Thursday, May 16, 2013

Анчилал, манчилал

 
АНЧИЛАЛ, МАНЧИЛАЛ
Түмний алба энэ улсад анчилал, манчилалд нэрвэгдэж бүр муудсаар, муухайрсаар. Эхлээд тэр ардчилалын  муухай дүр, муу үр болж харагдав. Эцэстээ тэр ардчилалыг бүр алагчлал болгож хувиргав. Анчилал, манчилал ингэж л угтаа ардчилалын дайсан болж байна, энэ улсад. Иймд анчилал, манчилалаас түмний албаа нэг таслан салгая. Монгол төрөө тэгэж нэг гоёж чимье, чимж гоёьё.
Түмний албыг анчилах, манчилах үзэгдэл энэ нутагт газар авч түгсээр, бүр жалганд хүрч амилсан байна лаа.  Агуулга нь ч их баяжиж, аргачлал нь ч тун олширч.
"Анын даргын, манын  даргын ах зах, авгай хүүхэн, амраг садан, үр төл" гэх шалгуураар "шахах" аргачлал гэж байхад  "алтайдах",  "түр орлон гүйцэтгэх" гэх олноороо мэдэх олоон аргачлал бий болж. Нэн чухлаас нэгийг жишээ болгон хэлье байз.
Хүүхдээ гэдэггүй энэ нийгэмд хүүхдийн төлөө газрын даргыг ёстой жинхэнэ ардчилсан, ёстой жинхэнэ нээлттэй, ёстой жинхэнэ шударга зарлаж "ёстой л жинхэнэ хүүхдийн төлөө" гэсэн хүнийг ёстой жинхэнэ шилж тавих ёстой юмсан.  Гэтэл харин энд нөгөө ардчилалын “дайсан” манчилал, анчилал аль хэдийнээ хүрч бүүр амилсан байх юм.
 Өмнөх   гэх дарга нь "алтайдах" гэсэн аргачлалыг монголд шинээр бий болгох замаар  шалгарсан дүр эсгэн тэнд очсонг зон олноороо хэвлэлээс сайн мэдэх болсон.  Учир нь манжилан манчилж байгаа юм чинь.
Одоогийн” гэх дарга нь  "үүрэг түр орлон гүйцэтгэгч" гэсэн аргачлалаар бүр шалгарсан дүр ч  эсгэлгүй зүгээр л шууд томилогдон очсон нь  мэдээж. Учир нь алагчлан анчилж байгаа юм чинь.
Монгол түмний албыг анчилчилж, манчилж байгаа муруй үзэгдлийн энэ мэт муу үр, муухай дүрийг дурдаад байвал хайран цаас маань хайран, хайран цаг маань   яйран болох нь дамжиггүй. Ихээ л урт жагсаалт гарах учраас тэр л дээ.
Шалгаруулсан дүр эсгэдэг манжилсан манчилал,  тийм дүр огт эсгэдэггүй зүгээр томилдог алагчилсан анчилалын энэ дорд үзэгдэлд дор олоон залуус нэрээрээ ч, үйлээрээ ч, үйлсээрээ ч их нэрвэгдэж, бас тохуурагдаж байна, хөөрхий. Муу үрийг нь ч эдэлж, муухай дүрд нь  ч тоглон золиослогдож байна, зайлуул. Энэ тохуурхал, тэр золиосыг зогсоомоор байна, одоо. Тэднийгээ ч бас гамнамаар байна. Хайрламаар байна.
 
 
Анчилал, манчилалын үед намыг бус харин номыг эрхэмлэн дээдлэсэн нэг нь түмний гэх энэ чухал албаас зугатаж эхэлдэг нь их харамсам. Учир нь тэр ховор хүн үндэсний их баялаг юм. Анчилал, манчилал үед монгол түмэн төрүүлж бүтээсэн  ховор хүүгээрээ хөтлүүлэх боломж  үгүй болдог, бий болгосон хүний их баялагаасаа хүртэх боломж ч байхгүй болдог. Үүнд л анчилал, манчилалын хамгийн гай, хамгийн их хорлол нь  оршиж байна.
Түмний албыг ингэж анчилах, манчилал нь алагчлаагүй ардчилалын уг мөн чанар огт биш үү.  Харин энэ бол алагчилсан ардчилалын муухай л дүр, муу л үр нь  юм.
Түмний албаар зон олноо хөглөх, хөтлөх ариун үйлсийг алагчилсан ардчилалын энэ муухай дүр, муу үр болох анчилал, манчилалаас нэг таслан салгая. Тэгэж нэг монгол төрөө чимж гоёьё, гоёж чимье.
 
Ц.Лувсандорж
2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
 

No comments:

Post a Comment