"Өдрийн сонин", "Үндэсний мэдээ" сонины 2011 оны 10 дугаар сарын 28-ны дугаарт хэвлэгдэж олны хүртээл болсон.
Орчуулагчийн өчил
Ур хийц, хэлбэр дизайн хувьд тааруу ч, утга агуулгын хувьд өнөөгийн монголчууд бидэнд нэн бодууштай, сургамжит нэгэн өгүүллэгийг Англи хэлнээс Монгол хэлнээ чадан ядан буулгаж Уншигч авхай Танд барьж байна.
Англи улсын сэтгүүлч Дамиэн Давсон 2007 онд монголын өнөөгийн нийгэмд хүмүүс хэрхэн ядуурч доройтож байгааг, улмаар энэ доройдлоос үүдэн тэд хүмүний тэнгэрлэг заяаг хэрхэн гутааж бузарлаж буйг харуулсан нэгэн нийтлэлийг бичиж дэлхийн сайтуудад тавьсан юм. Интернэтээр тэнүүлчлэн явахдаа олж мэдэн, энэ нийтлэлийг уншсан монгол хүмүн бивээр тухайн үедээ монголоо өмөөрөх сэтгэл төрж, монголын талаар ийм зүйл бичээд байхдаа яахав хэмээн уцаарлангуй сэтгэгдэл төрж, бидний бузар, муухай байдлыг дэлхийд ингэж тараасан эл сэтгүүлчийг “Хүний мууд дуртай золиг” хэмээн зэмлэн буруутгаж явснаа энд нуух хэрэг юун. Гэвч тэрбээр үнэнг, бас бодит байдлыг хэлсэнг бодох тусам, бас ухаарах тусам ойлгож, одоо түүнд ихэд баярлаж явна. Тэрбээр монгол хүн монголынхоо төлөө хийгээгүй зүйлийг хийсэн. Эрхэм Дамиэн, таны хүмүний тэнгэрлэг заяаг өнгөлөг байлгахын төлөө хийсэн зүйлд, мөн монголын төлөө гаргасан сэтгэл, зүтгэлд тань баярлалаа.
Монгол тарчлаан
Англи улсын сэтгүүлч Дамиэн Давсон бивээр “Монгол ядуурлын нууцлаг агаад гутамшигт бодит байдлыг дэлхий нийт мэдээсэй” хэмээн бодож, энэхүү нийтлэлийг тэрлэж байна.
Монгол улсад бодит үзэгдэл болж буй ядуурал, мөн хүний хулгайн тухайн баримтат кино хийхээр энэ улсад бивээр өнгөрсөн зургаан сарыг өнгөрөөв.
Нутаг буцахаасаа өмнөх нэгэн өдөр би өөрийн зураглаачийн хамт Улаанбаатарын орчмын бүхий л уул толгодоор цацагдсан мэт тарж байрласан, энэ хотын нийт хүн амын 80 орчим хувь амьдардаг “Гэр” хэмээх хороололын оршин суугчдын ахуй амьдралыг ажиглахаар тэднийг зорьсон юм. Тэнд бид юу харж, юуг олж мэдсэн гээч.
Тухайн хүний олж чадах эсвэл худалдан авч болох тэр зүйл бүхнээр босгож болдог монголын уламжлалт оромжийн нэрээр нэрлэсэн энэ хорооллын хаяа, хүрээ уул толгод дамнан өдрөөс өдөр тэлнэ. Уулс, толгод дамнан хаяа, хүрээгээ ийнхүү тэлж буй эл хорооллын гудамжны дагуу байрлах дэлгүүрүүд Бразил, Индонезэд л олонтоо таардаг “нураад уначихна уу гэмээр л овоохой-шантууд”-ыг санагдуулдаг.
Өвөл энд хасах 25 хэм хүртэл хүйтэрнэ. Энэ хороололд оршин суугчдад эрүүл ахуйн шаардлагыг хангасан ус уух боломж огт байдаггүй мэдэв.
Хэдэн зуун, магад хэдэн мянган хүн нэг бохир худаг, нэг балайр жорлонг хамтдаа хэрэглэнэ, энд. 2.6 сая хүрэхгүй шахуу хүн амтай энэ улсад нялхасын эндэгдэл аль хэдийн 13 хувьд хүрчээ. Эл хороололд, цаашилбал, тус улсын иймэрхүү бусад газруудад амь зууж буй хүмүүсийн дунд сонсоход аймаар, үзэхэд жигшмээр нэг нууц хадгалагдсаар байна.
Улаанбаатарын ойролцоох уул толгод үхэгсдийн хувьд оршуулгын газар нь, ядуусын хувьд оргонох оромж нь болж байна. Хамгийн аймшигтай нь, энд үхэгсэд үл хүндэтгэгдэж, бүр тайван ч нойрсож үл чадна.
Улаанбаатар хотын ойролцоох оршуулгын газрын бараг л бүх булш холоос үл ажиглагдам байдлаар ихээхэн хэмжээгээр сэндчүүлэн сүйтгэгдсэн байдаг. Энд ядуус одогчийн цогцосыг наранд ил гаргаж, түүнтэй хамт булшилсан эд юмсыг тэр орчмоор нэг хөглөрүүлж, үнэт эдлэлийг нь хулгайлан зах дээр жуулчдад болон ховор эд цуглуулагчдад зардаг гээч. Тэнгэрт эргэлдэн нисэж үхсэн амьтны сэгийг энд тэндгүй таслан хаядаг махчин шувуу тас лугаа адил хулгайч, магад зарим амьтад одогчийг цогцсыг энд булшаас нь татан гаргаж, хэсэгчлэн хавь ойрд нь орхисон байх нь харахад аймаар, бодоход бүр жигшмээр.
Эвдэрсэн коффин (оршуулгын хайрцаг) болон үхэгсдийн тасдуулсан биеийн хэсгийн гэрч болсоор сэндчүүлсэн булшнууд наранд ил хэдэн арван жилээр ээгдэнэ. Үнэндээ, хөндөгдөөгүй цогцос энд ховор бөгөөд ихэнхи тохиолдолд одогчийн биеийн хэсэг, хувцас хунар нь л хоосон хайрцаг эсвэл булшны эргэн тойронд хэвтэж байх нь олонтоо.
Монголд оршуулгын газрыг эмнэлэгийн болон үйлдвэрийн хог хаягдалын цэг мэт ашиглаж байна. Гэрт оршин суугчид энэ хавиар хоол олох, түлш олох зорилгоор аймшиггүйгээр хэрэн тэнэнэ. Тэд оршуулгын коффиныг эвдэж, түүнийг ихэвчлэн галын түлш болгон хэрэглэдэг гээч.
Зуны саруудын борооны улиралд уул толгодоос урссан борооны ус булшны үлдэц, хог хаягдлаар бохирдож, улмаар хөрсөнд шингэн худагт нийлэх бөгөөд тэрхүү усаар нь гэрийн хорооллынхон ундаалж байна, энд.
Одогсдын булшны хувь заяаны монгол дахь энэ жигшүүрт байдлыг үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэг биш удаа хөндсөн ч энэ талаар ажил хийж, арга хэмжээ авч буй нэг ч байгууллага энэ улсад өдий хүртэл алга даа. Төрийн ба төрийн бус нь ч , олон улсын болон тусламжийнх ч, бүр цаашилбал, хүний эрхийн байгууллага нь ч өдий хүртэл энэ талаар дүлий дүмбэ, таг чиг ажгуу.
Монгол улсын парламент болох улсын их хурлаас төрийн бус байгууллага болон бие даасан болоод дэмжлэг туслалцааны агентлагуудад олгодог тусламжийн мөнгөнд их хэмжээний татвар тогтоожээ. Төрийн бус байгууллагад ажиллагсдын ихэнхи нь өндөр цалин амалсан, Монгол шиг асуудал тээсэн өөр улс орнуудад ажиллах сонирхолтой байдаг юм. Найдвартай, тохилог ланд крузер машингүй, жолоочийн найдвартай байдал хангагдаагүй энэ улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагад ажиллагсдын маш цөөхөн нь эр зоригийг үзүүлж, эрсдлийг үүрч оффисоосоо гарч ажиллаж чадна.
Зон олныг ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажилд биеэ үнэлэгч, тайчих клубийнхийг ашиглах, улмаар тэднийг түүнтэй тэмцэнэ гэж итгэн үе үе тэдэнтэй уулзах төдийхнээр л түмний төлөөх энэ чухал үйл хэрэгт хандах нь “Дайран дээр давс нэмэх” мэт лугаа адил уг асуудлыг хурцатгаж, хүндрүүлж байх юм, энд.
Азийн сангаас хийсэн нэгэн судалгаагаар “гудамжны” гэгдэх бараг бүх хүүхэд, тухайлбал, 10 настай хүүхэд хүртэл бэлгийн замын халдварт өвчинтэй байгаа нь тогтоогджээ. Биеэ үнэлэгчдийн ихэнхи нь ядуурлын золиос бологчид, мөн гэр бүлдээ буруугаар ашиглагчид байдаг. Энэ байдал нь монгол тарчлаанд нэрмээс мөн болсоор.
Эрүүл мэндийн үйлчилгээнд оршиж буй авилгал, олиггүй удирдлага, уршиггүй менежментийн маргаан, мөн эрүүл мэндийн сайдаа эсэргүүцсэн жагсаал Улаанбаатарт болох нь элбэг. Монгол улсын Засгийн газар тусламжийн 300 сая америк долларыг ядууралтай тэмцэхээр авчээ. Гэвч ядуурал, доройтол энд буурсангүй. Монголд амь зууж буй хүмүүсийн ийм тарчлааныг мэдэрсэн хүн бүр “2.6-аахан сая хүн амтай энэ улс дайн дажины хөлд удаан хугацаанд нэрвэгдсэн Африкийн орнуудад л түгээмэл таардаг нийгэм-эдийн засгийн ийм асуудалтай яагаад ингэж тулгарав, бас энд хүмүүс яагаад ингэтлээ зовж, тарчилж байна вэ” гэсэн асуултыг тавих нь эргэлзээгүй биз ээ.
Монголчууд үнэндээ он жилүүд дамнасан дайн дажин, овог, аймгуудын хоорондын тэмцлийн үр дагаварт нэрвэгдэн ингэж тарчлан зовж байгаа биш юм шүү, харин зөвхөн монголжсон авилгалаас улбаасан эдийн засгийн тогтворгүй байдлаас болж хүмүүс энд ингэж тарчилж, зовж байна даа.
Энэ орон уран, алт, зэс зэрэг байгалын баялагаар баян учир Айвонхуо Майнез, Боро голд, БХП болон Рио Тинто зэрэг уул уурхайн магнатуудыг анхаарлыг аль хэдий нээ татаад эхэлжээ. Тэднээс ч монголын засгийн газар багагүй орлогыг аль хэдийн босгосон боловч хүн амын 80 орчим хувь нь туйлын үгээгүй байдлаар ядуу амь зуусаар.
Монгол улс Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болоод 50 жил өнгөрсөн боловч энэ улсад хүний эрх шоронд ч, албан тушаалтны гар дээрч зөрчигдсөөр. Энэ нь ч хүмүүсийнх нь амьдралын стандартад бодит тусгалаа олсныг бид харлаа.
Монголыг гэх хүн үгүй болж, харин эх оронг зарж болдог бараа бүтээгдэхүүн мэт үзэх хүмүүсийн тоо олширсон нь энэ улсын өмнө тулгарч буй ноцтой нэгэн асуудал мэт санагдана. Монгол ийм л болсныг гэрчлэх баримт бидний өмнө ил дуурайн харагдана. Энд хүмүүс ирээдүйн монгол үрсийн ээж болох 11 настай охиноо хүчээр биеэ үнэлүүлэгч болгох хүртлээ ядуурсан байна. Энд хүмүүс өвөг дээдсийнхээ оршуулгын хайрцаг(коффин)-ыг галын түлээ болгон хэрэглэж амь зуух хүртлээ доройтож хүмүн заяаны тэнгэрлэг байдлыг гутаан, нэгэн цагийн их үндэстний амин сүнсийг бузарлаж байна.
Монгол улсад өнгөрсөн 18 сарын турш ажиллаж амьдарсан Англи улсын сэтгүүлч Дамиэн Давсон
2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Баасан гариг
Англи хэлнээс Монгол хэлнээ буулгасан Ц.Лувсандорж
No comments:
Post a Comment