшийн гаргаж буй авир, олж буй  орлого нь, товчхондоо хэлбэл, хурдан морины уралдааныг санагдуулдаг. Хурдны морины уралдаанд хүүхэд л томчуудын мөнгө, нэр төр олохын  золиос болоод үлддэг шүү дээ.  Ядуурал багшийг  ингэтэл нь гундааж байна.
Ядуугийн  гай ч гэмээр юм уу даа, энэ цагийн багш нарын дунд  мэргэжил, мэдлэг, чадвараараа бус харин төрийн шагнал, одон тэмдгээрээ л уралдах, гайхуулах сэтгэлгээний нэгэн  гажиг газар авч байна. Ерөнхий боловсролын  сургууль, цэцэрлэгээр ороод гарахад л “Энэ сургуулийн багш нар бараг л бүгдээрээ л боловсролын тэргүүний ажилтнаас эхлээд л элдэв гавьяа, цолтой юм байна даа” гэсэн сэтгэгдэл төрөхийн хамт ийм гавьяатай байж яасан ч тарчигхан чадвар, сэтгэлгээтэй юм бэ гэсэн бодол бас зэрэгцэнэ. Жишээ болгон хичээлийн жилийн нээлт буюу 9 дүгээр сарын 1-ний баярыг нэг эргэн дүрсэлье. Хүүхэд бүр  “хичээлийн анхны өдөр” гэсэн өөдрөг сайхан сэтгэлээр энэ өдөр сургуульдаа ирдэг дээ. Гэвч тэдний урдаас сургууль ямар өнгө, төрх, ааш авирыг үзүүлдэг гээч. Индэр дээр энгэртээ элдэв одон зүүсэн этгээдүүд эгнэн зогсож, ээлжлэн эцэс төгсгөлгүй, утга учиргүй урт яриа өрнүүлж гайхуулаад зогчихно. “Тэдний энэ үг, яриа хүүхдэд ямар хүртээлтэй юм бол оо” гэдгээ ч ухаарч чаддаггүй мэт яриад л байна. Энэ хооронд багачууд нь даарч хөрч уйлна, томхон нь уйдаад буцаад гэр лүүгээ яваад өгөх нь олонтой. Эцэст, нэг цаг дор цуглуулсан хүүхдүүдийг сургуулийнхаа хаалгаараа олигтой зохион байгуулж оруулчихаж чаддаггүй, зүгээр орхичихдог.  Үүнээс болоод өөдрөг сэтгэл тээсэн хүүхэд уйлаад буцахад ч эндүүхэнд л байдаг даа. Ядуу багшийн ядуу сэтгэлгээнээс болоод “Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр даа” гэсэн социализмийн үеийн энэ хэллэг  хүртэл өөрчлөгдөж, “Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр биш” гэсэн шинэ цагийн шинэ хэллэг хүртэл энэ нийгэмд буй болж байх юм даа.  Энгэрт гялалзах одон медаль нь ядуу багшийг ядуурлаас гаргах нь юу бол. Одонгоо гялалзуулан индэр дээр эгнэн зогсохоос илүүтэйгээр нэг цагийн ажлынхаа хөлсний хэмжээг малчны ухаанаар нэмэгдүүлэхийн төлөө нэгдэн нийлэх нь, наандаж, ядуурсан багшийг ядуурлаас гаргахад, цаанадаж, манантаж сааралтсан нийгмээ сэхээрүүлэн гэрэлтүүлэхэд  ач тустай байж  юун  магад.
Ядуу багш нар нийгмийн урд бус, харин нийгмийн ард хоцрогчдод, ер нь “ард” болчих гээд байна.  Тэд мэргэжил, боловсролоо дээшлүүлэх талаар санаа зовдоггүй. Эрүүгээ хөштөл илүү цаг заасаар л өдрийг өнгөрөх нь ядуу багшийн түгээмэл төрх. Өдрийг ийнхүү өнгөрөөх тул тэдэнд ном унших, юм судлах, арга зүйгээ дээшлүүлэх, нийтийн боловсролын талаар төрөөс барьж буй бодлогын буруу, зөвийг эргэлцүүлэх тийм цаг бага, цаг байлаа ч сэдэл, тэмүүлэл үгүй. Хууль бус хамтарсан засгийн газраас хэрэгжүүлж буй нийтийн боловсролыг Англичлах бодлогын хор нөлөөг урьдчилан сануулж, энэ талаар үндэсний түвшний хэлэлцүүлэг хийхийг уриалсан “Боловсролыг Кэмбрижчилэх нь ухралт мөн, харин урвалт уугэсэн нийтлэл бичиж, олон сонинд нийтүүлж нийтийн хүртээл болгосны  дараахан энэ цагийн багш нар өдөр тутмын сонин ч олж  хардаггүй болтлоо хоцорсон, ядарсанг олж мэдээд, ихэд гайхаж билээ. “Ийм байж, тэд ирэх зууны иргэдэд яаж хичээл явуулдаг юм бол оо. Дандаа өнгөрснийг  л яриад байдаг юм болов уу. Энэ цагийн хүүхэд яагаад сургууль дургүй болчихов оо,  Энэ багш нар амьдралынх талбар болсон боловсролын салбарынхаа ирээдүйн хөгжил, цэцэглэлтийн төлөө яагаад санаа зовдоггүй юм бол оо” хэмээн бодож, тэдний талаар гундуухан сэтгэгдэл тээж байж билээ. Ядуу багш нар маань энэ цагийн хүүхдэд өнгө үзэмжэээрээ ч, мэдлэг боловсролоороо ч, мэдээллээрээ ч, хамгийн гол нь ёс зүй, ёс суртахууны хувьд ч гологдоод байх вий дээ.

Ардчилалыг өрнүүлсэн он жилүүдэд багш л их ядууржээ.  Социализмийн үед багш сард 65 тоо толгой бүхий сүрэг хониор цалинждаг байсан бол одоо нэг л хониор цалинжиж байна. “Хонь хониороо үлддэг” гэсэн малчны ухаанаар  харвал өнгөрсөн  20 жилд багшийн цалин  65 дахин буурсан байна. Энэ нь угтаа өнөөгийн багш социализмийн үеийнхээс 65 дахин тарчиг, ядуу амьдарч байна гэсэн үг.  Ингэж ядуурсан багш ядуу авирлаж, улмаар нийгэмд боловсрол, соёлын ядуу үр түгээж, үр дүнд нь нийгэм л их ядарч байна. Иймд нийгмийн тархи, оюуны бүтээгч багшийг ядуурлаас ангид байлгая, тэдний цалинг өнөөгийн 65 хонины ханшид ядаж дүйцүүлж нэмье. Учир нь, багш ядуурахад нийгэм л эцэстээ их ядардаг.

                                                                                                                                   Ц.Лувсандорж


Thursday, November 17, 2011

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ҮЛ ХУУРТАХ УХААН БУЮУ ДИКОНСТРУКТИВ СЭТГЭЛГЭЭ

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ҮЛ ХУУРТАХ УХААН БУЮУ ДИКОНСТРУКТИВ СЭТГЭЛГЭЭ: Нэг нь хуурч, нөгөө нь хууртаж ханах нуу ; нэг нь хошгоруулж, нөгөө нь хошгорч дуусах нуу, энэ улсад. Хуурах, хууртах, хошгорох, хошгоруула...

ҮЛ ХУУРТАХ УХААН



Нэг нь хуурч, нөгөө нь хууртаж ханах нуу; нэг нь хошгоруулж, нөгөө нь хошгорч дуусах нуу, энэ улсад. Хуурах, хууртах, хошгорох, хошгоруулах нь хүмүний тэнгэрлэг чанар бус, харин түүний чөтгөрлөг шинж юм. Ийм л шинжээрээ энэ үзэгдэл хүнд ч, нийгэмд ч нэн хортой, хорлонтой. Чөтгөрийн мэт хортой, хорлолтой энэхүү хуурах, хууртах, хошгоруулах, хошгорох үйлийн үрээс ангижрах арга ухаан бидэнд ер нь байна уу.  Үүнээс ер нь бид ангижирч чадах уу.
Эл асуултад хариулт эрж  эргэцүүлж суух зуур уншаад орхисон нэгэн сургаал санаад оров. Энэ сургаал бол үл хууртах ухаан, сэтгэлгээний тухай л юм.  Ийм сургаалыг зон олонд хүргэх нь тэднийг хуурах, хошгоруулах лугаа адил хортой, хорлонтой  л лав биш болов уу даа.
Аливаа бичвэр (текст)-ийг цор ганц утгатайгаар бүтээж үл чадна. Энэ бол диконструктив ухааны суурь зарчим, тулганы чулуу юм. Энэхүү зарчмын үүднээс аливаа бичвэр, үг хэллэгт хандаж сэтгэхийг л угтаа  диконструктив сэтгэлгээ буюу үл хууртах ухаан гэж буй хэрэг. Гэвч үүнд бид яагаад бас амархан итгэх гэж, ингэж үзэх ямар үндэслэл байгаа юм бэ гэсэн асуулт гарах нь харин зүйн хэрэг билээ.
Ярилцах, бичих, унших, сурах, багшлах, сурталчилах, ухуулах, амлах, ер нь харилцах, цаашилбал сэхээрэх гэдэг угтаа утга барихаас л эхлэлтэй юм. Гэвч тэрхүү утгыг онож илэрхийлэх үгийг олох, оноох, ойлгох, ухаарах, унших гэдэг харин амаргүй. Учир нь, үгийг илэрхийлэхэд хэрэглэсэн дүрс, үсэг, түүний илэрхийлж буй дүрэм, түүгээр харилцаж буй арга хэлбэр бүгд зохиомол бөгөөд соёллог байдаг. Утга илэрхийлэх хэрэгслэл бүрийн энэхүү соёллог чанараас болоод аливаа үг, хэллэг, өгүүлбэр, ер нь аливаа бичвэр диконструкц (аливаа зүйлийг бүтээхэд хийсэн үйлдэл бүрийг буцаах) хэмээх үйлдлээр өөр өөр утгыг илэрхийлээд байдаг нь сонин агаад бас жам ёсны мэт бөлгөө. Энэ нь хүмүний хэл жинхэнэ утгыг жинхэнэ байдлаар илэрхийлж чаддаггүй гэсэн санааг агуулна. Утгыг илэрхийлж буй хэлний хэлбэрийн ийнхүү соёллог байдлаас болоод аливаа бичвэр өөртөө нэг биш, харин хэд хэдэн утгыг шингээж, тээж байдаг. Ийм учраас хүний бүтээсэн бичвэр бүхэн ганц биш, харин олон утгыг өөртөө тээж, түүний хэмжээгээр бусдад өөр өөрөөр ойлгогддог байна.
Диконструктив ухаан, сэтгэлгээг урлагт хэрэглэснээр бидэнд уламжлагдан үлдсэн итгэл үнэмшил, үзэл хандлагыг эвдсэн шинэлэг хийц, хэлбэр, зохиомж  гарч ирдэг бол харин улс төр, хуульд хэрэглэснээр шударга ёсны тухай ойлголт зохиомол бус харин төрмөл, анхдагч шинж руугаа илүү ойртож тодорхойлогдоно. Харин унших, судлах, ер нь боловсролд хэрэглэснээр “үг хөөн уншиж, судлах бус, харин утга барих” гэсэн нэгэн шинэлэг арга зүйг бий болгодог юм. Диконструктив ухааны энэ мэт хэрэглээг дурдаад байвал дуусашгүй. Харин зон олон маань амархан хууртаж, амархан  хашгирч, бас хошгирдог болсон энэ цагт бид диконструктив сэтгэлгээг амархан хууртахгүй байх нэгэн арга хэрэгсэл байдлаар өргөн хэрэглэж сурвал хувь хүнд ч, нийгэмд ч нэн тустай мэт санагдана.
Бичвэрт диконструктив ухаанаар хандаж, буцах үйлдлийн задаргааг онож хийснээр түүний илд, далд санаа; үнэн, худал байдал; бодит, хуурмаг шинжийг амархан тогтоож чадна, бас  эргүүцлэлийг сайхан өрнүүлж болно. Бичвэрт диконсруктив  задаргаа  хийж, түүнд агуулагдаж буй өөр өөр утгыг хэрхэн илрүүлэн барьж болохыг зарим жишээгээр доор толиулж байна. Сургамжтай байх биз ээ.
Манай сонгогчдод сонин байж болох энгийн нэгэн жишээгээр эхэлье. Нэгэн улс төрчийн сурталчилгаанд "Ард түмэнтэйгээ амь нэгтэй байна" гэсэн хэллэг, бичвэр өргөн хэрэглэгддэгийг хүн бүр бараг л мэднэ байх. Үүнд диконструктив задаргаа хийж, үл хууртах ухаанаар шинжилье. Энэ бичвэрээс “Ард түмэн гэдгийг эхлээд салгаж авья.  “Ард түмэн”  гэдэг магадгүй “олон хүн”, цаашилбал, нийгмийн хөгжлийн урд биш, харин, ард байгаа дор хаяж 2 хүн гэсэн чинхүү утгатай юм. Одоо энд “амь нэгтэй байх”  гэсэн хэсгийн утгыг нэмж  санавал “нэг хүн дор хаяж хоёр хүнтэй нэг зэрэг нэг амьтай байна” гэсэн утга илрэн гарч ирлээ. Ердийн хүний хувьд ийм юм яаж байж болох вэ дээ. Эндээс үзэхэд уг өгүүлбэр сурталчилгаанд хэрэглэгдэж байгаагаасаа бүр өөр нэгэн утгыг өөртөө тээж яваа нь ийнхүү харагдлаа.
Залуучуудад сонин байж мэдэх өөр нэгэн жишээг танилцуулж байна. “Би чамд хайртай”  гэсэн хэллэгт диконструктив задлал хийе.  “Би” гэдэг энэ үг  тухайн хүний хувьд бусдыг гэхээс илүү “би” гэснийг, цаашилбал “би” гэсэн үзлийг нь илүү илэрхийлнэ. Харин “Хайр” гэдэг уг чанараараа, өөрийгөө гэхээсээ илүү өрөөлийн төлөө гэсэн утга агуулгыг өөртөө илүү тээж явдаг. Иймд хайрын уг мөн чанар нь үнэндээ нөхцөлгүй байдаг. Хайрлахдаа нөхцөл тавьдаг хайр бол хайр бус юм. Ийм нөхцөлгүй хайрыг хүүхэд жинхэнэ эцэг, эхээс мэдэрдэг байх. За тэгээд цаашилбал, гэгээрсэн нэгний хамаг амьтныг хайрлах хайраас түүний мөн чанарыг олж харж болох биз. Хамгийн гол нь,  хайрын мөн чанар нь бусдыг нөхцөлгүй хайрлахад л оршихон л дээ. Гэтэл “Би чамд хайртай” гэсэн энэ хэллэгт “би” гэсэн үзэл шингээстэй, бүр ил бичээстэй байна. Тоон талаас авч үзбэл, ийм хайр дэлхийн хүн амын оролцоолол болох долоон тэрбумны нэгтэй дүйцэх юм. Хайрын илэрхийлэхэд тоо багадахгүй ч хамгийн чухал нь, зөвхөн чамд л хайртай гээд байгаа тэр хүн танаас бусад үлдсэн тэр олон хүнийг хайрлахгүй байна уу гэдэг нь бас л сэжиг төрөм болоод явчихна биз. Жинхэнэ хайр нөхцөлгүй, тэр тусмаа “би” гэсэн үзэлгүй, “би” гэсэн нөхцөлгүй байх тул “Би чамд хайртай” гэсэн бичвэрт хайрын мөн чанар аль ч талаасаа  үнэндээ алга байна. Ийм учраас л зарим соёлд “би чамд хайртай” гэж хэлэх бус, харин “би чамд хайртай” гэдгээ нотлохыг чухалчлан үздэг уламжлал одоо хүртэл амь бөхтэй оршсоор байдаг юм.
Төрийн албан хаагчдад хэрэгтэй байж мэдэх өөр нэгэн жишээг танилцуулья. “Төрийн үйлчилгээг иргэдэд адил тэгш хүргэнэ” гэсэн хэллэгийг диконструктив үүднээс шинжилье. Эхлээд “иргэд” гэдэгт анхаарлаа хандуулья. Иргэд олон янз. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, өндөр, нам; тарган, туранхай гээд л олон шинжээрээ иргэд хоорондоо ялгагдана. Эндээс харахад “яг адилхан шинж байдлыг тээж яваа хоёр иргэн” гэж байж болохгүй нь илт. Одоо “төрийн үйлчилгээ” гэдэгт анхаарлаа хандуулья. Төрийн үйлчилгээ  бол адил тэгш, ижил чанар, хэмжээтэй байх ёстой. Хэрэв төрийн үйлчилгээ өөр өөр байвал энэ “ялгаварлан гадуурхах” гэсэн үйлдэл болох биз. Иймд төрийн үйлчилгээнд  адил тэгш байх зарчмыг баримтална, тодруулбал, нэг бүлгийн хоёр хүнд ижил хэмжээ, чанартай үйлчилгээг адил тэгш хүрэхийг чухалчилдаг. Одоо утгуудыг нэгтгэн үзбэл, “Ялгаатай хүмүүст ялгаатай бус үйлчилгээг адил  тэгш хүргэнэ” гэсэн утга гарч байна. Энэ нь  угтаа “Хоёр өөр хүнийг яг тэнцүү халамжилна” гэсэн утгатай дүйцнэ.  Ийм зүйл бодит байж үл болох тул “Төрийн үйлчилгээг иргэдэд адил тэгш хүргэнэ”  гэсэн бодлого хэзээ ч бодиттой оршихгүй, хэрэгжихгүй гэсэн үг. Чухам ийм учраас төр бодлогоо олигтой хэрэгжээгүй гэсэн шүүмжлэл амьдралд тасардаггүй биз ээ.
Нийгмийн аливаа үзэгдлийг жендерчилэх хандлага газар авч байгаа энэ цагт дор “хүйсийн тэгш байдлыг хангана” гэсэн бодлогын гэмээр нэгэн бичвэрт диконструктив ухаанаар хандья.  Хүн төрөлхтөн эр, эм хүйсээс гадна эр ч биш, эм ч биш хүйстэй төрдөг нь, улмаар хүйсийн эдгээр бүлгүүд хоорондоо ижил ч, бас ялгаатай ч шинж чанартай болох нь тогтоогджээ. Одоо “тэгш байдлыг хангана” гэдгийн утгыг санавал хүйсийн дор хаяж 3 бүлэгт тус бүрийнх нь ялгаатай байдлыг харгалзан ялгаатай үйлчилгээг үзүүлэх, эсвэл ялгаатай боломж олгох гэсэн утга энэ бичвэрт байгаа  нь илэрлээ. Энэ нь эр, эм гэсэн 2 хүйсийг ижил байдлаар авч үзэж, тэгш үйлчилгээ, тэгш боломж олгох бус харин эр, эм, эр ч биш, эм ч гэсэн хүйсийн дор хаяж гурван бүлгийг ялгаатай байдлаар авч үзэж, тэдэнд  ялгаатай үйлчилгээг үзүүлж, ялгаатай боломж олгох тухай ойлголт болох нь илрээд ирлээ.
Мөн “Аливаа амлалт бүхэн биелэгдэггүй, тийм учраас худал байдаг” болохыг энэ л ухаанаар амархан таньж болно гэдгийг тэмдэглэж байна. Амлалт бүхэнд үл хууртах ухаанаар хандаж, диконструктив задлан шинжлэл хийхдээ  цаг хугацааны хүчин  зүйл, үнэ цэнийн хүчин зүйлийг л тооцоход хангалттай байдаг л даа. За тэгээд, мөн дээр нь “Өөрчлөгддөггүй зүйл энэ хорвоод үгүй” гэдгийг санахад бас илүүдэхгүй биз ээ. Жишээлбэл, Хэн нэгэн хүн танд 4 жилийн өмнө  “1 сая 500 мянган төгрөг өгнө” гэж амалсан байг. “Байг” ч гэж дээ нэрээ бодиттой амалсан байх шүү. Хэрэв энэ мөнгийг амалсан тэр дороо л өгөөгүй бол тэр амлалт чинхүү утгаар биелэхгүй болчихсон байдаг. Учир нь, үнэ цэнийн хувьд өчигдрийн 1 төгрөг өнөөдрийн 1 төгрөг биш юм л даа.
 
Одоо бид, харин, нэг нь хуурлаа ч нөгөө нь амархан хууртаад байхааргүй; нэг нь хошгоруулаа ч, нөгөө нь амархан хошгорохоод байхааргүй; гадаадынхан ч  цайлган сэтгэлтэй, гэнэн ард түмэн гэх зэргээр элдвээр магтлаа ч, амархан хөөрцөглөөд байхааргүй болчихлоо доо. Учир нь, бидэнд үл хууртах ухаан, арга байна. Энэ ухаан, энэ арга бол маш энгийн болохыг бид бас мэдчихсэн. Эхлээд хүний хэлсэн үг, бичсэн бичвэр, амласан амлалт бүхнийг  “Энэ  чинь цор ганц утгатай биш” гэж бодох, зөвхөн ингэж бодох төдийгүй диконструктив задлан шинжлэл хийгээд л түүний өөр нэгэн утгыг нь илрүүлчихнэ. Тэгээд тэр илрүүлсэн олон утгыг эргэцүүлэн эргүүлцсний эцэст нь амархаан хууртахааргүй, бас хялбархаан хошгорохооргүй хэмжээний ухаарлыг өөртөө бүтээчихнэ. Хүн бүрийн ийм л ухаарал, сэхээрэл нийлэн нийлсээр нийгэмд тийм нэгэн ухамсар бий болчих  боломж бий. Энэхүү боломжийг бид бодит байдал болгож чадваас мунхаглалийн манангаас, харин, бүрмөсөн мөнхөд ангижирчихаж болно. Үүнд бас үл хууртах ухааны нийгмийн ач тус оршвой.

Ц.Лувсандорж