Энэ замаар замнах нь мөн ч олон доо
“Иргэний боловсролын сурах бичгийн
хоёр зохиогч зэмлэгдэж гэнэ ээ. Буруутгагдсан гэнэ ээ. Энэ зэмнэлийг шүүх тэдэнд өгсөн гэнэ ээ” гэж шуугих. Энэ шуугиан надад улиг мэт сонсогдов. Учир нь,
энэ мэт зэмлэлийг мөн олон хүнд олон янзаар хэлж ирээв, би. Мөн олон удаа олон
хэлбэрээр бичив үзэв ээ, би.
Энэ хоёрын замаар доройтлын үеийн
бүх сурах бичиг зохиогчид замнах магадлал нэн өндөр, хэрэв
хэн нэгэн эцэг эх, хэн нэгэн судлаач, хэн нэгэн профессор шүүхэд хандчихвал, бас хүүхэд шүүхэд хандаж чаддаг
болчихвол.
Ер нь бол доройтлын үеийн зохиогч гэгч мөнгөнд дурлагчдаас илүү хариуцлага хүлээх
этгээд бол яах аргагүй яам юм. Бүх сурах бичиг мурих бичиг болсон. Жишээг мянга
мянгаар дурьдаж болно. Бүх сурах бичиг алдаагаар хэт дүүрсэн. Хэсэгхэн харахад л “Нэг секундэд 16 метр
гүйдэг хүүхэд, 4 настай аав, сүнс, за тэгээд уулга алдмаар, аймаар утга, санаа бүхий
хүүхдийн биш харин насан хүрэгчдийнхээр бичсэн хавсарсан нийлмэл өгүүбэрүүд, ...гэх
мэт “–тэй тааралдхан хээв нэг болсон.
Хажууд нь, жорлонд хаягдсан эртний цагаан толгой гайхаам, тоо бодлого сайхаан
уншигдана.
Их доройтлын үед боловсрол үнэн
дампуурсны зөвхөн нэг л гэрч энэ юм
(Сурах бичиг мурих бичиг, Сурах бичиг орших уу, одох уу нийтлэлээс дэлгэрүүлж үз).
Сургуулийн захирал болох гээд
цүнхтэй мөнгө барин шогжидог нь хээв нэг үзэгдэл болсон. Ажил хайж яваа багшаас
бэлнээр нь 1 сая 500 зуун мянга төгрөг (Төгссөн олон оюутан энэ
үгийг хэлж ирдэг, бодит тохиолдлууд олон бий) нэхэж хээв нэг суудаг нь хээв нэг
хэвийн үзэгдэл болсон (Төгсөгчийн гоморхол нийтлэлээс дэлгэрүүл).
Дүрэмт хувьцасгүй хүүхэд хичээл суух
боломжгүй болж сургууль завсардан, зарим нь гадаа гуйлга гуйж суух.
Ер нь, сурахад хувьцас ямар хамаа байна аа. Цэрэгжисэн сэтгэлгээ,
хүүхдээр мөнгө хүүлэх л нэг хэрэгсэл, нэг арга шүү дээ, энэ нь үнэндээ (Сургуулийн хуаранжилт нийтлэлээс хар).
Багш хичээлээ заахаа больсон. Багш
бүр ядуурч өрөнд орсон (Багшаа, хичээлээ заа, Багшид өмчийг нь өг, Монголын багш
нарын салбаа гэх мэт нийтлэлээс үз).
Дээр нь нэмэхэд, тэднийг бас шагналын донтон болгосон. Энгэрийнхээ ар өврөөр
дүүрэн мядаль зүүсэн атлаа их ядуурсан багшийн бүтэн сүрэгтэй болсон (Шагнах
муухай, шагнуулах дон бүр муухай нийтлэлээс дэлгэрүүл).
Улсаараа муу сурдаг. Хамгийн олон цагаар ордог, хамгийн их мөнгө зардаг математик, монгол хэлний сурлагын амжилтын улсын дундаж гэхэд л хэт
дордсон. Олон жилийн
дундаж нь 30 хувиас
их бага....... (Боловсролын бүтэлгүйдлийн бодит жишээ өгүүллийг үз).
Мэндчилгээ гэж хэлээд өөрөө өөрийнхөө мэндчилгээг үсэглэн эв дүй үгүй
унших атлаа индэр
дээр хээв нэг тоодгор зогсох сайд гэгчийн бүтэн үетэй.
Бичиг үсэгт тайлагдсан нь үл мэдэгдэх сэхээтний манлай гэх эрдэмтний бүтэн сүрэгтэй.
Оюутан нэг улиралд 4 хичээл үздэг байхад нялхас 17 хичээл
үздэг болсон байх. 17 хичээлээр, тэгээд,
сурсан зүйл их бага. Багш гэгчийг цалинтай, цагтаа байлгах, амь зуулгах, бослогогүй байлгах гэсэн ходоодон сэтгэлгээний дүн энэ (Хүүхдээ гэдэггүй
нийгэм хүний нийгэм биш нийтлэлээс хар).
Хоёр монгол хэл үздэг. Хоёулаа хийрхсэн дүрмээс өөр зүйлгүй.
Монгол хэлийг монгол хүүхдэд заах багшийг гадаадаас авах хэмжээнд хүртлээ
доройтсон.... Дүрэмжин хүүхдэд муу тавихаас өөр хэлэх зүйл үгүй монгол хэлний гэгч монгол хэлгүй багш хэт элбэгжисэн.
Дүрэмжих нь бүр өвчин болсон мэт байдаг. 4 жил тэгэж бэлтгэгдсний дүн энэ. Мөн хуучин гэгч монгол
бичгийг сэргээх нэрээр мөнгөхүүлэгч олширч, ар монголыг өвөр монголчлох
нийгмийн том сүлжээтэй болсны золиос болсон бүтэн нэг
үетэй (өвөр нь бас хятадчилагдсан гэж байгаа, үнэндээ) (Эх хэл бөхөөгч эх орон мөхөөгч нийтлэлээс харах).
Их доройтлын үед энэ мэт доройтлыг дурьдаад дурьдаад дуусахгүй дээ. Боловсрол
ингэж л их доройтлоо. Ер нь, дампуурсан (Аман хөөрлөөс амин
шинэчлэл нийтлэлийг үз).
Боловсролыг энэ их доройтлоос гаргах арга тун энгийн юм. Боловсролыг манангаас, нэгд, ангид болгох. Хоёрт, боловсон хүчинг зөвхөн мэргэжил, мэргэшлээр нь сонгох,
томилох, байршуулах, харин цүндгэр цүнх барьж,
төрөл ярьж гүйснээр нь биш.
Өндийсөн улс орон
бүхэнд нэг зүйл нийтлэг байна. Энэ нь "Доройтохдоо ч хүртэл боловсролоо дордуулаагүй, багшаа ядууруулаагүй явдал юм” (Намын дампуурал нийтлэлээс хар).
Боловсролоо дордуулсан оронд болох зүйл огт үгүй болдог. Харин
болохгүй нь л нэн элбэг байх. Харанхуй,
бүдүүлэг, мунхаглал,
дэмийрэл, хийрхэл, ядуурал, ёс зүйгүй, ёс суртахуунгүй, эрэмбэгүй,
дэггүй, бурангуй байдал хээв хэвийн юм шиг
болох нь их энүүхэнд
болох. Хамгийн гол нь, нийгэм өөрөө сүрэгжих...
Ц.Лувсандорж
2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр