АЯТАЙ ЭССЭ АЛТАН
Эссэ элдэв л янз байх. Гонжийсон гонжгор,
дэнхийсэн данхар, цүндийсэн цүндгэр, бандийсан пандгар. Бас утгатай, утгагүй; хэмнэлтэй,
хэмнэлгүй; харьцаатай, харьцаагүй; аятай, аягүй гэж
бий. Элдвээр л элдэвлэсэн эдгээр олон дотроос алтан харьцаат эссэ аятай, бас аятайхан.
Гонжийсон гонжгор эссэд гоё сайхан огт үгүй. Эхлэл, өрнөл, төгсгөл үгүй. Хэмнэл ч үгүй, тэгш
хэм ч үгүй, утга ч үгүй, үнэ цэнэ ч үгүй, гоо сайхан ч үгүй. Гонжийхоос өөр юу ч үгүй, иймд, гонжийсон энэ
гонжгорт.
Дэнхийсэн данхар эссэд хийрхэл л бий.
Өрнөлгүй хийрхэл, төгсгөлгүй хийрхэл. Тэр хий үзэгдэл лугаа тэнэж дэнхийсээр, томорч
данхаасаар. Зохицолгүй, нийцэлгүй, хэмнэлгүй, тэнцвэргүй, хуурмаг, худал, утгагүй,
үнэгүй, цэнэгүй. Хийрхлээс өөр юу ч үгүй, иймд, дэнхийсэн энэ данхарт.
Цүндийсэн цүндгэр эссэд хог л байх.
Эхлэлгүй хог, өрнөлгүй хог. Тэр хогон хор, хорон хогоор л дүүрч
цүндийсээр, цүндийж дүүрсээр. Тэгш хэмгүй, тэнцвэргүй, хэмнэлгүй, гоё сайнгүй,
гоо сайхангүй. Хог хорлол, хорлол хогоос
өөр юу ч үгүй, иймд, цүндийсэн энэ цүндгэрт.
Бандийсан пандгар эссэд худал хуурмаг л байх. Эхлэлгүй худал, өрнөлгүй
хуурмаг. Тэр эхлэлгүй тул үндэсгүйдсээр, өрнөлгүй тул үргүйдсээр. Ёс зүй үгүй, ёс суртахуун үгүй, тэгш хэм үгүй,
хэмнэл үгүй, гоё сайхангүй, гоо сайнгүй. Худал, хуурмагаас өөр юу ч үнэгүй,иймд,
бандийсан энэ пандгарт.
Алтан харьцаат эссэд, харин, ая бий.
Энэ ая эхлэлд сонсогдоно, өрнөлд эгшиглэнэ, төгсгөлд хөглөнө. Энэ аяын харьцаа алтан, хэмнэл төгс тул тэр уншигдана,
сонсогдоно, мэдрэгдэнэ, баригдана, хайрлагдана. Гоо сайхан, үнэ цэнэ, утга
учир, хайр энэрэл, ухаарал бий, иймд, алтан аятай эссэнд.
Эхлэлгүй, өрнөлгүй, төгсгөлгүй гонжийсон гонжгор эссэ гоё биш. Ер нь их
муухай. Өрнөлгүй, төгсгөлгүй хийрхэж дэнхийсэн
данхар эссэ нэн тусгүй. Ер нь огт
хэрэгггүй. Эхлэлгүй, өрнөлгүй, гэнэт л хогоор дүүрч цүндийсэн цүндгэр эссэ тун
хортой. Ер нь их хорлолтой. Эхлэлгүй худалжин,
өрнөлгүй хуурмагжин пандийсан пандгар эссэ мөн ч үлгэргүй. Ер нь огт цэнэгүй.
Эхлэлдээ ч, өрнөлдөө ч, төгсгөлдөө ч алтан хэмнэлт аятай эссэ, харин, мөн ч
аятайхан. Ер нь мөн ч тустай. Хэмнэлт аятай болохоор тэр, иймд, бусдаасаа аятайхан, алтанхан.
No comments:
Post a Comment