Wednesday, May 18, 2011

ДЭЛХИЙ 2012 ОНД СӨНӨХГҮЙ, ГЭВЧ...

"Үндэсний мэдээ", "Хөх Толбо" сонинд хэвлэж олны хүртээл болгосон өгүүллээ толиулж байна.

Эхлэлтэй бүхэн төгсөж, төгсгөлтэй бүхэн эхэлдэг. Иймд дэлхийн амьдрал нэгэн цагт эхэлсэн шигээ төгсөнө, бас эхэлнэ. Гэвч энэ төгсгөл, эхлэл аргын тооллын 2012 оны 12 дугаар сарын 22 эсвэл 23-ны өдөр тохионо гэж үү? Энэ асуулт оюунд гайхширлыг, сэтгэлд зовиурыг төрүүлсээр. Дэлхийн энэ цагийн амьдрал тэр мөчид төгсөж, ирэх цагийн амьдрал мөн тэр мөчид эхэлнэ гэдэгт итгэн, түүнд бэлтгэж эхэлсэн улс үндэстэн цөөнгүй. Мөн энэ талаар зөгнөн хэлсэн энгүй гэгээнтний айлдвар олон, эгэл хүмүүний таамаглал цөөнгүй.  Гэвч “төгсөхгүй, сөнөхгүй” гэсэн итгэл төгс хүмүн ч бас бий. Эгэл хүмүн бибээр, харин, “Дэлхий 2012 онд сөнөхгүй, гэвч гал, ус, газар хөдлөлтийн гамшигт үзэгдэл ирэх өдрүүдэд олонтоо тохиож болзошгүй” хэмээн үзэж, итгэж байна. Ингэж үзэж, итгэхийн учир нь Маяагийн цаг тооллын бичиг 5000 гаруй жилийн дараа төгсөж, бас дахин эхэлж байгаад бус, харин гариг ертөнцийн ховор, олон үзэгдэл жам ёсны давтамжаараа энэ эгшин, агшин дор эргэн тохион, дэлхийн амьдралд  нөлөөлснөөс үүдэх гал, ус, газар хөдлөлийн гамшгийн  нөхцөл байдлыг оюундаа буулган төсөөлж, нүдэндээ зураглан харж буйд оршмой.
Дэлхийн сөнөх агшинг Мезо-Америкийн соёл иргэншилд өргөн хэрэглэж байсан Маяагийн цаг тооллын бичгийн төгсгөлтэй холбон үзэх нь түгээмэл ч, энэ нь, харин,  дэлхий сөнөхийн зайлшгүй  шалтгаан болж үл чадах билээ. Цаг тооллын бичиг гэдэг цаг хугацааны мөн чанарыг илэрхийлэгч бус, харин түүнийг зөвхөн тоолох арга, хэрэгсэл юм. Ийм учраас, олон янзын соёлд төрөл бүрийн цаг тооллын бичгийг зохиож, хэрэглэж иржээ.  Мезо-Америкийн соёл иргэншлийг тээгч овог аймаг ч гэсэн Маяагийн цаг тооллын энэхүү бичгийг нэгэн адил байдлаар биш, харин ялгаатай хэрэглэж ирснийг нотлон харуулах түүхэн сурвалж олдсон. Цаашилбал, Маяагийн язгуур соёлыг тээгчид “Дэлхий сөнөх агшин, эгшинг Маяагийн цаг тооллын бичгийн төгсгөлтэй холбон үзэх нь Маяагийн  соёл, иргэншлийн ойлголт, ухагдахуун бус, харин барууных л юм” хэмээн сануулж хэлсэн нь цөөнгүй. Иймд Маяагийн цаг тооллын эхлэл, төгсгөл дэлхийн амьдралын үргэлжлэл, эс үргэлжлэлийн суурь шалтаг, шалтгаан болж үл чадна. 
Хэсэг бүхлээсээ, бүхэл хэсгээсээ хамаарч оршдог. Иймд гариг, ертөнцийн амьдрал дэлхийгээс, дэлхийн амьдрал гариг, ертөнцөөс хамааралтай болмой. Түүхэн баримт сөхвөл, гариг ертөнцөд гарч байсан өөрчлөлт, болж байсан үзэгдэл дэлхийд сүйрлийг авчирсан тохиолдолд цөөнгүй, бас авчираагүй тохиолдол ч олонтоо.  Гариг, ертөнцөд гарч болох өөрчлөлт, тохиож болох үзэгдэл бүрийг таньж мэдэж, жолоодон залж үл чадах тул дэлхийн сөнөх агшин, эгшинг тааж бас үл болно. “Дэлхий яг 2012 онд сөнөнө”, эсвэл, “Дэлхий яг өнөөдөр сөнөнө” гэж хэлэхийн үнэний магадлал, хүмүний өнөөгийн мэдрэмж, мэдлэгийн хүрээгээр харвал, их л  ойролцоо.  Иймд  дэлхий яг 2012 онд сөнөнө гэдэг нь тодорхой бус бөгөөд энэ нь зайлшгүй гэхээс илүү тохиолдлын буюу санамсаргүй шинжтэй юм.  Гэвч  ирэх өдрүүдэд наран дээрх дэлбэрэлт эрчимжих,  идэвхжих, улмаар нар ховор нэгэн байрлалаа эзлэх зэрэг гариг ертөнцийн олон үзэгдэл жам ёсны давтамжаараа тохиох, улмаар тэр нь дэлхийн амьдралд бүхий л талаар нөлөөлөх, гал, ус, газар хөдлөлтийн гамшиг үүсэх нь, харин, тодорхой бөгөөд энэ нь санамсаргүй гэхээсээ илүү зайлшгүй шинжтэй билээ.  Бүхлийн өөрчлөлтөд хэсэг өртөх нь зайлшгүй ч,  харин устгаж сөнөх нь албагүй юм. Иймд гариг, ертөнцийн ховор, олон үзэгдлийн нөлөөлөлд дэлхий 2012 онд өртөх  нь зайлшгүй ч,  харин сөнөх нь албагүй.
Оршиж буй бүхэн шалтгаантай, шалтгаантай бүхэн оршино. Дэлхийн энэ амьдрал 2012 оны яг тэр агшин, эгшинд төгсөх, сөнөх хүрэлцээтэй шалтгаан байхгүй тул “сөнөнө, мөхнө” хэмээн эргэлзээгүйгээр хэлж  үл чадна.  Маяагийн цаг тооллын бичиг төгсөж буй нь дэлхий сөнөхийн зайлшгүй шалтгаан биш. Мөн ирэх өдрүүдэд гариг, ертөнцөд ховор, олон үзэгдэл жам ёсны давтамжаараа тохиох нь ч дэлхий 2012 онд сөнөхийн  гол шалтгаан бас биш. Мөн дэлхийн мөхөл, төсгөлийн тухай энгүй гэгээнтий олон янзын айлдвар, энгийн хүмүний түмэн янзын таамаглал, тооцоо, загвар ч  туйлын үнэн, төгс итгэл, бүрэн гүйцэт үндэслэл болж бас үл чадна. Энэ амьдрал тэр эгшин, агшинд зайлшгүй мөхөх бодит, тодорхой шалтгаан, иймд, алга. Үнэндээ, дэлхийн 2012 онд сөнөх нь зайлшгүй гэхээс илүү, харин,  санамсаргүй юм. Тэгэхээр, дэлхий 2012 онд сөнөхгүй, гэвч...

Хөх-Булаг Овогт Цогдовын Лувсандорж
Утас:95675629

Monday, May 9, 2011

Боловсролыг кэмбрижчилэх нь ухралт мөн, харин урвалт уу?

2011 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Өдрийн сонин”, мөн сарын 4-ны өдрийн “Үндэсний шуудан”, "Нээлттэй сургууль", "Хөх толбо" зэрэг өдөр тутмын сонингуудад нийтлэгдэж, мөн gavalgaa.mn  зэрэг цахим сайтад тавигдаж олны хүртээл болж, нийтээр хэлэлцэгдэж буй эл нийтлэлийг Танд хүргэж байна. Сонирхож саналаа нэмэрлэбэл нэн баярлах болно.

Боловсрол гэдэг үндэсний эрх ашиг, эх хэл,  соёл, үндэсний сонирхол,тэмүүллийн илэрхийлэл, бас тусгаар тогтнолын баталгааг хангах нийтийн алба билээ. Энэхүү нийтийн албыг тогтвортой хөгжүүлэхийн тулд хөдөлмөрлөж буй иргэн бүр таван төгрөгийнхээ нэгээр түүнийг санжүүжүүлж, хөрөнгө оруулалт хийж байдаг. Нийлж, нийтээрээ санхүүжүүлж, хөрөнгө оруулалт хийсний хүчээр ерөнхий боловсролын тогтолцоо бэхжин, иргэн, айл өрх бүр боловсрол, соёлын үйлчилгээг хүртэж, хүн чадваржиж, улс хөгжин, үндэстэн оршсоор ирэв. Боловсрол хэдийгээр соён гэгээрүүлэх үүрэг, хүч чадалтай ч бас үндэстнийг үгүй болгох “чөтгөр”-ийн мэт хорлолтой аж. Энэхүү хорлолийг “тархи угаах буюу сэтгэлгээний колоничлол”, “хэлний колоничлол”, “соёлын колоничлол”, “даяарчилах”, “зомбийдох”, “изм-дэх”, “манжчилах”, “оросчилох” “европчилох” зэрэг чихэнд нэг л сонсголонтой биш үг хэллэгээр илэрхийлсэн ном судар олон бий. Мөн өвөг дээдэс нь хойч үедээ  энэ хорлолоос эх хэл, соёлоо өмөөрч, үндэстэн, тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэхийн эрхэм,  хатуу, хэцүүг сануулж ирснийг нотлон харуулах түүхэн сурвалж бас цөөнгүй.
Монгол Улсын боловсролыг кэмбрижчилэх /Кэмбрижийнх шиг болгох/, ерөнхий боловсролын үндэсний стандарт, хөтөлбөрийг Кэмбрижийн стандарт, хөтөлбөрт нийцүүлэх, Кэмбрижийн стандарт, хөтөлбөрийг хангахын тулд суралцах, Кэмбрижийн стандартын дагуу шалгуулах, Кэмбрижийн их сургуульд элссэн суралцах, монгол багш Кэмбрижийн стандарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллах, давтан бэлтгэх, оюутныг Кэмбрижийн стандарт, хөтөлбөрийн дагуу сургах, сургууль, соёлын орчинг Кэмбрижийнх шиг болгох, сургалтыг хоёр хэлээр явуулах гэсэн утга агуулга  бүхий ярилцлагыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд олон телевизэд өгч буйг олонтой харлаа.  Мөн мэргэжил нэгт нөхдөөс энэ талаар нилээд сонслоо. Тухайлбал, “Кэмбриж” хэмээх нэгэн байгууллагын төлөөлөгчидтэй  хамтран ажиллах тухай меморандумд гарын үсэг зурсан ёслолын арга хэмжээний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, ноён Ё. Отгонбаярын зарим телевизэд өгсөн ярилцлага, Монголын Улсын Ерөнхий сайд, ноён С.Батболдын энэхүү меморандумын ач холбогдлыг Засгийн Газрын тэргүүний хувьд өндрөөр үнэлж байгааг илэрхийлсэн ярилцлага, Монголын Багш нарын баярыг 2011 онд тэмдэглэх ёслолын арга хэмжээний үеэр 10 мянган багш нарын өмнө “Кэмбрижийн стандарт, хөтөлбөрийг Монголд нутагшуулах” гэсэн хэллэгийг олонтоо хэрэглэсэн тэдний  үг, “Цэвэр самбар” сэтгүүлийн нэгэн дугаарт хэвлэсэн “Дэлхийн жишигт хүрсэн боловсролыг Монголд авчирна” гэсэн гарчигтай  мэдээлэл зэргийг баримт болгож энд онцлон дурдаж байна.
 “Монголын Улсын боловсролыг кэмбрижчилэх” бодлого, арга хэмжээ нь боловсролыг хөгжүүлэх үү, аль эсвэл чөдөрлөх үү?  Энэ асуулт та бидний нийтлэг эрх ашиг, сонирхлыг хөндөж байна. Чухамхүү энэ онцлогоороо эл асуулт үндэсний оюуны чансааг шалгах, шавхах оюуны тулаан-мэтгэлцээний нэгэн сэдэв болж чадна. Энэ мэтгэлцээнд  бид  Боловсролыг кэмбрижчилэх нь ухралт мөн” гэдгийг үндэслэж чадах, энэ нь “тусгаар тогтносон, ардчилсан төрт улсын нийтийн боловсролын тулгуур зарчим, үзэл санаанаас ухарсан урвалт уу?” гэж эргэлзэж чадах талын нэгэн төлөөлөл болж байна.
Боловсролыг кэмбрижчилэх нь давшилт бус ухралт мөн
Боловсрол гэж хүн бүр ярих эрхтэй, хэрэгтэй ч, харин яг юуны тухай ярьж байгааг нь нэг мөр тодорхойлон хэлэх гэвэл нэн амаргүй ажээ. Тиймээс боловсролын тухай олон тодорхойлолт, хандлага зэрэгцэн оршсоор.Тэдгээрээс ном судрын хуудаснаа дараах гурван тодорхойлолт, хандлага тараалдах нь нэн түгээмэл. Хялбаршуулан хэлбэл, боловсрол гэдэг нь хойч үедээ өвлүүлэх туршлага, түүнийг өвлүүлэх үйл явц юм. Боловсролыг ингэж үзэхийг консерватив хандлага гэнэ. Мөн боловсрол бол хойч үеээ өөрчлөлтөд бэлтгэх үйл явц хэмээн үздэг. Үүнийг харин либераль хандлага гэнэ. Үүний сацуу боловсролыг ирээдүйн өгөөжийн төлөөх өнөөдрийн хөрөнгө оруулалт хэмээн эдийн засгийн үүднээс харах явдал ч бас бий. Боловсролын эдгээр түгээмэл тодорхойлолтуудыг задлан шинжилснээр,  үндэстний боловсрол гэдэг, мөн чанараараа, хойч үедээ өвлүүлэх соёлын тодорхой хэсэг, түүнийг өвлүүлэх үйл явц  хэмээн тодорхойлж болно. Иймд үндэсний боловсрол бол үндэсний соёл юм.
Аливаа үндэстний соёлыг сайн, муу хэмээн харьцуулан үзэж болдоггүйн нэгэн адил боловсролыг бас тэгэж харьцуулж үл болно. Иймээс  олон улсын боловсрол, боловсролын чанарын олон улсын харьцуулалт, боловсролын олон улсын стандарт, суралцагчдын сурлагын амжилтын олон улсын харьцуулсан судалгаа,  Монголын Америк сургууль, олон улсын боловсролын европын стандарт, олон улсын боловсролын Кэмбрижийн стандарт, хөтөлбөр зэрэг үг, хэллэг бодит утга тээхгүй тул үндэсний түвшинд учир зүйн үндэслэлтэйгээр хэрэглэгдэх боломжгүй. Харин үндэсний соёл, боловсролын үнэ цэнийг үл ойшоон, “олон улсын” гэсэн тодотголтой, хуурамч утгатай үг хэллэгийг хүчээр хэрэгжүүлж ирсэн тохиолдол түүхэнд бас цөөнгүй. Үүний  дүн нь  нэг үндэстний соёлыг нөгөө үндэстнийхээс муу, муухайгаар харагдуулж, эцэст нь орхигдуулдаг. Ингэж үндэсний соёлыг аажимд нь үнэ цэнэгүй болгон орхигдуулах, үгүй болгох үйл явцыг соёлын колоничлол, хэлний колоничлол,  сэтгэлгээний колоничлол хэмээн ярьдаг.
Монгол Улсын соёлын нэгэн хэсэг болох үндэсний боловсролыг кэмбрижчилэх бодлого нь үндэстний оршихуйн баталгаа хэл, сэтгэлгээ, соёлыг аажимд нь уусгах, устгах хорлолтой тул энэ нь давшилт бус, харин ухралт мөн.
Боловсролыг кэмбрижчилэх бодлого хэрэгжсэний дүнд бид Монгол төрхтэй Англи тархи, сэтгэлгээтэй иргэдтэй болох магадлал нэн өндөр байна. Учирлаваас, хүнийг хамгийн сайн таниулах зүйл бол түүний иргэний үнэмлэх бус, харин тархи билээ. Тархины хамгийн гайхамшигт чанар бол их хэмжээний мэдээллийг хадгалах, боловсруулахдаа бус, харин биологийн хувьд бүтцээ ч, физиологийн хувьд үүргээ ч байнга өөрчилж байдагт оршино. Үнэндээ, тархины энэ шинж чанар нь сэтгэлгээний колоничлолын шинжлэх ухааны үндэс болдог. Боловсролын үндэсний стандартыг Кэмбрижийн стандарт, хөтөлбөрт нийцүүлж, сургалтыг Англи хэл дээр явуулсны дүнд бид хүнийшсэн тархи, сэтгэлгээтэй, Монгол иргэдтэй болох магадлал даанч өндөр. Тэгэх цаг дор Монгол үндэстнийг бодох бодол, хэлэх үг, хийх үйлдлийнх хувьд хянахад нэн амар болох буй зээ. Уг нь “даяарчилал” давалгаалах энэ цаг дор үндэстнүүд соёлоор ижилсэх бус, харин улам ялгарахыг хичээж байна. Тэр тусмаа,  хөгжлийн түлхүүр- шинэ санаа үйлдвэрлэгч тархи, сэтгэлгээгээрээ бүр ч ялгарах  ёстой ажээ.
Боловсролыг кэмбрижчилэх бодлогоор сургалтыг хоёр хэлээр явуулах арга хэмжээг хэрэгжүүлснээр Монголчууд хоорондоо эх хэлээрээ бус,  харин Англи хэлээр харилцан ойлголцох болж, эх хэлний үнэ цэнэ, хэрэглээ буурч, түүнийг тээгч, хэрэглэгчийн тоо цөөрсөөр, аажимдаа устаж үгүй болох магадлал нэн өндөр байна. Дэлхийд 200 гаруй улс оршиж, 3000 гаруй хэлээр ярьж байгаа ч өдөр ирэх тусам олон хэл соёл устаж үгүй болж буй жишээг бид мэднэ. Тиймээс тэдний ихэнх нь албан ёсны сургалтыг эх хэлээрээ явуулж байхыг чухалчлан хуульчилсан байдаг. Тийм улсын нэгэнд Монгол улс ордог. Харин сургалтыг хоёр хэлээр явуулдаг улсууд нь колоничлолын гашуун үр дагаврын жишээ болдог нийтлэг шинжтэй. Тухайлбал, Энэтхэг улс англи болон хиндү гэсэн хоёр хэлээр сургалт явуулж байна. Нэгэн цагт хиндү хэлээрээ харилцаж, ахуй амьдралаа өрнүүлж байсан энэ ард түмэн багагүй хугацааны колоничлолын дүнд англи хэлээр сургалтыг явуулахаас өөр арга замгүй болжээ. Английн эзэнт гүрний колоничлолд байсан Африк болон бусад тивийн олон үндэстэн, улс орон Энэтхэгийн нэгэн  адил  хувь тавиланг туулж байна. Япон улсад хамт суралцаж байсан энэтхэг найз нар маань хоорондоо англи хэлээр ярьж ойлголцоно. Харин хятад найз нар маань мандарин хэлээрээ голдуу хоорондоо ярьдаг байж билээ. Нэгэн удаа, би энэтхэг найзаасаа “Энэтхэг, Хятад улс хоёулаа олон ястан, үндэсний том гүрэн. Хятадууд эх хэлээрээ ярьж, ойлголцож байхад Энэтхэгүүд яагаад эх хэлээрээ ойлголцож чаддаггүй юм бэ” гэж асуухад тэрбээр “Энэтхэг улс олон жил колоничлолд байсан, тэгээд л тэр” хэмээн хариулж билээ. Колоничлолын дээр дурдсан үр дагаврыг баримт болгон санаад, “Маш цөөхөн хүн амтай Монгол улсад албан сургалтыг монгол болон англи хоёр хэлээр явуулах  бодлогыг хүчлэн хэрэгжүүлнэ”  гэж үзбэл, хойч үе эх хэлээрээ харилцан ойлголцож чадахаа больчихсон байх нэгэн цагийн дүр зураг нүдэнд тодрон тодрон харагдана. Иргэд эх хэлээрээ харилцан ойлголцож чадахаа больсон  байх нь колоничлолд байсан орны нийтлэг нэгэн шинж юм шүү.
Боловсролыг кэмбрижчилэх бодлогыг хэрэгжүүлэх нь үндэсний хэл, сэтгэлгээ, соёл уусаж, устаж болох үр дагавартай байгаагийн зэрэгцээ татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй, үр өгөөжгүй, үрэлгэн зарцуулах магадлал маш өндөр байна. Нөөцөөрөө зорилгодоо хүрсэн байхыг үр дүнтэй, харин нөөцөө хэмнэж тэрхүү үр дүнд хүрэхийг үр өгөөжтэй  гэж ярьдаг. Ерөнхий боловсролын үйлчилгээний зорилго нь хойч үедээ эх хэл, соёлоо эзэмшүүлэх, ахуй амьдрал, улс нийгмээ залгуулж явах чадамж, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршино (Монгол Улсын Боловсролын хуулиуд, Бага, дунд боловсролын үндэсний стандартууд). Энэ зорилгыг хэрэгжүүлэх нөөц нь, харин, татвараар бүрдэнэ. Хүн бүр боловсролыг татвар төлөх хэлбэрээр санхүүжүүлж байдаг. Татвараар бүрдсэн мөнгийг нийт хүүхдийн тоонд хувааснаар нэг хүүхдийг сургах зардлын хэмжээ гардаг бөгөөд энэ нь жилээс жилээс өсч байдаг. Тухайлбал,  нэг хүүхдийг 2010-2011 оны  хичээлийн жилд сургах зардал дундажаар 250000 төгрөг орчим байгаа болов уу.
 Үндэсний боловсролын үйлчилгээг нийтэд үр өгөөжтэй, үр дүнтэй  хүргэх нь иргэдийн орлогын хэмжээнээс шууд хамаарч байна.  Харин түүнийг кэмбрижчилэхээс огт хамааралгүй ажээ. Боловсролыг кэмбрижчилэх нь эх хэл, соёлыг аажимд нь уусгах, устгах хорт үр дагаврыг дагуулж буй тул энэ нь нийтийн эрх ашиг, үндэсний ашиг сонирхлыг илэрхийлсэн зорилго биш болох нь тодорхой байна. Ийнхүү зорилгын бус зүйлд татвар төлөгчийн мөнгийг зарцуулах нь үр өгөөжгүй, үр дүнгүй  болох нь тодорхой. Иймд боловсролыг кэмбрижчилэх  бодлого нь “Буруу замаар будаа тээлгэх, буцахдаа шороо тээлгэх ”  лугаа адил үр дүнгүй, үр өгөөжгүй ажээ.
Боловсролыг кэмбрижчилэх нь үрэлгэн. Сургалтыг хоёр хэлээр явуулах нь үрэлгэн.  Багш нарыг Кэмбрижийн стандарт, хөтөлбөрийн дагуу дахин бэлтгэх нь үрэлгэн. 1-12 дугаар ангийн бүх сурах бичгийг Кэмбрижийн стандарт, хөтөлбөрт нийцүүлж шинээр бичиж, хэвлэн түгээх нь дэндүү үрэлгэн.  “Кэмбриж” хэмээх байгууллагын элч, төлөөлөгчийг олноор нь байнга урьж , ажиллуулах нь бүр ч үрэлгэн. Олон үрэлгэн нийлсээр эцэстээ  үндэсний эдийн засагт ч  үрэлгэн аж.
Боловсролыг кэмбрижчилэх  бодлого  хэрэгжсэнээр:
- Үндэсний сэтгэлгээг аажимд нь үгүй болгон Монголчуудыг сэтгэлгээний колоничлолд дагаар оруулах,
-Хойч үеийг эх хэлээрээ харилцан ойлголцож чаддаггүй байдалд хүргэн Монгол үндэстнийг хэлний колоничлолд оруулах,
-Татвар төлөгчдийн мөнгийг үр өгөөжгүй, үр дүнгүй, үрэлгэн зарцуулж, үндэсний эдийн засгийн хүчийг сулруулан үндэстнээ  “даяарчиллын давалгаа”-д сөхрүүлэх зэрэг болзошгүй, хорлонт олон муу үр дагаврыг буй болгох  магадлал маш өндөр тул энэ нь давшилт бус харин ухралт болжээ.
Боловсролыг кэмбрижчилэх нь урвалт уу?
Энэ хорвоод алдаа хийдэггүй хүмүн гэж үгүй. Харин  санамсаргүй, санаатай алдаа гэж  бий. Санамсаргүй  алдаа бидэнд танин мэдэхүйн хичээл болдгоороо ач тустай бол санаатай алдаа нь  харин эргэлзээ төрүүлдэг. Боловсролыг кэмбрижчилэх  бодлого нь давшилт  бус ухралт болж байгаагаараа алдаа, харин санамсаргүй алдаа биш болов уу. Тиймээс эргэлзээг улам ихээр төрүүлж байна.
Монгол Улсын боловсролын үндэсний стандартыг Кэмбрижийн стандарт, хөтөлбөрт нийцүүлэн шинэчлэх  үйл явц нь яагаад нээлттэй бус, харин нууцлаг мэт явагдаад  байна.  Ерөнхий боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчлэх, өөрчлөхөд нэг талаас, сонирхлын бүлгүүдийн оролцоог хангах, нөгөө талаас, мэргэжлийн байх шаардлагыг хангах зарчмуудыг баримтлах ёстой. Ийм жишгээр, бага, дунд боловсролын үндэсний стандартыг эрдэмтэн, судлаач, багш, эцэг эх, сонирхлын бүлгүүдийн төлөөлөл бүхий 200  гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр гурван жил гаруй хугацаанд боловсруулж, хэлэлцүүлж, туршиж, сайжруулж батлуулан, хэрэгжүүлж ирсэн билээ. Гэтэл боловсролын үндэсний стандарт болон сургалтын хөтөлбөрийг кэмбрижчилэх бодлогыг хийж, хэрэгжүүлэхдээ нийтийн албаны нээлттэй байх, оролцоог хангах, мэргэжлийн байх зарчмыг  бус, харин  эрх мэдлээ ашиглах, захиргаадах, ялгаварлан гадуурхах зэрэг ажлын хоцрогдсон арга барилыг илүү хэрэглэж буй мэт санагдана.  Иймээс эргэлзээг  төрүүлээд байна.
Боловсролыг кэмбрижчилэх бодлого үндэсний бус, харин нийгэмд цөөнх болж буй зарим сонирхлын бүлгийн эрх ашгийг хэт хамгаалсан, илэрхийлсэн шинжтэй байж болзошгүй байна.  Нийт монгол хүүхдийн хэдэн хувьд нь  Кэмбрижийн стандарт, хөтөлбөрийн дагуу суралцах, шалгуулах,  ерөнхий боловсролын гэрчилгээ аваад  гадаадын их дээд сургуульд суралцах бодит хэрэгцээ, шаардлага байгаа вэ?  Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ихэнхи нь дээд сургуульд элсэн суралцдаггүй. Харин тэд  монгол ахуй, үндэсний хэл, соёл, зан заншил эзэмшсэний  ачаар эх орондоо үнэ цэнэ, утга учиртай амьдарч, үндэстнийхээ оршихуйн залгамж холбоо болсоор ирсэн нь түгээмэл,  бас бодит байдал юм. Тусгаар тогтносон улс бүхэн ийм л байдаг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гадаадын их сургуульд суралцах, тэр тусмаа, Европын, тодруулбал, Кэмбрижийн их сургуульд суралцах зайлшгүй шаардлагатай хүүхэд, бодит байдал дээр, харин,  нэн цөөхөн байж мэдэх ажээ.  Ийм хүүхдүүдийн эцэг эх нь  нийгмийн хэт баян, чинээлэг хэсгийг бүрдүүлж байдаг бөгөөд  олон төрлийн судалгааны “статистик ач холбогдолтой” гэсэн дүгнэлтийг иш үндэс болговол, ийм хүмүүс  аливаа улсын нийт амын нэг орчим хувийг эзэлж байдаг.  Боловсролыг кэмбрижчилэх бодлого нь үндэсний бус, харин нийгмийн цөөнх болсон хэт баян, чинээлэг бүлгийн эрх ашиг, сонирхлын илэрхийлэл байж болзошгүй байна. Энэ нь бас л эргэлзээг төрүүлнэ.
Боловсролын агуулга, сургалтын хөтөлбөрийг нийгмийн захиалга, хувь хүний хэрэгцээ шаардлагыг харгалзан байнга сайжруулж, шинэчилж байх нь зайлшгүй боловч энэ нь захиргааны гэхээсээ илүү мэргэжлийн ажил юм. Гэтэл боловсролыг кэмбрижчилэх эл бодлогыг захиргаадаж, тулган хэрэгжүүлж байгаа нь бас дахиад л  эргэлзээг төрүүлж байна.
Боловсролыг кэмбрижчилэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсний  улмаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг албан ёсоор баримтлан мөрдөх стандартгүй болгож, багш нар хууль зөрчин ажиллах, ажиллаж хууль зөрчихөд хүрч байна. Цаашилбал, ”Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд стандартыг баримтлан мөрдөх” тухай Боловсролын тухай Монгол улсын хуулийн 2 дугаар бүлэг, 10,11 дүгээр зүйл, Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 зүйл 4 хэсэгт заасан  төрийн бодлогын залгамж холбоо тасарснаар чанарын стандартад суурилсан боловсролын шинэчлэл, хөгжлийн үйл явц эрчимжин өрнөх бус, удааширч, зогсонги байдал орж байна. Учирлавал, 2003-2008 оны хооронд хүчин төгөлдөр хэрэгжсэн сургуулийн өмнөх, бага, дунд  боловсролын үндэсний стандартыг “Стандартчилал хэмжил зүйн тухай” хуулийн дагуу 2009 онд дахин шинэчилж батлуулж  мөрдөөгүй аж. Эл байдал нь чанарын стандартаар хөтөлж өрнүүлсэн боловсролын шинэчлэл, хөгжлийн үйл явцыг зогсонги байдал оруулж, салбарын бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээг хөтлөх хөтөчгүй, хэмжих хэмжээсгүй болгож байна. Энэ нь уг чанараараа, сургууль, цэцэрлэгийн сургалт, сурах бичиг, бүхий л түвшний хяналт шалгалт, үнэлгээ стандартгүй  зохион байгуулагдахад хүргэж байна. “Боловсролыг кэмбрижчилэх” бодлогоос болоод 2009 оноос эдүгээ хүртэл багшийн  хийсэн ажил ч, авсан цалин ч хууль бус болж мэдэх эргэлзээг ахиад л төрүүллээ.
Боловсролыг кэмбрижчилэх  бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл явц нь нээлттэй бус, нууцлаг;  үндэсний бус, сонирхлын бүлгийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлсэн шинжтэй; стандарт сайжруулах, хөтөлбөр боловсруулах мэргэжлийн үйл ажиллагааг  үл ойшоосон; хүчин төгөлдөр мөрдөх стандартгүй болгосон; багш нарыг  хууль зөрчин ажиллах, ажиллаж хууль зөрчих байдалд хүргэсэн; үндэсний эрх ашиг, сонирхлын өмнө ерөнхий боловсролын салбарын хүлээх үүрэг, хариуцлагыг умартсан; тусгаар тогтносон, ардчилсан төрт улсын боловсролын тулгуур зарчим, суурь үзэл санааны утга агуулгаас ухарсан; урвасан шинжтэй үйлдэл бус уу гэсэн эргэлзээ төрүүлээд байна. Эргэлзэх нь хүмүн заяаны гайхам шинж, бас түүний үндсэн эрх, эрх чөлөө билээ.
“Даяаршлалын ” хэмээсэн энэ зуунд улс үндэстэн бүр тусгаар тогтнол, эх хэл,  соёлынх баталгаа болсон үндэсний боловсролоо онож хөгжүүлэх гэж ихээхэн анхаарал тавьж, багагүй хүч хөрөнгө, зүтгэл зарцуулж байна. Түүний хэрээр боловсрол  үнэд орж, сонирхон судлагчдын тоо олширсоор. Ийм зорилго, үнэ цэнийн дор хийсэн судалгаа бүр боловсролын соён гэгээрүүлэх  үүрэг, хүч чадлыг дахин давтан өгүүлэхийн зэрэгцээ түүний үндэстнийг ч үгүй болгох “чөтгөр”-ийн мэт хорлолыг байнга сануулдаг.
Улс үндэстнийг хэл, соёл, боловсролоор нь дамжуулан уусгах, устгах  колоничлолын олон хэлбэрийг “даяаршилал”-аар дагуулан давалгаалах энэ цаг дор боловсролыг кэмбрижчилэх тухай меморандум байгуулагдсаны, түүнийг хэрэгжүүлэх үйл явц өрнөсний гэрч болж оршиж буйн хувьд бид “Боловсролыг кэмбрижчилэх бодлого үндэсний боловсролыг хөгжүүлэх үү, аль эсвэл чөдөрлөх үү” гэсэн асуултыг дэвшүүлэн тавьж байна. Чухам энэ асуулт үндэсний оюуны чансааг шалгах, шавхах оюуны тулаан-мэтгэлцээний нэгэн сэдэв болж чадна. Энэ мэтгэлцээнд бид  Боловсролыг кэмбрижчилэх нь ухралт мөн” гэдгийг үндэслэж чадах, “энэ нь тусгаар тогтносон, ардчилсан төрт улсын нийтийн боловсролын суурь зарчим, тулгуур үзэл санааны утга агуулгаас ухарсан урвалт уу” гэж эргэлзэж чадах нэгэн талын төлөөлөл болж, яагаад ингэж үзэж, эргэлзэж  буйн зарим үндэслэлээ дэлгэн толилууллаа. “Боловсролыг  кэмбрижчилэх нь ухралт биш гэдгийг хамгаалах тал байгаа гэдэгт итгэж, түүнийг үндэсний түвшний оюуны тулаан-мэтгэлцээнд дуудаж байна. Үндэсний түвшинд өрнөх оюуны энэхүү тулааны үнэ цэнэ, ач холбогдол нь аль нэг талын ялалтад бус, харин тулгарч буй асуудлыг олноороо хэлэлцэж, оновчтой шийдвэрийн зохистой үндэслэлийг хамтран гаргахад; бас мэтгэлцээний соёлыг нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд орших болно.
Бүгдээрээ хэлэлцсэн ч буруу байж болох, бүлээн усаар угаасан ч хиртэй үлдэж болох хэдий ч, хэлэлцэх нь огт хэлэлцээгүйгээс хавьгүй дээр гэдэгт итгэнэм. Үндэслэлтэй бүхэн оршиж, оршиж буй бүхэн зохистой байг.
                   
      Хөх-Булаг овогт Цогдовын Лувсандорж
Боржигоны туслагч овогт Цэдэн-Ишийн Мөнхжаргал
“Эх хэл, Соёл, Үндэсний боловсрол”  хөдөлгөөнийг үүсгэн санаачлагчид
              Харилцах утас: 9567-5629; Цахим хаяг: luvsandorjts@yahoo.com;  
                                                   luvsandorjts@gmail.com ; ts_mjl@yahoo.com