http://www.slideshare.net/luvsandorjts
http://www.facebook.com/luvsandorjts
http://luvsandorjts.wordpress.com
http://centreparty.blogspot.com
http://centrepartymongol.blogspot.com
МАНГУУГААР БИШ МАТЕМАТИКААР ХӨТЛӨ, ЭХ ОРНОО
Математик ухаанаар ажихад монголд ядуу үгүй, ард үгүй. Тэгэхээр
тэнд гагцхүү тэнгэрлэг оршихуй л байх. Гэвч
мангуу амилаад ирэхийн цагт тэнгэрлэг улсад хүртэл ард элбэгших, ядуу олшрох. Иймд энэ муу
мангууг хурдхан мартаж, харин, математикийг
нэн эрхэмлэн улсаа хөглө. Тэнгэрлэг орш. Эрхэмсэг бай.
Монгол газраар л баян. Монгол хүн бүр дор хаяж 600 метр шоо дөрвөлжин газартай. Ийм
хувьтай. Тийм заяатай. Ийм газартай хүн, тэгэхээр, яагаад ч, ард хоцорсон ядуу биш, харин хувьтай, заяатай төрсөн, тэнгэрлэг орших
баян хүн шүү, мангуугаар биш, харин, математикаар аживал.
Монгол эрдэс баялагаар л баян. Энэ нутагт алт, мөнгө,
зэс, уран, төмрийн хүдэр, газрын тос, фосфарит,нүүрс, газрын ховор элемент
зэрэг тоолшгүй,тооцоолшгүй олон эрдэнэс тонн тонноор бий. Тэгэхээр монгол хүн бүр
тооцоолшгүй тонн эрдэнэстэй. Ийм
хувьтай, тийм заяатай. Тооцоолшгүй тонн эрдэнэстэй хүн, тэгэхээр, яагаад ч
ядуурч үгүйрсэн ард биш, харин эрхэмсэг орших эзэн хүн шүү, мангуугаар биш, харин,
математикаар тооцвол.
Монгол мал, ан амьтнаар л баян. Монгол хүн бүр дор хаяж 20 толгой малтай,
тоологдошгүй тооны амьтантай, шувуутай, загастай. Ийм хувьтай. Тийм заяатай. Ийм өмчтэй хүн,
тэгэхээр, яагаад ч, үгээгүй гуйлгачин
ард биш, харин, малтай, антай, талтай, ойтой, уултай, голтой эзэн хүн шүү дээ, мангуугаар
биш, харин, математикаар бодвол.
Монгол газар зүй, уур амьсгалын тэнгэрлэг байршилтай.
Хорвоог тэнцүүлж хөгжлийг тэтгэсэн дөрвөн улиралтай. Нохой гаслам халуунгүй тул зундаа ахуйн зардалгүй.
Энэ нь эдийн засгийн таатай нэгэн нөхцөл. Элдвийг цэвэрлэх, орчныг цэмцийлгэх өвөлтэй.
Энэ нь мөн эдийн засаг, эрүүл ахуйн
эерэг нэгэн нөхцөл. Ногоо, тариаг тарих,
ургуулах, арчлах, хураах алтан хэмнэлийг онож бүрдүүлсэн хавартай, намартай. Энэ нь мөн ховор нэгэн өгөгдөл. Далайн хар шуурга, үер усны гай гамшгаас хол. Газар хөдлөлт нэн
ховор. Элдэвлэсэн шашны элдэв зөрчилгүй. Дайнгүй, байлдаангүй. Газар зүй, уур амьсгалын заяагдмал, төрмөл анхдагч энэ аяатай өгөгдөл, нөхцлөө онож тооцвол
алдаа биш, харин, амжилт гаргах магадлал нэн өндөр юм, энд. Анхдагч энэ өгөгдөл, нөхцлөөрөө монгол хүн, иймд,
ядуу ард гэхээсээ амжилтын эзэд болох
боломж их байгаа юм шүү, мангуугаар биш, харин, математикаар шинжвэл.
Монгол зах зээлийн гайхам нэгэн нөхцөлтэй улс. Урд нь дэлхийн хүн амын гуравны нэгийг
багтаасан Хятадын зах зээл цэлийж байх. Ард нь дэлхийн хамгийн том газар нутагтай Оросын зах зээл
хүлээж байх. Энэ зах зээл рүү бүгдээрээ,
улсаараа нийлж нэгдэж байгаад ганцхан бүтээгдэхүүн, ганцхан үйлчилгээг бий
болгоход л монгол хүн боол биш, харин, эзэн байх магадлал их өндөр байх нь ээ,
мангуугаар биш харин математикаар сэтгэхэд.
Монгол чадварлаг,
зохимжтой тооны хүний нөөцтэй. Хүн амын 98 гаруй хувь нь бичиг үсгийн их соёлд
тайлагдсан. Тэдний эзэмшсэн мэдлэг, хураасан чадвар нь академик, сонгодог шинжтэй
байдаг тул хэрэг гарч, нөхцөл бүрдвэл тэд түүнийгээ хэдийд ч, хаашаа ч хувирган
хэрэглээ болгож чаддаг. Энэ л онцлогоороо, монгол хүн, монгол хүүхэд “авьяаслаг, юмыг хурдан сурдаг, оюуны чадавхи
өндөр, сэргэлэн” гэх зэрэг хүний оюуны чансааг илтгэх сайхан үгсийн эзэн болсон
байх нь олонтоо. Чанаргүй тэрбумаас чансаатай 3 сая хүн дэвшилтэд технологид
суурилсан орчин цагийн үйлдвэрлэлд нэн зохимжтой байх, мангуугаар биш
математикаар загварчилбал.
Мангуугаар биш харин математикаар харвал монголын дэвших,
хөгжих анхдагч нөхцөл, гол хүчин зүйл бүгд л эерэг сайн, таатай сайхан байх. Технологид
суурилсан орчин цагийн үйлдвэрлэлийг хөтлөхөд тоогоороо ч, чанараараа ч яг
таарах чадварлаг хүний нөөц энд байна. Дэлхийд
олдошгүй хоёр том зах зээл дэргэд нь цэлийж, хүлээж байна, энд. Газар зүй, уур
амьсгалын хөгжлийг чангаагч биш, харин тэтгэгч заяагдмал эерэг нөхцөл, байршил энд
байна. Газар байна, газар доор нь
тооцоолшгүй тонн эрдэс баялаг энд мөн байна. Байгалиараа, өөрөөрөө л өсөж
олширч байдаг хэдэн арван сая мал, хэзээ тоологдошгүй ан аньтан энд л бас байна.
Уудам тал, ой мод, гол мөрөн байна, энд. Монголд, иймд, ард хоцорсон ядуус, ядуурч
үгүйрсэн ардууд, яагаад ч байх боломж үнэхээр алга. Гагцхүү тэнгэрлэг орших,
эрхэмсэг байх боломж л бодит болж
харагдаад байна,энд, математикаар шинжвэл. Гэвч ийм баян, тийм тэнгэрлэг энэ
улсад ард элбэгшиж, ядуус үржээд байна шүү, цаана чинь. Мангуугаар бус иймд математикаар л хөтлө, эх
орноо.
Ц.Лувсандорж
2014 оны 12 дугаар сарын 29-ны өдөр