Saturday, February 27, 2016

Ээж минь


Наран, саран; хавар, намар; навчис, цэцэгс; хосгүй ховорхон хайраар надтай дандаа хамт байдаг одсон ч одоогүй  хосгүй ээж Мижидийн Хүрэл таныгаа санаж уйлдаг, дурсаж үгүйлдэг сэтгэлийнхээ зурвасхан хэсгийг энэ мөрүүдэд буулган үлдээв.


                                                        Ээж минь


Гангарч гунхан цалигаж явахад

Хаврын цэцэгсээр, нарны гэрлээр

Дэлхийд үгүй ч дэргэд минь байх нь

Энхрийхэн наран ээж минь билээ

Энхрийхэн ээж минь наран

Наран ээж минь энхрийхэн

Гандаж гундан гунихарч суухад

Намрын навчсаар, сарны туяагаар

Нулимстад үгүй ч хайраа эвхэх нь

Эгэлгүйхэн саран ээж минь билээ

Эгэлгүйхэн ээж минь саран

Саран ээж минь эгэлгүйхэн

Уйлж дуулан уяарч ухаарахад 

Тэртээх уулсаар, тэнгэрийн хаяагаар  

Тоостод үгүйд ч сэтгэлд  минь эргэх нь

Хонгорхон хосгүй ээж минь билээ

Хонгорхон ээж минь хосгүй

Хосгүй ээж минь хонгорхон


2016 оны 2-р сарын 28-ны өдөр

Ц.Лувсандорж


Saturday, February 20, 2016

БАГШАА, ХИЧЭЭЛЭЭ ЗАА


БАГШАА, ХИЧЭЭЛЭЭ ЗАА

Чонон орчинд өссөн хүний хүү Шаалуу чоно болдог үлгэр бий.  Энэ үлгэр үнэн мэт санагдах нь бас  хаяа хаяа бий. Үнэн мэт санагдах энэ л  үлгэр  ёсоор чонон цагийн багш чоножиж байна. Чоножилтоо зогсоо, багшаа. Хичээлээ заа.

Чонон цагийн багшийн хичээл гэгчийг нэг сайн ажигла. Самбарт хэдэн тэмдэгт сараачаастай. Багш суугаастай. Гар нь утастайгаа зууралдаастай. Тархи нь фэйсбүүкэд хадаастай.  Хаяа хаяа хүүхэд рүү хялаастай, хуяглаастай. Эцэг эх, энгийн нэгэнд тэр их л томроостой. Сайд, дарга, захиралд тэр тун долигноостой, сөхрөөстэй. Хүүхдэд гэрийн даалгаврыг тэр хэдэн арван хуудсаар нь хэмжээ хязгааргүй өгөөстэй. “Хүүхэд өөрөө мэдлэгээ бүтээдэг болсон” гэх хийрхлийг тэр тоть шиг мөн л давтаастай. Түүгээрээ бүр өөрийнхөө өөдгүйг бас  хамгаалаастай.  Хүн бүр авьяастай, түүнийг нь л хөгжүүлж байна гэж тэр байнга хэлээстэй.  Хүүхэд чинь шалгалтад муу авсан гэж их л додигор, бахархалтайгаар эцэг эхийг дээрэлхэн харьцаж, гарын үсгийг нь байнга авч архивлаастай. Хичээлийн ийм л нэг дүр зураг өдөр бүр харагдана, тэнд.  Багшийн ийм л нэгэн чоножилт эгшинд бүхэнд үзэгдэнэ, энд.  

Сурлагын хоцрогдлыг долоо хоногт арилгана.  Ийм зар сургуулийн эргэн тойронд их өлгөөстэй. Төлбөр төлчих айлын хаалганд байнга уяастай. Энэ зарын цаана харин багшийн хувийнх нь сургалтын төв ажиллаастай. Багш өөрөө тэнд хичээнгүй багшлаастай. Тэнд харин сурлагын хоцрогдол долоо хоногийн дотор арилгаастай. Тэнд  хийрхэлгүй, харин чинхүү тэр хийгээстэй.  Багшийн тийм нэгэн төв энд, тэндгүй ажиллаастай. Багшийн ийм л нэгэн чоножилт мөч бүрт ажиглаастай. Чонон цагийн багш гэгч ингэтлээ их чоножисон байх.

Багш, багш, багш. Энэ хэмд нартад ганцхан гайхам, сайхан үйлсийн эзэн тодорч харагдана, хайрлаж мэдрэгдэнэ. Гайхам, сайхан багш мэргэжлийн сайхан, гайхам нь угтаа “өөрийгөө бус харин өрөөлийн төлөө” гэсэн түүний сэтгэлд нь оршдог.  Бас “өөртөө бус харин өрөөлд өгсөөр өгсөөр амьдарч, өгсөөр өгсөөр оддог”  энд их энгийн, тэнд тун энгүй хувь зохиолд нь байдаг.  Чонон орчинд өссөн хүний хүү чонын хүү Шаалуу болдог тийм нэгэн үлгэр байдаг нь үнээн. Энэ үлгэр ихэнхи хүнд үнэн мэт санагддаг нь бас үнээн.  Гэвч, юугаар үнэлэшгүй эрхэм ухааныг түгээгч,  юутай зүйрлэшгүй үнэнд хөтлөгч, түнэр харанхуйн дунд асах ганц зул мэт соён гэгээрүүлэгч багш, багш, багш,  Та чонон орчинд байлаа ч чоножиж үл болно оо.  Багшаа, сэтгэлээ шинж. Багшаа, хувь зохиолоо дага. Багшаа, гэгээн үйлсээ үргэлжүүл. Хичээлээ заа, Багшаа.


Ц.Лувсандорж

2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр