Saturday, November 26, 2011

БАГШ ЯДУУРАХАД НИЙГЭМ ЯДАРНА

"Үндэсний мэдээ" сонины 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаарт хэвлэгдэж олны хүртээл болсон.

Сургууль нийгмийн тархи, боловсрол, харин, түүний оюун нь юм. Сургууль, боловсролоор дамжуулан нийгмийн тархи, оюуны бүтээгч нь гагцхүү багш билээ. Ийм ч учраас дайн дажины хөлд нэрвэгдсэн улс орон ч хүртэл эхлээд багшийг ядууруулахгүй байх, харин ч бүр өнгөлөх бодлого баримталж байсан түүх олон ажээ. Түүхэн ийм сургамжийг таньж мэдснээр социализмийн үед багшийг өнгөлөх бодлогыг хэрэгжүүлж, үр дүнд нь нийгэм ихээхэн сэхээрч соёлжив. Эл сургамжийг, харин, үл тоож, либерализмд хөглөгдсөн ардчилалын өнгөрсөн 20 жилд багш ядуурч, үр дүнд нь нийгэм ихэд ядаржээ.
Нийгэмд шинэ шаардлага, хувь хүний амьдралд шинэ хэрэгцээ, сонирхолыг буй болгосон “ардчилсан” гэсэн тодотголтой хувьсгалт өөрчлөлтийн үзэл санаа, үндсэн зарчмын дагуу боловсрол, сургуулийг шинэчлэн өөрчлөх томоохон зорилт энэ талбарт ажиллагсдын өмнө тавигдсан. Энэхүү шинэчлэлийг хийсэн өнгөрсөн он жилүүдэд олсон ололт цөөнгүй, бас алдсан алдаа багагүй. Олсон ололт нь  сэхээрэл, оюунлаг байдал, бүтээлч чадвар, хүнлэг сэтгэл, их зүтгэлийн үр, хамтач хөдөлмөрийн эерэг үр дүн. Харин алдсан алдаа нь, судалгааг үл тоох нийгмийн хандлага, судлаачийг үл хүндэтгэх нийгмийн араншин, увайгүй сэтгэл, залхуурах, бэлэнчлэх, хялбарчлах, хуулбарлах сэтгэлгээ болон аминч үзэл, бас, судалгааны үндэслэл муутай бодлого, шийдвэр, түүний бэлтгэлгүй, бүтэлгүй хэрэгжилт, мөн боловсон хүчний мэргэшсэн, мэргэжсэн байдлыг бус, харин тухайн бүлгийн ашиг, сонирхолд хэт хөтлөгдсөн оноогүй, бас зохиогүй томилгооны олиггүй үр дагавраас улбаатай. Ийм олиггүй үр дагаврын нэг бол багш ядуурах үзэгдэл мөн.
Социализмийн 70 жилд багшийг өнгөлсний дүнд нийгэм бүхэлдээ соёлжин сэхээрсэн. Энэ үеийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн шинэ багшийн сарын цалин 650 төгрөг байлаа. Тэр цагт төлөг 10 төгрөг, талх 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй байсныг санавал шинэ багшийн нэг сарын цалин  65 төлөг, 542 талхны үнэтэй жишихүйц ханштай байжээ. Цалинг хониор өгдөг байсан гэвэл социализмийн үед шинэ багш сард 65 тоо толгой  бүхий сүрэг хониор цалинждаг байх нь л дээ. Социализмийн үед багшийг ийнхүү сард 65 тоо толгой бүхий хонин сүргээр,  өдөр 2-3 хониор цалинжуулах бодлогыг хэрэгжүүлсний дүнд багш тэнхээжин, ажилдаа хичээнгүйлэн зүтгэж, сэтгэл гаргаж  ажиллаж байсны дүнд энэ үндэстэн ихэд сэхээрч, соёлжижээ. Тэр цагт энэ улсын хүн ам  бүхэлдээ бичиг үсэгт тайлагдаж, энэ хэрээр тэд ном үзэж, хүмүн төрөлхтний тэр цагийн иргэншлийн утгаар, юуг хийж болох, юуг эс хийх ёстойг бүр өсөх наснаас ухаарч өсдөг байв. Үүний үр дүнд хүмүүс хөлс дуслуулахгүй орлого олохыг цээрлэж, одоогийн хэллэгээр бол авилгалыг цээрлэж, харин ариун цагаан хөдөлмөрөөр амьдрахыг эрхэмлэдэг байжээ. Багш ч ингэж амьдрахыг зөвхөн номлогч төдий бус харин үлгэрлэгч, манлайлагч байв. Багшийг өнгөлөх социализмийн үеийн энэ бодлогын дүнд нийгэм их л ухаажин, ийнхүү соёлжсон бөлгөө.
Ардчиллыг өрнүүлсэн өнгөрсөн 20 жилд багш ч их ядуурч, үр дүнд нь нийгэм ч их ядрав. 2011 оны байдлаар шинэ багш сард 190 мянгаас хэтрэхгүй төгрөгний цалин авч, багшийн сарын дундаж цалин 320 мянга орчим төгрөг байгаа юм.  Одоо зах зээл дээр  хонины “цаасан” ханш 150-200 мянган төгрөг байгааг санаад, хялбархаан тооцоо хийвэл, ардчилалын үеийн багш сард сүрэг хониор бус харин зөвхөн нэг хониор л цалинжиж байгаа нь, мөн багш дундажаар сард 1 эр хонины үнэ хүрэхгүй цалинтай байгаа нь харагдлаа.  “Хонь хониороо үлддэг” гэсэн малчны ухаанаар  харвал ардчилал өрнөсөн  20 жилд багшийн цалин  65 дахин буурчээ.  Нийгмийн тархи, оюун, ухамсарыг  бүтээх их үйлсэд зүтгэгч багш ийнхүү ядуусын давхаргад аажмаар шилжив.
"Ядуурал хаалга тогшиход хайр цонхоор оддог” гэдэг. Ядуурсан багш ядуу л авирлаж, үр дүнд нь нийгэм л ядарч байна. Ажилдаа зүтгэсээр л өдрөөс өдөр ядуурч байгаа багш дотоод ч, гадаад ч байдлаараа их л гундуухан. Цалин нь хувцас худалдаж авах бүү хэл, хоногийн хоолондоо хүрэхгүй тул тэд хувцас муутайхан л гэлдэрнэ. Ядуувтар хувцалсан байдлаар нь сурагчид  тэднээр ил далд тохуурхан нь энүүхэнд. “Ус хамарт нь хүрэхэд нохой усч” гэгчээр ядуу багш нар мэргэжлийн ёс зүйгээ уландаа гишгэн байж,  хууль бусаар орлого олохыг ихэд оролдож буй  нь  өрөвдмөөр, бас ичмээр. Мэргэжлийн хүний нүдээр харвал “сурах бичиг, гарын авлага”  гэж огт хэлж болохооргүй, түмэн алдаа тээсэн “сургалтын материал” нэртэй номонцоруудыг шахаж, бөөн хэл амыг өдөөнө, тэд. За тэгээд, бараг хүн бүрийн нэрэмжит уралдаан, тэмцээнийг мөнгөөр зохион байгуулна.Алдарт олимпиадын үед багшийн гаргаж буй авир, олж буй  орлого нь, товчхондоо хэлбэл, хурдан морины уралдааныг санагдуулдаг. Хурдны морины уралдаанд хүүхэд л томчуудын мөнгө, нэр төр олохын  золиос болоод үлддэг шүү дээ.  Ядуурал багшийг  ингэтэл нь гундааж байна.
Ядуугийн  гай ч гэмээр юм уу даа, энэ цагийн багш нарын дунд  мэргэжил, мэдлэг, чадвараараа бус харин төрийн шагнал, одон тэмдгээрээ л уралдах, гайхуулах сэтгэлгээний нэгэн  гажиг газар авч байна. Ерөнхий боловсролын  сургууль, цэцэрлэгээр ороод гарахад л “Энэ сургуулийн багш нар бараг л бүгдээрээ л боловсролын тэргүүний ажилтнаас эхлээд л элдэв гавьяа, цолтой юм байна даа” гэсэн сэтгэгдэл төрөхийн хамт ийм гавьяатай байж яасан ч тарчигхан чадвар, сэтгэлгээтэй юм бэ гэсэн бодол бас зэрэгцэнэ. Жишээ болгон хичээлийн жилийн нээлт буюу 9 дүгээр сарын 1-ний баярыг нэг эргэн дүрсэлье. Хүүхэд бүр  “хичээлийн анхны өдөр” гэсэн өөдрөг сайхан сэтгэлээр энэ өдөр сургуульдаа ирдэг дээ. Гэвч тэдний урдаас сургууль ямар өнгө, төрх, ааш авирыг үзүүлдэг гээч. Индэр дээр энгэртээ элдэв одон зүүсэн этгээдүүд эгнэн зогсож, ээлжлэн эцэс төгсгөлгүй, утга учиргүй урт яриа өрнүүлж гайхуулаад зогчихно. “Тэдний энэ үг, яриа хүүхдэд ямар хүртээлтэй юм бол оо” гэдгээ ч ухаарч чаддаггүй мэт яриад л байна. Энэ хооронд багачууд нь даарч хөрч уйлна, томхон нь уйдаад буцаад гэр лүүгээ яваад өгөх нь олонтой. Эцэст, нэг цаг дор цуглуулсан хүүхдүүдийг сургуулийнхаа хаалгаараа олигтой зохион байгуулж оруулчихаж чаддаггүй, зүгээр орхичихдог.  Үүнээс болоод өөдрөг сэтгэл тээсэн хүүхэд уйлаад буцахад ч эндүүхэнд л байдаг даа. Ядуу багшийн ядуу сэтгэлгээнээс болоод “Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр даа” гэсэн социализмийн үеийн энэ хэллэг  хүртэл өөрчлөгдөж, “Есөн сарын нэгэн ерөөсөө бидний баяр биш” гэсэн шинэ цагийн шинэ хэллэг хүртэл энэ нийгэмд буй болж байх юм даа.  Энгэрт гялалзах одон медаль нь ядуу багшийг ядуурлаас гаргах нь юу бол. Одонгоо гялалзуулан индэр дээр эгнэн зогсохоос илүүтэйгээр нэг цагийн ажлынхаа хөлсний хэмжээг малчны ухаанаар нэмэгдүүлэхийн төлөө нэгдэн нийлэх нь, наандаж, ядуурсан багшийг ядуурлаас гаргахад, цаанадаж, манантаж сааралтсан нийгмээ сэхээрүүлэн гэрэлтүүлэхэд  ач тустай байж  юун  магад.
Ядуу багш нар нийгмийн урд бус, харин нийгмийн ард хоцрогчдод, ер нь “ард” болчих гээд байна.  Тэд мэргэжил, боловсролоо дээшлүүлэх талаар санаа зовдоггүй. Эрүүгээ хөштөл илүү цаг заасаар л өдрийг өнгөрөх нь ядуу багшийн түгээмэл төрх. Өдрийг ийнхүү өнгөрөөх тул тэдэнд ном унших, юм судлах, арга зүйгээ дээшлүүлэх, нийтийн боловсролын талаар төрөөс барьж буй бодлогын буруу, зөвийг эргэлцүүлэх тийм цаг бага, цаг байлаа ч сэдэл, тэмүүлэл үгүй. Хууль бус хамтарсан засгийн газраас хэрэгжүүлж буй нийтийн боловсролыг Англичлах бодлогын хор нөлөөг урьдчилан сануулж, энэ талаар үндэсний түвшний хэлэлцүүлэг хийхийг уриалсан “Боловсролыг Кэмбрижчилэх нь ухралт мөн, харин урвалт уугэсэн нийтлэл бичиж, олон сонинд нийтүүлж нийтийн хүртээл болгосны  дараахан энэ цагийн багш нар өдөр тутмын сонин ч олж  хардаггүй болтлоо хоцорсон, ядарсанг олж мэдээд, ихэд гайхаж билээ. “Ийм байж, тэд ирэх зууны иргэдэд яаж хичээл явуулдаг юм бол оо. Дандаа өнгөрснийг  л яриад байдаг юм болов уу. Энэ цагийн хүүхэд яагаад сургууль дургүй болчихов оо,  Энэ багш нар амьдралынх талбар болсон боловсролын салбарынхаа ирээдүйн хөгжил, цэцэглэлтийн төлөө яагаад санаа зовдоггүй юм бол оо” хэмээн бодож, тэдний талаар гундуухан сэтгэгдэл тээж байж билээ. Ядуу багш нар маань энэ цагийн хүүхдэд өнгө үзэмжэээрээ ч, мэдлэг боловсролоороо ч, мэдээллээрээ ч, хамгийн гол нь ёс зүй, ёс суртахууны хувьд ч гологдоод байх вий дээ.

Ардчилалыг өрнүүлсэн он жилүүдэд багш л их ядууржээ.  Социализмийн үед багш сард 65 тоо толгой бүхий сүрэг хониор цалинждаг байсан бол одоо нэг л хониор цалинжиж байна. “Хонь хониороо үлддэг” гэсэн малчны ухаанаар  харвал өнгөрсөн  20 жилд багшийн цалин  65 дахин буурсан байна. Энэ нь угтаа өнөөгийн багш социализмийн үеийнхээс 65 дахин тарчиг, ядуу амьдарч байна гэсэн үг.  Ингэж ядуурсан багш ядуу авирлаж, улмаар нийгэмд боловсрол, соёлын ядуу үр түгээж, үр дүнд нь нийгэм л их ядарч байна. Иймд нийгмийн тархи, оюуны бүтээгч багшийг ядуурлаас ангид байлгая, тэдний цалинг өнөөгийн 65 хонины ханшид ядаж дүйцүүлж нэмье. Учир нь, багш ядуурахад нийгэм л эцэстээ их ядардаг.

                                                                                                                                   Ц.Лувсандорж


Thursday, November 17, 2011

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ҮЛ ХУУРТАХ УХААН БУЮУ ДИКОНСТРУКТИВ СЭТГЭЛГЭЭ

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ҮЛ ХУУРТАХ УХААН БУЮУ ДИКОНСТРУКТИВ СЭТГЭЛГЭЭ: Нэг нь хуурч, нөгөө нь хууртаж ханах нуу ; нэг нь хошгоруулж, нөгөө нь хошгорч дуусах нуу, энэ улсад. Хуурах, хууртах, хошгорох, хошгоруула...

ҮЛ ХУУРТАХ УХААН



Нэг нь хуурч, нөгөө нь хууртаж ханах нуу; нэг нь хошгоруулж, нөгөө нь хошгорч дуусах нуу, энэ улсад. Хуурах, хууртах, хошгорох, хошгоруулах нь хүмүний тэнгэрлэг чанар бус, харин түүний чөтгөрлөг шинж юм. Ийм л шинжээрээ энэ үзэгдэл хүнд ч, нийгэмд ч нэн хортой, хорлонтой. Чөтгөрийн мэт хортой, хорлолтой энэхүү хуурах, хууртах, хошгоруулах, хошгорох үйлийн үрээс ангижрах арга ухаан бидэнд ер нь байна уу.  Үүнээс ер нь бид ангижирч чадах уу.
Эл асуултад хариулт эрж  эргэцүүлж суух зуур уншаад орхисон нэгэн сургаал санаад оров. Энэ сургаал бол үл хууртах ухаан, сэтгэлгээний тухай л юм.  Ийм сургаалыг зон олонд хүргэх нь тэднийг хуурах, хошгоруулах лугаа адил хортой, хорлонтой  л лав биш болов уу даа.
Аливаа бичвэр (текст)-ийг цор ганц утгатайгаар бүтээж үл чадна. Энэ бол диконструктив ухааны суурь зарчим, тулганы чулуу юм. Энэхүү зарчмын үүднээс аливаа бичвэр, үг хэллэгт хандаж сэтгэхийг л угтаа  диконструктив сэтгэлгээ буюу үл хууртах ухаан гэж буй хэрэг. Гэвч үүнд бид яагаад бас амархан итгэх гэж, ингэж үзэх ямар үндэслэл байгаа юм бэ гэсэн асуулт гарах нь харин зүйн хэрэг билээ.
Ярилцах, бичих, унших, сурах, багшлах, сурталчилах, ухуулах, амлах, ер нь харилцах, цаашилбал сэхээрэх гэдэг угтаа утга барихаас л эхлэлтэй юм. Гэвч тэрхүү утгыг онож илэрхийлэх үгийг олох, оноох, ойлгох, ухаарах, унших гэдэг харин амаргүй. Учир нь, үгийг илэрхийлэхэд хэрэглэсэн дүрс, үсэг, түүний илэрхийлж буй дүрэм, түүгээр харилцаж буй арга хэлбэр бүгд зохиомол бөгөөд соёллог байдаг. Утга илэрхийлэх хэрэгслэл бүрийн энэхүү соёллог чанараас болоод аливаа үг, хэллэг, өгүүлбэр, ер нь аливаа бичвэр диконструкц (аливаа зүйлийг бүтээхэд хийсэн үйлдэл бүрийг буцаах) хэмээх үйлдлээр өөр өөр утгыг илэрхийлээд байдаг нь сонин агаад бас жам ёсны мэт бөлгөө. Энэ нь хүмүний хэл жинхэнэ утгыг жинхэнэ байдлаар илэрхийлж чаддаггүй гэсэн санааг агуулна. Утгыг илэрхийлж буй хэлний хэлбэрийн ийнхүү соёллог байдлаас болоод аливаа бичвэр өөртөө нэг биш, харин хэд хэдэн утгыг шингээж, тээж байдаг. Ийм учраас хүний бүтээсэн бичвэр бүхэн ганц биш, харин олон утгыг өөртөө тээж, түүний хэмжээгээр бусдад өөр өөрөөр ойлгогддог байна.
Диконструктив ухаан, сэтгэлгээг урлагт хэрэглэснээр бидэнд уламжлагдан үлдсэн итгэл үнэмшил, үзэл хандлагыг эвдсэн шинэлэг хийц, хэлбэр, зохиомж  гарч ирдэг бол харин улс төр, хуульд хэрэглэснээр шударга ёсны тухай ойлголт зохиомол бус харин төрмөл, анхдагч шинж руугаа илүү ойртож тодорхойлогдоно. Харин унших, судлах, ер нь боловсролд хэрэглэснээр “үг хөөн уншиж, судлах бус, харин утга барих” гэсэн нэгэн шинэлэг арга зүйг бий болгодог юм. Диконструктив ухааны энэ мэт хэрэглээг дурдаад байвал дуусашгүй. Харин зон олон маань амархан хууртаж, амархан  хашгирч, бас хошгирдог болсон энэ цагт бид диконструктив сэтгэлгээг амархан хууртахгүй байх нэгэн арга хэрэгсэл байдлаар өргөн хэрэглэж сурвал хувь хүнд ч, нийгэмд ч нэн тустай мэт санагдана.
Бичвэрт диконструктив ухаанаар хандаж, буцах үйлдлийн задаргааг онож хийснээр түүний илд, далд санаа; үнэн, худал байдал; бодит, хуурмаг шинжийг амархан тогтоож чадна, бас  эргүүцлэлийг сайхан өрнүүлж болно. Бичвэрт диконсруктив  задаргаа  хийж, түүнд агуулагдаж буй өөр өөр утгыг хэрхэн илрүүлэн барьж болохыг зарим жишээгээр доор толиулж байна. Сургамжтай байх биз ээ.
Манай сонгогчдод сонин байж болох энгийн нэгэн жишээгээр эхэлье. Нэгэн улс төрчийн сурталчилгаанд "Ард түмэнтэйгээ амь нэгтэй байна" гэсэн хэллэг, бичвэр өргөн хэрэглэгддэгийг хүн бүр бараг л мэднэ байх. Үүнд диконструктив задаргаа хийж, үл хууртах ухаанаар шинжилье. Энэ бичвэрээс “Ард түмэн гэдгийг эхлээд салгаж авья.  “Ард түмэн”  гэдэг магадгүй “олон хүн”, цаашилбал, нийгмийн хөгжлийн урд биш, харин, ард байгаа дор хаяж 2 хүн гэсэн чинхүү утгатай юм. Одоо энд “амь нэгтэй байх”  гэсэн хэсгийн утгыг нэмж  санавал “нэг хүн дор хаяж хоёр хүнтэй нэг зэрэг нэг амьтай байна” гэсэн утга илрэн гарч ирлээ. Ердийн хүний хувьд ийм юм яаж байж болох вэ дээ. Эндээс үзэхэд уг өгүүлбэр сурталчилгаанд хэрэглэгдэж байгаагаасаа бүр өөр нэгэн утгыг өөртөө тээж яваа нь ийнхүү харагдлаа.
Залуучуудад сонин байж мэдэх өөр нэгэн жишээг танилцуулж байна. “Би чамд хайртай”  гэсэн хэллэгт диконструктив задлал хийе.  “Би” гэдэг энэ үг  тухайн хүний хувьд бусдыг гэхээс илүү “би” гэснийг, цаашилбал “би” гэсэн үзлийг нь илүү илэрхийлнэ. Харин “Хайр” гэдэг уг чанараараа, өөрийгөө гэхээсээ илүү өрөөлийн төлөө гэсэн утга агуулгыг өөртөө илүү тээж явдаг. Иймд хайрын уг мөн чанар нь үнэндээ нөхцөлгүй байдаг. Хайрлахдаа нөхцөл тавьдаг хайр бол хайр бус юм. Ийм нөхцөлгүй хайрыг хүүхэд жинхэнэ эцэг, эхээс мэдэрдэг байх. За тэгээд цаашилбал, гэгээрсэн нэгний хамаг амьтныг хайрлах хайраас түүний мөн чанарыг олж харж болох биз. Хамгийн гол нь,  хайрын мөн чанар нь бусдыг нөхцөлгүй хайрлахад л оршихон л дээ. Гэтэл “Би чамд хайртай” гэсэн энэ хэллэгт “би” гэсэн үзэл шингээстэй, бүр ил бичээстэй байна. Тоон талаас авч үзбэл, ийм хайр дэлхийн хүн амын оролцоолол болох долоон тэрбумны нэгтэй дүйцэх юм. Хайрын илэрхийлэхэд тоо багадахгүй ч хамгийн чухал нь, зөвхөн чамд л хайртай гээд байгаа тэр хүн танаас бусад үлдсэн тэр олон хүнийг хайрлахгүй байна уу гэдэг нь бас л сэжиг төрөм болоод явчихна биз. Жинхэнэ хайр нөхцөлгүй, тэр тусмаа “би” гэсэн үзэлгүй, “би” гэсэн нөхцөлгүй байх тул “Би чамд хайртай” гэсэн бичвэрт хайрын мөн чанар аль ч талаасаа  үнэндээ алга байна. Ийм учраас л зарим соёлд “би чамд хайртай” гэж хэлэх бус, харин “би чамд хайртай” гэдгээ нотлохыг чухалчлан үздэг уламжлал одоо хүртэл амь бөхтэй оршсоор байдаг юм.
Төрийн албан хаагчдад хэрэгтэй байж мэдэх өөр нэгэн жишээг танилцуулья. “Төрийн үйлчилгээг иргэдэд адил тэгш хүргэнэ” гэсэн хэллэгийг диконструктив үүднээс шинжилье. Эхлээд “иргэд” гэдэгт анхаарлаа хандуулья. Иргэд олон янз. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, өндөр, нам; тарган, туранхай гээд л олон шинжээрээ иргэд хоорондоо ялгагдана. Эндээс харахад “яг адилхан шинж байдлыг тээж яваа хоёр иргэн” гэж байж болохгүй нь илт. Одоо “төрийн үйлчилгээ” гэдэгт анхаарлаа хандуулья. Төрийн үйлчилгээ  бол адил тэгш, ижил чанар, хэмжээтэй байх ёстой. Хэрэв төрийн үйлчилгээ өөр өөр байвал энэ “ялгаварлан гадуурхах” гэсэн үйлдэл болох биз. Иймд төрийн үйлчилгээнд  адил тэгш байх зарчмыг баримтална, тодруулбал, нэг бүлгийн хоёр хүнд ижил хэмжээ, чанартай үйлчилгээг адил тэгш хүрэхийг чухалчилдаг. Одоо утгуудыг нэгтгэн үзбэл, “Ялгаатай хүмүүст ялгаатай бус үйлчилгээг адил  тэгш хүргэнэ” гэсэн утга гарч байна. Энэ нь  угтаа “Хоёр өөр хүнийг яг тэнцүү халамжилна” гэсэн утгатай дүйцнэ.  Ийм зүйл бодит байж үл болох тул “Төрийн үйлчилгээг иргэдэд адил тэгш хүргэнэ”  гэсэн бодлого хэзээ ч бодиттой оршихгүй, хэрэгжихгүй гэсэн үг. Чухам ийм учраас төр бодлогоо олигтой хэрэгжээгүй гэсэн шүүмжлэл амьдралд тасардаггүй биз ээ.
Нийгмийн аливаа үзэгдлийг жендерчилэх хандлага газар авч байгаа энэ цагт дор “хүйсийн тэгш байдлыг хангана” гэсэн бодлогын гэмээр нэгэн бичвэрт диконструктив ухаанаар хандья.  Хүн төрөлхтөн эр, эм хүйсээс гадна эр ч биш, эм ч биш хүйстэй төрдөг нь, улмаар хүйсийн эдгээр бүлгүүд хоорондоо ижил ч, бас ялгаатай ч шинж чанартай болох нь тогтоогджээ. Одоо “тэгш байдлыг хангана” гэдгийн утгыг санавал хүйсийн дор хаяж 3 бүлэгт тус бүрийнх нь ялгаатай байдлыг харгалзан ялгаатай үйлчилгээг үзүүлэх, эсвэл ялгаатай боломж олгох гэсэн утга энэ бичвэрт байгаа  нь илэрлээ. Энэ нь эр, эм гэсэн 2 хүйсийг ижил байдлаар авч үзэж, тэгш үйлчилгээ, тэгш боломж олгох бус харин эр, эм, эр ч биш, эм ч гэсэн хүйсийн дор хаяж гурван бүлгийг ялгаатай байдлаар авч үзэж, тэдэнд  ялгаатай үйлчилгээг үзүүлж, ялгаатай боломж олгох тухай ойлголт болох нь илрээд ирлээ.
Мөн “Аливаа амлалт бүхэн биелэгдэггүй, тийм учраас худал байдаг” болохыг энэ л ухаанаар амархан таньж болно гэдгийг тэмдэглэж байна. Амлалт бүхэнд үл хууртах ухаанаар хандаж, диконструктив задлан шинжлэл хийхдээ  цаг хугацааны хүчин  зүйл, үнэ цэнийн хүчин зүйлийг л тооцоход хангалттай байдаг л даа. За тэгээд, мөн дээр нь “Өөрчлөгддөггүй зүйл энэ хорвоод үгүй” гэдгийг санахад бас илүүдэхгүй биз ээ. Жишээлбэл, Хэн нэгэн хүн танд 4 жилийн өмнө  “1 сая 500 мянган төгрөг өгнө” гэж амалсан байг. “Байг” ч гэж дээ нэрээ бодиттой амалсан байх шүү. Хэрэв энэ мөнгийг амалсан тэр дороо л өгөөгүй бол тэр амлалт чинхүү утгаар биелэхгүй болчихсон байдаг. Учир нь, үнэ цэнийн хувьд өчигдрийн 1 төгрөг өнөөдрийн 1 төгрөг биш юм л даа.
 
Одоо бид, харин, нэг нь хуурлаа ч нөгөө нь амархан хууртаад байхааргүй; нэг нь хошгоруулаа ч, нөгөө нь амархан хошгорохоод байхааргүй; гадаадынхан ч  цайлган сэтгэлтэй, гэнэн ард түмэн гэх зэргээр элдвээр магтлаа ч, амархан хөөрцөглөөд байхааргүй болчихлоо доо. Учир нь, бидэнд үл хууртах ухаан, арга байна. Энэ ухаан, энэ арга бол маш энгийн болохыг бид бас мэдчихсэн. Эхлээд хүний хэлсэн үг, бичсэн бичвэр, амласан амлалт бүхнийг  “Энэ  чинь цор ганц утгатай биш” гэж бодох, зөвхөн ингэж бодох төдийгүй диконструктив задлан шинжлэл хийгээд л түүний өөр нэгэн утгыг нь илрүүлчихнэ. Тэгээд тэр илрүүлсэн олон утгыг эргэцүүлэн эргүүлцсний эцэст нь амархаан хууртахааргүй, бас хялбархаан хошгорохооргүй хэмжээний ухаарлыг өөртөө бүтээчихнэ. Хүн бүрийн ийм л ухаарал, сэхээрэл нийлэн нийлсээр нийгэмд тийм нэгэн ухамсар бий болчих  боломж бий. Энэхүү боломжийг бид бодит байдал болгож чадваас мунхаглалийн манангаас, харин, бүрмөсөн мөнхөд ангижирчихаж болно. Үүнд бас үл хууртах ухааны нийгмийн ач тус оршвой.

Ц.Лувсандорж

Thursday, November 10, 2011

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ЕР НЬ ЗӨВ Ч, ОДОО БОЛ ХАРИН МАШ БУРУУ

ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛ-ТУСГААР ТОГТНОЛ: ЕР НЬ ЗӨВ Ч, ОДОО БОЛ ХАРИН МАШ БУРУУ: Нуур амгалан бол нугас амгалан лугаа адил нийгэм авилгалгүй бол хүн амгалан юм даа. Авилгалаас , о-дарангуйлалаас нийгмээ тайван, ухаалаг, х...

ЕР НЬ ЗӨВ Ч, ОДОО БОЛ ХАРИН МАШ БУРУУ

"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар хэвлэгдэж олны хүртээл болсон.

Нуур амгалан бол нугас амгалан лугаа адил нийгэм авилгалгүй бол хүн амгалан юм даа. Авилгалаас, о-дарангуйлалаас нийгмээ тайван, ухаалаг, хүчирхийллийн бус аргаар чөлөөлөх, цэвэрлэх ганцхан арга нь сонгууль юм. Сонгуулийг шударга, нээлтэй явуулна гэдэг одоо ч амаргүй болж дээ, ер нь бол маш амархан ажил шүү дээ. Иргэд ходоодоороо бус оюунаараа санал өгчихдөг, дээр нь сонгуулийг зохион байгуулж буй этгээд хуурмагийг үл тэвчих, худлыг үл хэлэх хэмжээний ёс суртахуунтай байхад л болоод явчих юм л даа. Гэвч энэ нийгэмд тийм хүнийг олоход харин  амаргүй болж дээ.  Ийм ч учраас, 2012 оны сонгуулийг төрийн албан хаагчдын оролцоотойгоор явуулахаар шийдэж байх шиг байна. Ингэж шийдэх нь ер нь зөв ч, харин одоо бол маш буруу юм шүү, манайд. Ингэж хэлэх учир шалтгаан байна аа.
Төрийн алба бус, харин нийтийн алба (public service); төрийн алба хаагч бус, харин нийтийн үйлчлэгч, түшмэл (public servant, offiсer) гэсэн энэ ухагдахуунууд бодит утгаа олж зөв төлөвшсөн улс оронд сонгуулийг нийтийн алба, энэ албанд зүтгэгчийн хүчээр зохион байгуулах нь ер нь бол маш зөв юм. Учир нь, зон олны өөрсдөө байгуулж, санхүүжүүлж яваа нийтийн албанд ажиллахаар зориг шулуудан өөрийгөө түмний үйлчлэгч гэдгээ ухамсарласан хүн хуурмагийг үл тэвчих,  худлыг үл хэлэх хэмжээний хүний ёс зүй, ёс суртахуунтай болчихсон байдаг. Нийтийн албанд ийм л зөв  хүн ажилладаг болсон цагт нийтийн үйлсийн нэгээхэн чухал хэсэг сонгуулийн үйл ажиллагаанд тэднийг татан оролцуулах нь их л оновчтой, зохистой, ер нь бол маш зөв зүйл л дээ. Харин нийтийн алба нь зөвхөн төр, засгийн төлөөх алба мэт болчихсон, нийтийн үйлчлэгч нь төрийн ноёд, түшмэлд хувирчихсан, дээр нь тэд худал хэлж үл болох,  хуурч,  мэхэлж үл болохын үнэ цэнийг  үл тоож буй мэт аяагладаг болчихсон энэ цаг дор тэднийг харин сонгуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах нь огт буруу, ер нь ёстой болохгүй зүйл шүү.
Одоогийн байдлаар монголын төрийн албанд 140 гаруй мянган хүн ажилладаг гэсэн. Тэдний хэдэн хувь нь 1996-2000 оны хооронд төрийн эрх барьсан ардчилсан холбоо эвслэлээс явуулсан “хар баасан гариг” хэмээн алдарт операциар нийтийн албанд шургасан юм бол оо.  Мөн тэдний хэдэн хувь нь 2000-2004 оны хооронд төр барьсан МАХН (одоогийн МАН)-ийн “хариу барих” операциар төрийн албанд шумбасан юм бол оо.  Дээр нь “сайдын хүн”,  “даргын хүн”, “танилын хүн” гэсэн өргөмжлөлтэйгээр төрийн албанд шургагчдыг энд нэмж бодвол одоогийн төрийн албан хаагчдын хэдэн хувь эрх баригч байсан намуудын экс-албан хаагчид байгаа юм бол оо гэсэн нэн бодууштай асуудал гараад ирлээ шүү, энд. Асуудал ингэж дэвшигдлээ, харин түүнийг  сайн судалж, үр дагаврыг урьдчилан сайн бодох нь л бидэнд үлдлээ дээ.
МАХН (одоогийн МАН)-ийн “хариу өгөх” операциараа 10-12 мянган хүнийг төрийн албанд томилжээ (Н.Энхбаяр ерөнхийлөгчийн ярилцлагад дурдагдсан тоог иш үндэс болгов). Ардчилсан холбоо эвсэл “хар баасан гариг” операциар хэдэн мянган хүнийг уйлуулж, дуулуулсныг олж мэдэх нь тийм хэцүү биш ч, “хариу өгөх” гэдгийг санавал мөн 10-12 мянган орчим хүн байх магадлал өндөр юм. Ингээд бодвол зөвхөн 1996-2004 оны хооронд гэхэд ойролцоогоор дор хаяж 20-24 мянган орчим намын экс-ажилтан нийтийн албанд шумбан оджээ.  Мөн дээр нь томилогдсон  сайд, дарга  бүр дундажаар 4-5 намын ажилтанг “сайдын хүн” “даргын хүн”, “захирлын хүн”, “танилын хүн” гэдэг өргөмжлөлтэйгээр нийтийн албанд шургуулдагыг, бас  мөн өнгөрсөн 20 жилд хэдэн удаа сайд, дарга нар  солигдсныг санавал эндээс багагүй тоо гараад ирнээ. За тэгээд, цаашилбал, “алтайдах” маягын аргачлалаар хэдэн экс-улс төрч нийтийн албанд ороод хээв нэг тууж явааг энд мөн санах хэрэгтэй л дээ. Энэ мэт үйлдлийн дүнг нэгтгээд бодвол одоогийн энэ зон олны алба намын экс-ажилтны алба болчихоод байгаа мэт санагдлаа. Үүнийг боловсролын салбарын жишээгээр дор жаахан тодруулахыг оролдьё.
Мэргэжсэн байх, мэргэшсэн байхыг хамгийн ихээр шаарддаг, ер нь улс төржих, авилгажих боломжгүй мэт бодогдох  боловсролын салбар хүртэл намын экс-ажилтнаар дүүрээд байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал улс төрийн томилгоо болоод удаж байна. Энд 10 багшийн 9 эмэгтэй байдаг бөгөөд тэдний ихэнхи нь захирлын улс төржсөн, авилгалжсан томилгооны эзэн, бас түүний золиос болчихоод байгаа. Мөн тэдний дунд  “сайдын хүн”,  “даргын хүн”, “танилын хүн” гэсэн өргөмжлөлтэй этгээдүүд ч цохиж л явдаг. Цаашилбал, “Улсын” гэсэн тодотголтой их, дээд сургуулиудын захирлуудын томилгоог эргээд нэг хардаа. Эрт цагт бол боловсролын яамны мэт үүрэг хүлээсэн өнөөгийн ерөнхий боловсролын газрынхны мэргэжил, мэргэшлийн байдлыг нь, хүйсийн харьцааг нь, хүмүүсийн сонголтыг нь нэг ажигла даа. Энд нөгөө сайдын хүн, даргын хүн, танилын хүн чинь ч цохиж л яваа байж мэднэ шүү. Ийм олон хэлбэрээр л, улс төржиж бараг болмооргүй мэт боловсролын салбар хүртэл өнгөрсөн 20 жилд ингэж улс төржиж, авилгалжих, олгорхижсон байж мэдэх нь байна шүү. Эндээс харахад 2012 оны сонгуулийн зохион байгуулалтын ажлыг боловсролын салбарын одоогийн ажиллагсдаас л лав холуур байлгах нь шударга ёсонд илүү нийцэх мэт бодогдоно. Учир нь, тас хар хун цав цагаан хун болж болох л байх, гэхдээ л амаргүй шүү дээ.
Сонгуулийг нийтийн албаны хүч, оролцоотойгоор зохион байгуулах нь  ер нь цаашдаа бол маш зөв, харин 2012 оны тухайд бол маш буруу шүү. Учир нь, энэ улсад нийтийн алба нь зөвхөн төр, засгийн төлөөх алба мэт болчихсон байна. Түмний үйлчилгээг тэдэнд хүргэхээр зогсож байх ёстой нийтийн  үйлчлэгч маань төрийн ноёд, түшмэл болоод хувирчихсан байна, энд. Хамгийн гол нь,  Засгийн эрхийг 20 жилд ээлжлэн барьсан намуудын олон экс-ажилтан одоогийн төрийн албанд шургачихсан байна шүү дээ.  “Тас хар хун зүгээр л цав цагаан хун болчихсон”  гэвэл итгэж болох л байх даа, гэхдээ л чинхүү тийм болгоё гэвэл бараг л боломжгүй ш дээ. Цагаанаар будавч нүд цавчих зуурт  эргээд хар болчихно. Ийм л учраас 2012 оны сонгуулийг одоогийн төрийн алба хаагчдаас аль болох холуур л байлгамаар байна даа.

Ц.Лувсандорж