Saturday, July 13, 2013

Хүүхэд яаж наадав аа


Хүүхэд яаж наадав аа

 Ажиглаж байхад томчууд их сайхаан наадаж ээ. Морь нь хурдан бололтой юм, морь сонирхогчдын. Сум нь цэцэн бололтой юм, нум сонирхогчдын. Бөх нь бяртай бололтой юм, бөх сонирхогчдын. Том монгол хүн л бол энэ гурвын сонирхогч байх ёстой хэмээн үзэж наадмаа ч, найраа ч, хуушуураа ч, үзүүлбэрээ ч, үгээ ч бэлтгэж, хөрөнгөө ч цацдаг бололтой юм,энд. Гэвч том биш хүүхэд энэ том наадамд яаж цэнгэ вэ.

Стадионд хүүхэд уйтгартай юм”  гэж хэлэхийг сонсов. Талбайд хүүхэд яасан заваан юм бэ, Батаараас өөр үзүүлбэргүй гэж гомдлохыг харав....

 Тоглох талбайгүй, цэнгэх паркгүй,төлөх мөнгөгүй  тэд идэх хоол, уух усаар хомсхон байж томчуудын энэ том хөөр найрын  өдрүүдийг уйдаж, уйлж, гундаж, гандаж  өнгөөрсөн байх вий,  хүүхдээ мартсан энэ монгол наадмаар.  


Томчуудын энэ том наадмаар "жижигхээн" хүүхэд  ер нь яаж цэнгэ вэ, энэ хүмүүнлэг, ардчилсан монголд.


Ц.Лувсандорж

2013 оны 7 дугаар сар 13-ны өдөр

Wednesday, July 10, 2013

ТӨВ УХААН



ТӨВ УХААН

Тийм ч биш, үгүй ч биш.  Сэтгэн бодох энэ хэлбэр бол төв ухааны язгуур мөн чанар.  Энэ л мөн чанараараа тэр хоёр утгат бус олон утгат ухаан (логик) –ийн эх язгуур; шинжлэх  ухаан;  амьдралын ухаан; ертөнцийн хуулийн дор чинхүү мэдлэгийг эрхэмлэн аж төрөх дорнын ухаарал, соёлын  үнэт зүйл болдог.  Ийм л увдист чанараараа тэр  зөв чиг, зүгийг гаргана, зөв замыг заана.  Төв ухаан ингэж л зөв ухаан болно.

Төв ухаан олон утгат логикийн язгуур

Барууны гэх соёл, иргэншилд  “тийм эсвэл үгүй” гэсэн ухаан түгээмэл хэрэглэгдэнэ.  Энэ ухаанаар гуравдахь зам, гуравдахь хувилбар гэж үгүй.  Хэлбэрдэн сэтгэх ухаан (формаль логик) -д үүнийг “гуравдахийг үгүйсгэх” хууль ч гэж хэлэх нь бий.   Энэ ухаанаар  хорвоо ертөнцийн  аливаа юм, үзэгдэл  хоёр төлөвт, хоёр туйлд багтаж оршино. Сайн, муу; сайхан муухай; үнэн, худал, бодит; хуурмаг;  хайртай, хайргүй; бороо орно, орохгүй ...” гэх мэтчилэн хялбарчлан, хэлбэрдэн сэтгэж  шар өдөр, бор хоногийг алдаж, оносоор өнгөрөх нь их түгээмэл байдаг, энэ ухаанаар бол. 
Гэвч дорныхон  хорвоо, ертөнцийн юмс, үзэгдлийг ингэж хоёрхон төлвөөр хялбарчлан, хэлбэрдэн авч үздэггүй, харин  гуравдахийг үгүйсгэдэггүй ”тийм ч биш, үгүй биш” ухаанаар харахыг илүүд эрхэмлэнэ.  Юмс, үзэгдэл  туйлчлагдсан хоёрхон төлөвт биш харин бүхэлжсэн хамааралт нэгдэлд оршино,танигдана.  Юмсын оршихуй, үзэгдлийн явагдахуй нь эерэг сөрөг олон хүчин зүйлийн  зохицол, нэгдэл, тэнцвэр.  Сайнд муу бий, мууд сайн бий;  Cайханд муухай бий, муухайд сайхан бас бий;  Үнэнд худлын шинж бий, худалд үнэний шинж бий; Бодит гэх зүйлд хуурмаг шинж бий; хуурмаг гэх зүйлд бодит шинж бий; “хайртай ч биш, бас хайргүй ч биш” байж болно; эрд эмийн шинж бий; эмд эрийн шинж бий; бороо орж ч болно, орохгүй байж болно; … гэх мэтээр хялбарчлах ч бус, хэлбэрдэх ч бүр биш харин ертөнцийн хууль, чинхүү мэдлэгийг эрхэмлэн  үзэж аливааг бодиттойгоор харж, түүнийг олон хүчин зүйлийн олон хамаарал дор авч үзэхэд  гуравдахийг үгүйсгэдэггүй ухаан-төв ухааны мөн чанар оршино.  Төв ухаанаар харвал  гуравдахь хувилбар “тийм  ч биш, үгүй ч биш” гэсэн томьёололтойгоор л цаг ямагт оршиж байна.
“Гуравдахь хувилбар” ямагт оршино, бас  энэ оршихуйд дөхөх гэсэн утгаар завсрын олон хувилбар ч оршино, тэр нь тухайн зохицлоос хамаарч явагдах тодорхой магадлалтай байна. “Юмс, үзэгдэл нь тодорхой магадлалтайгаар явагдана, мөн оршино” гэж үзэн, үүнийгээ хууль мэт болгон сэтгэх ухааныг олон утгат логик, цаашилбал, фази логик  гэж ярих нь ч бий.  “Тийм ч биш, үгүй ч биш” гэсэн хэлбэртэйгээр гуравдахь хувилбар оршиж байгаа нь олон хувилбар оршихуйн язгуур үндэс болж байна, энд.  Ингэж л төв ухаан олон янзаар сэтгэж бодохын язгуур шалтгаан болдог юм.
Төв ухаан шинжлэх ухаан
Юмс, үзэгдлийн мөн чанарыг хүний оюуны хүчээр таньж ухаарч мэдэх, нээж илрүүлэхэд чиглэсэн аливаа эрэн хайлт, шинжлэх үйл нь судалгаа, шинжилгээний ажил, томруулж хэлбэл, шинжлэх ухаан юм.   Шинжлэн судлах үйл нь хэдийгээр тархины үйл явц гэлээ ч, тэр үйл явц талаасаа ч, үр дүнгийн талаасаа ч тухайн хүний сэтгэх, бодох хэлбэрээс ангид байх ёстой. Үүнд л “ шинжлэх ухаанч”  гэдэг үгийн мөн чанар нуугдана.
Юмс үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухаанч байдлаар таньж мэдэхийн тулд судлаач эерэг, сөрөг олон хүчин зүйл (хувьсагч)-ийг нэгтгэн үзэж, түүний бүхэлжсэн хамаарлыг олохыг хичээдэг. Энэхүү зорилгын дор  судлаач оршиж буй олоон  аргуудыг нягт нямбай хэрэглэхийг хичээнэ, бас шинэ аргын бүтээхийг зорьдог.  Загварчлал бол ийм аргуудын түгээмэл нэг хэлбэр юм.
Загварчлах аргын мөн чанар нь тухайн үзэгдэл, юмсыг таньж мэдэхийн тулд загвар хийж судлахад оршино. Ийм загварыг хийхийн тулд судлаач боломжит олон хүчин зүйл, өгөгдлийг нэгтгэн үзэх,   тэдгээрийн нэгдэлт хамаарлыг олох,   олон хувилбарт таамаглал дэвшүүлэх, түүнийгээ няцаах, нотлох,  эцэст  нь нэгэн загвар (гуравдахь хувилбар)-ийг дэвшүүлж, тухайн үзэгдэл, юмсыг мөн чанарыг тайлбарлахын хичээнэ.   Тэрхүү загвар нь эцэстээ  “тийм ч биш, үгүй ч биш” ухааныг дахин батлан  харуулсан байдаг нь их түгээмэл.  Энэ ч нь жам мэт. Төв ухаан ингэж л шинжлэх ухаан болдог юм.
Төв ухаан амьдрах ухаан
Аль ч өнцгөөр харахад “амьдрах гэдэг зохицох, орших; орших зохицох” гэсэн утга.   Оршиж буй бүхэн зохистой, зохистой бүхэн оршдог ч гэдэг.  Зохицох гэдэг нь ертөнцийн хууль, жам ёсонд захирагдана гэсэн үг.  Ингэж зохицож чадсан нь орших л дээ.  Оршиж буй учраас дэвшиж, хөгжих л дээ.
Зохицож оршиж, оршиж амьдрахад  “тийм ч биш, үгүй ч биш” ухаан  ухамсартай, ухамсаргүйгээр өдрөөс өдөрт, цагаас цагт хэрэглэгдсээр.  Байгалийн  жам ёсонд ойрхон нүүдэлчин ахуй соёлд тэр бүр ч их хэрэглэгдсээр иржээ.  
“Төв хүн” гэдэг энэ монгол хэллэгт төв ухаан шингээстэй.  Улааныг харж урвадаггүй, хөхийг харж хөрвөдөггүй зантай, зөнтэй, үйлтэй, үгтэй хүний мөн чанар, дүрийг энэ хэллэгээр илэрхийлжээ.  Төв ухаан энд ингэж л хүнийг таних, түүнийг шинжих  арга болж  байна.
 “Хань минь” гэсэн хэллэгт мөн л төв ухаан шингээстэй.    “Хайртай,  хайртай, хайртай” гэж уйдтал хэлсээр, эцэстээ эр эмийн сул, давуу талыг өргөж “би, чи” гэж тэмцэлдсээр, үзэн ядалтаар салж төгсдөг буруу хосын замыг бус  харин “эр нь ч биш, эм нь ч биш”; “хамтдаа”; биеэ биеэдээ дэм тус, хань, нөхөр болж урагшилна“  гэсэн гүн ухааныг энэ хэллэгт харуулжээ.  Төв ухаан энд ингэж л хослон амьдрах ухаан болж байна.
“Айл хүний амь нэг” гэсэн энэ хэллэгт бас төв ухаан шингээстэй.  “Тийм эсвэл үгүй” гэдэг шиг “Би эсвэл  чи” гэж тэмцэлдэх биш,  “Би ч биш, чи биш”; “бид” гэсэн үзлээр зэрэгцэн оршиж, энх тунхад хүрэх эрхэм ухааныг энэ хэллэгт илэрхийлжээ.  Төв ухаан энд  ингэж л хамтран аж төрөх , нийгэмжих, дэлхийжих соёл болж байна.
“Ухаангүй ноёнд урагшгүй зарц” гэсэн хэллэгт мөн л төв ухаан шингээстэй. “Дарга аа, даргаа аа, дарга аа” гэж даливганан дагаж гүйгчдээр өөрийгөө тойруулчихгүй байхыг, мөн “манай, танай; улаан, цэнхэр, ногоон” гэж  хэт туйлчлалгүй, туйлшралгүйгээр төрийн албыг авч явахын чухлыг, энгийнчилвэл Төрийн албанд төв байгэдгийг энэ хэллэгээр сануулж. Төв ухаан ингэж төр улсыг авч явах ёс зүй, ёс суртахуун болж байна.
Төв ухаан  хүний  ч, бүлийн  ч,  төрийн ч,  улсын ч орших, зохицох  эрхэм нэгэн арга, ёс зүй, ёс суртахуун, соёл  болсоор  л. Төв ухаан ингэж л амьдрах ухаан болдог юм.
 
Төв ухаан зөв ухаан

Төв ухаан гуравдахийг үгүйсгэдэггүй. Тийм учраас туйлчлалгүй, туйлшралгүй  ёс зүй, ёс суртахуун болж, амьдралын зөв хөтөч болж чаддаг.  Тэр  бас шинжлэх ухаан ч хандлага, олон соёл зэрэгцэн оршихын язгуур шалтгаан болж чадна.  Хамгийн цэнэтэй нь, тэр ертөнцийн хууль дор чинхүү мэдлэгийг эрхэмлэн амьдрах эх  урлаг, их хэл болж чаднаа. Ийм учраас төв ухаан л зөв ухаан байдаг юм.
 
Ц.Лувсандорж

2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр