Monday, March 3, 2014

Довжих дон



Довжих дон

Довжих дон энд тэндгүй амилах нээ, энэ улсад. Жижгүүд  
ч түүгээр бүр амархан өвчлөх шинжтэй. Тэд довжин донтсоор усан хүн, мөсөн хүн, галан хүн, шороон хүн, буруу хүн, зөв хүн гэгчийг хүртэл амиллуулах тэр. Довжих донгоор хийн хүн ингэж их бүтээгээд ирвэл төв монгол хийн  монгол болж мэдэх нь дээ ер нь.

Усан хүн довжих донгоор  амилахад буруу, зөв гэгдэх хэнд ч болов хүйтэн, ер нь тэгээд мөсжүүлэх мөсөн хүн хэрэгтэй. Мөс л болгож хөлдөөж орхихгүй л бол ус  үерлээд, үймүүлээд, шалбаагтуулаад ерөөсөө амраахгүй л дээ. Тэгэхээр энэ довжилтоор бас мөсөн гэгч хүн амиллаад ирэх нь. Гэвч мөсжүүлэлтийг хэтрүүлж үл болох. Мөсжихөд амьдрал үгүйрнэ шүү дээ.

Мөсөн хүний мөсжүүлэх хүйтэн авирыг барихад буруу, зөв гэгдэх хэнд ч болов халуун, ер тэгээд хайлуулах галан хүн  хэрэгтэй. Галаар мөсний хэрэгтэй хэсгийг нь хайлуулж урсгахгүй бол  дан мөсжилт тэсвэрлэшгүй хүйтэн, нэн бэрх. Тэгэхээр энэ довжилтоор бас л галан хүн гэгч амиллах нь л даа. Гэвч галжилтийг бас хэтрүүлж  үл болох. Ганжихад амьдрал хоосорно шүү дээ.

Галан хүний галдах хөөрлийг дарахад буруу, зөв гэгдэх хэнд ч болов шороон хүн хэрэгтэй. Бүр хар байсан ч яахав. Хар шороогоор галжилтийн хэрэггүй хэсгийг бөхөөж унтраахгүй бол дан галжилт их халуун, нэн хэцүү.Гэвч хар шороожилтыг бас хэтрүүлж үл болох.  Тоосжиход амьдрал хүндэрнэ шүү дээ.  

Шороон хүний тоосжуулах хийрхлийг дарахад  зөв, буруу гэгдэх хэнд ч болов өөр нэгэн “хэн” хүн мэдээж хэрэгтэй. Довжиж байгаа юм чинь. Тэгэхээр хэн гэгчийг бүтээе дээ байз, одоо. 

Довжих дон энд тэндгүй энэ мэтээр элдэв хийн хүн бүтээлгэсээр эцэстээ төв монголыг галзуу монгол, баян монголыг гуйланчин монгол болгож мэдэх нээ. Довжих энэ дон ер нь тэр жижгүүдээр л дуусаг харин Монголоор бус.

Ц.Лувсандорж
2014 оны 3 дугаар сарын 4-ны өдөр

Saturday, March 1, 2014

МАТЕМАТИКИЙН БОЛОВСРОЛ: ХЭЛБЭРДЭХ ҮҮ, ХЭРЭГЛЭХ ҮҮ?



МАТЕМАТИКИЙН БОЛОВСРОЛ: ХЭЛБЭРДЭХ ҮҮ, ХЭРЭГЛЭХ ҮҮ?

Ц.Лувсандорж

Утга үгүйрч, агуулга алдагдахад хэлбэрдэлт ихэснэ. Хэт хэлбэрдэлт үнэ цэнийг үнэгүйдүүлж, бодит үнэнг гажуудуулж, хөөрсөн хийрхэл, хоосон цэцэрхийллийг цэцэглүүлдэг. Үнэндээ түүнд бодит хэрэглээ огт байдаггүй, харин  их үрэлгэнэ, бас хорон.
Боловсролын бодлого үндэсний шинжээ алдан харьжих хийрхлээр хий л хэлбэрдэн хийрхэж, хийрхэж хэлбэрдэхэд үйл нь ч, үр нь ч хэлбэрдэлт  л төдий болдог. Ингэх цагт  боловсролын салбар хэрэглээ ч үгүй, үнэ цэнэ үгүй үрэлгэн, бас хорон нэгэн салбай болж үлддэг нь түүхэн жам, түүхэн жим.   

Гэвч “боловсрол соёл, тийм учраас агуулга нь үндэснийх” гэсэн итгэл; хүнийшсэн бус  харин өөриймссөн сэтгэл; чинхүү хичээсэн тасралтгүй зүтгэл; ходоод оо бус хотол оогэсэн бодлогоор  боловсролыг хэлбэрдэлт бус харин хэрэглээ, хөгжлийн салбар болгодог арга зам бас бий.  

Математикийн боловсролыг хэлбэрдэн хэлбэрдсээр хөгжлийн саад салбай болгох уу,  аль эсвэл, түүнийг хэрэглэн хэрэглэсээр хөгжлийн түлхэц салбар болгох уу?

Математикийн боловсрол харьжих хийрхлээр өдөөгдөн өдөөгдсөөр байвал хэлбэрдэлтэд нэрвэгдэж хөгжлийн  саад салбай болж ард хоцорно.  Харин үндэсний соёлд хөрсжин төлжсөөр байвал хэрэглээ түгээж хөгжлийн түлхэц салбар болон урд явна. 

Нэг. Боловсрол соёл, тэгэхээр бодлого

Боловсрол гэж хүн бүр ярих эрхтэй, бас хэрэгтэй ч, харин яг юуны тухай ярьж байгааг нь нэг мөр тодорхойлон хэлэх гэвэл нэн амаргүй аж. Тийм учраас, боловсролын олон тодорхойлолт, түүнд хандах янз бүрийн хандлага зэрэгцэн оршсоор.Тэдгээр дотроос ном судрын хуудаснаа дараах гурван тодорхойлолт, хандлага тараалдах нь нэн түгээмэл. 

Маш хялбаршуулан хэлбэл, боловсрол гэдэг хойч үедээ хүргэх туршлага, бас түүнийг өвлүүлэх үйл явц. Боловсролыг ингэж үзэхийг консерватив хандлага гэнэ. 

Мөн боловсролыг хойч үеээ өөрчлөлтөд бэлтгэх үйл явц хэмээн үзэж бас болно. Үүнийг харин либераль хандлага гэж ярих нь олонтой. 

Үүний чацуу боловсролыг ирээдүйн өгөөжийн төлөөх өнөөдрийн хөрөнгө оруулалт хэмээн эдийн засгийн үүднээс харах явдал ч бас бий. 

Боловсролын эдгээр түгээмэл тодорхойлолтуудыг задлан шинжилснээр,  тухайн үндэстний боловсрол гэдэг, мөн чанараараа, хойч үедээ хүргэх үндэсний соёлын тодорхой хэсэг, бас түүнийг өвлүүлэх үйл явц  хэмээн үзэж, тодорхойлж болно.  Боловсрол ингэж үндэсний соёл болдог. Тэгэхээр тэр бодлого юм.


Аливаа үндэстний соёлыг сайн, муу хэмээн харьцуулан үзэж болдоггүйн нэгэн адил боловсролыг бас тэгэж болдоггүй. Ийм ч учраас, олон улсын боловсрол, боловсролын чанарын олон улсын харьцуулалт, боловсролын олон улсын стандарт, суралцагчдын сурлагын амжилтын олон улсын харьцуулсан судалгаа,  Монголын Америк сургууль, олон улсын боловсролын европын стандарт, олон улсын боловсролын Кэмбрижийн стандарт зэрэг үг, хэллэг бодит утга тээдэггүй учраас үндэсний түвшинд учир зүйн үндэслэлтэйгээр хэрэглэгдэх боломж огт байдаггүй. 

Харин тухайн үндэсний соёл, боловсролын үнэ цэнийг үл ойшоон, “олон улсын” гэсэн тодотголтой, хуурмаг утгатай эдгээр үг хэллэгийг хүчээр хэрэглэж, хэрэгжүүлж ирсэн тохиолдол түүхэнд бас цөөнгүй. Энэ мэт үг хэллэг, үзэл суртлыг тэгэж хүчээр, хуурмагаар хэрэглэсний дүнд л нэг үндэстний соёлыг нөгөө үндэстнийхээс муугаар, муухайгаар харагдуулж, эцэст орхигдуулдаг. Ингэж нэгэн үндэсний соёлыг аажимд нь үнэ цэнэгүй болгон орхигдуулах, цаашид бүр байхгүй болгох энэ үйл явцыг л соёлын колончлол, хэлний колончлол,  сэтгэлгээний колончлол хэмээн ярьдаг. Үүнийг боловсролын увайгүй бодлого, урвагч бодлоготноор дамжуулж хэрэгжүүлсэн гашуун туршлага энд, тэнд, гадаад, дотоодгүй л элбэг таарах.

Боловсролын бодлого язгуур чанараараа, харьжин хөөрөх, харьцуулж хийрхэх хийрхэл бус харин соёл, хэл, сэтгэлгээний үндэсний дархлааг бий болгон бат бэхжүүлэх, улмаар өөрийн үйлсээрээ  өрөөлөөс ялгаран ижилсэж, ижилсэн ялгаран хүн төрөлхтний соёл иргэншлэлд өвөрмөц хувь нэмэр оруулах, мөн ая тухтайхан аж төрж улс үндэстнээ олигтойхон авч явахад хойч үеээ  бэлтгэхэд л чиглэгддэг.  Түүнээс өөр юунд чиглэгдэж үл болно, тэр.  

Хоёр. Хаа байна, тэр, математик боловсролын бодлого

Математик универсал соёл, соёлын универсал. Гэвч математик боловсрол болоход тэр универсал чанараасаа илүү үндэсний шинжтэй.  Математикийн боловсролын энэхүү үндэсний шинж нь тухайн улсын соёл, үнэт зүйл, итгэл үнэмшил, эдийн засгийн чадавхи, уламжлалаар илэрнэ. Ийм ч учраас математик боловсролын бодлого нь  эв ижилхэн хоёр улс, хоёр үндэстэн үгүй.  

Зорилготой үйл бүхэн бодлого. Иймд математик боловсрол зорилготой л байвал  тэр бодлоготой байх нь.  “Хаа байна, тэр, математикийн боловсролын бодлого” гэсэн асуулт иймд “Хаа байна,тэр математик боловсролын зорилго” гэсэн хэллэгтэй утга санаа нэг болох нээ. 

Хаа байна,тэр математик боловсролын зорилго. Математикийн боловсролын зорилгын илэрхийллийн эрлээс харахад  түүнийг албан ёсоор тогтоож тодорхойлсон  хүчин төгөлдөр томьёолол одоогоор лав алга. 

2003 оноос батлагдаж 2008 он хүртэл албан ёсоор хэрэгжсэн “Математикийн боловсролын стандарт”-д математикийн боловсролын зорилгыг тов тодорхой тогтоож тодорхойлжээ.  Гэвч энэ стандартын хүчинтэй байх аль хэдийн 2008 дууссан тул түүгээр илэрхийлсэн математик боловсролын зорилго ч хүчин төгөлдөр бус болж, утгаа алджээ.  

Хаа ч алга, тэр, математик боловсролын зорилго. Зорилго үгүй бол  бодлого үгүй. Бодлого үгүй бол зорилго үгүй. Бодлого ч үгүй, зорилго ч үгүй болоход хэрэглээ бус харин хэлбэрдэлт  хаа сайгүй амилдаг жам ёс.  

Гурав: Хэлбэрдсэн үү, Хэрэглэсэн үү

Математик боловсрол хэрэглээ бус харин хэлбэрдэлт байсаар ирсэн байх магадлал их өндөр байна, энэ улсад.  Учир нь энд тогтоосон зорилго ч, томьёолсон бодлого ч алга.  Харин энд тэндгүй хэлбэрдэлт, хар л элбэг байна.

Бодлого ч үгүй, зорилго ч үгүй болоход математикийн боловсролынх гэх бүхэн амархан хэлбэрдэлт болчихийм.

Сурах бичиг зүгээр л хэлбэрдэлт болж дур дураараа дургих бичиг, мурих бичиг болж байна.  Ингэж  дургисан сурах бичигт мурийсэн хар их элбэг байна. 

“Энгийн өгүүлбэр ч үзэж амжаагүй хүүхдийн математикийн сурах бичгийг хавсарсан нийлмэл өгүүлбэрээр бичиж тохуурхах нь  хээв хэвийн хэлбэрдэлт.  Агуулга нь “..тэмээ ямаа хоёр нийлэхээр хэд бэ; хүүхэд 1 секундэд 16 метр гүйнэ ...гэх мэт эрүүл хүнд л лав л амар ойлгогдохгүй “эрүүл бус” өгүүлбэрээр дүүрч,  арга зүй нь алийгаа алдсан байх нь бас хээв хэвийн хэлбэрдэлт. Бүр сүүлдээ дор хаяж 2 жил гаруй  хол хугацаанд боловсруулж бүтээдэг сурах бичгийг 2 сард багтаан бичүүлж хайран хөрөнгийг яйран цацаж хэлбэрдэнэ, энд.  Сурах бичиг үнэндээ бүхэлдээ хэлбэрдэлтэд бүрэн нэрвэгдсэн. 

 Математикийн сургалтын хөтөлбөрийг харьжуулж хэлбэрдэнэ.  

“Тэмээг ямаа уу”  гэсэн шиг “Кембрижийн хөтөлбөрийг монголынх уу” туршиж хэлбэрдэнэ. Түүнийгээ хэрэгжүүлэхийг тулд “олон улсын хөтөлбөрийн сургалттай сургууль” гэгчийг бий болгож хуульчилж хэлбэрдэнэ.  Монгол зон олны хөрөнгөөр Англи улс, ер нь гадаад улсын их сургуульд оюутан бэлтгэж хорон хэлбэрдэнэ.  Математикийн сургалтын хөтөлбөр ингэж хачин харьжиж алийгаа алдан хоржин хэлбэрдэлтэнд бүхэлдээ өртсөн.
Математикийн хичээлийг  “мангас” болгож хэлбэрдэнэ.
 “Хүүхэд бүр ялгаатайг умардаж, хүн бүр яг адил” гэж гөжин, хичээлийг дан ганц бүлгийн сургалт болгон хуаранжиж хэлбэрдэнэ. Хүүхдийг урмаар өндийлгөх бус харин дарамтаар айлган хэлбэрдэх арга зүйг мандуулж хэлбэрдэнэ. Хичээлийг “хурдан морины уралдаан” мэт андуурч багшийн уралдуулж хэлбэрдэнэ. Тэднийг бүр шагналын донтон болтол нь шагнан хорлож, хорлон шагнаж ядууруулж хэлбэрдэнэ.  Хичээл үндсэндээ хийрхлийн хэлбэрдэлтэнд ингэж бүрэн өртсөн.
Математикийн багш болох хүүхдийн чинхүү хүслийг элсэлтийн шалгалтын мөнгө, оноо болгож хэлбэрдэнэ.
Хүүхдийн математикийн багш болох чин хүслийг элсэлтийн нэгдсэн шалгалтын нэгдсэн мөнгө хүүлэлтээр  хясал болгож хэлбэрдэнэ.  Их дээд сургуулийн оюутан элсүүлэх эрхийг булаан авч тэдний академик эрх чөлөө, ер нь акадетик соёлыг улиндаа гишгэж мөнгөнд улаарч хэлбэрдэнэ.  Элсэлт үндсэндээ мөнгөнд улайрсан хэлбэрдэлтэнд бүрэн ингэж нэрвэгдсэн.

“Жендерийн тэгш байдал” гэсэн хөөрөл, багшийг ядууруулж ард болгох хорон бодлогоор математикийг багшлах боловсон хүчний хүйсийн харьцааг эрс алдагдуулж эмжүүлж хэлбэрдэнэ.

Багшийг ядууруулж эр хүнийг энэ нандин албанаас зорилготойгоор холдуулж хэлбэржинэ. Дүнд нь 10 багшийн 9-ийг эмэгтэй, багш болох 40 оюутны 1-ийг  эрэгтэй болгон хорлож хэлбэрдэнэ. 

Бодлого ч үгүй, зорилго ч үгүй байхад математик боловсролынх гэх бүхэн хэлбэрдэлтэд өртөн нэрвэгдсээр л байна. Гагцхүү зорилго тогтоогдож бодлого тогтвортой хэрэгжих тэр цагаас математикийн боловсролынх гэх бүхэн хэлбэрдэлтээс нэг салж бодит хэрэглээ болон бүтэн хөгжлийг авчирч урагшилна.   

2О14 оны 2 дугаар сарын 27-ны өдөр