Thursday, November 1, 2012


АМАН ХӨӨРЛӨӨС АМИН ШИНЭЧЛЭЛД

(Удиртгал хэсэг)

Болохгүй л байна даа, боловсрол, энэ монголд.Цэцэрлэг, бага, дунд, их, дээд сургууль , коллеж нь байгууллагын ёсоо умартаж хуаранжсаар бүүр хуучирч хоцроод болохгүй байна.  Асрагч, арга зүйч, багш, профессор нь номын ёсоо тас орхин мартаж хуягжсаар, цолжсоор, шагналжсаар, эмэгтэйчлэн жендэрчлэгдсээр, ядмагжсаар, ядуужсаар бүүр больж, болхижоод болохгүй байна. Яам нь албаны ёсоо уландаа гишгэж  намжсаар, эмжсээр,  номт, эрдэмтээр бус харин намчин,  эмсээр   дүүрсээр оршиж чадахгүй болтлоо ялзраад болохгүй байна.  Суралцагч нь хуурмаг өртгийн худал сургалт,худал мэдлэг, хуурмаг чадвар, хуурмаг үнэлгээ, хоцорсон орчин, худал боловсролын золиос болоод болохгүй байна. Хуурмагжин төгссөн төгсөгч нь хөдөлмөрийн бодит талбарт бодит ажил олж чадахгүйгээс болоод бодит хөлсөөр бус харин хорон авилгаар; эрдэм, номоор бус харин нам, ламаар амь зуух гэж андуураад болохгүй байна. Боловсрол  монголд ингэж л бүтэлгүйдэнэ. Ядуурал, доройтлыг  ийнхүү  үйлдвэрлэнэ, тэр.  Боловсрол монголд ер нь  болохгүй л  байна.

Боловсролын энэ бүтэлгүйдэл, энэ ядуурал, доройтол, тэр ялзралт, тэр хоцролт, тэр цолжилт, тэр шагналжилт, тэр эмэгтэйжилт,  тэр хууранжилт, тэр худал үнэлэлт,  тэр хуягжилтийг  цаг цагийн төр засаг,  сайд “шинэчлэл” гэсэн аман хөөрлөөр эхлээд улам гүнзгийрүүлж өөгшүүлнэ, эцэстээ  түүнийгээ аман хорлол болгон үлдээгээд оддог нь өнгөрсөн он жилүүдийн  лидерийн зан, шинэчлэлийн жам. Ийм зантай лидер, тийм жамтай шинэчлэл  нь монголоо биш харин ходоод, намаа гэж л хөөрсөн, хуурсан, нуусан, нууцласан, андуурсан гэх үйлдлээрээ их тодрон ялгарч,  тэр нь бүр хэвжинэ, хэвшинэ.  Ингэж хэвжиж, хэвшсэн лидерийн ийм зан, шинэчлэлийн тийм жам эхлээд боловсролыг их  сүйтгэж,  эцэстээ, нийтийг ч, нийгмийг ч  их хорлоно.

“Шинэчлэл”  гэж хөөрснөө “шинэчилчихлээ” гээд андуураад яахав вэ.  Худлаа үнэлж, худлаа мэдээлж,  өөрийгөө ч, улсаа ч, эцэг эх, үр хүүхдээ ч хуураад  ер нь юухэв вэ.  Мууг  үнэн харуулсан судалгааны дүнг нуугаад ч, нууцлаад ч  ер нь яахав.  Ходоодоо бодон ингэж авирлаад ер нь  юухэв дээ, ингэлээ гээд  боловсрол өөдтэй, өнгөтэй болчихгүй. Тэр бүү хэл,  иймэрхүү үйлдэл тань  “хорлон сүйтгэл” гэж түүхэнд үлдэж ч мэднэ.  Иймд монголоо гэсэн сэтгэлээр учрыг нэг ухаарч аман бус, харин амин шинэчлэлийг  үнэн хий,  энэ боловсролд. Болж өгдөггүй, бүтэлгүйдсээр л байгаа энэ боловсролоо  бүтээгч соёл, амжилттай бизнес, тархи, оюун, сэтгэл, санааны сайн үйлдвэр болгон  дахин нэг бүтээ.   

Аман хөөрлөөс татгалзаж амин шинэчлэлд тэмүүл. Үнэн энэ тэмүүллээр хувьсгалтай дүйцэхүйц эрс шинэчлэлийн сайн үйлсийг энэ монголд, энэ боловсролд, энэ нийгэмд нэг өрнүүл. Үнэн өртөгжилтээр амин энэ шинэчлэлээ амилуулж гагна, гагнаж амилуул.  

 

Ц.Лувсандорж

2012 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

 

 

No comments:

Post a Comment