Нүүдлийнх үү, нутгийнх
уу?
Салбарын сайн л сайд
байх уг нь жам ёс юм. Гэвч энэ жамыг үл дагаж сайн бус атлаа сайдаар хээв нэг томилогдон
нисэж ирэх нь жам бус цагийн зам болоод удаж байна. 20 хол гаруй жил лав л болсон
байна. Ингэж тодорсон сайд залархах бүрт “сайд юм чинь сайн нь байгаа” гэж гэнэн
итгэл, цайлган сэтгэл, гүндүүгүй гэх хэнэггүй зангаар салбар бүрийнхэн түүнд цэнхэр
хадаг сунгаж цэнгэлдэн угтах нь жам бус жам болов, бас.
Гэвч ингэж угтуулсан тэр
сайд хээв нэг цэнгэж, наргиж, дураар дургиж, цэцэрхэн хийрхэж байгаад салбарыг улстай
нь хамт салбайлгаж орхиод буцах нь гэмт атлаа гэмт бус зам болов, мөн. Ингээд
буцдаг тэднийг харин нүүдлийн шувууд гэх.
Нүүдлийн шувууд урин
цагт ирж цэнгэн жаргаж, идэж ууж, тэнхэрч аваад зэврүүн мөч ирэхэд буцдаг. Нутгийн шувууд
нь харин нутагтаа тэмцэж оршиж, оршиж оддог. Шувуу бүрийг нүүдлийнх үү,
нутгийнх уу гэдгийг үйлийг нь шинжиж амархан таньж болно. Харахад, буцахаар
цэнгэж байвал тэр нүүдлийнх. Ажиглахад, амьдрахаар үүрээ янзлан хичээнгүйлэн ажиллаж байвал тэр нутгийнх.
Энгийн энэ ухаан эргээд нисэж
ирсэн сайдын саар, шаарыг эртнээс мэдэх, шинжих, шилэх, голох шилдэг нэгэн шалгуур болжээ, энэ цагт. Энэ
шалгуураар тэр сайдыг шинж.
Тэр нүүдлийнх үү, нутгийнх
уу?
Ц.Лувсандорж
2016 оны
12 дугаар сарын 15-ны өдөр
No comments:
Post a Comment