"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар хэвлэгдэж олны хүртээл болсон.
Нуур амгалан бол нугас амгалан лугаа адил нийгэм авилгалгүй бол хүн амгалан юм даа. Авилгалаас, о-дарангуйлалаас нийгмээ тайван, ухаалаг, хүчирхийллийн бус аргаар чөлөөлөх, цэвэрлэх ганцхан арга нь сонгууль юм. Сонгуулийг шударга, нээлтэй явуулна гэдэг одоо ч амаргүй болж дээ, ер нь бол маш амархан ажил шүү дээ. Иргэд ходоодоороо бус оюунаараа санал өгчихдөг, дээр нь сонгуулийг зохион байгуулж буй этгээд хуурмагийг үл тэвчих, худлыг үл хэлэх хэмжээний ёс суртахуунтай байхад л болоод явчих юм л даа. Гэвч энэ нийгэмд тийм хүнийг олоход харин амаргүй болж дээ. Ийм ч учраас, 2012 оны сонгуулийг төрийн албан хаагчдын оролцоотойгоор явуулахаар шийдэж байх шиг байна. Ингэж шийдэх нь ер нь зөв ч, харин одоо бол маш буруу юм шүү, манайд. Ингэж хэлэх учир шалтгаан байна аа.
Төрийн алба бус, харин нийтийн алба (public service); төрийн алба хаагч бус, харин нийтийн үйлчлэгч, түшмэл (public servant, offiсer) гэсэн энэ ухагдахуунууд бодит утгаа олж зөв төлөвшсөн улс оронд сонгуулийг нийтийн алба, энэ албанд зүтгэгчийн хүчээр зохион байгуулах нь ер нь бол маш зөв юм. Учир нь, зон олны өөрсдөө байгуулж, санхүүжүүлж яваа нийтийн албанд ажиллахаар зориг шулуудан өөрийгөө түмний үйлчлэгч гэдгээ ухамсарласан хүн хуурмагийг үл тэвчих, худлыг үл хэлэх хэмжээний хүний ёс зүй, ёс суртахуунтай болчихсон байдаг. Нийтийн албанд ийм л зөв хүн ажилладаг болсон цагт нийтийн үйлсийн нэгээхэн чухал хэсэг сонгуулийн үйл ажиллагаанд тэднийг татан оролцуулах нь их л оновчтой, зохистой, ер нь бол маш зөв зүйл л дээ. Харин нийтийн алба нь зөвхөн төр, засгийн төлөөх алба мэт болчихсон, нийтийн үйлчлэгч нь төрийн ноёд, түшмэлд хувирчихсан, дээр нь тэд худал хэлж үл болох, хуурч, мэхэлж үл болохын үнэ цэнийг үл тоож буй мэт аяагладаг болчихсон энэ цаг дор тэднийг харин сонгуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах нь огт буруу, ер нь ёстой болохгүй зүйл шүү.
Одоогийн байдлаар монголын төрийн албанд 140 гаруй мянган хүн ажилладаг гэсэн. Тэдний хэдэн хувь нь 1996-2000 оны хооронд төрийн эрх барьсан ардчилсан холбоо эвслэлээс явуулсан “хар баасан гариг” хэмээн алдарт операциар нийтийн албанд шургасан юм бол оо. Мөн тэдний хэдэн хувь нь 2000-2004 оны хооронд төр барьсан МАХН (одоогийн МАН)-ийн “хариу барих” операциар төрийн албанд шумбасан юм бол оо. Дээр нь “сайдын хүн”, “даргын хүн”, “танилын хүн” гэсэн өргөмжлөлтэйгээр төрийн албанд шургагчдыг энд нэмж бодвол одоогийн төрийн албан хаагчдын хэдэн хувь эрх баригч байсан намуудын экс-албан хаагчид байгаа юм бол оо гэсэн нэн бодууштай асуудал гараад ирлээ шүү, энд. Асуудал ингэж дэвшигдлээ, харин түүнийг сайн судалж, үр дагаврыг урьдчилан сайн бодох нь л бидэнд үлдлээ дээ.
МАХН (одоогийн МАН)-ийн “хариу өгөх” операциараа 10-12 мянган хүнийг төрийн албанд томилжээ (Н.Энхбаяр ерөнхийлөгчийн ярилцлагад дурдагдсан тоог иш үндэс болгов). Ардчилсан холбоо эвсэл “хар баасан гариг” операциар хэдэн мянган хүнийг уйлуулж, дуулуулсныг олж мэдэх нь тийм хэцүү биш ч, “хариу өгөх” гэдгийг санавал мөн 10-12 мянган орчим хүн байх магадлал өндөр юм. Ингээд бодвол зөвхөн 1996-2004 оны хооронд гэхэд ойролцоогоор дор хаяж 20-24 мянган орчим намын экс-ажилтан нийтийн албанд шумбан оджээ. Мөн дээр нь томилогдсон сайд, дарга бүр дундажаар 4-5 намын ажилтанг “сайдын хүн” “даргын хүн”, “захирлын хүн”, “танилын хүн” гэдэг өргөмжлөлтэйгээр нийтийн албанд шургуулдагыг, бас мөн өнгөрсөн 20 жилд хэдэн удаа сайд, дарга нар солигдсныг санавал эндээс багагүй тоо гараад ирнээ. За тэгээд, цаашилбал, “алтайдах” маягын аргачлалаар хэдэн экс-улс төрч нийтийн албанд ороод хээв нэг тууж явааг энд мөн санах хэрэгтэй л дээ. Энэ мэт үйлдлийн дүнг нэгтгээд бодвол одоогийн энэ зон олны алба намын экс-ажилтны алба болчихоод байгаа мэт санагдлаа. Үүнийг боловсролын салбарын жишээгээр дор жаахан тодруулахыг оролдьё.
Мэргэжсэн байх, мэргэшсэн байхыг хамгийн ихээр шаарддаг, ер нь улс төржих, авилгажих боломжгүй мэт бодогдох боловсролын салбар хүртэл намын экс-ажилтнаар дүүрээд байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал улс төрийн томилгоо болоод удаж байна. Энд 10 багшийн 9 эмэгтэй байдаг бөгөөд тэдний ихэнхи нь захирлын улс төржсөн, авилгалжсан томилгооны эзэн, бас түүний золиос болчихоод байгаа. Мөн тэдний дунд “сайдын хүн”, “даргын хүн”, “танилын хүн” гэсэн өргөмжлөлтэй этгээдүүд ч цохиж л явдаг. Цаашилбал, “Улсын” гэсэн тодотголтой их, дээд сургуулиудын захирлуудын томилгоог эргээд нэг хардаа. Эрт цагт бол боловсролын яамны мэт үүрэг хүлээсэн өнөөгийн ерөнхий боловсролын газрынхны мэргэжил, мэргэшлийн байдлыг нь, хүйсийн харьцааг нь, хүмүүсийн сонголтыг нь нэг ажигла даа. Энд нөгөө сайдын хүн, даргын хүн, танилын хүн чинь ч цохиж л яваа байж мэднэ шүү. Ийм олон хэлбэрээр л, улс төржиж бараг болмооргүй мэт боловсролын салбар хүртэл өнгөрсөн 20 жилд ингэж улс төржиж, авилгалжих, олгорхижсон байж мэдэх нь байна шүү. Эндээс харахад 2012 оны сонгуулийн зохион байгуулалтын ажлыг боловсролын салбарын одоогийн ажиллагсдаас л лав холуур байлгах нь шударга ёсонд илүү нийцэх мэт бодогдоно. Учир нь, тас хар хун цав цагаан хун болж болох л байх, гэхдээ л амаргүй шүү дээ.
Сонгуулийг нийтийн албаны хүч, оролцоотойгоор зохион байгуулах нь ер нь цаашдаа бол маш зөв, харин 2012 оны тухайд бол маш буруу шүү. Учир нь, энэ улсад нийтийн алба нь зөвхөн төр, засгийн төлөөх алба мэт болчихсон байна. Түмний үйлчилгээг тэдэнд хүргэхээр зогсож байх ёстой нийтийн үйлчлэгч маань төрийн ноёд, түшмэл болоод хувирчихсан байна, энд. Хамгийн гол нь, Засгийн эрхийг 20 жилд ээлжлэн барьсан намуудын олон экс-ажилтан одоогийн төрийн албанд шургачихсан байна шүү дээ. “Тас хар хун зүгээр л цав цагаан хун болчихсон” гэвэл итгэж болох л байх даа, гэхдээ л чинхүү тийм болгоё гэвэл бараг л боломжгүй ш дээ. Цагаанаар будавч нүд цавчих зуурт эргээд хар болчихно. Ийм л учраас 2012 оны сонгуулийг одоогийн төрийн алба хаагчдаас аль болох холуур л байлгамаар байна даа.
Ц.Лувсандорж
No comments:
Post a Comment