"Үндэсний мэдээ", "Хөх Толбо" сонинд хэвлэж олны хүртээл болгосон өгүүллээ толиулж байна.
Эхлэлтэй бүхэн төгсөж, төгсгөлтэй бүхэн эхэлдэг. Иймд дэлхийн амьдрал нэгэн цагт эхэлсэн шигээ төгсөнө, бас эхэлнэ. Гэвч энэ төгсгөл, эхлэл аргын тооллын 2012 оны 12 дугаар сарын 22 эсвэл 23-ны өдөр тохионо гэж үү? Энэ асуулт оюунд гайхширлыг, сэтгэлд зовиурыг төрүүлсээр. Дэлхийн энэ цагийн амьдрал тэр мөчид төгсөж, ирэх цагийн амьдрал мөн тэр мөчид эхэлнэ гэдэгт итгэн, түүнд бэлтгэж эхэлсэн улс үндэстэн цөөнгүй. Мөн энэ талаар зөгнөн хэлсэн энгүй гэгээнтний айлдвар олон, эгэл хүмүүний таамаглал цөөнгүй. Гэвч “төгсөхгүй, сөнөхгүй” гэсэн итгэл төгс хүмүн ч бас бий. Эгэл хүмүн бибээр, харин, “Дэлхий 2012 онд сөнөхгүй, гэвч гал, ус, газар хөдлөлтийн гамшигт үзэгдэл ирэх өдрүүдэд олонтоо тохиож болзошгүй” хэмээн үзэж, итгэж байна. Ингэж үзэж, итгэхийн учир нь Маяагийн цаг тооллын бичиг 5000 гаруй жилийн дараа төгсөж, бас дахин эхэлж байгаад бус, харин гариг ертөнцийн ховор, олон үзэгдэл жам ёсны давтамжаараа энэ эгшин, агшин дор эргэн тохион, дэлхийн амьдралд нөлөөлснөөс үүдэх гал, ус, газар хөдлөлийн гамшгийн нөхцөл байдлыг оюундаа буулган төсөөлж, нүдэндээ зураглан харж буйд оршмой.
Дэлхийн сөнөх агшинг Мезо-Америкийн соёл иргэншилд өргөн хэрэглэж байсан Маяагийн цаг тооллын бичгийн төгсгөлтэй холбон үзэх нь түгээмэл ч, энэ нь, харин, дэлхий сөнөхийн зайлшгүй шалтгаан болж үл чадах билээ. Цаг тооллын бичиг гэдэг цаг хугацааны мөн чанарыг илэрхийлэгч бус, харин түүнийг зөвхөн тоолох арга, хэрэгсэл юм. Ийм учраас, олон янзын соёлд төрөл бүрийн цаг тооллын бичгийг зохиож, хэрэглэж иржээ. Мезо-Америкийн соёл иргэншлийг тээгч овог аймаг ч гэсэн Маяагийн цаг тооллын энэхүү бичгийг нэгэн адил байдлаар биш, харин ялгаатай хэрэглэж ирснийг нотлон харуулах түүхэн сурвалж олдсон. Цаашилбал, Маяагийн язгуур соёлыг тээгчид “Дэлхий сөнөх агшин, эгшинг Маяагийн цаг тооллын бичгийн төгсгөлтэй холбон үзэх нь Маяагийн соёл, иргэншлийн ойлголт, ухагдахуун бус, харин барууных л юм” хэмээн сануулж хэлсэн нь цөөнгүй. Иймд Маяагийн цаг тооллын эхлэл, төгсгөл дэлхийн амьдралын үргэлжлэл, эс үргэлжлэлийн суурь шалтаг, шалтгаан болж үл чадна.
Хэсэг бүхлээсээ, бүхэл хэсгээсээ хамаарч оршдог. Иймд гариг, ертөнцийн амьдрал дэлхийгээс, дэлхийн амьдрал гариг, ертөнцөөс хамааралтай болмой. Түүхэн баримт сөхвөл, гариг ертөнцөд гарч байсан өөрчлөлт, болж байсан үзэгдэл дэлхийд сүйрлийг авчирсан тохиолдолд цөөнгүй, бас авчираагүй тохиолдол ч олонтоо. Гариг, ертөнцөд гарч болох өөрчлөлт, тохиож болох үзэгдэл бүрийг таньж мэдэж, жолоодон залж үл чадах тул дэлхийн сөнөх агшин, эгшинг тааж бас үл болно. “Дэлхий яг 2012 онд сөнөнө”, эсвэл, “Дэлхий яг өнөөдөр сөнөнө” гэж хэлэхийн үнэний магадлал, хүмүний өнөөгийн мэдрэмж, мэдлэгийн хүрээгээр харвал, их л ойролцоо. Иймд дэлхий яг 2012 онд сөнөнө гэдэг нь тодорхой бус бөгөөд энэ нь зайлшгүй гэхээс илүү тохиолдлын буюу санамсаргүй шинжтэй юм. Гэвч ирэх өдрүүдэд наран дээрх дэлбэрэлт эрчимжих, идэвхжих, улмаар нар ховор нэгэн байрлалаа эзлэх зэрэг гариг ертөнцийн олон үзэгдэл жам ёсны давтамжаараа тохиох, улмаар тэр нь дэлхийн амьдралд бүхий л талаар нөлөөлөх, гал, ус, газар хөдлөлтийн гамшиг үүсэх нь, харин, тодорхой бөгөөд энэ нь санамсаргүй гэхээсээ илүү зайлшгүй шинжтэй билээ. Бүхлийн өөрчлөлтөд хэсэг өртөх нь зайлшгүй ч, харин устгаж сөнөх нь албагүй юм. Иймд гариг, ертөнцийн ховор, олон үзэгдлийн нөлөөлөлд дэлхий 2012 онд өртөх нь зайлшгүй ч, харин сөнөх нь албагүй.
Оршиж буй бүхэн шалтгаантай, шалтгаантай бүхэн оршино. Дэлхийн энэ амьдрал 2012 оны яг тэр агшин, эгшинд төгсөх, сөнөх хүрэлцээтэй шалтгаан байхгүй тул “сөнөнө, мөхнө” хэмээн эргэлзээгүйгээр хэлж үл чадна. Маяагийн цаг тооллын бичиг төгсөж буй нь дэлхий сөнөхийн зайлшгүй шалтгаан биш. Мөн ирэх өдрүүдэд гариг, ертөнцөд ховор, олон үзэгдэл жам ёсны давтамжаараа тохиох нь ч дэлхий 2012 онд сөнөхийн гол шалтгаан бас биш. Мөн дэлхийн мөхөл, төсгөлийн тухай энгүй гэгээнтий олон янзын айлдвар, энгийн хүмүний түмэн янзын таамаглал, тооцоо, загвар ч туйлын үнэн, төгс итгэл, бүрэн гүйцэт үндэслэл болж бас үл чадна. Энэ амьдрал тэр эгшин, агшинд зайлшгүй мөхөх бодит, тодорхой шалтгаан, иймд, алга. Үнэндээ, дэлхийн 2012 онд сөнөх нь зайлшгүй гэхээс илүү, харин, санамсаргүй юм. Тэгэхээр, дэлхий 2012 онд сөнөхгүй, гэвч...
Хөх-Булаг Овогт Цогдовын Лувсандорж
Утас:95675629
No comments:
Post a Comment