"Үндэсний мэдээ" сонины 2011 оны 10 дугаар сарын 29-ны дугаарт хэвлэгдэж олны хүртээл болсон.
Хурандаа Каддафи мөргөлдөөн эд өрнөж байхад “ард түмэн”-ний төлөөлөл гэж нэрийдэж буй босогчидтэй хэлэлцэл хийх талаар энх тайванч санал дэвшүүлж, амьдралдаа нэгэн сайн үйлсийг бүтээсэн юм. Тэрээр “Бидэнд хэлэлцэл хийх орон зай бий” гэж хэлж байсан. Түүний энэ үгийг хэвлэл мэдээллийг хэрэгслэлээр дамжуулан дэлхийн олон сая хүн сонссон, уншсан байх. Каддафийн энэ энх тайванч санаачилгын дараа Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл болон НАТО-ийн удирдлагын хүрээнд “Бидний бай зөвхөн л Каддафи уу” гэсэн асуулт хүртэл гарч, эргэлзээ үүсэж байсан гээч. Хурандаа Каддафийн энэхүү энх тайванч санаачилгыг сөргөлдөгч тал, хэрэв хүлээн авсан бол хэдэн арав, хэдэн зуун эрдэнэт хүмүүний амийг аварч болох алтан боломж байсан нь одоо нэгэнт илт болжээ. Энх тайванч санаачлага гаргах нь лав л хүний үйлсийн хар тал биш юм шүү.
Тэрээр доройтон ялзарч, хувалз мэт зон олноо зорж оршиж ирсэн хаант засгийг цус гаргалгүй нөхдийн хамт түлхэн унаган засгийн эрхийг авсныхаа дараахан барууныхны эзэмшил болсон газрын тосны үйлдвэрүүдийг хаах шийдвэр гаргаж, үүний дүнд Ливи зон олны эзэмших хувьцааны хэмжээг 50-70 хувьд хүргэж чадсан гавьяатай. Түүний эх орон элгэн нутгийнхаа төлөө хийсэн энэ гавьяагаар л Ливи зон тэнхээжин өндийж, өнөөдрийн босогчид босох хэмжээнд хүрч, улс нь дэлхийн баян 50 орны тоонд оржээ. Энэ нь түүний эх орон элгэн түмнээ гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй явсны нэгэн гэрч болж байна. Зон олны тусын тулд хийсэн хүний гавьяат үйлс лав л хар үйл биш.
Тэрээр “баян нийгэм (welfare state)” гэсэн улс төрийн итгэл үнэмшилд дурласан, “нийтийн ардчилал (popular democracy)” -ыг хүндэтгэн үздэг, энэ бүхэнд тулгуурласан “ногоон ном” хэмээх алдарт тунхаг бичиг, номлолынхоо дагуу зон олноо 42 жилийн турш хөтлөн чиглүүсэн үзэл санааны сайн удирдагч байв. Энэ нь ч хүмүн заяаны нэгэн тэнгэрлэг шинж болох биз ээ.
Тэрээр өөрийн долоон хөвүүн, өрөөлийн нэг охиныг хайр дутаахгүй өсгөж, хүний зэрэгт хүргэж чадсан сайн эцэг, сайн өвөө, бас хоёр ч бүсгүйн сайн хань. Тэр хайртай хөвүүд, хайртай ач хүү, охиноо энэ дайнд алдахдаа харуусан уйлж байсан нь дамжиггүй. Учир тэр тэнгэрлэг заяат хүн л шүү дээ.
Тэрээр “Ливийн ард түмнийхээ төлөө үхэх хүртлээ тэмцэнэ” гэж тангараглаад, энэ тангарагтаа хүрсэн нэгэн. Хүний энэ л чанараараа тэрээр монгол соёл, ахуйн “эр хүн”, оросын “мужик”, английн “real man”-амин сүнсийг дэлхий нийтэд нэр нэртэйгээр харуулж чадсан нэгэн. Олон соёлын нэгэн ижил үнэлэмжээр тангарагтаа хүрэх нь хүний хар үйлс биш, харин сайн чанар ажмой.
Энэ мэтчилэн бодож, судлан бичээд байвал эцэст нь бид ер нь ямар дүгнэлтэд хүрэх юм бол оо. Энэ хорвоо дээр тас хар хун гэж бий. Харин тас хар үйлстэй хүн гэж байдаггүй. Үүнийг ч хурандаа Каддафи гэрчилсээр одлоо.
Ц.Лувсандорж
No comments:
Post a Comment