Wednesday, December 14, 2016

Нүүдлийнх үү, нутгийнх уу?



Нүүдлийнх үү, нутгийнх уу?      

Салбарын сайн л сайд байх уг нь жам ёс юм. Гэвч энэ жамыг үл дагаж сайн бус атлаа сайдаар хээв нэг томилогдон нисэж ирэх нь жам бус цагийн зам болоод удаж байна. 20 хол гаруй жил лав л болсон байна. Ингэж тодорсон сайд залархах бүрт “сайд юм чинь сайн нь байгаа” гэж гэнэн итгэл, цайлган сэтгэл, гүндүүгүй гэх хэнэггүй зангаар салбар бүрийнхэн түүнд цэнхэр хадаг сунгаж цэнгэлдэн угтах нь жам бус жам болов, бас.

Гэвч ингэж угтуулсан тэр сайд хээв нэг цэнгэж, наргиж, дураар дургиж, цэцэрхэн хийрхэж байгаад салбарыг улстай нь хамт салбайлгаж орхиод буцах нь гэмт атлаа гэмт бус зам болов, мөн. Ингээд буцдаг тэднийг харин нүүдлийн шувууд гэх.  

Нүүдлийн шувууд урин цагт ирж цэнгэн жаргаж, идэж ууж, тэнхэрч  аваад зэврүүн мөч ирэхэд буцдаг. Нутгийн шувууд нь харин нутагтаа тэмцэж оршиж, оршиж оддог. Шувуу бүрийг нүүдлийнх үү, нутгийнх уу гэдгийг үйлийг нь шинжиж амархан таньж болно. Харахад, буцахаар цэнгэж байвал тэр нүүдлийнх. Ажиглахад, амьдрахаар үүрээ  янзлан хичээнгүйлэн ажиллаж байвал тэр нутгийнх. 

Энгийн энэ ухаан эргээд нисэж ирсэн  сайдын саар, шаарыг эртнээс  мэдэх, шинжих, шилэх, голох  шилдэг нэгэн шалгуур болжээ, энэ цагт. Энэ шалгуураар тэр сайдыг шинж. 

Тэр нүүдлийнх үү, нутгийнх уу?

Ц.Лувсандорж

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Sunday, December 4, 2016

Золиос үеийнхэн



Золиос үеийнхэн

Хөдөлмөрлөөгүй, улс төрийн шийдлээр баяжсан нэг хувиас бусад нийгмийн бүх бүлэг ардчилсан нэрээр хийгдсэн гамшгийн золиос, хохирогч юм.  Эд золиосон цагийн золиос үеийнхэн юм.

Энэ золиос үеийнхнийг 4 ангилж болно. Үүнд: 1. 1990 гэхэд ажил, амьдрал нь ид жагссан үеийнхэн буюу тэр үед 40-50 настай хүмүүс. 2. 1990 гэхэд 22-35 настай цэл залуу байсан үеийнхэн буюу одоогийн 50-60 насныхан. 3. 1990 гэхэд төрж байсан; нялх балчир байсан, тэр үеийн 1-5 настай хүүхдүүд буюу өнөө залуу цагийнхан. 4. Ирээдүй үеийнхэн.

Үе бүхэн энэ гамшигт гундсан, гандсан, дордсон, доройтсон, эцэстээ, ихэнх нь амьдралд хөл алдсан байх. Хөл алдахаар болсон байх.

Нэгдэхь золиос болох 1950 оныхон цэл залуу насаа зориулсан нийгэм, улсаа нуран унаж байхыг харж гундсан; бас үнэт зүйл гэж бодож явсан нь үнэ цэнэгүй болж буйг үзэж гандсан; өмч цуглуулаагүй, харин эх орон, нийгмийн төлөө үнэнчээр зүтгэж явсныхаа төлөө мөнгөний нийгмийн үр хүүхдэдээ адаглагдан дорд үзэгдэн доройтож, ихэнх нь нийгмийн доод давхаргад очиж одсон байх.
Хоёрдахь бүлгийн золиосууд итгэл үнэмшил, үнэ цэнэ, өмчгүйн үзэл, эх орон нийгмийн төлөө үнэнчээр ажиллана, зүтгэнэ гэсэн чанараараа өмнөхтэйгээ яг адилхан. Өмнөх бүлгийн золиосоос эрс ялгаатай нэгэн шинж тэдэнд бий. Тэдэнд эрдэм мэдлэгээс өөр юу үгүй байв. Тэдэнд оромж байсангүй. Тэдэнд ажил байсангүй. Хулгай хийхгүй, худал хэлэхгүй гэсэн хүмүүжил харин байв. Бас цэл залуу нас л байсан. Тэд цэл насныхаа хүчээр дор дороо өөр өөрийнхөөр л зүтгэж үзэж дарсан. Гэвч их цөөхөн нь өөрийгөө өрөнд оруулалгүй л тэсэж үлдсэн байх. Ихэнх нь өмч, хөрөнгө, мөнгө, буруу үзэл номлолын золиос болсон байх. Тэд одоо харин 50, 60 гарчээ. Тэтгэвэрт суужээ. Гэвч ихэнх нь тэтгэвэрт гарах энэ цагаас их эрт  одсон байгааг үлдсэн хэд нь уулзахдаа олж мэдээд уйлж суудаг юм. Үлдсэн хэдийн нь ихэнх нь гэр бүлээсээ салсан, сарнисан, холдож, харжсан, цөлөгдсөн, хар гэрт очсон байх. Эд бүгд хайран  цэл залуу насаа золиос болгосондоо гундаж суух. Ихэнхи нь цөхөрсөн, сөхөрсөн байх. Тэд харин одоо тэр гамшгийн гайг л гүн ухаарсан явах. 

Золиосын гуравдахь үе бол одоогийн цэл залуухан залуус, залуухан хөгшид болох өнөө цагийхан юм. Тэдэнд өмнөх үеийнхэн үлгэр мэт байх. Тэдэнд өмнө үеийнхэн тэнэг мэт байх. Тэд "үсний үзүүрт сэрэл хөдөлж байна" гэж хээв нэг дуулна. Тэр нь үнэ цэнэ болж хит болдог. Тэдэнд мэргэжил, мэдлэг, эрдэм ном гэхээс илүү халтар бор мөнгө л чухал. "Мөнгө, мөнгө, мөнгө" гэж дуулдаг. Түүний төлөө өглөөнөөс өглөө хүртэл шогждог. Тэдний үнэт зүйл нь мөнгө. Тэдний замнал ном биш харин нам байх. Тэднийг харахад эр, эм илт ялгагддаггүй. Солонгос шийгээр өлгийтэйгээсээ эхлэн тархи угаалсны гай нь тэр. Тэдний ший нь алаан хядаан, буудалцаан. Америк ахыгаа дуурайж байгаа нь тэр. Тэд мөнгөжсөн сурталчилгааны боол мэт байх. Хорыг хоол гэж сурталчилсан сурталгаагаанд хөтлөгдөн хоол биш хорыг хээв нэг идэж ууж суух. ... Тэдэнд эх орон гэж яривал эргүү хүн болох нь хэвийн. Тэдэнд ном яривал дүлий мэт суух. Тэдний эх хэлний үг, өгүүлбэр бүр "ш..;ш..; " -тай эхлэж, "p...; р....' -тай өрнөж, "f...; f..."-тай төгсдөг ... Ном уншдаггүй, тэгэхээр бичиг мэддэггүй. Өргөдөл бичиж чаддаггүй. Ажил хийж үзээгүй... Мөнгө, мөнгө, мөнгө ...Яахав, гэрийн бүлийн хатуу хүмүүжилтэй цөөхөн хэд нь арга барахдаа гадаадад сурсан нэрээр ажил хийдэг, эсвэл, зарим нь шууд гадаадад гарч боолын ажил хийж өөрийнхөө хөлсөөрөө амьдрах гэж зүтгэж байх. Ийм нэгэн золиос монголын ойрын ирээдүй болж харагдах. Гамшгийн жилүүд ийм залуусыг ингэж бүтээж дээ. Тийм л золиосуудыг бий бүтээж дээ. 

Золиосын дөрөв дэх үеийнхэн бол монголын алс ирээдүйн эзэд болох тээгдэж яваа, төрж яваа, торниж яваа хүүхэд юм.  Тэд өмчтэй, өмчгүйгээр нь нялхаасаа ялгаварлан гадуурхалын золиос болж энэ нийгэмд торниж өсдөг.  Тэднийг ингэж ялгаж, ялгаварлан гадуурхах нь 1992 оны гэх үндсэн хуулийн өмчлөлийн үндэслэлтэй байх.  Ерөнхий боловсролын хувийн сургуулийг олноор байгуулж баячууд, даргын хүүхэд сурдаг сургууль, борчууд, ядуусын хүүхэд сурдаг сургууль гэж боловсролын яам нь сургуулиар ялгасан, олигархжсан, лоббижсон бодлогыг үндсэн хууль ёсоор явуулдаг тул хүүхэд нийгмийн тэгш бус байдал, тэнцүү биш боломж, ялгаварласан боловсролын бодлогын золиос болж байдаг. Өнөөгийн хүүхэд ажилгүй эцэг эхийн халамж дутуу нөхцөлд өлсөж хохирно. Өнөөгийн хүүхдийг нийгмийн тэгш бус байдал, тэнцүү биш боломж, шударга бус байдал угтаж авна. Ажилгүйдэл, архидалт, авилгажилт, найрлалт тэднийг шууд тосож угтана. Энэ нийгмийн ийм буруу авирлалт өнөөгийн хүүхдийн ирээдүй нэг л барзгар, баргар  болж харагдах.  Харжиж, харьжих үзэгдэх. Тэд тэгэхээр тээр өнгөрсөн цагийн тээр гамшгийн ирээдүйн золиос аль хэдийн болсон байх.
Золиос үгүй зүйл үгүй. Гэхдээ нийгмээрээ золиослогдсон, он оноороо хохирогсод болсон, үе үеэрээ золиослогдсон байж үл болох.  Гэвч тийм нийгэм бодиттой байна аа. 

 Тэгэхээр ийм нийгэмд хөтөлсөн тээр үйл буруу, тэр хүмүүс  урвуу юм.

Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сар 4-ний өдөр

Saturday, December 3, 2016

Өвөр монголжих, уйгаржин бичигжихээс их болгоомжих хэрэгтэй

Өвөр монголжих, уйгаржин бичигжихээс их болгоомжих хэрэгтэй. Үүний цаана ер нь бохир бизнес, мунхаглал байгаа шүү. Кирилжисэн нь том алдаа байсантай нэгэн адил эргэж уйгаржих нь түүнээс дутуугүй их алдаа болно. Нийтээрээ бичиг үсэггүй, хэл нэвтрэхгүй, нэг хятаджисан өвөр монгол дагуулаад ар монголоор хэрж байх болох нь л дээ. Эргэж уйгаржих энэ тэнэглэл бол бас л гамшгийн жилүүдийн хийрхлийн гай юм. Үүнийг зогсоох хэрэгтэй.

2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 

Математикт дурлуулах, багшлах

Хүн бүрийг математикт дурлуулж болно. Үүний тулд Та багшлах урлагт суралцах хэрэгтэй.

Ц.Лувсандорж
2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Мэдрэмж


          Мэдрэмж

 Тэнгэрийн гэгээн аялгуу
 Тэндэхийн хэмээр эгшиглэнэ.
 Энгэрийн  ганцхан хайлаас
 Эндэхийн хэлээр хүүрнэнэ.
 
 Тэнгэрлэг хайрын мөрүүд
 Тэндэхийн саранд хөвөрнө.
 Энгэрийн ганцхан улиас
 Эндэхийн наранд гундана.

Тэнгэрийн буман одод
Тэндэхийн мөнхийн гоёл
Энгэрийн түмэн цэцэгс
Эндэхийн хаврын л чимэг.


2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

    Шарга Морьт